Жил бүрийн өдийд Монголын кино сонирхогчид хөдөлгөөнд орж, "Улаанбаатар" олон улсын кино наадам (UBIFF) эхлэхийг тэсэн ядан хүлээдэг билээ. Кино театруудад ихэвчлэн арилжааны бүтээлүүд гардаг тул инди, артхаус кино өргөн дэлгэцээр үзэх боломж монголчуудад тэр бүр олддоггүй. Харин Улаанбаатар кино наадмаар үзэгчид олон улсын болоод дотоодын тэргүүлэх бүтээлүүдийг үзэж, цангаагаа сайн нэг тайлж авдаг. Энэ сарын 19-25-нд “Тэнгис” кино театрт зохиогдох ээлжит UBIFF-аар 11 орны 19 бүтээлийг толилуулах бөгөөд онцлох улс Франц байх нь.  

МУЗ-өөс НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, олон улсын ЭСЯ, соёлын агентлагуудтай хамтран зохиодог эл наадам жил бүр сайжирсаар, илүү чансаатай бүтээлүүдийг гаргадаг болсоор буй. Бид Канн, Венец, Берлин гэхчлэн олон улсын тэргүүлэх кино наадмуудын түрүүг авсан бүтээлүүдийг шинэ дээр нь үзэх боломжтой болж буй нь сайхан хэрэг. Өнгөрсөн жил “Parasite”, уржнан “Shoplifter”-г гаргаснаар жишээлэхэд хангалттай болов уу. Бид энэ жилийн наадмаар гарах есөн бүтээлийг онцолж байна.

There is no evil

Өнгөрсөн хоёрдугаар сард болж өндөрлөсөн Берлиний кино наадмаас “Алтан баавгай” хүртсэн, Ираны найруулагч Мохаммад Расулофын “Хар санаа үгүй”-г шүүмжлэгчид өөрт өгөгдсөн үүргийг бодож тунгаалгүйгээр биелүүлэхийн эсрэг, хүний мөс чанарын тухай эргэцүүлэл, ухамсрын сорил хэмээн тодорхойлжээ. Иранд цэргүүдээр цаазын ял гүйцэтгүүлдэг нь зохиолын үйл явдлын үүтгэл болж буй. Цаазын ял гүйцэтгэх ажилтай дөрвөн хүний амьдралыг харуулсан дөрвөн хэсэг ийм нөхцөлд орсон бол та хэрхэх байсан бэ, эрх мэдэл, хүч чадалд бууж өгөх байсан уу, тэмцэх байсан уу гэхчлэн хүнд асуултуудыг танд тавих болно. Энэ асуултуудад хариулахын тулд та заавал цаазын ял гүйцэтгэгч байх албагүй нь мэдээж.

So long, my son

Хүүгээ алдсан гэр бүлийн 30 жилийн түүхийг, түүгээр дамжуулан Хятадын шинэ үеийн түүхийг харуулах “Баяртай, хүү минь” киноны үйл явдал БНХАУ-ын нэг хүүхдийн бодлогоос улбаатай. Тэрхүү бодлогоос болж хоёр удаа хүүхдээ алдаж байгаа эцэг, эхийн шаналан, намын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хувь хүмүүсийн гаргаж буй золиос, хатуу төлөөс гээд л 1970-1990-өөд оныг хамрах түүхийг шугаман бус эвлүүлгээрээ шаглан нэгтгэсэн, Ван Сяошуайн шинэ бүтээлийг өргөн дэлгэцээр үзэхгүй өнгөрвөл харамсалтай. Ван Сяошуай “Бээжин дугуй” киногоороо олноо танигдсан билээ.

Энэ жил наадмыг монгол бүтээл нээхээс гадна Монголын кино урлагийн сонгодог бүтээл, Р.Доржпалам найруулагчийн “Говийн зэрэглээ” кино гарах юм. Энэхүү бүтээлийг өргөн дэлгэцээр үзнэ гэдэг ховорхон тохиох боломж билээ. Харин “Хангарьд” монгол киноны уралдаан хэсэгт Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй” хэмээх гурван бүтээл шалгарчээ.

