2023 оны сүүлийн Бямба гарагийн мэнд. "Unread Wrapped" шинэ жилийн цуврал контентын ээлжит дугаар 2023 оны онцлох номуудаар үргэлжилж байна. Бид жил бүрийн төгсгөлд номын хорхойтон зочдыг контентдоо урьж, тухайн онд ямар бүтээл сонирхлыг нь татаж, сэтгэлд нь хүрснийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд манай редакцын баг 30 гаруй ном, өнгөрсөн найман жилийн хугацаанд нийтдээ 400 орчим ном танилцуулж, тоймлосны зэрэгцээ 50 гаруй зочинтой "Номтой яриа" “Юу уншив” ярилцлагын контент бүтээжээ. Ирэх онд ч гэсэн бид уншигчдынхаа номын жагсаалтыг арвижуулахад туслах хөтөч болж, олон шинэ сонирхолтой, мэдүүштэй номуудыг онцолсоор байх болно.
“Тагтаа паблишинг”-аар овоглосон, шилдэг орчуулагчдын нэг, шүлэгч Б.Баясгалан 2018 онд АНУ-ын Айовагийн их сургуулийн, дэлхийд нэр хүндтэй Олон улсын зохиолчдын хөтөлбөрийг дүүргэснийг дуулаад ашгүй зохиол бичих нь гээд харж байсан хүлээлт минь энэ жил биелсэн. Тэр бол зургаан өгүүллэг, тууж багтаасан “Этгээд хүслийн цуглуулга”. Зарим ном хүний амьдралын хатуу хөтүүг, хүний олон өнгөний барааныг өгүүлэх мэт атлаа уншаад дуусахад аяа, амьдрал нээрэн ийм л юм гэж бодогдуулж, гүнзгийхэн нэг амьсгалаад илүү гэрэлтэй гэгээтэй амьдрах хүчээр цэнэглэдэг шиг. Тийм л ном байлаа. Ном нь сайн сайхнаас гадна манай уран зохиолд чухам хэрэгтэй зохиолчийн гараа болж байгаа гэдгээрээ нэн онцлог.
Эгэл биш хүмүүсийн эгэл бус очны ардах эгэлхэн зүрх. Сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг зүрхний гүнд хадагдтал биччихсэн юм чинь “...холдох тусмаа гэрэлтэх”, зуунд ганц л мэндлэх “од” ч байлаа гэсэн эгэл үзэсгэлэнтэй бодгалиараа ой дурсамжид бичигдэнэ. Түүний хэлсэнчлэн, “Ер нь бол хүн бүхний амьдрал өөрөө хөрөг.” Угаас энэ номын баатрууд бүгд суутай цуутай хүмүүс биш. Энгийн ч биш. Сэтгүүлч гэж ийм хүн байдаг юм аа гэж хэлээд, бахдал дүүрэн инээмсэглэмээр санагдуулсан Б.Энхцэцэг сэтгүүлчийн номыг та уншаагүй бол уншаарай. Та бас ийм л нүд, ийм л үзэг байх ёстой гэж бодох байх даа.
“Сайхан охинд хэл үггүй дурлачхаад сэтгэл нь эгшиглэж явсан үе ч яг таарч. “Замбуулинд учрахгүй байх аргагүй ээ…” хэмээх дахилтын аянаас эхэлж мөрөөс мөр урсан орж ирсээр дуу болох хүртэлх ахархан хугацаанд Багшийн сургууль даяараа аль хэдийн сурчихсан байв. Мөнөөх ахад ямар дуу болгосноо жижүүрийн утсаар сонсгоход хэлцэж тохирсон мэт түүний ард бүхэн бүтэн хоор даган дуулж байлаа. “Гунихын урьтал, баярлахын шалтгаан” хөргөөс нь
Яруу найрагч Цэрэннадмидын Гончиг “Цул мөнгөн гүүр” дурсамж эсээнээс бүрдсэн ном энэ жил уншсан номуудаас хамгийн тодоор сэтгэлд үлджээ. Ямагт яруу найрагч бай хүүрнэл зохиол дээр ч тэр гэж Нобелийн шагналт яруу найрагч Шарль Бодлер хэлсэн шиг зохиогч энэхүү номоо яруу найрагч хүн л ажиглаж авч үлдэж чадах бага насныхаа дурсамжаар сүлж бичсэн нь юун түрүүн сэтгэлд нандин санагдсаныг хэлэх нь зүйтэй болов уу?
