1 гол сэдэв

Юу болов?

AНУ-ын Хууль зүйн яам Apple компанийн эсрэг монополийн хэрэг үүсгэлээ. Энэхүү шүүхийн заргад тус компанийг өрсөлдөөнийг боомилсон бодлого баримталдаг, хэрэглэгчдийн экосистемийн бус бүтээгдэхүүн, үйлчилгээ ашиглах сонголтыг хязгаарласнаар өртгийг нэмэгдүүлдэг хэмээн буруутгасан байна. Apple-ийн хувьд бүх гомдлыг үгүйсгэж, өөрсдийн нэр хүнд, бизнесээ хамгаална гэдгээ мэдэгдээд байгаа. Харин Хууль зүйн яамны хувьд 2019 оноос эхлэн цуглуулсан баримтуудаа улам төгөлдөржүүлж, олон жил үргэлжлэх шүүхийн маргаанд бэлдэх болно гэдгээ илэрхийлэв.

Юуг онцлов?

Нийт 88 хуудас бүхий заргаас 2 зүйлийг нь онцолъё. Эхнийх нь гуравдагч хөгжүүлэгчдийг "супер апп" бүтээх боломжийг хязгаарласан гэсэн нь байв. Компани үйлдлийн системийн шинэчлэлтэй холбоотойгоор техникийн шаардлагаа тогтмол нэмэгдүүлж, өндөр хэмжээний шимтгэл ноогдуулдаг нь инновацлаг бүтээгдэхүүн гарах нөхцлийг үгүйсгэдэг гэж тэд үзэж байна. Энэ нь Epic Games, Spotify-ийн өмнө гаргасан App Store-ийн монополчлолтой холбоотой гомдлуудтай шууд холбогдох учиртай. Нөгөөх нь хэрэглэгчдийн сонголтыг хязгаарлаж, өндөр зардал үүрүүлдэг гэдэг нь байв. Хууль зүйн яамнаас Андройд хэрэглэгчид iMessage бичих боломжгүй, ийм үйлчилгээг санал болгосон апп-уудыг шууд хааж байсан үйлдлийг нь тодотгожээ.

Одоо яах вэ?

Шинжээчид энэ хэргийг шинэ мянганы зааг дээр өрнөсөн Microsoft-ийн эсрэг монополийн хэрэгтэй жишиж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Тухайн үед Microsoft зах зээлд хит болж байсан Netscape-ийн эсрэг Internet Explorer-ийг бүтээж, улмаар Windows 95 үйлдлийн системийн үндсэн веб хөтөч болгосон нь зохицуулах байгууллагын хараанд өртсөн. АНУ-ын засгийн газар Microsoft-ийг 2 хуваах гэж оролдсон нь бүтэлгүйтсэн ч хэд хэдэн чиглэлд үйл ажиллагааг нь хязгаарлаж чадсан билээ. Хамгийн сонирхолтой нь Хууль зүйн яамнаас дээрх шийдвэр өөрөө Apple-ийг iPod, iTunes-ээ Windows-д байршуулах боломж олгож, улмаар масс хэрэглээнд нэвтрүүлэн iPhone-ийг бүтээх суурь болсон хэмээн онцлон тодотгожээ.

2 чухал тоо

133 - Москва хотын ойролцоох энтертэйнмент төвд концертийн үеэр зэвсэгт халдлага болж, дор хаяж 133 хүн амиа алдлаа. Оросын хүчний байгууллага гэмт хэргийг үйлдсэн 4 этгээдийг Украины хилийн ойролцоо баривчилсан байна. Уг хэргийг Исламын улс бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

100,000,000 - Германы хөлбөмбөгийн шигшээ баг 2027 оноос эхлэн Nike-ийн өмсгөл өмсөх боллоо. Nike жилд 100 сая долларыг төлөх болсон нь түүхэн дэх хамгийн том гэрээ болж байгаа юм. Германы хувьд 1954 онд анх дэлхийн аварга болсноосоо хойш нутгийн брэнд Adidas-тай хамтарч байсан бөгөөд энэ шийдвэр нь нийгмийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй ихээр тулгарч байна.

3 онцлох өгүүлбэр

I. Neuralink-ийн анхны туршилт амжилттай болжээ.

- Тархинд чип суулгах технологи хөгжүүлж буй Neuralink-ийн анхны өвчтөн бодлоороо компьютерийн маусаа удирдаж, шатар тоглох чадвартай болжээ. Түүний шатар тоглож буй бичлэг анагаах ухаан, технологийн салбарт цоо шинэ хуудсыг эхлүүлэв.

