Шинэ сарын мэнд! Танд ажлаа эрчтэй эхлүүлэхэд халуун кофе, 4 минут, тойм байхад л хангалттай :) Өнөөдрийн тойм 1159 үгээс бүрдсэн шүү.

1 гол сэдэв

Коронавирусын эсрэг вакцин хэзээ гарах нь олон нийтийн хувьд хамгийн хүлээлт дагуулсан асуулт болж хувирав.

Хүн дээрх туршилт юу болов?

Өнгөрсөн сард анхны хүн дээрх вакцины туршилтыг хийсэн Moderna 2-р шатны туршилтаа энэ хаварт багтаан хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2010 онд байгуулагдсан тус компани энэ оны сүүл гэхэд хамгийн сүүлийн 3-р шатны туршилтыг хийн салбарын хувьд асар хурданд тооцогдох 12 сарын дотор вакциныг зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж буй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эхний шатны үр дүн ихээхэн эерэг байгаа гэнэ.


Бусад нь юу хийж байна?

Одоогоор 35 компани коронавирусын эсрэг вакцин хөгжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэнээс ердөө 4 нь амьтан дээрх туршилтаа эхлүүлээд байна. Өнгөрсөн 1-р сард Хятадын эрдэмтэд вирусын генетикийн дарааллыг нээлттэй болгосон нь эрдэмтдийг илүү хурдтай ажиллахад нөлөөлсөн гэх. Үүнээс гадна SARS, MERS-ийн эх үндэс нь мөн л коронавирус байсан учраас судалгааны суурь ихэнх компаниудад байсан гэнэ. Улс орнууд элдэв саад, хяналт, бичиг цаасны дарамтыг багасгаж компаниудын чөлөөтэй ажиллах орон зайг олгож байгаа ч дорвитой ахиц одоогоор мэдэгдээгүй л байна. Гэхдээ судалгаа хөгжүүлэлтээс хүмүүст түгээх хүртэл хамгийн багадаа 12-18 сарын хугацаа хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулсаар байгаа билээ.


Билл Гэйтс юу гэв?

2015 онд TED-ийн илтгэлээрээ цар тахлын аюулд бэлдэх хэрэгтэйг сануулж байсан Билл Гэйтс ДЭМБ, АНУ дөнгөж маск зүүх нь зөв юм байна шүү хэмээн хүлээн зөвшөөрч байх хооронд өөрийн төлөвлөгөөг аль хэдийн боловсруулжээ. Тэрээр улс орнуудыг дараах зүйлийг хэрэгжүүлэхийг уриалав.

- Бүх хөдөлгөөнийг 10 долоо хоног хүртэлх хугацаагаар хорих

- Шинжилгээнд хамрагдах иргэдийн эрэмбийг тодорхой тогтоох

- Датанд суурилан вакцин, эмчилгээний хөгжүүлэлтийг дэмжих

Тэрээр өөрийн сангаар дамжуулан аль хэдийн вакцин хөгжүүлж буй хамгийн шилдэг 7 багийг сонгон авч, тэднийг санхүүжүүлэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, орчин нөхцөл бүхий үйлдвэрийг барьж байгаа гэнэ. Б.Гэйтс эдгээрээс хамгийн сайнаар бодоход 2 нь амжилттай болж, тэрбум тэрбум долларын алдагдалтай ажиллах ч ирээдүйд учрах триллион долларын хохирлоос зайлсхийх боломжтой гэдгийг онцолжээ.

2 чухал тоо

4.7 - Apple 4.7 инчийн дэлгэцтэй iPhone SE загварыг удахгүй гаргах тухай эх сурвалжууд мэдээлж байна. 64, 128, 256 GB-ийн багтаамжтай, A13 процессортой, хар, цагаан, улаан өнгөтэй үйлдвэрлэгдэх уг утасны үнийг 399$ хэмээн тэд мөн мэдээлжээ.


112: 1908 оны оны 3-р сарын 29-нд мэндэлсэн, өдгөө 112 настай Английн иргэн Р.Вэйтоныг дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн хэмээн батламжилж, Гиннесийн номонд бүртгэлээ. Тайван, Канад, АНУ-д амьдарч байсан тэрээр карьерынхаа ихэнхийг их сургуульд багшилж өнгөрүүлжээ. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Японд амьдардаг бөгөөд 1-р сард 117 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.

