1 гол сэдэв

Юу болов?

Өнгөрсөн даваа гарагт явагдсан 97 дахь удаагийн Оскарын наадмын хамгийн гол од нь “Anora” байлаа. Тус кино Оскарын хамгийн том шагнал болох “оны шилдэг бүтээл”-оор тодорч, нийт 5 шагналтай буцаж бүх бүтээлүүдийг тэргүүлэв. Киног бүтээсэн Шон Бэйкэр үүнээс гадна “шилдэг найруулагч”, “шилдэг эх зохиол”, “шилдэг эвлүүлэг” зэрэг нийт 4 шагналыг хүртэж, ийм амжилт үзүүлсэн түүхэн дэх анхны эрхэм боллоо.

Өөр хэн тодров?

“The Brutalist”-ийн од А.Броди шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсноор 2 нэр дэвшээд 2 ялсан анхны тохиолдлын эзэн болов. Хэдий Т.Шаламе цомгүй хоцорсон ч Dune: Part Two дуу, визуал графикийн 2 төрөлд ялалт байгуулжээ. З.Салдана (Emilia Perez), К.Калкин (A Real Pain), М.Мэдисон (Anora) нар ганцаарчилсан төрөлд цомтой буцлаа.

Бусад онцлох ялагчид?

Шилдэг анимэйшнийн төрөлд Латвийн уран бүтээлчдийн “Flow” ялсан нь гэнэтийн үр дүн байлаа. Тэд 2024 оны хамгийн өндөр орлоготой бүтээл “Inside Out 2”-ийг ялж шуугиан дэгдээв. Мөн гадаад киноны төрөлд Бразилын “I Am Still Here” ялсан нь мөн анхных болжээ. Мөн Иран, Израйл-Палестины уран бүтээлчид баримтат киноны төрөлд шилдгээр нэрлэгдэв.

2 чухал тоо

5.000.000.000: Mr.Beast-ийн үнэлгээ 5 тэрбумд хүрлээ. Youtube-ийн хамгийн их дагагчтай контент бүтээгч Жимми Доналдсон шинэ санхүүжилт татаж, эзэнт гүрнээ улам өргөжүүлэхийг зорьж байна. Тэрээр Feastables нэртэй шоколадны брэндээ өргөжүүлэхээс гадна стриминг платформуудад цуврал контент нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Түүний компани зөвхөн өнгөрсөн жил 400 сая долларын борлуулалттай ажиллажээ.

10.000.000.000: АНУ-ын хамгийн том эмийн сангийн сүлжээ зарагдлаа. Walgreens бол дэлхий даяар 12 мянга гаруй салбар, 300 мянган ажилтантай аварга компани. Гэсэн ч технологийн хөгжил, салбарын дэвшилтэй нийцэж чадалгүй, үнэлгээ нь уруудсаар байгаа юм. 2015 онд 100 тэрбум доллараар үнэлэгдэж байсан тэд энэ удаад 10 тэрбумын үнэлгээтэйгээр хувьд шилжлээ. 1927 онд анх нээлттэй компани болж байсан тэднийг Sycamore Partners худалдан авч байгаа бөгөөд өр дарах, нэмэлт санхүүжилтийг оролцуулан 23 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэнэ.

3 онцлох өгүүлбэр

I. Skype 5-р сараас хаагдана.

- Microsoft 2011 онд эгнээндээ нэгтгэж байсан Skype-ийн үйл ажиллагааг 5-р сард зогсооно гэдгээ мэдэгдлээ. Skype бол видео дуудлагын үйлчилгээний анхдагч, масс хэрэглээнд нэвтрүүлсэн хамгийн нөлөө бүхий технологи хөгжүүлэгчдийн нэг байсан юм.

- 2003 онд Эстони хөгжүүлэгчдийн бүтээсэн тус апп тэр дороо сая сая хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг апп болсон нь санамсаргүй хэрэг биш. Интернетийн эхэн үед нүүр, нүүрээ харж ярилцана гэдэг үнэхээр л гайхамшигтай үзэгдэл байлаа. Улмаар eBay-д зарагдсан тус апп 2008 онд оргил үедээ хүрч, 405 сая хэрэглэгчтэй болж байжээ.

- Харин 2011 онд Microsoft тус апп-ыг 8.5 тэрбум доллараар өөрийн болгосон юм. Гэвч удалгүй Apple Facetime-аа гаргаж, Facebook Whatsapp-ийг худалдан авч, WeChat Хятадад хүчээ авснаар Skype-ийн хэрэглээ улам багасах болсон. Цар тахлын үеэр Zoom энэ зах зээлд давамгайлж, Skype-ийн хэрэглэгчдийн тоо ердөө 30 сая болж буурчээ. Microsoft 2016 онд Teams-ийг гаргаснаар Skype-ийн ирээдүй бүрхэг болоод байсан билээ.


