Найман жил гэдэг хүний амьдралаар төсөөлбөл дөнгөж төрсөн хүүхэд өсөж томроод бага сургуулийн хоёрдугаар ангид орж, амьдралын дөртэй болдог хугацаа. Медиа компанийн хувьд ч тийм. Эхлээд бусдаас хуулж бас суралцаж, дараа нь өөриймшүүлэн оролдож, унаж босон, уйлж инээн багагүй зүйлсийг туулдаг он жилүүд.
Unread маань өнөөдрөөс найман жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 23-ны Лхагва гарагт үүдээ нээн уншигчдын хүртээл болж байжээ. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал, зохион байгуулсан арга хэмжээ, нийтэлсэн нийтлэл бүрийг дурдая гэвэл дуусашгүй их ажил болно. Иймд одоогийн редакцын баг ойрын хугацаанд юу хийхээр зорьж буйгаа хуваалцахаар шийдлээ. Тэдгээр даруу гэхдээ зоримог зорилтуудаас уншигч та ирээдүйн Unread-ээс юу хүлээхээ олж мэдээрэй.
Түүнээс гадна Unread гэх нэрний цаана байдаг бид Unread-тэй танилцсан түүхээ эргэн дурслаа. Учир нь аливаа медиа компани ямар контент бүтээж буй нь ямар хүмүүс яаж ажиллаж байгаагаас шууд хамаардаг. Бидний хувьд Unread-аар овоглохоосоо өмнө энэхүү редакцын уншигч болон дагагчид байсан учраас өдгөө бүтээж буй контентуудаа илүү олон талаас нь харахыг хичээдэг билээ.
Асуултууд:
1. Хамгийн анх уншиж байсан нийтлэл?
2. Хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн нийтлэл?
3. Ирэх жилийн төлөвлөгөө?
Найман жилийн хугацаанд бидэнтэй хамт байсан олон мянган уншигч, олон зуун хамтрагч болон хамт олны нэг хэсэг байсан олон арван залуустаа баярлалаа.
1. түшигт, ерөнхий редактор
1. 2015 оны намар англи хэлээ сайжруулах зорилгоор орчуулга хийдэг, зарим дөнгүүрийг нь блогтоо нийтэлдэг байв. Тийм ч учраас монгол хэл дээр бичсэн чанартай, шинэ нийтлэлүүдийг олж унших хоббитой байсан. Тэр үедээ ийм танилцуулга нийтлэлийг олж уншаад “Хүүш ээ, медиа ийм байж болдог юм уу” гэж бодож билээ.
2. Найман жилийн өмнө технологийн талаар бичдэг медиа өдрийн одоос ч ховор байсан. Долоо хоног бүр тогтмол нийтэлдэг гэвэл бүр ч байхгүй. Тийм цаг үед techworm булангийн нийтлэлүүд хэрэглээний технологиудтай танилцуулж, жинхэнэ утгаараа нүд нээж, бүтээмж дээшлүүлж байлаа.
3. Ирэх жилүүдэд бид агуулга бүрд хамгийн тохирсон хэлбэрийг хайн олж, нээн илрүүлэхэд анхаарах болно. Үйлдэлд хөтлөх санаа, урам өгөх түүхүүдийг яаж хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй хүргэхийг бодож олох, туршиж батлах нь бидний гэрийн даалгавар.
Unread
2. оЮУ, контент МЕНЕЖЕР
1. 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр их л содон нэртэй, хар цагаан зурагтай ийм нийтлэл гэнэт л фэйсбүүк дээр эрчтэй яваад эхэлсэн. Хүн бүр шэйрлээд л. Зочин нь тухайн үеийн Монгол ТВ-ийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва байх бөгөөд “Би хэрхэн ажилладаг вэ” гэх содон гарчигтай ярилцлага байлаа. Ikon-ийн “Өглөөний хүн”-ийг л хэдэн сардаа нэг удаа хүлээж уншдагаас өөр барьцтай хийгээд нэг сэдэвтээ төвлөрч, булангийнхаа нэрээр хоногшсон, ярилцлага байдаггүй байсан цаг тул их л сонирхол татсаныг санаж байна. Unread-ийг тухайн үед яг л дутагдаад байсан залуу мэргэжилтэн, бизнес, стартап, технологийн чиглэлээр дагнаж, анхны төрөлжсөн медиагийн загварыг бидэнд харуулснаараа салбартаа шинэ хуудас эргүүлсэн гэж боддог.