Та энэхүү номоос миний мэдэрснээр ийм л энгийн өгүүлэмжийг сэтгэлдээ амилуулна. Энгийн бүхэнд дурлах, үүр цүүрээр адуу өвс ганц нэг үмхлэх чимээнд нойрсох, үнээдийн жим даган үнсэлцэхээр одох, (Д.Нямсүрэн) галын элчинд нозоорох, бороо гэзэг үсэнд шингэж унаган төрхөө олох, голын эргээр зуссан айлууд сонгодог уран зураг шиг л харагдах, шинэ тараг бүрэх, шинэ хүү төрөх, өвөөлж ганц нэг дуугарах, од харвах, шуулттай гэрийн хаяагаар зэрэглээ харан хэвтэх, тулганд гал очтон бадамлах, тужийн нарсанд гөрөөс янзагалах, аянга цахих их гэрлийн дор аяа дахин төрөх, эх нутгаа зорин тэмцэх, эжий аавдаа санан санан очиж үнэрлүүлэх, найран дээр сайхан монгол эр хүн уртын дуу шуранхайлах, налж суугаад хэсэг зүйрмэглэмээр бодогдох, их өндрөөс харах, талын салхи залгилах, булгийн хүйтэн ус шүд хага таших, шүхэргүй бороонд алхах, хэдэн тугалтай өнжих, хээр хөдөө адуу унагалах, анд мордох эрчүүлд аян замын хүнс бэлдэх, араажаваар Улаанбаатарт 13 цаг хэмээн зарлах, ширмэндээр гурил хайрах, шинэхэн өрөм загсаах, айлын жаахан охинтой ана мана үзэж чарта өшиглөх, өссөн суурингаа уулан дээрээс удаан гэгч харан суугаад гүн санаа алдах, өөр юу ч юм үл хүсэх, гэнэт чамайг учиргүй их санах гэхдээ энэ бүхэн сайхан дурсамж л бүтээх.
Хүмүүн паблишингаас эрхлэн гаргадаг ном бүрийг цаг алдалгүй олж уншихыг хүсдэг хүний хувьд оны сүүлийн өдрүүдэд “Бүхнийг тогтоохуйн урлаг ба шинжлэх ухаан”-д тулгуурлан бичсэн Нью-Йорк Таймсын бестселлер бүтээлийг уншиж сууна. Сэтгэл хөдөлгөж, сонирхол татах энэ ном оюуны хүч гэдэг ямар гайхам зүйл болохыг уншигч танд ойлгуулна. Яг л “Говийн домог” кинон дээр уншигддаг:
Салхи исгэрч, уулс хүнгэнээд
Гол ус харгилан гогцоорч
Навч нахиа сэрчигнэн уянгалахыг
Бас жавартай шөнө тэнгэрийн одод жингэнэлдэхийг
Гангийн халуунд нарны алтан илтэс
Газарт шүргэн буухыг
Зүрх сэтгэлээрээ мэдрэн баясахын тулд
Чи амьд явах ёстой гэх мөрүүд шиг хуудаснаас хуудсанд шилжих бүртээ амьд буйгаа, амьд байх ямар сайхныг та энэ номоос амтална аа.