- Өдгөө 29 настай Н.Арбау хэмээх эр өнгөрсөн 1-р сард тархиндаа чип суулгуулсан анхны өвчтөн болсон юм. Тэрээр 8 жилийн өмнө усанд шумбах үедээ осолдож, нугасаа гэмтээснээр 4 мөч нь ажиллагаагүй болжээ. Арбау чип суулгах хагалгаа амархан байсан хэмээн тодотгож, ердөө ганцхан өдрийн дараа эмнэлгээс гарсан гэнэ.

- Компанийг үүсгэн байгуулагч Илон Маск энэ мэдээний дараагаар "Blindsight" нэртэй шинэ бүтээгдэхүүнээ зарлав. Тэрээр сохор сармагчинд чип суулгаж, хараа оруулах туршилтыг хэдийнээ эхлүүлээд байгаа гэнэ. И.Маскийн хэлснээр эхэн үедээ үзэгдэх орчин Nintendo-ийн анхны хувилбарууд шиг бүрзгэр байх ч яваандаа энгийн хүнийхтэй ижил түвшинд хүрэх боломжтой ажээ.


II. The Sims-ийн кино хийгдэнэ.

- Компьютер тоглоомын зах зээлийн хамгийн алдартай цувралын нэг "The Sims"-ийн кино хийгдэж эхэлжээ. 2000 онд анх гарсан уг тоглоомыг Electronic Arts хөгжүүлдэг бөгөөд 200 сая гаруй хувь борлуулж, 5 тэрбум долларын орлого олжээ.

- Киноны эрхийг өнгөрсөн зуны бокс оффисын хит "Barbie"-г бүтээсэн продакшн компани LuckyChap эзэмших болжээ. Уг компанийг алдарт жүжигчин М.Робби удирддаг. Гэхдээ тэрээр өөрөө уг киноны гол дүрд тоглох эсэх нь тодорхойгүй байна.

- Үүнээс гадна "Loki"-ийн найруулагч К.Херрон уг төсөлд оролцох болсон нь анхаарал татаж буй. Сонирхуулахад, уг тоглоомын түүхээс сэдэвлэсэн кино хийгдэх мэдээ хамгийн анх 2007 онд гарч байсан ч бодит ажил болохгүй явсаар өдийг хүрчээ.


III. Apple Google-ийн AI-ийг ашиглаж магадгүй.

- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар технологийн гигантуудын хэлцэл хэдийнээ эхэлжээ. Apple iOS 18-ын дараагийн шинэчлэлдээ ч Google-ийн хөгжүүлж буй Gemini AI-ийг нэвтрүүлэхийг үгүйсгэхгүй гэнэ. Хэрвээ энэ мэдээ үнэн бол цаашдаа AI-ийн зах зээлийг тэр чигт нь донсолгохуйц нөлөө үзүүлэх нь тодорхой юм.

- Google-ийн хувьд энэ бол маш том ялалт. Дэлхий даяар ашиглагдаж буй 2 тэрбум iPhone-д өөрийн AI-ийг нэвтрүүлэх нь Microsoft болон OpenAI-д маш том цохилт болох учиртай. Зах зээл ч үүнтэй санал нийлж, энэ мэдээ гарсны дараа толгой компани Alphabet-ийн хувьцааны үнэ 7%-аар нэмэгджээ.

- Apple-ийн хувьд AI-ийн өрсөлдөөнд харьцангуй нам гүм хэвээр буй. Гэхдээ Т.Күүк улирлын тайлангийн танилцуулгын үеэр хиймэл оюунд хийж буй хөрөнгө оруулалтаа үлэмж нэмж байгаагаа мэдэгдсэн. Ташрамд дурдахад, Google iPhone-ийн үндсэн хайлтын систем байхын тулд жил бүр 18 тэрбум долларын лицензийн төлбөрийг Apple-д төлдөг билээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ чип: Саяхан их наядын үнэлгээтэй болсон NVidia хиймэл оюун хөгжүүлэлтэд тусгайлан зориулсан шинэ чипээ танилцууллаа. Blackwell нэртэй уг чип нь хэрэглээнээс хамааран 3 янзын хувилбартай байх бөгөөд 30 мянган долларын эхлэх үнэтэй зарагдана.

Гахайн бөөр: Америкийн мэс засалчид генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн бөөрийг хүнд шилжүүлэх суулгах хагалгааг анх удаа гүйцэтгэлээ. Бөөрний өвчин нь эцсийн шатандаа орсон 62 настай өвчтөний биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Энэ арга нь бөөрний дутагдлаар шаналж буй сая сая хүний амийг аврах боломжтойг эрдэмтэд онцолж байна.