2. Хамгийн түрүүнд "Эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт: Тоглоомын дүрмийг өөрчилсөн 20 настай гүйгчийн бардам түүх" нийтлэл толгойд бууж байна. Үгийн сонголт, бүтэц нь их таалагдаж байсан. Тухайн үед, тоглоомын дүрмийг өөрчлөгч гэх мэт урам зоригтой, хүчтэй үгсийг медиа сайтууд тийм ч их ашигладаггүй байсан тул энэ тал нь сонирхолтой санагдсан байх. Уншсаны дараа бол эмэгтэйчүүдийн эрхийн өдөр зүгээр л баяр хүргээд өнгөрсөн, бүсгүй хүний гоо сайхан, уян хатан зэрэг байгалийн өгөгдлийг магтаад өнгөрөөгүй, ийм агуулгатай нийтлэл гаргасанд талархсан юм. Энэ чинь л Unread шүү дээ.
3. Бид энэ жилдээ багтаан залуу мэргэжилтнүүддээ зориулсан хэд хэдэн арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн. Unread-ийн брэнд арга хэмжээ болох Unplug-аас гадна Хаан банктай хамтарсан хакатон, долоон жилийн дараа гарах "Би хэрхэн ажилладаг вэ?" номын хоёр дахь дугаар зэрэг ажлууд багтаж байна.
Э.Лхагва "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага
Эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт: Тоглоомын дүрмийг өөрчилсөн 20 настай гүйгчийн бардам түүх
unread
3. бөртэ, сэтгүүлч
1. 2015 оны зун юмдаг. Манай үеийнхний дунд Rock Sugar ид “мода”-нд орж байлаа. Ялангуяа коктейл, уух зүйлийн соёл тааруухан байсан тэр үед нэрийн коктейлууд, тэр дундаа Long Island нь яахын аргагүй залуусын дунд алдартай байсан. Тэр жилийн намар Unread дээр Rock Sugar-ийн тухай нийтлэл орсныг фейсбүүк гүйлгэх зуураа олж харан, орох дуртай газрыг маань ямар хүмүүс ажиллуулдаг юм бол гэх сониуч бодлоор анх танилцаж байснаа саяхан мэт л тод санаж байна. Найман жилийн хугацаанд манай сайтын “Онцлох бизнес” буланд Rock Sugar-ийн адилаар нийтдээ 431 бизнес өөрсдийн түүхээ хэрэглэгчидтэйгээ хуваалцжээ.
Энэ булангаараа бид зөвхөн бизнес танилцуулах бус яг энэ цаг үед, Алтан тэвшийн хөндийд ажиллаж, хөдөлмөрлөж буй залуусынхаа түүхийг давхар сийрүүлэн үлдээж байгаа хэмээн бахархан боддог. Эдгээр 431 бизнесээс Silicon Valley-д бүтээгдэхүүнээ танилцуулахуйц супер өсөлт үзүүлсэн нь ч бий, эдийн засгийн хямралд өртөж хаалгаа барьсан нь ч бий. Утаатай, ууртай, үертэй ч гэсэн Улаанбаатартаа хайртай, дөрвөн уулаа давж сэтгэхээр хичээж яваа залуусын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл энэ буланд маань шингэсэн хэмээн бодохоор заримдаа огшмоор санагддагаа нуух юун.