2023 онд цар тахлын дараах дэлхийн эдийн засаг, аялал жуулчлал, хүн хоорондын харилцаа эргэн сэргэлээ. Нөгөө талаар улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж, Орос Украйны дайн үргэлжлэхийн зэрэгцээ Газын зурвас дахь Араб Еврейн дайн дахин ширүүсэв. Фронт дээр халуун зэвсгийн дайн байлдаан уламжлалт хэлбэрээр үргэлжлэхийн зэрэгцээ сошиал медиа дахь үзэл суртлын дайн түүнээс дутахгүй ширүүн өрнөх болов. Тив дэлхий дамжсан үзэл суртлын дайн Монголын нийгмийн амьдрал, дотоодын эв нэгдэлд ч нөлөөлж, тавилттай геополитикийн акцууд ажиглагдах болж, олон нийтийн сүлжээнд ч гадаадын тролл, бот хэрэглэгчдийн үйл ажиллагаа эрс идэвхэжсэн жил болж өнгөрлөө. Тэр утгаараа аливаа улс үндэстэн хоорондын дайны үүсэл, өрнөлийн талаар зөв ойлголт авахын тулд өдөр тутмын мэдээ мэдээллээс илүүтэй аль болох төвийг сахисан академийн бүтээл унших шаардлага хэзээ хэзээнээс чухал болж ирж байна. Миний ширээний номын нэг нэрт судлаач, түүхч Жон Г.Стоэссингерийн “Why Nations Go to War” ном төвийг сахисан эх сурвалж болохын хувьд ямар үнэ цэнтэй бүтээл болохыг энэ жил бидний хамар дор өрнөж буй дэлхийн улс төр, дайны сэдвүүд дээр ажиллахдаа дахин нэг мэдэрлээ.
Мөн энэ онд Дорно дахины бичгийн их хүн, соён гэгээрүүлэгч Нацүмэ Соосэкигийн “Күсамакүра” зохиолыг монгол хэлээрх дэлхийн утга зохиол сонирхогч монгол уншигч танаа өргөн барилаа. Орчуулсан номоо энэ жил уншсан номдоо оруулж танилцуулахаар хачирхалтай санагдаж мэднэ. Гэхдээ Күсамакүрагийн сонгодог япон хэлнээс орчин цагийн монгол хэлнээ буулгахад зарим талаар шинээр хөрвүүлэн бичих хэрэгцээ нэг бус удаа тулгарсан тул бичсэнээ хөндлөнгийн уншигчийн нүдээр дахин дахин унших, хянан тохиолдуулах хэрэгтэй болов.
Нацүмэ Соосэки “Миний “Күсамакүра” бол ердийн романаас тэс эсрэг санаагаар бичсэн зохиол. Ерөөсөө л - нэгэн зүйл мэдрэмж – гоё сайхны мэдрэмж уншигчийн толгойд үлдвэл тэгээд болоо. Амин сүнс нь гоозүйд оршдог хаикү шиг роман нэгийг бичьюү гэж санасан юм” хэмээсэн байдаг аж. Үнэхээр ч Күсамакүра бээр “Уулын замаар өгсөнгөө ингэж бодлоо” хэмээн эхэлдэг эхний хэдхэн өгүүлбэрээсээ эхлээд оюун санааны болоод хэл бичгийн соронзон мэт хүчээр уншигчийг олзолж, гоё сайхны мэдрэмжид автуулдгаараа алдартай. Улиран одож буй 2023 онд уншиж амжаагүй бол шинэ оны уншлагад тань мөхөс орчуулагч миний зүгээс бүрэн итгэл сэтгэлээр санал болгож байна.
Энэ оны эхэнд уншсан болон сүүлд уншиж буй хоёр номоо хуваалцъя. Эхнийх нь Maрвелын анхны Ази супер баатар Шан-Чи дүрийг бүтээсэн Симу Лиуийн намтар. Уг бүтээл Хятадын нэгэн хос 1990-ээд оны эхээр Канадыг зорихоор дөнгөж төрсөн хүүгээ өвөө, эмээ дээр нь үлдээж, олон жилийн дараа өөрсөд дээрээ авч ирж байгаа түүхээр эхэлдэг. Тэс өөр хүмүүжлээр өссөнөөс гадна хувь хүн болж төлөвших насандаа аав, ээжээсээ хол байсан хүү шинэ орчин, шинэ гэр бүл, шинэ соёлд дасах гэж багагүй зүдэрнэ. Ингэж явсаар Канаддаа нягтлан бодохын чиглэлээр их сургуулиа төгссөн ч эцэг эхийнхээ үгээс зөрөн (Ази гэр бүлд энэ үйлдэл ямар хэцүү болохыг уншигч та гадарлаж буй биз) жүжигчин болох замналаа хөөнө. Тоймгүй олон бэрхшээл, гэр бүлийн дарамтуудыг даван туулсаар цагаач хүү Марвелын супер баатар болж чаддаг. Соёл болон үе хоорондын ялгааг сонирхолтой байдлаар харуулсан, гэр бүлийн “хал нь гадаа, хайр нь дотроо” харилцааг өгүүлсэн уг бүтээл өдгөө нүүдэлчин соёлоос хотын соёл руу цагаачилж буй бидэнд тун ойр тусах нь лавтай.
