1 гол сэдэв

Цар тахлын улмаас зогсонги байдалд ороод байсан хөрөнгийн зах зээл идэвхжиж, удтал хүлээлгэсэн стартап компаниуд IPO хийх хүсэлтээ өгсөөр байна. Энэ долоо хоногт хэд хэдэн сонирхолтой компаниуд хүсэлтээ өгснийг бид гол сэдэв болгон онцоллоо.

Гол одод

Palantir: Тэд Spotify, Slack-ийн адилаар "шууд жагсаалтад бүртгэгдэх" хүсэлтээ өгсөн байна. Төрийн байгууллагуудын тоон өгөгдлийг шинжилдэг дата стартап гэх тодотголтой Palantir 20 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа. Ихэнх хүмүүс П.Тиелийн үүсгэн байгуулсан Palantir-ийн үйл ажиллагаа ихэд "нууцлаг" бөгөөд 150 улсын 36 салбарт технологи нь ашиглагддаг хэмээн тайландаа дурджээ.

Ant Financial: Alibaba-ийн санхүүгийн бизнесийг "баздаг" Ant Financial энэ жилийн хамгийн том IPO-г хийхэд бэлэн болоод байна. Зөвхөн өнгөрсөн жил 16 их наяд ам.долларын гүйлгээг дамжуулсан Alipay 900 сая хэрэглэгчтэй. Ж.Магийн гол хувийг нь эзэмшдэг тус компани хамгийн сүүлд 150 тэрбум долларын үнэлгээгээр хөрөнгө оруулалт татаж байжээ.

Найдвар тээгчид

Unity: Pokemon Go, Call Of Duty зэрэг топ тоглоомын "суурь хөдөлгүүрийг" бүтээгч Unity Нью-Йоркийн биржид нээлттэй компани болж байна. Тэдний арилжаа гол өрсөлдөгч Unreal-ийг эзэмшигч Epic Games-ийн Apple-тай хийж буй маргаантай зэрэгцэж байгаа нь сонирхолтой. Тэд 525 сая ам.долларыг босгож байна.

Asana: Slack-тай адил байгууллагын харилцааны шийдэл санал болгогч Asana мөн нээлттэй компани боллоо. 11 жилийн өмнө Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Московицийн эхлүүлж байсан тус компанийн 3.2 сая хэрэглэгчдийн 1.2 сая нь төлбөр төлж үйлчлүүлдэг гэнэ.

Битүү морьд

Snowflake: Байгууллагын датаг үүлэн технологид байршуулах үйлчилгээ үзүүлдэг тус компани 12 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр 100 сая ам.доллар босгож байна. Snowflake 1400 ажилтантай бөгөөд 2019 онд Forbes-ийн шилдэг клоуд компанийн жагсаалтын 2-т эрэмблэгдэж байв.

Sumo Logic: Байгууллагын дата менежмент-мониторингийн үйлчилгээ үзүүлэгч Sumo Logic NASDAQ-т бүртгэлтэй боллоо. "SUMO" хэмээн самбарт тэмдэглэгдэх тус компани 2019 онд 155 сая ам.долларын борлуулалттай ажиллажээ.

Jfrog: DevOps-ийн тэргүүлэх стартапуудын нэг Jfrog мөн хоёр тэрбум долларын үнэлгээтэйгээр 100 сая доллар босгож байна. Израильд төвтэй тус компани дэлхий даяар 5800 хэрэглэгчтэй аж.

Xpeng Motors: Хятадын цахилгаан машин үйлдвэрлэгчид 1,5 тэрбум доллар босголоо. Тэдний хувьцааны үнэ эхний өдрөө л 40 хувиар өссөн гэдгийг онцолъё.

2 чухал тоо

6: “Байерн Мюнхен” клуб Аваргуудын лигт зургаа дахь удаагаа түрүүллээ. Европын хөлбөмбөгийн клубийн түвшин дэх хамгийн нэр хүндтэй тэмцээний финалд тэд ПСЖ-г 1:0-ээр буулган авсан юм. 21 тоглолт дараалан ялалт байгуулсан “Байерн” энэ улиралд Германы лиг болон цомын тэмцээнд түрүүлж түүхэнд нэг улиралд гурван цом хүртсэн 9 дэх баг болжээ.

5: FDA коронавирусийн шинжилгээний хариуг 15 минутын дотор гаргах зөөврийн төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрлөө. Кредит картын хэмжээтэй уг төхөөрөмж жирэмсний тесттэй ижил аргачлалаар ажиллах бөгөөд таван ам.долларын үнэтэйгээр аравдугаар сард л гэхэд 50 сая ширхэгийг худалдаанд гаргана гэнэ.