II. SpaceX, IM бүтэлгүйтэж, Firefly түүх бүтээв.

- SpaceX-ийн хамгийн гол пуужингийн найм дахь туршилт 10 минут орчим үргэлжилсний дараагаар гол хөлөгтэй холбоо тасарчээ. Хэдий зөөгч пуужинг эргүүлэн газардуулах туршилт амжилттай болсон ч Starship-ийн хөөргөлт хоёр дахиа дараалан амжилтгүй болж байгаа нь энэ юм. Өнгөрсөн нэгдүгээр сард долдугаар туршилтын үеэр мөн өндрөө авах үед түлш алдагдаж, эх газартай холбоо тасарч байсан билээ.

- Тэгвэл өнгөрсөн долоо хоногт сар луу хөөрсөн Intuitive Machines-ийн хөлөг мөн газардаад ганцхан хоногийн дараа унтарсан байна. Саран дээр газардсан анхны хувийн компани хоёр дахь нислэгээрээ нарийвчилсан эрдэм шинжилгээний ажил хийхээр зорьж байсан. Гэсэн ч сарны цаад хэсэгт газардах үедээ алдаа гаргаж, улмаар хяналтаас гарчээ.

- Харин “Firefly Aerospace”-ийн “Blue Ghost” хөлөг сарны наад талд амжилттай газардаж, ийм амжилт үзүүлсэн хоёр дахь хувийн компани боллоо. Тэд урьдчилан төлөвлөсөн байршилд газардсан нь харин анхдагч амжилт болж буй. NASA уг компанид 2021 онд 9.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, 10 төрлийн судалгааны ажил гүйцэтгэх захиалга өгсөн билээ.


III. Трампын бодлогын эсрэг хариу үйлдлүүд идэвхжлээ.

- Бээжинд явагдсан “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал”-ын гол анхаарал Америкийн тавьсан тарифын асуудал байв. Хятад улс “АНУ дайн хүсэж буй бол ямар ч хэлбэрээр, эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн нь сүүлийн жилүүдэд сонсогдоогүй хүчтэй хариулт байв.

- Тэд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар ногдуулж, батлан хамгаалахын зардлаа эрс нэмэгдүүлэхээ мэдэгдээд байна. Мөн хурлын үеэр эдийн засгийн өсөлтөө 5%-д хүргэх зорилгоо дэвшүүлжээ. Ташрамд дурдахад, Хятад улс энэ жил 15 дахь таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулж, танилцуулах юм.

- Харин Европын холбооны лидерүүд “ReArm Europe” хөтөлбөрийг санаачилж, тивийн аюулгүй байдлыг сахихын тулд батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр тэд 650 тэрбум еврогийн санг үүсгэх боломжтой болох бөгөөд цаашид Украйныг ч дэмжих нөхцөл үүснэ хэмээн үзэж байна. Мөн Европын холбооноос улс орнуудад хамгаалах систем, шинэ зэвсэг худалдан авахад зориулсан 150 тэрбум еврогийн зээлийн санг үүсгэжээ.

4 мэдүүштэй зүйл

Гэнэтийн шийдвэр: Apple Siri AI-ийг хойшлууллаа. Siri-г хиймэл оюуны модельтой хоршуулж, бусад апп-уудтай нийцэн, удирдах боломж олгох уг шинэчлэл энэ хавар нээлттэй болох хүлээлттэй байсан. Гэсэн ч тэд хөгжүүлэлтийн шалтгаанаар 2026 оныг хүртэл уг нэмэлтээ хойшлуулж байгаагаа зарлалаа. Сонирхуулахад, тэд өнгөрсөн долоо хоногт M3 чиптэй iPad Air-ийн шинэ хувилбарыг танилцуулсан билээ.

Шинэ амлалт: TSMC Америкт 100 тэрбум долларын хөрөнгө оруулна. Тайванийн хамгийн том технологийн компаниудын нэг TSMC Аризонад хагас дамжуулагчийн цогцолбор үйлдвэр байгуулах төсөлдөө уг санхүүжилтийг зарцуулна. Д.Трамп уг мэдэгдлийн дараагаар TSMC-ийг “дэлхийн хамгийн хүчирхэг компани” хэмээн магтжээ. AI-ийн тэсрэлттэй холбоотой тус компанийн төхөөрөмжүүд ч эрэлт өндөртэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийг нь Америкт авч үлдэх нь маш чухал гэдгийг Трамп мэдэгдсээр байсан юм.

Ээлжит компани: С.Брин AI компани байгуулжээ Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг “Dynamotics” нэртэй компаниараа дамжуулж үйлдвэрлэлийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийг хүсэж байна. Тэрээр төрөл бүрийн үйлдвэрийг автоматжуулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд төвлөрөн ажиллана гэнэ.

Биткойн нөөц: АНУ биткойноор стратегийн нөөц үүсгэлээ. Ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн үеэр амалж байсанчлан тусгай нөөцийн сан гаргасан нь крипто салбарт томоохон ялалт болж байна. Тус улс одоогийн байдлаар хууль бус ажиллагаа, хакерын сүлжээнүүдээс хураасан 200 мянга гаруй биткойн эзэмшдэг. Үүнээс гадна тэрээр XRP, SOL, ADA зэрэг койнуудыг багтаасан дижитал хөрөнгийн портфолиог үүсгэх тушаал гаргажээ. Энэ мэдээний дараагаар биткойны 2 орчим хувиар буурч, 87 мянган доллар дээр тогтоод байна.

5 сонин хачин

1. “Parasite” киногоороо дэлхийг шуугиулсан Бон Жон Хоогийн шинэ уран бүтээл “Mickey 17” удтал хүлээлгэж, хэд хэд хойшилсний эцэст нээлтээ хийлээ. Алдарт Р.Паттинсоны гол дүрд нь тоглосон тус кино нээлтийн долоо хоногтоо 26 сая долларын орлого болж, бокс оффисыг тэргүүллээ. Гэсэн ч энэ бол 118 сая долларын төсвөөр бүтсэн киноны хувьд чамлалттай үзүүлэлт. Шинжээчид ч өнгөрсөн сарын турш бокс оффисыг тэргүүлсэн “Captain America”-ийн амжилтыг давж чадахгүй нь гэж үзэж байна.

2. Бүх цаг үеийн хамгийн шилдэг теннисчдийн нэг С.Уильямс WNBA-ийн Торонто Темпо багт хөрөнгө оруулжээ. 2022 онд зодог тайлснаасаа хойш тэрээр эмэгтэйчүүдийн спортод анхаарал хандуулах болсон. Одоогийн байдлаар тэрээр Майами Дольфинс (америк хөлбөмбөг), Angel City FC (эмэгтэйчүүдийн хөлбөмбөг), LA Golf Club (гольф)-д тус тус хувь эзэмших болсон юм. Торонто Темпогийн хувьд 2026 оноос лигт тоглож эхлэх бөгөөд анхны канад баг болж байгаа юм.

3. Леброн Жэймс 50 мянган оноо авсан анхны тоглогч боллоо. Энэ бол цаашид ч эвдэгдэхэд бэрх агуу амжилт. 22 дахь улиралдаа NBA-д хүчин зүтгэж буй тэрээр 2023 онд домогт Карим Абдул Жаббарын 44 мянган оноо авсан бүх цаг үеийн онооны амжилтыг давж байсан билээ. Сонирхуулахад, алдарт Майкл Жордан 38,279 оноо авсан амжилтаар К.Мэлоун, К.Брайнт нарын ард тавд бичигддэг юм.

4. X-д AI-аар хариулт авч болно Тэд хэрэглэгчдэд хүссэн жиргээн дороо @Grok хэмээн таг хийж, AI-тай харилцан яриа өрнүүлэхийг урьж байна. X-ийн хувьд Grok-ийг аль болох хурдан масс хэрэглээнд нэвтрүүлж, ялангуяа Meta-тай өрсөлдөх давуу талаа бэхжүүлэхийг зорьж байгаа юм. Grok-ийн хувьд тухайн жиргээн дэх зураг, видеог боловсруулж, хэрэглэгчдийн хүссэн асуултад шууд хариулах чадвартай хэмээн тодотгогджээ.

5. Discord IPO хийж магадгүй. Видео тоглоомчдын хамгийн том комьюнити платформ Discord 15-20 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хамгийн анх 2021 онд IPO хийх төслөө эхлүүлж байсан тэд тухайн үед Microsoft-ийн худалдан авах саналаас татгалзаж байсан билээ. Discord-ийг сар тутамд идэвхтэй ашигладаг 200 сая хэрэглэгчдийн 90% нь тоглоомын зорилготой нэвтэрдэг гэнэ.