1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн лидерүүд Парист AI-ийн асуудлаар чууллаа. AI Action Summit нэртэй уг арга хэмжээг Францын засгийн газраас санаачлан 70 гаруй улсын төрийн тэргүүд, технологийн салбарын топ төлөөлөгчдийг оролцуулан зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр хиймэл оюуны нээлттэй, хүртээмжтэй, ил тод, ёс зүйтэй байдлыг хангах, мөн аюулгүй, найдвартай байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт хэмээн тодорхойлжээ.
Гол зочин хэн байв?
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс уг арга хэмжээнд оролцох үеэрээ хэт зохицуулалт нь инновацыг хязгаарлах эрсдэлтэй гэдгийг онцолсон юм. Мөн тэрээр АНУ энэ салбарт давамгайлагчийн байр сууриа хадгална хэмээн мэдэгджээ.
Өөр онцлох зүйл юу байв?
Францын ерөнхийлөгч Э.Макрон энэ үеэр “Нотр Дамын стратеги” нэртэй бодлогын хүрээнд ирэх жилүүдэд AI-ийн дэд бүтцээ сайжруулж, чадавхаа нэмэгдүүлэхэд 109 тэрбум еврог зарцуулах болсноо зарлав. Сонирхуулахад, Европын холбооноос гаргасан мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой AI Act энэ сараас эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ.
2 гол тоо
1.400.000.000: “Нэ Жа 2” нэг зах зээлээс тэрбум долларын орлого олсон анхны кино боллоо. Хятадын цагаан сарын баяраар анх цацагдсан уг анимэйшнийн орлого 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум доллларын амжилт үзүүлээд байна. Тэд ганц зах зээлээс ийм амжилт үзүүлснээрээ анхдагч болсон төдийгүй тэрбум долларын босго давсан анхны Холливүүдийн бус кино болжээ. Уг киноны эхний анги 2019 онд гарахдаа ч мөн өндөр амжилт үзүүлж 5 тэрбум юанийн орлого цуглуулж байжээ. Сонирхуулахад, тус кино энэ долоо хоногоос эхлэн Хойд Америк, Австралийн зах зээлд нээлтээ хийж байгаа юм.
25: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын дотоодын зах зээлээ хамгаалах замаар эдийн засгаа сэргээх “America First” хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ долоо хоногт тэрээр ган, хөнгөн цагааны импортод 25%-ийн тариф тогтоожээ. АНУ-ын хувьд нийт хэрэглээний хөнгөн цагааний 80%-ийг, гангийн 17%-ийг импортоор авдаг. Тэд Канад, Мексик, Япон, БНСУ, Герман зэрэг улсуудаас 50 тэрбум долларын бүтээгдэхүүн импортолжээ. Энэ мэдээ таваарын зах зээлд хүчтэй нөлөөлж, нэг унц алтны биржийн үнэ анх удаа 2900 долларыг давжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох хэлэлцээр байгуулагдлаа
- БНХАУ-ын Харбин хотноо Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, уг хэлэлцээрт гарын үсэг зуран баталгаажуулжээ. Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд 60 гаруй удаагийн хэлэлцээр, уулзалт, УИХ-ын 6 удаагийн тогтоол, ҮАБЗ-ийн 3 удаагийн зөвлөмж, Засгийн газрын 45 тогтоолын эцэст ийнхүү батлагдаж байна.
- Энэ бол эвслийн засгийн газраас эхлүүлж буй 4 дэх мега төсөл. Засгийн газар нийт 14 мега төслийг хэрэгжүүлэх амбицтай байгаа. Хил дамнасан уг төмөр зам нь 1955 онд анх байгуулсан Замын-Үүд, Эрээний хооронд хийгдсэн төмөр замын бүтээн байгуулалтаас хойшхи хоёр дахь холболт болох учиртай.
- Ингэснээр Монгол улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Мөн нүүрсний экспорт 83 саяас 165 саяд хүрч, борлуулалтын орлого жилд 1.6 тэрбумаар нэмэгдэх тооцоотой байна.
II.Филадельфи Super Bowl-ийн аваргаар тодорлоо
- Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лиг NFL-ийн улирлын аварга багийг тодруулах шувтаргын тоглолт Super Bowl энэ жил рекордоор дүүрэн байлаа. Филадельфи Иглз өнгөрсөн жилийн ялагдлын хариугаа авч Канзас Сити Чифсийг 40:22-оор хожиж, түүхэндээ 2 дахь удаагаа аваргын цомыг өргөв. Харин Канзасын хувьд лигийн түүхэнд анх удаа гурав дараалсан аварга болох зорилгодоо хүрч чадсангүй.