3 онцлох зүйл

208: Коронавирусын халдвар өнөөдрийн байдлаар 208 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Цар тахлын анхны голомт Хятадад халдварын тоо эрс буурсан ч тэд 2 дахь давлагаанд бэлтгэж, хил хориогоо чангатгасан хэвээр буй.

- Европ, Америк тахлын голомт хэвээр. Латин Америкт нөхцөл байдал эрсдэлтэй ангилалд байна.

- Энэтхэгт 1 сая орчим хүн амьдардаг дэлхийн хамгийн том ядуусын хороололд анхны тохиолдол илрэв.

- Одоогоор Кирибати, Лесото, Маршаллын Арлууд, Микронези, Науру, БНАСАУ, Палау, Самао, Сао Томе Принсипе, Соломоны Арлууд, Тажикистан, Тонга, Туркменистан, Тувалу, Вануату, Йемен улсуудад л коронавирус илрээгүй байна.

- Хамгийн сүүлд Өмнөд Суданд шинэ тохиолдол илрэв.

- Гэхдээ шинжээчид Науру, Кирибати зэрэг угаас алслагдсан бүс нутагт оршдог арлын орнуудыг эс тооцвол Хойд Солонгос, Тажикистан, Туркменистан зэрэг цэргийн дэглэм ноёрхсон улсуудад мэдээлэл нуун дарагдуулж байна хэмээн үзэж буй.


1.2 M: Өнгөрсөн долоо хоногт нийт халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 1 саяыг давав.

- АНУ-д олон төрлийн арга хэмжээ авсаар байгаа ч халдварын тоо 300 мянгыг давлаа.

- Герман, Их Британи, Швейцарь зэрэг Европын орнуудад өдөр бүр 2 мянгаас дээш тохиолдол бүртгэгдлээ.

- Сөүл, Токиогоос 2 удаагийн тусгай нислэгээр Монгол иргэдээ авчирсан манай улсад зөөвөрлөгдсөн 2 тохиолдол илэрсэн нь халдвар эрс нэмэгдэж буй Туркийн 2 иргэн байв.

- Хойд хөрш ОХУ ч улс даяар хөл хорио тогтоосон ч зөвхөн өнгөрсөн 24 цагт 600 гаруй шинэ тохиолдол нэмэгджээ.

- Азийн бусад орнууд болох Япон, Сингапурт халдварын тоо эрс нэмэгдэж эхэлсэн нь экспертүүдийн санааг зовоож байна. Индонезид нас барсан хүний тоо БНСУ-г гүйцэв.


69К: НҮБ-ын тэргүүн А.Гутерреш коронавирусын тахлыг Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн том хямрал хэмээн тодорхойлсон нь санамсаргүй хэрэг биш. Одоогоор амиа алдсан хүний тоо 69 мянгад хүрсэн нь орчин цагийн хамгийн өндөр үзүүлэлт. Италид нэг өдрийн нас баралт, шинэ тохиолдлын тоо анх удаа буурсан ч тэнд аль хэдийн 15 мянган хүн нас бараад байгаа. Испанийн өсөлт ч огцом нэмэгдсээр нас барагсдын тоо 12 мянга болов. АНУ-д бямба гарагт хамгийн өндөр буюу 1344 хүн таалал төгсжээ. Дэлхийн эдийн засаг триллионоор хэмжигдэх хохирол амсаж, улс орнууд олон жил үргэлжлэх хямралд бэлтгэсээр байна.

4 мэдүүштэй баримт

Хавдар илрүүлэгч: Америк, Английн эрдэмтэд 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадалтай цусны ерөнхий шинжилгээний аргачлалыг тодорхойлсон байна. Тэд 4 мянга гаруй өвчтөн дээр туршилт хийхэд 96 хувийн амжилттайгаар хавдрыг илрүүлж байжээ. Цаашид дэлгэрүүлэн туршилтаа үргэлжлүүлэх уг шинжилгээг Амазоны Ж.Бэйзосын хөрөнгө оруулсан Grail нэртэй стартап хөгжүүлж байгаа юм.

Пластик нэрт: Эрдэмтэд Номхон далайн хамгийн гүн хэсэгт тооцогдох Марианы хонхроос сам хорхойтой төстэй шинэ биет илрүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь 6 км гүнээс олдсон, 0.65 мм-ийн урттай уг биетээс пластик хог илэрсэн юм. Иймд уг биетийг далайн бохирдлын эсрэг анхаарал хандуулахыг бэлгэдэн Eurythenes plasticus хэмээн нэрлэжээ.