Урам зориг хэрэгтэй бол уг бүтээлийг унш. Өдгөө Дэлхийн хамгийн чинээлэг эрхэмд тооцогдож, SpaceX, Tesla, X зэрэг хүн төрөлхтний ирээдүйг замчилж буй компаниудыг удирдаж буй түүний түүхийг намтар төрөлдөө шилдгүүдийн нэг Уолтер Исааксон туурвижээ. Юун түрүүнд асар олон үйл явдлыг ойлгомжтой буулгаж, дүрүүдийн холбоосыг чамбай хийж, нэг биш нэлээн олон кино үзэж буй мэтээр бичсэн түүний бичих чадварыг шагшин магтмаар байна. Эл бүтээлд бидний мэдээнээс л хардаг олон аугаа үйл явдлын ард яг юу болсон гэдгийг олон жижиг сэдвүүдэд багтаасан байх бөгөөд урам зориг дутсан үед уншихад тулгараад буй асуудлууд ёстой л инээдтэй мэт санагдана. Түүнээс гадна “галзуу” хүн л “галзуу” амжилтад хүрдэг гэдгийг, мөн амжилт хэдий том байна, төдий чинээгээр золиос хэрэгтэй уг намтраас уншиж болно. Симу Лиу бол кинон дээрх супер баатар, харин Элон Маск бол бодит амьдралын супер баатар.
Энэ оны онцлох ном бол Улбар хэвлэлийн газраас гаргасан “Орчин үеийн Монголоос илгээв” хэмээх хос хэлнээ хэвлэгдсэн өгүүллэгийн цоморлог байв. Цоморлогт багтсан бүтээлүүдийг Нью-Йорк Таймсийн бестселлер зохиолч Жэк Уэдэрфорд болон АНУ-ын Төрийн Департаментын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан богино өгүүллэг, эсээний тэмцээнээр цуглуулсан нь онцлог байлаа. Угтаа мэргэжлийн зохиолч, нийтлэлч биш сурагч, оюутан залуусын үзэл бодол, харах өнцөг, энгийн бөгөөд шулуухан гэмээр бичиглэлийн хэв маяг зэрэг нь шинэлэг, орчин цагийн Монголын өнгө төрх, аж байдлыг нэмэр хачиргүйгээр өөр өөрсдийн өнгө төрхөөр илэрхийлсэн нь уншигчийн хувьд цэвэр агаар амьсгалж буй мэт олзуурхмаар зүйл байлаа.
Хос хэлээр гарсны давуу тал нь гадаад ертөнц Монголчуудыг орчин үеийн хөгжлөөс ангид зэлүүд хээрийн малчид, нүүдэлчид хэмээн өрөөсгөл ойлгосоор иржээ. Монголын өнөөгийн байдлыг DW ч юм уу бусад сувгаар гардаг эгзотик баримтат киногоор л төсөөлдөг хүмүүсийн танай тэнд “Цахилгаан байдаг уу?, мориор сургуульдаа явдаг уу?” гэх асуултуудтай олон тулгарч байсан хүний хувьд Монгол хүн гэж хэн болохыг өгүүлсэн шинэ хүүрнэлийг, түүнчлэн хөдөөгөөс хот, хотоос хөдөө хүртэлх монголчуудын амьдрал даяарчлал, технологи, цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж буйг тольдох боломжтой бүтээл гарсанд баяртай байна.
Нэгэнтээ хүн эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн. Үхлээс өөрөөр эрх чөлөөнөөс зугтах зам үгүй. Эрх чөлөө бол ивээл бас хараал гэж хэлж байсан Францын сэтгэгч Жан Пол Сартрын 1939-1975 онуудад бичиж байсан түүвэр эсээнүүдийг онцолмоор байна. Дэлхийн II-р дайны өмнөх үеэс хүйтэн дайны үеүдэд бичигдсэн эдгээр эсээнүүдээс Сартрын Фолкнер, Батайл, Жакометти, Фанон, Францын чөлөөлөлтийн тухай, Алжир дахь эрүү шүүлт, экзистенциализм ба марксизм, найз нөхөд гэх мэт олон зүйлийн талаар бичсэнийг уншиж болно. Мөн ирэх онд Маржан Сатрапийн Persepolis-ийг номоор нь унших бодолтой байна.