2. Онцолмоор нийтлэл олон байгаа ч энэ удаад Уундаа ахын “7 хоногийн тойм”-ийн талаар бичмээр санагдлаа. Миний хувьд сэтгүүлч болчих гээд зүдэрч яваа энэ хоёр жилийн хугацаанд тоолж барахааргүй олон удаа ажлаасаа халширч, бууж өгмөөр санагдаж байсан. Үнэхээр би энэ ажлыг хийж чадах хүн нь мөн юм болов уу гээд уйлаад суух үе ч бишгүй. Гэхдээ тэр мөч болгонд “7 хоногийн тойм” нийтлэлийг уншаад эморолгүйгээр урдах нийтлэлээ чанартай бичиж дуусгах, ажил мэргэжилдээ хариуцлагатай хандах сануулга авч буй мэт мэдрэмж төрдөг юм.
2015 оноос хойш өнөөдрийг хүртэл Даваа гараг бүрийн өглөө нийтдээ 418 ширхэг “7 хоногийн тойм” нийтлэл сайт дээр орсон буюу Уундаа ах 418 долоо хоногийн турш, амралтын өдөр бүр нийтлэл бичиж суусан гэсэн үг. “Сайн нийтлэлчийн дундаж нэгнээс ялгарах цор ганц ялгаа бол ердөө л тогтмол, тууштай унших, бичих явдал. Ганц, хоёр удаагийн сайн нийтлэлийг хэн ч бичиж чадна. Гэхдээ тууштай байна гэдэг тэс өөр хэрэг. Хүн бүхэн энийг мэддэг ч хэрэгжүүлдэг нь цөөхөн байдаг юм.” Хааяа хурал дээр Уундаа ахын хэлдэг энэ үг, энэ үгний бодит биелэл болсон “7 хоногийн тойм”-ыг унших бүрдээ ажлаа тууштай хийх урам зориг авдаг.
3. Ирэх жил зөвхөн бичдэгээс гадна ярьдаг хүн болно гээд албаар ийм "поп" зураг авхууллаа. Агуулгаа цэгцтэй бөгөөд сонирхолтойгоор уншигчдад түгээхийн тулд аудио, видео гээд бүх л хэлбэрийг туршихдаа бэлэн байна.
Онцлох бизнес: Rock Sugar- Тохилог газар тухлаг
unread
4. амка, арт директор
1. Хамгийн анх Око ахын “Би хэрхэн ажилладаг вэ?”-г уншиж байсан. Тухайн үед дунд сургуульд байсан би халаасныхаа мөнгийг цуглуулсаар ухаалаг утастай болж байлаа. Интернэтээс салахаа больж, өдөр шөнөгүй шинэ зүйл туршин, бүр өөрийн блогийг хүртэл эхлүүлж байв. Харин YouTube-ээр Casey Neistat тэргүүтэй гадаад влогеруудыг үзэж, хорвоод Монгол, Орос, Хятад гурваас өөр олон орон байдаг гэдгийг жинхэнэ утгаараа ойлгож мэдэрч эхэлсэн цаг үе. Нэг ёсондоо дэлхийтэй танилцаж эхэлсэн гэх юм уу.
Технологид их хорхойтой болохоор энэ сэдвийн дагуу гадаадын нийтлэл, бичлэгүүдийг бишгүй л үзэж хардаг байсан. Яагаад гэвэл чанартай монгол эх сурвалжууд огт байдаггүй байв. Мэдээж 2015, 2016 оны үед стартап гэх нэр томьёо монголд жинхэнэ утгаараа тренд болж байсан. Юм юм сонирхож явдаг болохоороо би бас л энэ сэдвийг сонирхож эхэлсэн. Тэгж яваад нэг өдөр яаж ч юм бэ Unread дээрх Око ахын нийтлэлийг олоод уншчихсан. Энэ ганц нийтлэл, энэ ганц сайт миний толгойд байсан “монгол сайтууд суга, монголд медиа салбар хөгжихөд хол байна” гэсэн бодлуудыг үндсээр нь өөрчилсөн. Тэс өөр мэдрэмж өгсөн нийтлэл, нэг талаараа урлагийн бүтээл байв. Тус нийтлэлээр Unread-тай танилцаж, цаашлаад Unread-д донтож, нийтлэл нэг бүрийг нь алдалгүй уншиж, “Би хэрхэн ажилладаг вэ?” булангийн нийтлэл бүрээр хоёр жилийн турш тэмдэглэл хөтөлсөн дөө.