- Уг тоглолтыг Fox болон Tubi-ийн дамжуулалтаар шууд үзсэн үзэгчийн тоо 137.7 саяд хүрсэн нь түүхэн дээд амжилт болсон байна. Мөн завсарлагааны шоуг хийсэн Кендрик Ламарын тоглолтын үзэгч ч 133.5 сая байсан нь Майкл Жэксоны домогт үзүүлбэрийг давсан хэрэг болжээ.
- Сонирхуулахад, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Super Bowl-ийг цэнгэлдэхээс үзсэн анхны төрийн тэргүүн болжээ.
III. И.Маск OpenAI-ийг 97 тэрбумаар худалдан авах санал тавьжээ
- Дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маск өөрийн үүсгэн байгуулсан OpenAI-ийг ашгийн төлөөх бүтэцтэй болж байгааг хамгийн ихээр шүүмжилж байгаа нэгэн. Тиймдээ ч тэрээр хүн төрөлхтний сайн сайхны тулд AI-ийн хөгжлийг тодорхойлох суурь зарчмыг хадгалах үүднээс уг саналыг тавьсан гэнэ.
- Гэсэн ч OpenAI-ийн нөгөө үүсгэн байгуулагч С.Алтман болон компанийн ТУЗ уг саналаас тэр дор нь татгалзжээ. С.Алтман уг саналыг компанийг сатааруулах болчимгүй оролдлого хэмээн тайлбарлаж, оронд нь X-ийг 4 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан нь бодитой гэж хэлжээ.
- Талууд жил дамнан хэд хэдэн асуудлаар шүүхийн маргаантай байсаар байгаа. И.Маск OpenAI-ийг өрсөлдөөнийг боомилсон үйлдлүүд гаргаж байгаа, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан зэрэг үндэслэлээр шүүхэд өгсөн. Гэхдээ хамгийн гол нь тэрээр OpenAI-ийг ашгийн бус бүтэцтэй үйл ажиллагаа явуулах ёстой хэмээн мэтгэсээр байгаа билээ.
4 мэдүүштэй зүйл
Сансрын хувцас: Хятад улс сарны хөтөлбөрийн хүрээнд олон нийтээс нээлттэй асуулга явуулж, сансрын нисгэгчдийн хувцас болон судалгааны хөлгийн нэрээ тодруулжээ. Шинээр танилцуулагдсан сансрын нисгэгчдийн хувцсыг “Ванюү” хэмээн нэрлэсэн нь сансар огторгуйг ажиглах гэсэн утгатай гэнэ. Тэд 2030 он гэхэд сар луу нисгэгч илгээгч, улмаар судалгааны ажлыг хийхээс гадна саран дээр байнгын бааз байгуулахаар төлөвлөж байгаа билээ.
Робот туслах: Meta биеийн хүчний ажил гүйцэтгэх чадвартай робот бүтээх шинэ нэгжийг байгуулжээ. Уг нэгжийг автомат жолоодлоготой машины технологи хөгжүүлэгч Cruise-ийн CEO-оор ажиллаж байсан М.Виттен ахлах гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд роботын зах зээлд шаардлагатай суурь үйлдлийн системийг бүтээх чиглэлд анхаарна гэнэ. Өөрөөр хэлбэл тэд Google-ийн ухаалаг утасны зах зээлд Android-ийг бүтээсэнтэй төстэй моделийг үүсгэхийг зорьж байгаа бололтой.
Аварга сүлжээ: Meta 50 мянган км урт шилэн кабелийн сүлжээ байгуулна. “Project Waterworth” нэртэй уг төсөл нь 10 тэрбум долларын өртөгтэй, таван тивийг далай доогуур холбосон 50 мянган км үргэлжлэх аварга дэд бүтцийг үүсгэх зорилготой. Өөрсдийн эзэмшдэг Facebook, Instagram, Whatsapp-ийн хэрэглээгээр дэлхийн интернетийн урсгалын 10%, гар утасны хэрэглээний 22%-ийг бүрдүүлдэг тус компани ингэснээр дэлхийн хамгийн том шилэн кабелийн сүлжээг эзэмшигч болно гэсэн үг юм. Уг дэд бүтцэд Энэтхэгийн засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, стратегийн хөрөнгө оруулалт хийн оролцох бололтой.
Шинэ өрсөлдөгч: Дижитал медиагийн хамгийн том төлөөлөгчдийн нэг Buzzfeed илүү эерэг интернет орчныг үүсгэх эрхэм зорилгынхоо хүрээнд бие даасан платформ хөгжүүлж байгаа гэнэ. BFIsland нэртэй уг платформ дээр тэд шинэ контент формат, интерактив агуулгыг санал болгохоос гадна өөрсдийн нэрийн хуудас болсон асуулт-хариулт (quiz), сошиал суурьтай контентоо байршуулах юм.
5 сонин хачин
1. “Captain America: Brave New World” бокс оффисыг тэргүүллээ. Marvel-ийн ертөнцийн 34 дэх бүтээл нээлтийн долоо хоногтоо зөвхөн дотоодын зах зээлээсээ 90 сая долларын орлого цуглуулжээ. 180 сая долларын өртөгтэй бүтээгдсэн уг кино олон улсын зах зээлд үлэмж амжилт үзүүлэх төлөвтэй байгаа. Marvel-ийн хувьд сүүлийн жилүүдэд бокс оффисоос хангалттай орлого цуглуулж чадахгүй байгаа хар цувралыг Captain America-ийн шинэ түүх таслана гэдэгт итгэлтэй байна. Тэдний араас Британичуудын хамгийн хайртай баавгайн шинэ анги “Paddington in Peru” бичигдлээ. Уг кино хэдийнээ олон улсын зах зээлээс 100 сая гаруй долларыг олоод байгаа билээ.
2. Netflix-ийн ресторан Лас Вегаст нээгджээ. Уг ресторан тус хотын хамгийн алдартай цэгүүдийн нэг MGM дотор нэг жилийн хугацаатайгаар байгуулагджээ. Netflix Bites нэртэй энэхүү ресторан нь Stranger Things-ийн шарсан тахиа, Bridgerton-ийн цай, Wednesday-ийн бялуу, Love Is Blind-ийн коктэйлээр үйлчлэнэ гэнэ. Netflix сүүлийн жилүүдэд хит шоунаас сэдэвлэсэн дэлгүүр, мини парк зэрэг биет мэдрэмж өгөх төслүүдэд ихээхэн анхаарал хандуулах болсон билээ.
3. Instagram “dislike” товчийг туршина. Тэд эхний ээлжинд хэрэглэгчдийн постын дор бичигдсэн сэтгэгдэлд “дислайк” товчийг нэвтрүүлэх туршилт хийж байна. Уг сэтгэгдэл нь үндсэн агуулгатай нийцээгүй, мөн зохисгүй үг хэллэг ашигласан байвал уг товчийг ашиглахад тохиромжтой. Instagram-ийн мэдээлснээр “dislike”-ийн тоо олон нийтэд ил харагдахгүй ч сэтгэгдлүүдийн дарааллыг тодорхойлоход нөлөөлах ажээ. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар тэд Reddit-ийн загварыг хуулбарлахаар төлөвлөж байгаа нь энэ гэнэ.
4. AirlineRatings-ийн жил бүр гаргадаг дэлхийн хамгийн шилдэг 25 агаарын тээврийн компанийн жагсаалт шинэчлэгдлээ. Korean Air өнгөрсөн жилийн №1 Qatar Airways-ийг гүйцэж 2025 оны шилдгээр нэрлэгджээ. Тус компанийн хувьд “зорчигчийн тав тух” ангилалд хамгийн өндөр оноо авчээ. Аюулгүй байдал, бүтээгдэхүүний сэтгэл ханамж зэрэг үзүүлэлтүүдийг голчлон тооцдог уг жагсаалтын топ 5-д Air New Zealand, Cathay Pacific, Singapore Airlines бичигдсэн байна. Харин Монгол руу нислэг үйлддэг авиа компаниудаас Turkish Airlines 10-р байрт жагсчээ.
5. Alibaba, Apple хиймэл оюуны салбарт хамтрана. Тус компаниуд Хятадын зах зээлд төвлөрөн ажиллах бөгөөд эхний ээлжинд Alibaba-ийн AI функцүүдийг iPhone-д нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдэв. Энэ мэдээг Дубайд явагдсан World Government Summit-ийн үеэр талууд албан ёсоор баталжээ. Apple-ийн хувьд тус улсын зах зээл дэх тэргүүлэгчийн байр сууриа алдаж, iPhone-ийн борлуулалт саарч байгаа нь том зургаараа компанийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж буй. Тиймдээ ч Хятадын тэргүүлэх технологийн компаниудтай түншлэл үүсгэх замаар зах зээлийн итгэлийг олж авахыг эрмэлзэж байгаа юм. iPhone одоогоор Хятадын зах зээлд Vivo, Huawei-ийн дараагаар гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд борлуулалт нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 11%-аар буурчээ.