Харвардын их сургуулийн профессор Майкл Сандэлийн эл бүтээл дэлхий даяар олон мянган уншигчдын сонирхлыг татсан. Энэ сэдвээрх түүний лекц сургуульдаа хамгийн алдартай бөгөөд онлайн орчинд тавигдсан нь асар өндөр хандалт авсан. Шударга ёсны ойлголтыг маш энгийнээр тайлбарласан энэхүү номд хувь хүний дотоод сэтгэл хөдлөлийн зан төлөв нь гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, бусдад ямар үр дагавар үзүүлдгийг судалж, тайлбарласан байдаг. Шударга ёс гэдэг нь ямагт зөв зүйл рүү чиглэдэг гэдгийн далд логик гэсэн үг. Энэ утгаараа:
- Нэгдүгээрт: Үр ашиг буюу таашаал, жаргалыг хамгийн их болгож буй зүйл
- Хоёрдугаарт: Хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх асуудал
- Гуравдугаарт: Нийтийн сайн сайхны төлөө зөвт байдлыг хөгжүүлэх гэсэн үндсэн санаануудыг агуулдаг гэдгийг номд тайлбарлан өгүүлжээ.
Улс орнуудын тухай мэдэхэд эдийн засаг, технологийн хөгжлийг судлах биш газарзүйн байрлалаар сонирхон уншиж, геополитикийн танин мэдэхүйн ойлголт авах боломжтой. Зохиолч Тим Маршалл улс орнуудын хувьд газар зүйн байрлал хэрхэн ач холбогдолтой тухай дэлхийн онцлох 10 орныг сонгон түүний давуу, сул талуудыг судлан бичжээ. Номд хятад яагаад хамгийн өндөр иргэншсэн улс болсон тухай, АНУ хэрхэн дэлхийн их гүрэн болсон, ОХУ-ын газар нутгийн хэмжээ хэрхэн эерэг, сөрөг хүчин зүйл болдог гэдгийг олон жишээ баримтаар тайлбарласан байдаг. Өөрийн амьдарч буй дэлхий ертөнцийн гайхамшигтай зүй тогтол, үйл явдлуудыг мэдэхэд энэ ном тусална.
Амьд биеийн хамгийн жижиг хэсэг болох эсийн үүрэг түүний үйл ажиллагаа таны төсөөлж байснаас ч илүү сонирхолтой сэдэв билээ. Уг номд хүний биеийн эрхтэн тогтолцоо хэрхэн ажилладаг, түүний хамгийн жижиг хэсгүүдийн хувьсан өөрчлөлт, мутаци, өвчлөлийн тухай хүүрнэн өгүүлдэг. Зохиолч Мүхэржи Сиддарта биологич, эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлийн ойлголтын тухай танин мэдэхүй талаас, ончтой стилиэр бичсэн нь ямар ч насны хүн уншаад уйдахааргүй бүтээл болжээ. Зарим жишээг онцолбол, анх чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хэрхэн хийж байсан, түүний үүдэл эс гэж юу болох, эсүүд хэрхэн зүрх, тархи зэрэг эрхтнүүдийг бүтээдэг, хэрхэн өсөж үрждэг, мууддаг, устдаг түүнийг хэрхэн эмчилж, анагаах ухаанд ашигладаг тухай тун сонирхолтой өгүүлнэ. Товчхондоо энэ ном бол эсийн бүхий л бүтэц, функц, нийтлэг ба ялгаатай байдал, харилцан хамаарал, хязгааргүй боломжуудыг судалсан эсийн нэвтэрхий толь гэж болно.