2. Харин хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нийтлэл Батзаяа ахын “Би хэрхэн ажилладаг вэ?” байсан болов уу. Бага байхаасаа л зураг зурах, шүлэг бичих гээд бүтээлч салбарын үйлсэд хоббитой байсан болохоор ч тэр үү тус салбарын хүний нийтлэлийг уншихад их хүчтэй сэтгэгдэл үлдээж, энэ салбарыг сонгох анхны сэдлийг төрүүлж байлаа.
3. Ирэх жилийн хувьд techworm-ийг Монголын тэргүүлэх технологийн төрөлжсөн сайт болгоход төвлөрөхийн сацуу Unread-ийн үндсэн сайтын дизайн, харагдац, агуулгад анхаарч олон форматыг нэгтгэсэн интерактив мэдээллийн сайтын жишгийг тогтоохыг хичээх болно.
Д.Бат-Октябрь "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага
Б.Батзаяа "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага
unread
5. ANDY, гЭРЭЛ ЗУРАГЧИН
1. Манай сайт үүсгэн байгуулагдсан цагаас хойш “Би хэрхэн ажилладаг вэ?” буланд 370 гаруй ярилцлага бэлтгэсэн байдаг юм билээ. Эдгээр ярилцлага дундаас “Аэромонголиа” ХХК-ийн хамт олны оролцсон “Бид хэрхэн ажилладаг вэ?” хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн, дурсамжтай нийтлэл байсан.
Учир нь гэвэл, энэ ярилцлагын үеэр далайн түвшнээс дээш 14 мянган метрийн өндөрт, агаарын хөлгийн бүхээг дотор нисгэгчийн ажлыг дэргэдээс харах, онгоц газардах, хөөрөх мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхлөх боломж надад тохиосон юм. Гэрэл зурагчны хувьд үнэхээр гоё туршлага. Өмнө нь бол зөвхөн зорчигчийн хувиар онгоцонд зорчиж байсан бол тухайн үед нисгэгчийн бүхээг доторх бүх зүйлстэй танилцах боломж олдсон.
2. Яг хэдэн жилийн өмнө гэдгийг сайн мэдэхгүй л байна. Ямартай ч анхны уншсан нийтлэл маань Валентины бэлгийн хөтөч байсан юм. Гэгээн хайрын өдөр дөхөөд хостойгоо цуг юу хийх, ямар бэлэг авч өгөх талаар ямар ч ойлголтгүй над мэтийн төмснүүдэд тэр нийтлэл яг л “авралын од” мэт байлаа. Тэмдэглэлт баяруудаар ямар бэлэг хаанаас авахаа хайдаг залууст нэг дор цогц мэдээлэл өгч байсан нь гоё санагдаж байсан шүү.
3. Гэрэл зураг гэдэг аливаа контентын салшгүй нэгэн хэсэг.Тэр ч утгаараа манай редакц контент бүрээ оригинал, чанартай гэрэл зурагтай байлгах гэж хичээдэг. Ойрын хугацаанд мэргэжлийнхээ хувьд илүү ахиж дэвших хүсэлтэй байгаа.