Наадмын нээлтийн бүтээл: хэвтрийн хүн

“Алсын удирдлага” киногоороо Монголын кино урлаг дахь давтагдашгүй орон зайгаа дархалсан найруулагч Сахьяагийн Бямбын удаан хүлээлгэсэн бүтээл UBIFF-аар нээгдэх гэж байна. Нээлтийн үзвэр зөвхөн урилгаар боловч ирэх мягмар гарагаас эхлэн кино театруудаар гарах юм. Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” бэсрэг роман дээр суурилсан, 27 настай зохиолч залуу болон түүний найз бүсгүйн түүхээр дамжуулан хүний оршихуй, нийгмийн мөн чанарыг бясалгасан эл киноны төсөл гурван жилийн өмнө Каннын кино наадмын “Le Atelier” хэсэгт шалгарсан юм.

days

Харилцан яриа бараг үгүй энэ бүтээлд ийм тийм гэхээр үйл явдал бага. 28 настай Лаосын цагаач эр Нон, дунд насны Кан нарын аниргүй, ангид амьдрал нэгэн цэгт огтлолцож, үзэгчдийн сэрэл мэдрэмжийг сэрээх хүртэл минималист өнгө аяс нь нойр лугаа адилаар үзэгчдийг бүрхэн авч, амьдрахуйн тухай бодролд аяндаа автах билээ. “Vive L’Amour”, “The Hole” зэрэг бүтээлээрээ нэрд гарсан Цай Минляны ээлжит бүтээлийн гол дүрийг түүний “мөнхийн” хамтрагч Ли Каншэн бүтээсэн юм.

Black milk

Анхны бүтээл болох “Над руу битгий ингэж хар” киногоороо кино урлагт өөрийн тод өнгө, Монголын нэрийг гаргасан Б.Үйзэнмаа найруулагчийн “Хар сүү” хэмээх шинэхэн бүтээл “Улаанбаатар” кино наадмыг хаах нь. Дөрвөн настайдаа Герман руу нүүж, хоёр соёлын дунд өссөн нь бүтээл туурвилынх нь гол мотив болжээ. Энэ удаад ч мөн адил. Олон жилийн дараа эх орондоо ирсэн Вэсси дүү Оссигийнхоо амьдралыг “гаднын” нүдээр харж, “шинэ” орчиндоо дасан зохицож буйг “Хар сүү”-д харуулжээ.

The Invisible Life of Eurídice Gusmão

1940-өөд он, Рио-де-Жанейро. Эгч дүүс Гида, Эүридисий Гүзмао хоёр гэр бүл, нийгмийн дарамтыг даван гарч, өөрийн ертөнцийг бүтээхээр тэмцэж буйг харуулсан “Эүридисий Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал” бол алжир гаралтай бразил найруулагч Карим Айнузын бүтээл юм. Авьяаслаг төгөлдөр хуурч Эүридисий Венагийн консерваторид суралцах мөрөөдөлтэй. Гида, Эүридисий хоёрын амьдрал төсөөлснөөр нь өрнөх эсэхийг эл киноноос үзээрэй.

true mothers

Инди, артхаус киноны ертөнцөд нэртэй ази найруулагч Наоми Кавасэгийн шинэхэн бүтээл нь романч Мизүки Цужимурагийн “Asa ga kuru” зохиолд суурилжээ. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа хос хүүхэд өргөж аваад аз жаргалтай амьдарч байтал зургаан жилийн дараа хүүхдийн төрсөн эх ирснээр байдал эргэнэ. Амаргүй сэдвийг барин авч өөрийн торгон, содон найруулгаараа хүүрнэн үзэгчдэд өргөн барьсан нь энэ бүтээл билээ.

undine

Берлиний кино наадмын гол шагналуудын нэгийг хүртсэн бас нэгэн бүтээл UBIFF-аар гарах гэж байгаа нь “Ундина”. Үйл явдал нь товчхондоо, Берлинд амьдардаг Ундина хэмээх бүсгүй хайртай хүнээсээ салаад өөрт нь үнэхээр сайн нэгэн залуутай учирч дурлалын түүх ургуулж буй тухай юм. Ундина нь лусын дагина гэсэн үг. Бүсгүй ч шинэ эрэгтэйтэйгээ аквариумын дэргэд учирдаг. Берлин хотод зочилж байсан, содон түүхтэй тэрхүү хотод дуртай хүмүүс бол энэ бүтээлийг бүр ч таашаах биз.

Martin eden

Хар ажилчин Мартин Иден хөрөнгөтөн айлын охин Рутэд дурлаж, хөрөнгө мөнгө, нэр алдрыг олоод гэр бүлд нь хүлээн зөвшөөрөгдөхөөр тэмүүлж буйг өгүүлэх “Мартин Иден”-ийг Жэк Лондоны хамгийн сайн боловсорсон бүтээл гэж онцлох нь бий. Үе үеийн уншигчдыг бодолд оруулж ирсэн эл романд суурилсан дэлгэцийн анхны бүтээл энэ биш. Итали найруулагч Пьетро Марселло “Мартин Иден”-ийг Неаполь руу “нүүлгэн” орчин цагийн үзэгчдэд шинээр таниулахаар зорьсон нь энэ.

"Улаанбаатар" олон улсын кино наадмаар толилуулагдах бүтээлүүдийг үзэх тасалбараа "Тэнгис" кино театрын сайтаас онлайнаар захиалаарай.