3 онцлох зүйл

Гэнэтийн шийдвэр: Японы ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа зарлалаа. Тэрээр удтал зовоож буй бүдүүн гэдэсний үрэвслийн улмаас энэ долоо хоногт л гэхэд хоёр ч удаа эмнэлэгт хандсан нь огцрох гол шалтгаан болсон гэнэ. Тэрээр 2007 онд мөн ижил шалтгаанаар огцорч байв. 2012 онд биеийн байдал нь сайжирч, ерөнхий сайдын суудалдаа эргэн ирсэн тэрээр түүнээс хойш Японы түүхэн дэх хамгийн удаан төрийн тэргүүнээр ажилласан эрхэм болоод байсан юм. Абэ үүрэгт ажлаа дуусгаж чадаагүйдээ ард түмнээсээ уучлал хүсэж, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсноо онцлон тэмдэглэжээ. Сонирхуулахад, түүний аав Шинтаро Гадаад хэргийн сайдаар, өвөө Нобүсүкэ нь Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Дэлгэрэнгүйг: Yahoo | CNBC | BBC


Хурц тэмцэл: Ням гарагт АНУ-ын Висконсин мужийн Кеноша хотноо болсон эмгэнэлт үйл явдлыг эсэргүүцэн Америкийн мэргэжлийн спортын лигүүд эсэргүүцлээ илэрхийлж, бойкот хийлээ. 29 настай Ж.Блэйк нэртэй Африк-Америк гаралтай эрийг цагдаагийн албан хаагчид эсэргүүцэл үзүүлэгүй байхад нь хүүхдүүдийнх нь нүдэн дээр буудаж хөнөөсөн нь нийгмийг цочроосон юм. Энэ явдлыг эсэргүүцэн NBA-ийн “Милоуки Бакс” баг талбайд гарахаас татгалзснаар бойкот эхэлсэн. Улмаар тоглогчид болон багийн эздийн хооронд уулзалт явагдаж, улирлыг шууд дуусгах талаар ч яриа өрнөсөн гэнэ. NBA-ийн араас MLB, MLS, WNBA, NHL-ийн тоглолтууд ч хойшилж, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болон хувираад байна.

Дэлгэрэнгүйг: Vox | CNN | The New York Times


Трампын үдэш: Бүгд найрамдах нам ирэх арваннэгдүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп болон М.Пенс нарыг албан ёсоор нэр дэвшүүллээ. Хойд Каролинад явагдсан намын хуралд И.Трамп, М.Помпео, Р.Жиулани, Б.Карсон зэрэг эрхмүүд илтгэл тавьж, Трампыг яагаад дахин сонгох хэрэгтэй тухай "ятгалгаа” хийсэн юм. Өнгөрсөн жилүүдэд Трампын хэрэгжүүлж буй бодлого эдийн засгийг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлэн, үндэсний аюулгүй байдлыг хамгийн чухал чиглэлээ болгон өөрчилсөн нь кампанит ажлын гол мессеж байв. Мөн үүсээд буй цар тахал, нийгмийн хуваагдлын нөхцөл байдлыг "чанга гараар" барьж, зарим салбарууд дахь шинэчлэлээр дамжуулан хэвийн байдалд нь оруулах ёстой хэмээн онцолсон байна. Намын хуралд төрийн албан хаагчдыг оролцуулж, илтгэл тавиулсан нь ёс зүйгүй үйлдэл байсан хэмээн шинжээчид шүүмжилж буй. Трампын 70 минутын төгсгөлийн илтгэлийг 23,8 сая хүн шууд хүлээн авч үзсэн ч дундаж үзэлт 4 жилийн өмнөхөөс 21 хувиар буурчээ.

Дэлгэрэнгүйг: Vox | NPR | CNN

4 мэдүүштэй баримт

Мумми амьтад: Эрдэмтэд ахисан түвшний CT-ийн технологи ашиглан 2000 жилийн настай зандашуулсан амьтдын зургийг сэргээж чадсан байна. Эртний Египтийн үед шашны зорилгоор хадгалагдаж үлдсэн 70 сая гаруй амьтад байна хэмээн тэд тооцож байгаа гэнэ. Энэ нь тухайн үеийн соёл, нийгмийн зан үйл, уламжлалын тухай хүн төрөлхтөнд цоо шинэ мэдлэгийг олгох ач холбогдолтой хэмээн онцолжээ.

FRL: Facebook VR, AR технологи хөгжүүлэх баг болон Portal ухаалаг төхөөрөмжийн нэгжээ нэгтгэж байгаагаа зарлалаа. Facebook Reality Lab гэж нэрлэгдэх уг бүтэц нь тэд 2014 онд Oculus-ийг 2 тэрбумаар худалдан авсны дараагаар Oculus Research нэртэйгээр анх байгуулагдаж байсан юм. Тэд Facebook-ийн төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн систем, Oculus болон AR ухаалаг шил ажиллах тооцооллын платформуудыг хөгжүүлэх зорилготой гэнэ.

Гараг илрүүлэгч: Варвикийн Их Сургуулийн эрдэмтэд Kepler болон Tess сансрын телескопын цуглуулсан өгөгдөл дээр хиймэл оюун сургаж, улмаар өмнө илрээгүй байсан 50 шинэ гарагийг нээснээ зарлалаа. Тэд энэ алгоритм нь цаашид сансрын судалгаанд илүү хурдан бөгөөд үр дүнтэй аргачлал болно хэмээн үзэж байна.

Барагдашгүй цэнэг: Калифорнид төвтэй NDB нэртэй стартап цөмийн хаягдлыг ашиглан батарей бүтээх туршилтыг амжилтаа хийжээ. Энгийн хэрэглээнд ч ашиглаж болох уг батарей нь түргэн цэнэгээ авч, үр хэдэн арван жилээс хэрэглээнээс хамааран бүр 28 мянган жил хүртэл хугацаанд цэнэгээ хадгалах потенциалтайг эрдэмтэд онцолж байна.

Эрдэмтэд муур, могой, шувууны дүрсийг гаргаж авчээ

5 сонин хачин

1. Amazon фитнесийн хэрэглээний зах зээлд нэвтэрч, Halo нэртэй зүүдэг төхөөрөмжөө танилцууллаа. 99,99 долларын үнэтэй, гурван өнгийн хувилбартай гарч буй уг төхөөрөмж нь хоолойны өнгөнөөс стрессийн түвшинг мэдэрч, утасны камераас үүсгэсэн биеийн 3D дүрслэлээс өөхний хэмжээг хянах боломжтой гэнэ. Гол өрсөлдөгчид болох Apple Watch эсвэл Fitbit-ээс дэлгэцгүй гэдгээрээ ялгарах "Halo"-ийн нэмэлт үйлчилгээг сард тогтмол төлбөр төлөн хэрэглэх сонголт байгаа ажээ.

2. Өнгөрсөн тавдугаар сард TikTok-ийн CEO-оор томилогдсон К.Майер үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлалаа. Цагаан ордноос ирж буй шахалтын улмаас англи хэл дээрх бизнесээ зарахаас өөр сонголтгүй болсон нь түүний шийдвэрт нөлөөлсөн нь гарцаагүй. Сонирхуулахад, TikTok-ийг худалдан авах өрсөлдөөнд Walmart Microsoft-той нэгдсэн мэдээ гараад байна. Тэд TikTok-ийн суурийг онлайн худалдаа руу хөрвүүлэх зорилготой байгаа гэнэ.

3. Black Panther-ийн дүрээрээ олны сэтгэлд хоногшсон авьяаслаг жүжигчин Чад Боузман 43 насандаа таалал төгслөө. Тэрээр сүүлийн дөрвөн жилийн турш бүдүүн гэдэсний хорт хавдартайгаа тэмцэж байсан гэнэ. Хэдий хүнд эмчилгээ хийлгэж байсан ч Боузман Da 5 Bloods, Marshall зэрэг кинонд тоглож, олон нийтийн арга хэмжээнд оролцсоор байсан юм. Түүний таалал төгссөн тухай албан ёсны жиргээ Твиттерийн түүхэн дэх хамгийн олон "лайктай" пост болжээ.

4. LG батарейгаар ажилладаг агаар цэвэршүүлэгчтэй маск гаргаснаа зарлалаа. Тэд энэ бүтээгдэхүүн нь зөвхөн цар тахлын үед төдийгүй агаарын бохирдолтой орчинд түгээмэл хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. LG энэ үеэрээ 2000 ширхэг маскийг Сөүлийн эмнэлгүүдэд хандивлана гэдгээ мэдэгджээ.

5. Дэлхийн хамгийн чинээлэг эрхэмүүдийн жагсаалтад 4-т бичигдэх болсон И.Маскийн өөр нэг стартап Neuralink-ийн танилцуулга эвент явагдлаа. Энэ үеэр тэд гахайн тархинд чип суулган тархины долгионыг бичиж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компани ирээдүйд тархинд мэдээлэл суулгах болон дамжуулах, хуулах боломжийг эрэлхийлж байгаа юм.

10 унших мэдээ

Гэрчлэх: NASA-ийн Ангаргийн аяллыг шууд дагах /NASA/

Захиалах: PS5-ийг хэрхэн захиалах вэ? /GameSpot/

Хүлээх: GamesCom-ийн гол танилцуулгууд /The Verge/

Тооцох: АНУ квант компьютер, AI-д 1 тэрбум доллар зарцуулна /WSJ/

Мэдэх: Давосын чуулган хойшиллоо /FT/

Унших: 1965 он руу буцах нь /New Yorker/

Цэгнэх: Сошиал медиа үнэхээр муу гэж үү? /GQ/

Санах: Мессигийн карьерыг тодорхойлох 20 мөч /CNN/

Сонсох: К.Перригийн шинэ цомгыг дүгнэх нь /Vulture/

Таних: 19-р зууны мартагдсан феминист /BBC/