1 гол сэдэв

Юу болов?

OpenAI-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Алтман ажлаасаа халагдлаа. Ашгийн бус статустай тус байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан энэхүү шийдвэр технологийн ертөнцийг тэр чигт нь донсолгов. С.Алтманыг даган компанийн өөр нэг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Грег Брокман тэргүүтэй гол инженер, аналистууд мөн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг шийдвэр маш гэнэтийн байсан. Энэ сарын эхээр OpenAI анхны хөгжүүлэгчдийн эвентээ хийж, APEC-ийн арга хэмжээнд С.Алтман компаниа төлөөлөн үг хэлж байсан зэрэг нь OpenAI түүнийг чөлөөлөх тухай урдаас төлөвлөж байгаагүйг нотолж байна.


Яагаад?

Үүнийг яг таг хэлэх хүн олдохгүй л байна. 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийчихсэн Microsoft хүртэл ТУЗ-ийн шийдвэрийг нийтэд зарлагдахын өмнө мэдсэн гэнэ. OpenAI-ийн удирдах зөвлөлд ерөнхий судлаач И.Суцкевер, Quora-ийн CEO А.Д'Анжело, GeoSim-ийн CEO байсан Т.Мкулай, Жоржтауны их сургуулийн Э.Тонер нар багтдаг гэнэ. Хиймэл оюуны чиглэлд хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгддэг, OpenAI-ийн үүсгэн байгуулагчдын нэг Илья Суцкевер энэ "эргэлтийг" удирдаж, С.Алтманд шийдвэрийг танилцуулсан гэнэ. Энэ нь компанийн бизнесийн үйл ажиллагаа болон судалгаа шинжилгээний багийн хооронд үл ойлголцол үүссэнийг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.


Тэгээд?

Үүний дараа Microsoft-ийн CEO С.Наделла болон компанийн дийлэнх ажилчид С.Алтманыг эргүүлэн авчрахыг шаардсан тухай мэдээ гарсан. Харин С.Алтманы хувьд ТУЗ-ийг өөрсдийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн үед OpenAI-д эргэн ирэх боломжтой гэсэн байр суурьтай байжээ. Эх сурвалжууд ТУЗ огцрохоор зэхэж байгаа тухай мэдээлж байсан ч Twitch-ийн CEO-оор ажиллаж байсан Э.Шиарыг шинэ гүйцэтгэх захирлаар томилсноо зарласнаар хэлцэл амжилтгүй болсон нь тодорхой боллоо. Харин С.Алтман болон Г.Брокман нар Microsoft-ийн хиймэл оюуны багийг удирдан ажиллах болжээ.

2 чухал тоо

3.110.000.000 - Өнгөрсөн долоо хоногт явагдсан "Ганц биечүүдийн өдөр"-ийн үеэр Xiaomi өөрсдийн хувьд рекорд болох 3.11 тэрбум долларын борлуулалт хийснээ зарлалаа. Хятадын хамгийн том онлайн худалдааны өдрөөр хэр их борлуулалт хийснээ Alibaba, JD.com хоёр жил дараалан ил болгосонгүй. 2022 онд Alibaba өмнөх рекорд болох 84.5 тэрбум долларын борлуулалт давах төлөвтэй байгаагаа л зарлаж байсан бол JD.com-ийн хувьд энэ жил зөвхөн Apple-ийн борлуулалт 1.3 тэрбум доллар давсан хэмээн мэдээлжээ.

21.000.000.000 - Alibaba клоуд бизнесээ тусад нь гаргаж, нээлттэй компани болгох төлөвлөгөөгөө цуцаллаа. Энэ шийдвэрийн дараагаар компанийн хувьцааны үнэлгээ 10%-аар буурч, 21 тэрбум долларыг алджээ. Уг шийдвэрийн шалтгаан нь AWS, Microsoft Azure-ийн өсөлттэй холбоотой хэмээн шинжээчид дүгнэж байна.

3 онцлох өгүүлбэр

I. АНУ, БНХАУ-ын ерөнхийлөгчид уулзав.

- БНХАУ-ын удирдагч Ши Жинпин 2017 оноос хойш анх удаа АНУ-д зочилж, Сан Францискод явагдсан APEC буюу Ази-Номхон далай эдийн засгийн хамтын ажиллагааны хуралд оролцлоо.

- Энэ үеэрээ тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдентай албан уулзалт хийсэн. Уулзалтын үеэр талууд худалдааны хоригоо зөөлрүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцах хүлээлттэй байсан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Ж.Байден уулзалтын дараа Шиг "диктатор" гэж үзсэн хэвээр байгаагаа ч илэрхийлээд амжжээ.

- APEC-ийн үеэр явагдсан бизнес, технологийн лидерүүдийн уулзалтад Apple, Tesla, Microsoft, Google зэрэг томоохон компаниудын захирлууд оролцож, хоёр орны бизнесийн харилцааг сэргээх, хөрөнгө оруулалт хийх талаар ярилцжээ.


II. X/Twitter-ийг томоохон компаниуд орхиж байна.

- X-ийн эзэн, дуулиант энтрепренер И.Маск өөрийн сошиал платформ дээрээ антисемитик буюу еврейчүүдийн эсрэг сөрөг утгатай байр суурийг илэрхийлсэн нь олны дургүйцлийг төрүүллээ.

- Энэ явдлын дараагаар Apple, Disney, IBM, Warner Bros. Discovery тэргүүтэй компаниуд тус платформ дээр зар сурталчилгаагаа явуулахаа зогсоосон байна. Тэд тус компаниас үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөтэй холбоотой баримталж буй бодлогоо тодруулж, албан ёсны байр суурь илэрхийлэхийг шаардаж байна.

- И.Маскийг худалдаж авснаас хойш X/Twitter дээрх сөрөг утгатай, эрс тэс байр суурь бүхий агуулгууд ихээр нэмэгдэх болсон. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх ажилдаа ч анхаарахгүй байна хэмээн түүнийг зарим активистууд буруутгаж буй билээ.


III. Facebook, Instagram AI-д суурилсан зураг засагчтай боллоо.

- Meta хамгийн их хэрэглэгчтэй сошиал платформууд болох Facebook, Instagram-д AI зураг засварлах хэрэгслийг нэвтрүүлэхээр зэхэж байна. Тус компанийг үүсгэн байгуулагч М.Цукерберг Emu нэртэй модель дээр суурилсан 2 шинэ хэрэгслээ зарласан юм.

- Эхнийх нь "Emu Edit" нэртэй хэрэгсэл. Хэрэглэгчийн текстээр өгсөн зааврын дагуу уг AI нь зургийг засаж, зурган дээрх обьектийг арилгаж, шинэ орчин үүсгэх чадалтай. Adobe, Canva, Google-ийн өмнө танилцуулсан AI хэрэгслүүдтэй төстэй уг функц Instagram-д ашиглагдана хэмээн найдаж байна.

- Нөгөөх нь "Emu Video" юм. Өнгөрсөн жил "Make-A-Video" нэртэй AI моделийг туршиж байсан тэд үүнийгээ улам сайжруулж хэрэглэгчдэд текстэн өгөгдөл ашиглан видеогоо засах, хоёр видеог нийлүүлэх зэрэг үйлдлийг хийх боломжийг олгох юм.

4 мэдүүштэй зүйл

Түүхэн хөөргөлт: Хүн төрөлхтнийг "олон гараг эзэмшигч" болгох амбицтай Starship-ийн хоёр дахь туршилт дахин амжилтгүй боллоо. 40 гаруй давхар байшинтай тэмцэх аварга хэмжээтэй, түүхэн дэх хамгийн аварга сансрын хөлөг тодотголтой тус хөлөг 148 км-ийн өндөрт хөөрсөн ч тодорхойгүй шалтгааны улмаас өөрийгөө устгах горим идэвхжиж, улмаар дэлбэрчээ. Гэхдээ тус компанийн инженерүүд уг нислэгийг "түүхэн" хэмээн тодотгож, улмаар амжилттай хөөргөх олон зүйлсийг ажиглалаа хэмээн мэдэгдэв.

Тоглоомын өргөжилт: Дэлхийн хамгийн том тоглоом үйлдвэрлэгчдийн нэг Mattel телевиз, энтертэйнмент кино бүтээх бие даасан студи үүсгэж байгаагаа зарлалаа. Энэ жилийн гол хит "Barbie"-ийн амжилтын дараа тэд зөвхөн барбигаас гадна "Hot Wheels", "American Girl" зэрэг брэндүүдээ өргөн дэлгэц рүү шилжүүлэх амбицтай байгаа юм. Шинэ студийг Fox, Disney-ийн экс лидерүүдийн нэг М.Менделовиц ахлах болжээ.

Лити олборлогч: Дэлхийн хамгийн том газрын тос олборлогчдын нэг Exxon Mobil литигийн бизнесээ эхлүүллээ. Тэд өмнөд Арканзаст шинэ олборлолтын ажлаа эхлүүлснээр 2027 он гэхэд дэлхийн хамгийн том лити үйлдвэрлэгч болно хэмээн тооцож байна. 2030 он гэхэд тэд 1 сая цахилгаан машинд лити нийлүүлэх зорилготой байгаа ажээ.

Дижитал валют: Сингапур улсын төв банк 2024 оноос эхлэн CBDC буюу дижитал валютыг гаргаж, дотоодын зах зээлд турших болсноо зарлалаа. Singapre Fintech Week-ийн үеэр тэд эхний ээлжинд зарим банкны дотоодын төлбөр тооцооны гүйлгээнд дижитал валютыг нэвтрүүлэх гэнэ.

5 сонин хачин

1. Lionsgate-ийн хит цуврал "Hunger Games"-ийн өмнөтгөл түүхийг өгүүлэх "The Ballad of Songbirds and Snakes" бокс оффисыг 98 сая долларын орлогоор тэргүүллээ. Marvel-ийн хамгийн муу дебютийн эзэн болсон "The Marvels'-ийн орлого 79%-аар буурсан нь ч тус компанийн хувьд түүхэн муу үзүүлэлт болов. 2016 онд анхны кино нь гарч байсан "Trolls"-ийн шинэ анги "Trolls Band Together" 30.6 сая долларыг цуглуулж, 2-р байрт бичигджээ.

2. Airbnb нээлттэй компанийн хувиар анхны худалдан авалтаа хийж, Gameplanner.AI нэртэй стартапыг 200 сая доллараар эгнээндээ нэгтгэлээ. Тус компанийг Siri-ийн үүсгэн байгуулагчдын нэг Адам Чейер эхлүүлжээ. Airbnb уг наймааны дараагаар AI-д суурилсан төслүүдээ эрчимжүүлэх төлөвтэй байна.

3. Disney энэ оны сүүлээр NFT цуглуулга гаргах гэж байгаагаа зарлалаа. Тэд Pixar, Star Wars болон классик Диснейн дүрүүд дээр суурилсан шинэ NFT-ээ Disney Pinnacle хэмээн нэрлэжээ. Энэ төсөл дээрээ тэд NFT-ийн технологийн тэргүүлэгчдийн нэг Dapper Labs-тай хамтарч байгаа юм.

4. Хятадын технологийн тэргүүлэгчдийн нэг Xiaomi анхны автомашинаа танилцууллаа. Тэд BAIC-тай хамтран Xiaomi SU7 нэртэй машиныг бүтээжээ.. Нүүр танигчаар онгойж, асдаг уг машин цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд HyperOS үйлдлийн системээр тоноглогдсон, бүрэн ухаалаг тодотголтой. 2024 оны 2-р сараас Хятадын зах зээлд борлуулагдах уг машины үнэ одоогоор тодорхойгүй байна.

5. Amazon онлайн автомашин борлуулалтын зах зээлд нэвтэрлээ. Тэд хамгийн эхэнд Hyundai-тай хамтран тус брэндийн машиныг онлайнаар захиалах боломжийг нээх гэнэ. Энэ хэлцлийн хүрээнд Alexa ухаалаг туслах 2025 оноос эхлэн Hyundai-д нэвтрэх болжээ.