Aero Mongolia "Бид хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага
Валентины баярт: Хайрын тухай ярилцацгаая
unread
6. марал, сэтгүүлч
1. Ахлах ангийн сурагч байхад уран зохиолын багш маань М.Саруул-Эрдэнэ гуайн монгол хэлний онол, зүй тогтол, зөв бичих дүрмийн тухай энгийн, товч өгүүлэх “Зугаатай хэл шинжлэл” номыг олж уншаарай гэж захиж байв. Сургуулийн номын сангаас сураглаж үзтэл байгаагүй тул интернэтээс нэрээр нь хайхад Ганзо ахын "Зугаатай хэл шинжлэл" номын хэсгээс нийтлэл хамгийн эхэнд гарч ирсэн. Номын зургаар ковероо чимж, монгол хэлэнд үйл үгийг зөв зүйтэй хэрэглэх тухай нийтлэл байсан. Номд юу гардаг вэ, үйл үгийн хэрэглээ яагаад чухал вэ, зохиогч юу өгүүлэхийг зорьсон бэ гэдгийг товч, энгийн, ойлгомжтой тайлбарласан нь их таалагдаж байлаа. Түүнээс хойш Unread-тай танилцаж, "Номын тухай" булангийн үнэнч уншигч болсон.
2. Жил бүрийн “Атаархлын жагсаалт”-ыг тэсэн ядан хүлээдэг. 365 хоногийн хугацаанд сэтгүүл зүйн салбарт өрнөсөн сэдэв, үйл явдлуудыг тоймлон, сор болсон бүтээлүүдийг танилцуулдаг жагсаалт. Сэтгүүлч, нийтлэлчдийн бичлэгийн төрөл зүйл бүрээр туурвисан уншууртай, даацтай “хадаас” бүтээлүүдийг унших бүрийд энэ сэдвийн тухай ёстой л ингэж бичих сэн гэх атаархал төрмөөр. Бичсэн бүтээлээрээ “Атаархлын жагсаалт”-д багтах гэсэн бяцхан мөрөөдлөө биелүүлэхээр хичээж явна даа.
3. Код бичихийг сонирхож байсан ч халгаж явсаар саяхнаас зориглож эхлүүлсэн. Цаашдаа нийтлэл, бүтээлдээ өгөгдөл ашиглан хэрэгтэй, уншууртай, сонирхолтой байлгахыг хичээнэ ээ.
"Зугаатай хэл шинжлэл" номын хэсгээс
Атаархлын жагсаалт: 2016 оны онцлох нийтлэлүүд
Атаархлын жагсаалт: 2017 оны онцлох нийтлэлүүд
Атаархлын жагсаалт: 2018 оны онцлох нийтлэлүүд
Атаархлын жагсаалт: 2019 оны онцлох нийтлэлүүд
Атаархлын жагсаалт: 2020 оны онцлох нийтлэлүүд
Атаархлын жагсаалт: 2021 оны онцлох нийтлэлүүд
Unread
7. мажигаа, сэтгүүлч
1. Их сургуулийн сэтгүүл зүйн ангийн шинэхэн оюутан байлаа. Практик сэтгүүл зүй-1 хичээлээр багш маань нэгэн нийтлэлийг эш татан ярьсан нь “GenZ, Millennials, Boomers: Үе хоорондын ялгааг ойлгох нь” нийтлэл байв. Тухайн үед мультимедиа нийтлэлийн Монгол дахь тун сайн жишээ хэмээн тодорхойлогдож байсан эл нийтлэл сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохиогддог хамгийн том тэмцээн болох "Алтан Үзэг 2019" наадмаас шилдгийн шилдэг бүтээлийн "Гран При" шагналыг хүртсэн юм. Харин миний хувьд шагнал хүртсэнд нь бус хэний толгойноос ийм санаа урган гарч, тийм чамбай нийтлэл бэлтгэснийг сонирхсон. Чухамхүү асуултын хариу нь Unread байсан ба Барууны редакцууд л ийн хайрцгаас гарч сэтгэдэг хэмээх ойлголтыг маань эгнэгт эвдэж, итгэлт эх сурвалж минь болсон түүхтэй.
2. Анхны сэтгэгдэл бүх зүйлд нөлөөлдөг. Тэр ч утгаараа анх уншсан энэ нийтлэлдээ би их дуртай. Цаг үеэ мэдэрсэн, орчин үелэг, өгүүлбэр бүр нь мэдээлэл өгөхүйц, олон талт эх сурвалжтай гээд эл нийтлэл яг л сайн шахсан бяслаг шиг санагддаг юм. Магадгүй өнөөгийн сэтгүүл зүйд дутагдаж буй тал нь энэ байх. Сэдэв олох нэг хэрэг. Өнцгөө тодорхойлох бас нэг хэрэг. Гагцхүү өөрийн харсан тэр л сэдвийг хэрхэн нуршихгүйгээр хангалттай ойлгогдох хэмжээнд бичиж байгаа нь л Unread-ийн гэх мэдрэмжийг төрүүлдэг болов уу.
3. Ойрын үед видео контентод хүч үзэж, энэ чиглэлийн ур чадвараа улам сайжруулна. Ингэснээр Unread зөвхөн текст бус видеог ч гэсэн супер хийж, олон агуулгыг видео хэлбэрээр хүргэх болно.
Unread
8. jacc, креатив ДИРЕКТОР
1. Нэг өдөр Түшигт над руу "2022 оны технологийн онцлох үйл явдлууд" гэсэн нэртэй, иймэрхүү агуулгатай нийтлэл бичиж байгаа, энэндээ захиалгаар өөрийн гэсэн ковер зураг хийлгэмээр байна гээд холбогдсон юм. Бид хоёр ч ярилцсаны эцэст ковер зургаа бүтээж байлаа. Өмнө нь Unread-ийг мэддэг байсан ч нийтлэлийг нь анх удаа бүтнээр тэр үед л уншиж байсан. Тэр ковероо хийчхээд ер нь бусад коверыг ч гэсэн copy, paste хийлгүйгээр original байвал гоё доо гэж бодож байв.
2. "Дэвид Боувигийн дурсгалд: Берлиний ханыг нураасан дууны түүх" нийтлэл 2016 оны өвөл орж байсан ч би 2023 оны зун олж уншсан юм. Өсвөр насандаа ихэвчлэн RHCP, The Strokes, Arctic Monkeys, The Smiths, Pixies, Cage the Elephant гэх мэт хамтлагуудын уран бүтээлээс бүрдсэн сонсдог дууны жагсаалтад Дэвид Боувигийн цөөнгүй дуунууд байдаг байлаа. Нийтлэл дээр дуу бүтсэн түүх, үзүүлсэн нөлөө гэх зэрэг зүйлсийн тухай дурдсан байсан нь сонсдог, мэддэг хүний хувьд маш сонирхолтой санагдсан. WE CAN BE HEROES, JUST FOR ONE DAY!
3. Сайн нийтлэлд текстээс гадна агуулгыг нь шууд нүдэнд тусахуйц байдлаар илэрхийлэх өнгө төрх, дүрслэл хэрэгтэй. Unread-ийн хувьд ковер зургуудаа өөрсдөө бүтээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ хүрээд зогсохгүй. Нийтлэлийн булан болон арга хэмжээнүүдийг өөрсдийн гэсэн дизайны формат, тогтсон өнгө төрх, тогтвортой ашиглах нэгдсэн системтэй болгохоор ажиллаж байна.
Арван жиргээнд: Технологийн салбарын 2022 оны онцлох үйл явдлууд
Дэвид Боувигийн дурсгалд: Берлиний ханыг нураасан дууны түүх
Unread
9. Цэнгэг, сэтгүүлч
1. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж буй цаг үеийг тохиолдуулан бэлтгэсэн “10 ертөнц, 10 өнцөг” булангийн “2022 он ба миний бүтэлгүйтэл” нийтлэлийг бүтэлгүйтэж явсан үедээ уншиж байлаа. Шинэ жилийн баярыг угтан гаргаж буй бусад нийтлэлүүдтэй харьцуулахад оны төгсгөлийг баяр цэнгэл бус “Нэгэн жилийг өнгөрөөлөө, баярлалаа, их ч алдаа, оноо, сургамжийг авлаа” гээд хөнгөн гуниг, талархлаар үдэж буй шинэлэг, мэдрэмжтэй нийтлэл шиг санагдсан. Зургуудыг нь тэгж дээрээс авсан нь ямар утга санаа илэрхийлж байгааг ойлгоогүй ч мөн л өвөрмөц шийдэл болжээ хэмээн хувьдаа олзуурхаж байлаа.