Зохиолчийн өмнөх Ген, Хорт хавдар гэх цувралууд монгол уншигчдыг татаж НЭПКО компанийн шилдэг борлуулалттай бүтээл болсон. Харин Эсийн дуулал ном 2022 оны сүүлээр бичигдэж, 2023 оны эхээр дэлхийн олон оронд зэрэг хэвлэгдсэний нэг нь Монгол улс. Өөрийн хамгийн жижиг хэсэг эсийн ертөнцөөр аялж сонирхолтой мэдлэг, мэдээлэл уншихын сацуу ирээдүйн хүн төрөлтний хөгжил, анагаах ухааны олон амжилтууд нь танд итгэл найдвар төрүүлэх болно.
Наоми Клейн уг номыг бичих болсон шалтгаан нь тун сонирхолтой. Наоми өөрөө улс төрийн талаар бичдэг, нийгмийн асуудлыг хурцаар шүүмжилж чаддаг, нэг сэдэв "зуугаад" авахаараа тавьдаггүй, судалгаа сайн хийдэг айхтар бүсгүй. Гэтэл цахим сүлжээнд түүнийг Наоми Вүүлф гэх өөр нэгэн бүсгүйтэй андуурч байгааг тэрээр анзаарчээ. Наоми Вүүлф номын зохиолчтой адилхан нийгмийн асуудлуудыг ярьдаг нэгэн ч радикал үзэлтэй, хуйвалдааны онолд итгэгч, шинээр хуйвалдааны онол нээгч нэгэн. Цар тахлын үеэр Наоми Вүүлф вакцины эсрэг хөдөлгөөн өрнүүлж, цар тахалтай холбоотой бусад хуйвалдааны онолуудыг цахим орчинд ихээр түгээж байлаа. Харин "хоморгод нь" зохиолч бүсгүй өртчихөв. Хүмүүс хоёр Наомиг андууран зохиолч бүсгүйг муулж, "cancel" хөдөлгөөн эхлүүлэхээ шахсан. Үүнээс хойш Наоми Клейн интернэт орчинд тархаж буй хуйвалдааны онолууд, хэт радикал үзлүүд хэрхэн тархаж, нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаарх номоо өөрт тохиолдсон явдлаараа хачирлан бичсэн юм. Энэ онд гарсан шинэ ном тул гарч байгаа бүх үйл явдал танд танил санагдах болно.
Шинжлэх ухааны номыг дурдахгүй байж болохгүй байх. Номын нэр, хавтсыг нь хараад л шууд авчихсан болохоор хүлээлт багатай, сэтгэл гонсойлгоогүй номын нэг байлаа. Зохиолч өөрөө далайн амьтдад их дуртай, сонирхон судалдаг нэгэн. Харин энэхүү номоо бичихдээ усны амьтдын талаар дагналгүйгээр, бүлэг бүрдээ нэг амьтныг сонгон авч өөрийн амьдралын түүхтэй холбон бичсэн нь их шинэлэг санагдсан.Жишээ нь Тайванаас Мичиган руу цагаачлан ирсэн ээжийнхээ түүхийг өгүүлэхдээ өөрийн өндгөө дөрвөн жил хамгаалсан нэгэн наймалжны түүхтэй холбосон байв. Өөр нэгэн бүлэгт ээж нь Тайван, аав нь Америк тул зохиолчийг сурагч байх үед нь "Чи яг хэн юм бэ" гэх асуулт их ирдэг талаар бичсэн байлаа. "Хэн нь мэдэгдэхгүй" өөрийгөө гибрид эрвээхэй загастай зүйрлэж бичсэн нь их таалагдсан. Зарим бүлэг хэтэрхий нуршуу мэт санагдсан ч уран зохиол, шинжлэх ухаан, намтар хосолсон ном унших нь өөрөө тансаглал тул огтоос төвөгшөөлгүй уншиж дуусгалаа.
Өмнөх оны нийтлэлүүд:
2015 оны шилдэг номууд
2016 оны онцлох номууд
2017 оны онцлох номууд
2018 оны онцлох номууд
2019 оны онцлох номууд
2020 оны онцлох номууд
2021 оны онцлох номууд
2022 оны онцлох номууд
Unread Wrapped 2023 цуврал:
12.25: Оны онцлох стартапууд
12.26: Оны онцлох аппууд
12.27: “Би хэрхэн ажилладаг вэ?” - Шинэ оны тусгай дугаар
12.28: Оны онцлох кинонууд
12.29: Атаархлын жагсаалт: Оны онцлох нийтлэлүүд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд
01.01: 2024 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд