1 гол сэдэв

Юу болов?

Хиймэл оюуны хөдөлгөөнийг тэргүүлэгч OpenAI шинэ моделио танилцууллаа. GPT-4o нэртэйгээр танилцуулагдсан уг модель нь өмнөх хувилбар болох GPT-4 Turbo-оос 2 дахин хурдтай атлаа 2 дахин хямд, мөн текст, видео, зурагтай харьцах чадвар нь эрс нэмэгджээ. Omni гэсэн үгийн утгыг агуулсан 4o-г GPT-4 хэрэглэгчид нэмэлт үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой гэнэ.

Яаж сайжрав?

GPT-4o-ын демогоос хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь 50 хэлээр шууд орчуулж, харьцах чадвар нь байв. Энэ бол дэлхийн сая сая хэрэглэгчдэд хэлний бэрхшээлтэй дахиж нүүр тулахгүй байх боломжийг олгож байна гэсэн үг. GPT-ийн аудио хувилбар нь энгийн хүнтэй төстэй буюу 320 милисекундын дотор хариу үйлдэл үзүүлж, дууны өнгө, үгийн сонголтоо тохируулах чадвартай болжээ. Цаашид тэд хэрэглэгчдэд AI-тай видео дуудлага хийх боломжийг олгохоор зэхэж байна. Мөн танилцуулгын үеэр математикийн бодлого бодож, код бичихэд тусалж байгаа жишээг харуулсан нь боловсролын салбарт ч тэсрэлт хийх боломжтойг илтгэсэн үйл явдал боллоо.

Өөр юу болов?

Үүнээс гадна энэ долоо хоногт OpenAI-ийг үүсгэн байгуулагчдын нэг Илья Суцкевер компаниа орхиж байгаагаа албан ёсоор зарласан. Хиймэл оюуны чиглэлээр дэлхийн хамгийн шилдэг эрдэмтдийн нэгт тооцогдох тэрээр өнгөрсөн оны сүүлээр CEO С.Алтманыг халж, төрийн эргэлт хийх оролдлогыг хийсэн ч бүтэлгүйтсэн удаатай. Суцкевертэй зэрэгцэн хэд хэдэн удирдлагын түвшний мэргэжилтнүүд компаниа орхиж байгаагаа зарланаас хамгийн анхаарал татсан нь Я.Лэйкэ байв. Тэрээр өнгөрсөн жилээс бүрэлдсэн AI-ийн технологийн хурдтай хөгжлийг хянах, удирдах зорилготой Superalignment багийг ахалж байсан юм.


2 чухал тоо

1.012 - Intel дэлхийн хамгийн хурдан суперкомпьютерийг бүтээснээ зарлалаа. HPE болон Argonne-тай хамтран хөгжүүлсэн Aurora нэртэй уг компьютер нь 1,012 эксафлопын босгыг давсан байна. Энэ бол нэг секундэд 10-ын 18 зэрэгтэй тэнцэхүйц үйлдэл бүхий тооцооллыг хийж чадсан гэсэн үг. Intel-ийн хувьд уг суперкомпьютер нь AI-ийн хөгжлийг хурдасгаж, шинжлэх ухааны ололт дэвшлийг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тодотгожээ.

12.500.000.000 - Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Мелинда Гэйтс өөрийн үүсгэн байгуулсан BIll & Melinda Gates Foundation-ийг орхиж байгаагаа зарлалаа. 2000 онд байгуулагдсан уг сан өдгөө 2000 орчим ажилтантай, 67 тэрбум долларын хөрөнгө удирддаг. Тэрээр 2021 онд Microsoft-ийн үүсгэн байгуулагч Б.Гэйтсээс гэрлэлтээ цуцлуулах үедээ тохирсон гэрээний хүрээнд олгогдох 12.5 тэрбум долларыг дараагийн нийгмийн төслүүддээ зарцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Google хайлтын системээ бүрэн шинэчилнэ.

- Энэ жилийн Google I/O арга хэмжээний гол дүр "мэдээж" AI байв. Google-ийн хөгжүүлж буй болох LLM-ийн шинэ хувилбар Gemini 1.5 Pro-ийн файлтай харьцах чадвар нэмэгдэж, 35 хэл дээр шууд орчуулга хийх чадалтай болжээ. Gemini одоо 1500 хүртэлх үгтэй текстийг тоймлож, том хэмжээтэй бичиг баримтаас видео, зураг, чарт графикийг ялгаж гаргах боломжтой болсон байна.