2. Нэгээр үл тогтоно. Энд өгүүлэх нийтлэл хамгийн түрүүнд санаанд орж байхыг бодоход сэтгэлд хамгийн тодоор үлдсэн нь бололтой. Цаг зав гарах үед ажлынхаа утга учрыг лавшруулан тунгаахаар сайтаа нэг “ухдаг” юм. Өнгөрөгч оны эхээр Я.Баяраагийн нийтэлсэн “М.Батболд - Амьд театрын төлөө амьдарч яваа хүн” хөрөг нийтлэл миний сэтгэлийг эрхгүй татсан. М.Батболд найруулагчийн бодолдоо бэлчиж яваа харцыг Опал жүжгийг үзэхдээ бодитоор ганц л удаа харж байлаа. Миний хувьд багаас урлагт дуртай хүүхэд байсан ч сүүлийн үед театрын урлагийг онцлон шимтэх болсон.
Өртөөлөгч булан өөрөө уншихад их сайхан. Сайн бичсэн хөрөг нийтлэл бол өгүүлэмж нь кадр кадраараа тодхон төсөөлөгддөг. Гол дүрийн туулсан жаргал, зовлон, сэтгэлийн ньюансыг хамтдаа мэдрээд байх шиг л санагддаг. МУУГЗ, Ч.Найдандорж найруулагч нэгэнтэй “Хүн жүжиг үзээд хүмүүжээд гардаггүй юм. Тэр нь дор бол зүйр цэцэн үг уншчихсан нь дээр. Харин хүний мэдрэмжүүд театрт сэргээд гардаг юм.” гэж хэлсэн байдаг. Яг тэр л театрын төлөө амьдарч яваа хүний талаар өгүүлсэн болохоор хамаг сайхан мэдрэмжээ сэргээж аваад л уншиж дуусгаж билээ.
3. Тун удахгүй Unread эрүүл мэнд, шинжлэх ухаан, сэтгэл зүй, урлаг зэрэг төрөлжсөн сэдвүүдийн дагуу олон сонирхолтой товхимлыг бэлтгэн гаргахаар ажиллаж байгаа бөгөөд миний хувьд театрын тайзнаа гарч буй жүжгүүдийг үзэгчийн өнцгөөс, шинэлэг байдлаар тоймлон бичихээр хамгийн эхний жүжгийн нээлтээ тэсэн ядан хүлээж байна.
М.Батболд - Амьд театрын төлөө амьдарч яваа хүн
Unread
10. M.саранзаяа, сэтгүүлч
1. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд орсон “Тайлбарлах нь” булангийн “Цагаан гаа: Олон “хэрэгцээт” онцгой ургамал” нийтлэлийг анх Unread-аас уншиж байлаа. Цагаан гааны үүсэл түүх, хэрэглээ, давуу тал гээд бүх талаас нь тайлбарласан тун уншууртай нийтлэл юм.
2. Үндсэн долоон булангаас хамгийн унших дуртай булан маань “Тогтвортой хөгжил”. Тус булангаар дамжуулан Unread хүн бүрийн мэдэх шаардлагатай ч тухайлан зорьж уншаад байдаггүй сэдвийг ойлгомжтой, тодорхой, сонирхолтой байдлаар тайлбарласаар ирсэн. Ялангуяа энэ чиглэлийн тоо баримтуудыг тайлангаас уншвал төдийлөн хоногшиж, үлдэхгүй байх магадлалтай. Тиймдээ ч дугаар бүрийг алгасахгүй уншсаар өдий хүрчээ. Иймд, миний хувьд тогтвортой хөгжлийн ирээдүйг зураглах нь нийтлэлийг санал болголоо.
3. Редакцын гаргаж буй контентууд чанартай байхын тулд сэтгүүлч нар өөрсдөө чанартай боддог, аливаа сэдвийг уншигчаасаа илүү мэддэг байх ёстой. Тиймээс сэтгүүлчид бид бүгд өөрсдийн гэсэн сэдэвтэй болж түүндээ улам гүнзгийрж мэргэжилтний түвшинд хүрэх зорилготой байгаа.
Цагаан гаа-Олон хэрэглээт онцгой ургамал
Unread
11. удвал, нягтлан бодогч
1. Unread гэдэг нэрийг сонсохоор ихэнх хүмүүст “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын булан санаанд нь ордог байх. Миний хувьд ч мөн адил төгсөх курсийн оюутан байхдаа О.Баярсайхан (Rokit Bay)-ын “Би хэрхэн хэрхэн ажилладаг вэ” нийтлэлийг уншиж, анх компанитайгаа танилцаж байсан.
Дуртай рэпперээ дуучин л гэж мэдэхээс биш ямар мэргэжилтэй хийгээд ажлаа ямар арга барилаар гараасаа гаргадаг вэ? гээд тэр хүнийг өөр өнцгөөс харах боломжийг Unread олгосон юм. Хүн өөрийн ажиллах арга барилаа олоод, дуртай ажлаа хийж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд хэрхэн амжилтад хүрдгийн бодит жишээ Rokit Bay гэж би хувьдаа боддог. Бахархмаар…
2. Өртөөлөгчид буландаа ер нь их хайртай, тэр дундаас энэ оны дөрөвдүгээр сард нийтлэгдсэн “Зорилгодоо тууштай, зоримог шийдэлтэй, зогсолтгүй тэмүүлэлтэй Зола” нийтлэл маш их таалагдсан. Би түүнтэй адилхан, санхүүгийн салбарын хүн бас өөрийнхөө хумсыг будах, маникюр хийлгэх, гараа гоё байлгах үнэхээр дуртай болоод ч тэр үү би хичээгээд тууштай байвал надад ч гэсэн түүн шиг боломж олдох болов уу гэж дотроо битүүхэн бодсон шүү.
3. Манай компани олон хүнд хэрэгтэй, үнэ цэнтэй контент бүтээх зорилготой. Хэдийгээр би энэ салбарын хүн биш ч гэсэн өөрийн хариуцсан ажлуудаа улам найдвартай, чанартай хийж гүйцэтгэн энэхүү зорилгод хувь нэмрээ оруулсаар байх болно.
Rokit Bay "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага
Зорилгодоо тууштай, зоримог шийдэлтэй, зогсолтгүй тэмүүлэлтэй Зола
Unread
12. амиа, видео графикч
1. Хамгийн анх 2019 онд шинэ жилээ угтах гэж байхад "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар 2019 гэсэн нийтлэлийг уншиж Unread-тэй танилцаж байлаа. Тухайн үед "Шинэ оны тусгай дугаар" гэж анзааралгүй уншаад их таалагдсан болохоор яг тийм форматтай нийтлэл удаан хүлээж байснаа санаж байна.
2. Хамгийн таалагдсан нийтлэл бол "Гал сөнөөгч С.Алтансүх" ярилцлага байсан. Гал сөнөөгч гэж хэн болохыг мэддэг ч, юу хийдэг, ард нь юу болдгийг төдийлөн мэддэггүй байснаа ойлгохын хажуугаар мэргэжил бүхэн өөрсдийн онцлогтой, өвөрмөц байдгийг мэдэж авч байсан.
3. Видеог уйлуулна.
"Би хэрхэн ажилладаг вэ?"-Шинэ оны тусгай дугаар
Гал сөнөөгч С.Алтансүх-"Би хэрхэн ажилладаг вэ? ярилцлага
Unread