Халдварт бар: Нью Йоркийн амьтны хүрээлэнгийн хамгийн ховор амьтдын нэг малай бараас коронавирусын халдвар илэрсэн гэнэ. Энэ нь Хойд Америкт анх удаа амьтанд вирус халдсан тохиолдол болсон бөгөөд хэрхэн халдсан, цаашид ямар үр дагавартайг анхааралтай судалж байгаа гэнэ.

Бүтэлгүй туршилт: SpaceX-ийн сансарт хүн болон ачаа тээвэрлэх зорилготой Starship хөлгийн гурав дахь загварын туршилт амжилтгүй боллоо. Техаст явагдсан туршилт яагаад бүтэлгүйтэж, дэлбэрэлт үүссэнийг Элон Маск дата мэдээлэл дээр үндэслэн тайлбарлана хэмээн жиргэжээ. Тэд 2021 оны сүүлээр Starship-ийг сансарт хөөргөх зорилготой байгаа юм.

5 сонин хачин

1. Зуны Олимпийн 32-р наадам 2021 оны 7-р сарын 23-аас 8-р сарын 8-нд явагдахаар боллоо. Цар тахлын улмаас энх цагт хойшлогдсон анхны наадам болсон Токиогийн Олимпод 33 спортын төрлөөр 10 мянга гаруй тамирчид өрсөлдөх учиртай.

2. АНУ-ын харилцаа холбооны 3, 4 дэх том оператор компаниуд 100 сая хэрэглэгчтэй шинэ нэгдлийг үүсгэлээ. 2 жилийн турш хууль сахиулагчдын зөвшөөрлийг хүлээсний эцэст T-Mobile, Sprint-ийн 26 тэрбумын өртөгтэй нэгдэл эцэслэгдэж байгаа нь энэ. Тэд 5G технологийг орон даяар нэвтрүүлэхэд зардал хуваах, хэрэглэгчдийн өртгийг бууруулахад давуу талтай болно хэмээн шинжээчид үзэж банйа.

3. Коронавирусын тархалтын улмаас түр хаагдаад байсан Нидерландын Ларен хотын музейгээс домогт зураач В.Ван Гогийн "Хаврын цэцэрлэг" нэртэй уран зураг хулгайд алдагджээ. Өөр музейгээс үзүүлэнгийн зорилгоор "зээлдээд" байсан уг зургийн үнэ цэн одоогоор тодорхойгүй байна.

4. М.Жордан болон Чикаго Булллз клубийн хамгийн сүүлд буюу 1998 онд лигийн аваргаар тодорсон улирлын тухай өгүүлэх "Last Dance" цувралын цацагдах хугацааг урагшлуулж байгаагаа ESPN мэдэгдлээ. 100 гаруй оролцогч, 10 ангитай уг цуврал 4-р сарын 19-нд гарах болсон нь тахлын улмаас спортын контентийн хомсдол үүссэнтэй шууд холбоотой юм.

5. Дисней Энэтхэгийн зах зээлд зориулан жилийн 20 долларын төлбөртэй стриминг үйлчилгээгээ нээлээ. Fox-ийн худалдан авалтад багтсан Hotstar-ийн суурин дээр Disney+Hotstar нэртэйгээр байрших уг үйлчилгээ зөвхөн оригинал контентуудаас гадна зарим телевизийн суваг, шууд дамжуулалтыг багтаасан гэдгээрээ онцлогтой гэнэ.

10 уншууртай мэдээ

Ойлгох: Zoom яагаад ийм алдартай болов? /The Verge/
Бахархах: Коби Брайнт алдрын танхимд мөнхлөгдлөө /NBA/
Хүлээх: Дисней кинонуудынхаа шинэ товыг зарлалаа /Variety/
Тооцох: Трамп, газрын тос, чөлөөт зах зээл /CNN/
Мэтгэх: Маск зүүх үү, эс зүүх үү? /Bloomberg/
Харуусах: Уимблдон дайнаас хойш анх удаа цуцлагдав /BBC/
Уурсах: Amazon-ий алдагдсан тэмдэглэлээс /Vice/
Ухах: Яагаад 00-ийн цаас хомсдов? /Vox/
Бухимдах: Пластикийн төлөөх дайн /NPR/
Тайвшрах: Онцлох сансрын зургууд /Wired/