Шинэ сан: Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан AI төслүүдийг санхүүжүүлэх шинэ нэгж байгуулж байна. 40 тэрбум долларын хөрөнгөтэй тус санг тэд Цахиурын хөндийн хамгийн алдартай венч компаниудын нэг Andreessen Horowitz-тэй хамтран удирдах гэнэ. Andreessen Horowitz-ийн хувьд Facebook, Airbnb, Slack зэрэг 100 гаруй стартапад хөрөнгө оруулсан түүхтэй юм.

Супер тактикч: Google Английн Ливерпүүл клубтэй хамтран хөгжүүлсэн TacticAI моделио танилцууллаа. Уг модель нь хөлбөмбөгийн тоглолтын үеэрх булангийн цохилтыг илүү үр дүнтэй гүйцэтгэхэд зөвлөх, багийн тактикийг боловсронгуй болгоход чиглэсэн гэдгээрээ онцлогтой.

5 сонин хачин

1.Алдарт "Ghostbusters" франчайзын тав дахь бүтээл "Ghostbusters: Frozen Empire" бокс оффисыг 44 сая долларын орлого цуглуулж тэргүүллээ. 2021 онд гарсан "Afterlife"-ийн үргэлжлэл түүхийн нийт төсөв 100 саяар хэмжигдэж байгаа юм. Холливүүдийн хамгийн эрэлттэй од болоод буй С.Свинигийн инди бүтээл "Immaculate" мөн нээлтээ хийж, 4-р байрт бичигджээ. Тэдний дунд өмнөх долоо хоногийн лидерүүд болох "Dune: Part Two", "Kung Fu Panda 4" жагссан байна.

2. Facebook-ийн хөгжүүлж буй текст суурьтай сошиал платформ Threads болзооны апп-аас санаа авсан шинэ нэмэлтээ туршиж байна. Тэд хэрэглэгчдэд таалагдсан постоо баруун тийшээ, таалагдаагүйгээ зүүн тийшээ гүйлгэх сонголт олгож, хариуд нь илүү сонирхол, хэрэглээнд тохирсон пост санал болгохыг зорьж байгаа юм.

3. Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильямын гэргий, Уэльсийн гүнж К.Миддлтон хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаагаа зарлалаа. Оны эхээр хэвлийн хөндийн хагалгаанд орсноосоо хойш олны нүдэнд ил гараагүй түүний фотошопоор янзалсан зураг цацагдсан нь шуугиан тарьж, олон янзын цуу яриа гарах болоод байсан юм. Түүнээс гадна Их Британийн хаан Чарльз мөн хавдартай хэмээн оношлогдоод байгаа билээ.

4. Youtube-ийн хамгийн олон дагагчтай контент бүтээгч MrBeast Amazon Prime-тай хамтран реалити шоу бүтээх гэрээ байгуулжээ. Түүхэн дэх "хамгийн том" хэмээх тодотголтой уг шоунд 1000 оролцогч 5 сая долларын төлөө өрсөлдөх гэнэ. MrBeast-ийн 2021 онд "Squid Games"-ээс санаа аван хийсэн мини тэмцээн нь хагас тэрбум үзэлтийг цуглуулж байжээ.

5. Зах зээлд өндөр хүлээлттэй байсан LG-ийн шинэ 4К проектор CineBeam Q худалдаанд албан ёсоор гарлаа. Ретро дизайнаараа шууд анхаарал татах тус проектор автоматаар фокусаа тааруулахаас гадна Netflix, Youtube зэрэг стриминг платформуудтай өөрөөсөө холбогддогоороо онцлогтой. Оны эхээр CES 2024-ийн үеэр зарлагдсан уг төхөөрөмжийн үнэ 1299 доллар байх юм.

10 унших мэдээ

Тооцох: Paramount-ийг 11 тэрбумаар үнэлэв /Forbes/

Танилцах: Disney-ийн ирээдүйн босс энэ мөн үү? /WSJ/

Ангайх: Тэнгэрийг хиймлээр гэрэлтүүлж цаг хожих уу? /The Verge/

Турших: Трампын сошиал медиа компани IPO хийнэ /AP/

Анхаарах: Дэлхийн хамгийн том тэтгэврийн сан биткойн сонирхоно /CNBC/

Мэдэх: Microsoft шинэ AI хариуцсан захиралтай боллоо /Euronews/

Сонирхох: Reddit-ийн IPO амжилттай эхэллээ /Reuters/

Хэрэглэх: Copilot-ийн товчтой Surface гарлаа /Techcrunch/

Тайлбарлах: Гурван биетийн физик /Vox/

Ойлгох: Ш.Охтанигийн орчуулагчийн скандал /ESPN/