- Энэ үеэр Google текстээс видео хөрвүүлэх "Veo", текстээс зураг үүсгэх "Imagen 3", текстээс аудио тойм гаргах "Audio Overview" нэртэй бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан. Gemini яваандаа Google Assistant-ийг орлож, хэрэглэгчдийн хувийн туслахын үүргийг гүйцэтгэх тухай мэдээ батлагдсан нь Apple-ийн Siri-тэй өрсөлдөхүйц хүчтэй өрсөлдөгч зах зээлд гарч ирж байгаагийн илрэл боллоо. Project Astra нэртэйгээр демо үзүүлсэн шинэ туслах нь зөвхөн текстээс гадна аудио, видеог таньж, харилцан яриа өрнүүлэх чадвартай байх юм.

- Гэхдээ Google-ийн үндсэн бизнес болсон хайлт дээр AI-ийг нэвтрүүлнэ гэдгээ зарласан нь урт хугацаанд хамгийн их нөлөө үзүүлэх потенциалтай мэдээ байв. Тэд Google-ийн уламжлалт хайлтын эхэнд "AI Overview"-г нэвтрүүлж, хэрэглэгчдэд асуулт асуух, зураг, текст, видеогоор түүнийгээ баталгаажуулан, өөрт хэрэгцээтэй мэдээллээ илүү хурдтайгаар авах олгоно гэнэ. Уг шинэчлэлээ тэд эхний ээлжинд Хойд Америкийн хэрэглэгчдэд нэвтрүүлэх ажээ.


II. Raspberry Pi нээлттэй компани болно.

- Дэлхийн мэдээллийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий компаниудын нэг Raspberry PI Лондоны хөрөнгийн бирж дээр IPO хийх болсноо зарлалаа. Тэд хамгийн сүүлд Arm Holdings, Sony-оос санхүүжилт татахдаа 630 сая долларын үнэлгээтэй байжээ.

- Raspberry Pi-ийн хувьд их сургуулиуд болон гэрт ашиглаж болохуйц хямд үнэтэй, кредит картын хэмжээтэй компьютерийн хавтан, микропроцессороороо алдартай. Эдгээр нь сая сая хүүхэд залууст компьютерийн шинжлэх ухаантай танилцах боломж олгож, мянга мянган шинэ санааны үүдийг нээдэг ач холбогдолтой.

- Тэд босгосон хөрөнгөөрөө бүтээгдэхүүний төрлөө олшруулж, хүний нөөцийн чадавхиа нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. 2012 онд байгуулагдсан тус компанийн дийлэнх хувийг боловсролын зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох Raspberry Pi Foundation эзэмшдэг юм.


III. Олександр Усик мэргэжлийн боксын үнэмлэхүй дэлхийн аварга боллоо.

- Украйны боксчин О.Усик Саудын Арабын Рияад хотноо явагдсан тулаанд гол өрсөлдөгчдийн нэг Т.Фюриг буулгаж авсан нь энэ. Өнөө цагийн хамгийн давамгай боксчдын нэгт тооцогддог Тайсан Фюри карьерынхаа 35 тоглолтод нэг ч хожигдол амсаагүй байсан юм.

- Өдгөө 37 настай тэрээр ингэснээр хүнд жингийн гол дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмших болж байгаа юм. Хамгийн сүүлд 2000 оны 4-р сард алдарт Леннокс Льюис л ийм амжилтыг үзүүлж байв. О.Усикийн хувьд 22 тоглож, 22 дахь ялалтаа байгуулж байгаа нь энэ билээ.

- О.Усикын хувьд карьераа сонирхогчийн боксоос эхлүүлсэн бөгөөд 2012 оны Лондоны Олимпын наадам, 2011 оны ДАШТ-д тус тус түрүүлж байжээ.

САНАЛ БОЛГОХ: БИДНИЙГ УНТАЖ БАЙХАД GOOGLE-ИЙН ТАНИЛЦУУЛСАН БҮХ ЗҮЙЛС

Unread

4 мэдүүштэй зүйл

Хамтрах санал: Интернетийн эхэн үеийг тодорхойлогч, хамгийн алдартай бүтээгдэхүүнүүдийн нэг Winamp эх кодоо нээлттэй болгож байгаагаа зарлалаа. Тэд хөгжүүлэгчдийг шинэ үеийн аудио тоглуулагчийг тодорхойлж, Windows-д зориулсан хувилбарыг хамтран бүтээхийг урьж байгаа нь энэ гэнэ.

Квант сүлжээ: Amazon болон Харвардын их сургууль квант мэдээлэл дамжуулах зорилготой квант сүлжээг бүтээж байна. Тэд эхний ээлжинд 2 байгууллагын хооронд холбосон 35 км-ийн урттай кабелиар дамжуулан нэг ширхэг квант фотоныг дамжуулах туршилтыг амжилттай гүйцэтгэжээ.

