Шинэ санаа гаргагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийн баяр айсуй! 
Бид та бүхэнтэйгээ тав дахь удаагийн Unplug арга хэмжээгээрээ уулзахаар тэсэн ядан хүлээж байна. Өнөөдөр бид Unplug-ийн тайзнаа тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулдаг "Unread Awards" -д нэр дэвшигчдийг онцлон танилцуулъя. 

unread awards-ийн тухай 

Бид 2016 оноос хойш жил бүр гарааны бизнесийн орчинд амжилтаараа магнайлж буй шилдгүүдийг нэр дэвшүүлж, Unread Awards-ийн эздийг тодруулж ирсэн

Бүтээгчдийг алдаршуулах Unread Awards нь энэ жил "Шилдэг стартап", "Шилдэг үүсгэн байгуулагч", "Шилдэг гар утасны апп", "Шилдэг санаачилга" гэх дөрвөн төрөлтэй.

Нэр дэвшигчдээс шилдгийг тодруулахдаа бид уламжлал ёсоор бизнес, технологийн чиглэлээр дагнан ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, мэргэжилтнүүдийг урьж санал өгүүлэх юм. Түүнчлэн энэ жил "Шинэ санаачилга" төрөлд анх удаа уншигчдын саналыг хүлээн авах болсныг дуулгая. Нээлттэй, ил тод шалгаруулалтын үндсэн дээр бид шударга үнэлгээтэй, нэр хүндтэй шагналыг бий болгохыг эрмэлзэж буй. Манай шалгаруулалтад дараах медиа байгууллагын сэтгүүлчид оролцох болно.


"ШИЛДЭГ СПАРТАП"-Д НЭР ДЭВШИГЧИД


Fibo Cloud - Fibo Cloud бол 2017 онд үүсгэн байгуулагдсан клоуд технологийн чиглэлд түүчээлж буй стартап. Тэд дижитал шилжилтийн эринд компани, байгууллагуудад хямд зардлаар, үүлэн технологийг үр ашигтай ашиглахад нь зөвлөн, 2019 онд анхны үндэсний клоуд системийг танилцуулж байв.


Melearn - Сургалтын үйл ажиллагааг сошиал платформын хэв маягтай хослуулан хүргэдэг Melearn компани бизнес, хувь хүний хөгжил, мэдээллийн технологи зэрэг 10 гаруй төрлийн онлайн хичээл, интерактив контентыг түгээдэг. Контент бүтээгчид тэдний хөгжүүлсэн апп-ыг ашиглан сургалт, зөвлөгөөгөө сошиалд пост, стори оруулж буй мэтээр хүргэж хэрэглэгчидтэй шууд харилцдаг давуу талтай.

Gertoon Animation - “Мөнх Тунх” хүүхэлдэйн киногоороо үзэгчдэд танигдаж, энтертайнмент зах зээлд дүрийн бизнесийг амжилттай хөгжүүлж буй уг хамт олон монгол гэр, эгэл нүүдэлчин аж ахуйгаас хүүхэлдэйн кино хийхээр сэдэвлэжээ. Контентоор дамжуулан уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуйн ондоошлыг харуулж буй нь монгол хүүхдүүдийн танин мэдэхүй, хүмүүжилд олон талын эерэг нөлөөтэй.

Stora - Онлайн худалдааг амарчилж буй тэдний хамт олон Amazon.com болон бусад худалдааны сайтуудаас өргөн сонголт бүхий бараа бүтээгдэхүүнийг өөрсдийн үйлчилгээгээр дамжуулан хялбараар худалдан авах боломж олгодог. Хэрэглэгч STORA-аар захиалж, төлж, захиалсан барааныхаа явцыг харж, StoraBox -оос бараагаа хүлээн авах шинэлэг үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн юм.

ШИЛДЭГ "ЭНТРЕПРЕНЕР"-Т НЭР ДЭВШИГЧИД


Н.Отгонбаяр - Монголын “Uber” гэгдэх “UBCab” -ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр. Төгсөгчдийн монтаж хийж бизнесийн гараагаа эхэлсэн тэрээр “Ухаалаг такси үйлчилгээг” нэвтрүүлэн, хөгжүүлж буй. Өдгөө 700 мянган хэрэглэгч UBCab апп-ийг ашиглаж, 20 мянга гаруй жолооч нийслэл хот болон 21 аймагт салбараа байгуулан иргэдэд үйлчилж байна.

Г.Тулга - Харилцаа холбооны салбарт шинэлэг инновац, далайцтай өөрчлөлтүүдийг хийж буй туршлагатай захирал. Интернэтээр дамжуулан дэлхийн хаанаас ч өөрийн нэр дээрх монгол дугаараараа утсаар ярих, мессеж бичих боломжийг бий болгосон түүний багийнхан өдгөө банк, даатгал, крипто бирж, эмнэлгийн үйлчилгээтэй технологио нийлүүлэн хамтран ажиллаж байна.

Ц.Мэндбаяр - Технологид суурилсан төсөл, компаниудыг хөгжүүлж, хөрөнгө оруулан зах зээлд шинэлэг дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлж буй Монголын анхны Venture studio Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр. Интелмайнд ХХК нь олон төслүүдийг дэмжиж амжилттай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн ба та бидний сайн мэдэх Shoppy, UBCab, Cody, Mezorn, SEM, Zary, Coinhub Easycook зэрэг 15 төсөл, технологийн олон компаниудыг танилцуулж тэдгээр нь нийгэмд хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 1,5 сая гаруй хэрэглэгч, 2000 орчим дотоодын компаниудтай хамтран ажиллаж тэдгээрийн үйл үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн дижитал экосистемийг цогцлоон ажиллаж байна.

Д.Оюунсүрэн - Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд зориулж ном бүтээж эхэлсэн нь түүнд хэн бүхний зорих дуртай Alphabook номын дэлгүүрийг байгуулах сэдэл өгчээ. Тус дэлгүүрийн үйлчилгээ, дотоод засал, хөгжим зэрэг нарийн деталь бүхэн нь номд дурлагч хэн бүхний зорин ирэх шалтгаан болдог билээ.

"ШИЛДЭГ АПП"-Д НЭР ДЭВШИГЧИД


Tapatrip - Дотоод, гадаадын аялал жуулчлалд онлайн захиалгын цогц үйлчилгээг нэвтрүүлсэн Tapatrip олон улсад тэрбумаар үнэлэгдэх юникорн компани болох зорилготой. Апп-аар дамжуулан нислэг, зочид буудал, аялал, галт тэрэг, хот хоорондын автобусны билет, хот доторх автобусны карт зэрэг аяллын цогц үйлчилгээг төрөлх хэлнээсээ гадна олон улсын таван хэлээр авах боломжтой юм.

Habido - Дадал хэвшүүлэгч Habido нь хэрэглэгчийнхээ амьдралын чанар, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжиж нийгэмдээ эерэг өөрчлөлтийг түгээх зорилготой. Хэрэглэгч эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, хувийн хөгжил, сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын бүтээмж, гэр бүл, хувь хүний санхүү гэсэн долоон бүлгээс өөрт тохирсон дадлаа сонгож, хэвшүүлж буй үйлдлээ бүртгэж тэмдэглэн, ахиц дэвшлээ харж үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Worki - Сонирхол, салбар, туршлага, ур чадварт тань тохирсон ажлын байрны заруудыг хиймэл оюун ухааны тусламжтай цаг алдалгүй хүргэх Worki апп. Ажил зуучлалын салбарт тэргүүлэгч, туршлагатай Mongolia Talent Network компани нь ажил мэргэжлийн болон хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн мэдлэг туршлага, өөрийн ноу-хауг апп болгон хүргэж буй юм.

Blindcare - Нэрээ нууцлан мэдрэмжээ хуваалцах цахим орон зай, сэтгэлзүйн асуудалд чиглэсэн бүтээгдэхүүний хэрэгцээг мэдэрч Blindcare апп-ийг бүтээжээ. Уг апп-аас сэтгэл судлаачдын хувийн мэдээлэлтэй танилцаж, бусдад өгсөн зөвлөгөөг харж болох ба өөрт тулгамдсан мэдрэмж/асуудлаа бичих үед тэдгээрт оновчтой зөвлөгөө өгч чадах сэтгэл судлаачдыг санал болгодог фукцтэй юм.

"ШИЛДЭГ САНААЧИЛГА"-Д НЭР ДЭВШИГЧИД


Үлгэрийн цаг - Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяныг хэрэгжүүлж буй юм. Уг төслийн багийнхан 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдийг хүүхэдтэйгээ хамт ном уншдаг болцгооё хэмээн уриалан ажиллаж байна.

Намайг алгас - Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, олон нийтэд архины хор хөнөөлийг таниулж, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ЦЕГ-аас "Намайг алгас" аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд цахим орчинд нөлөөллийн олон ажлыг хэрэгжүүлж буй юм.

Шамбала 2056 - Улаанбаатар хотоос 584 км-ийн зайд орших Дорноговь аймгийн Эрдэнэ сум буюу Дорнын их говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах зорилгоор Шамбала 2056 төслийг хэрэгжүүлэх болжээ. Тус санаачилга нь хил орчмын бүс нутгийн давуу талыг ашиглан зах зээлд өрсөлдөхүйц үйлдвэрлэл үйлчилгээ нэвтрүүлэх, орон нутгийн залуусын оролцоог нэмэгдүүлэх, хэтдээ нийслэлд төвлөрсөн гарааны бизнес, үйлдвэрүүдийг замчилж, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой юм.

80 насалъя - Арваннэгдүгээр сарыг эрчүүдийн эрүүл мэндийн сар хэмээн ДЭМБ-аас зарласан. “Оюу толгой” компани эрчүүдийн бие, сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарч “80 насалъя” аяныг сарын хугацаанд хэрэгжүүлж буй юм. Компанийн зүгээс ажилчид ажлын байрандаа нээлттэй харилцах, сэтгэл зүйн эерэг орчныг бүрдүүлэхээр судалгаа, олон төрлийн нөлөөллийн аянуудыг зохион байгуулдаг.


UNREAD AWARDS-ЫН ӨМНӨХ ЯЛАГЧИД

Шилдэг стартап


Шилдэг апп