Бүтэлгүй туршилт: Meta байгууллагын харилцааны платформ Workplace-ийн хөгжүүлэлтийг зогсоож, 2025 оны 8-р сараас эхлэн бүрэн хааж байгаагаа зарлалаа. Facebook 2016 онд Slack, Microsoft Teams-тэй өрсөлдөх зорилготойгоор уг үйлчилгээг танилцуулж байсан ч хангалттай амжилт чадахгүй байсаар хаагдаж байна.

Крипто хулгай: Америкийн хууль сахиулагчид 12 секундын дотор 25 сая доллартай тэнцэх криптовалютыг хулгайлсан хэрэгтнүүдийг баривчилснаа зарлалаа. MIT-ийг математик, компьютерийн шинжлэх ухаанаар төгссөн ах дүүс этэриумын блокчэйн сүлжээний цоорхойд хэдэн зуун бот ашиглан нэвтэрч гэмт хэргээ үйлдсэн гэнэ. Энэ төрлийн хамгийн анхны бөгөөд хамгийн инновацлаг гэх тодотголтой уг гэмт хэргийнхээ төлөө тэд 20 жилийн ял сонсох төлөвтэй байна.

5 сонин хачин

1. Хойд Америкийн бокс оффисыг Райн Рэйнолдсын гол дүрийг нь бүтээсэн гэр бүлийн комеди "IF" 31 сая долларын орлогоор тэргүүллээ. Гэхдээ энэ нь 110 сая долларын төсөвтэй харьцуулахад даруухан амжилт. Харин олон улсын зах зээлийг "Kingdom of the Planet of the Apes" давамгайлсан хэвээр, нийт орлого нь 150 саяын босгыг давжээ.

2. TikTok 60 минутын урттай видеог зөвшөөрч эхэллээ. Богино хэмжээний видео контентын давлагааг эхлүүлж, тэрбум хэрэглэгчтэй болсон уг апп энэ оны эхнээс 30 минутын урттай видеог дэмжиж эхэлсэн юм. Энэ нь тус платформ Youtube, Twitch зэрэг урт видеонд төвлөрдөг платформуудтай өрсөлдөж эхэллээ гэсэн үг билээ.

3. Airbus 2010 оноос хойш хөгжүүлсэн шинэ төрлийн нисэх онгоц Racer-ийн туршилтыг анх удаа нээлттэйгээр хийлээ. Нисдэг тэрэг шиг хөөрч буух ч онгоц шиг хурдтай нисэх чадвартай уг концепц нь онцгой байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд илүү тохирно хэмээн тодотгожээ.

4. Спортын стриминг дамжуулалтыг тэр чигт нь өөрчлөх боломжтой шинэ түншлэлийг Disney, Fox, Warner Bros. компаниуд үүсгээд удаагүй байгаа. Тэд ESPN, Fox Sports, TNT зэрэг топ спортын сувгуудыг нэгтгэсэн стриминг платформын нэрээ албан ёсоор зарлав. Энэ намар нээлтээ хийх төлөвтэй байгаа шинэ үйлчилгээний нэр нь Venu Sports байх ажээ.

5. Хялбар байдлаар вебсайт бүтээх боломж олгодог Squarespace хаалттай компани болж байгаагаа зарлалаа. Permira нэртэй санхүүгийн фирм тус компанийг 6.9 тэрбум доллараар худалдаж авч байгаа нь энэ. 2021 онд анх IPO хийсэн тус компанийн нэгж хувьцаа хамгийн анх 50 доллараар гарч байсан ч хэзээ ч анхны үнэлгээндээ дахин хүрч чадаагүй юм.

10 унших мэдээ

Тоглох: Microsoft Call Of Duty-г багцдаа оруулна /WSJ/

Сонсох: AI туслахууд эргэн ирлээ /The Verge/

Судлах: OpenAI хамгийн инновацлаг компаниар нэрлэгдлээ /CNBC/

Анхаарах: Израйлийн засгийн газар 2 хуваагджээ /CNN/

Сонирхох: Ким Кардашианы видео тоглоомд үзүүлсэн нөлөө /Polygon/

Үзэх: Каннын наадмын улаан хивсний ёслол /Vogue/

Гайхах: Дахиад л Эйнштэйний зөв байж /New Scientist/

Мэдэх: Хааны анхны хөрөг /BBC/

Тайлбарлах: Яагаад кино, хөгжим улам уртсах болов? /Vox/

Хүлээх: Трамп, Байдены мэтгэлцээний тов гарлаа /AP/