1 гол сэдэв

Юуг онцлов?

Крипто хөрөнгө оруулагчид үндсэн хуулийн анхны хэвлэмэл эхийн төлөө үнэ хаялцав. Өдгөө ердөө 13 ширхэг хадгалагдан үлдсэн АНУ-ын Үндсэн хуулийн эх бичгийн нэг хувилбарыг эзэмших эрхийн төлөөх дуудлага худалдаа алдарт "Sotheby"-д өрнөсөн нь энэ. Сошиал платформуудаар дамжин нэгдсэн крипто хөрөнгө оруулагчид ердөө 72 цагийн дотор 47 сая долларыг босгон уг эхийн төлөө өрсөлдсөн. Хэдий тэд ялалт байгуулж чадаагүй ч хөрөнгө босгох, түүнийгээ удирдах тухай үндсэн ойлголтыг эвдэхүйц жишиг болсон нь анхаарал татлаа.

Яагаад онцгой гэж?

ConstitutionDAO хэмээх нэрийн дор 17 мянган хүн нэгдсэн нь хэд хэдэн шалтгаанаар онцгой. Эхнийх нь, тэд блокчэйнд суурилсан краудфандингийн платформоор дамжуулан криптовалют ашиглан мөнгөө босгосон. Нөгөөх нь, эцсийн шийдвэр гаргалтыг эзэмшигчдийн олонхын санал дээрээс үндэслэн гаргадаг DAO хэмээх засаглалын хэлбэртэйгээр зохион байгуулалтад орсон нь юм. Ингэснээр тэд мөнгө шилжүүлэх үйл явцыг илүү хурдан бөгөөд хямд, үйл ажиллагааг нээлттэй бас ил тод болгоно хэмээн үзжээ. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт Монголын анхны DAO төсөл болох ArdMoney танилцуулагдсан билээ.

Цаашид яах вэ?

Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангуудын нэг Citadel-ийг үүсгэн байгуулагч К.Гриффин 43 сая доллар төлж, уг эхийг өөрийн болгосон нь хожим тодорхой болсон. Тэрээр уг эхийг Америк даяар аялуулж, олон нийтийн музейд үнэ төлбөргүй байршуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. DAO нэгдлийнхэн хэдий үндсэн төлбөрийг төлж чадах байсан ч түүхийн ховор эдийг цаашид хадгалах, зарцуулах санхүүгийн баталгаагүй байсан нь ялагдлын гол шалтгаан байсан гэнэ. Гэхдээ тэд цаашид нэгдлийн гишүүдийн саналаар өөр төслүүдэд хөрөнгө оруулах, худалдаж авах шийдвэрүүд гаргах аж. Зарим гишүүд нь NFL-ийн клуб худалдаж авах санал ч гаргаад амжсан гэнэ шүү.

2 чухал тоо

581 - 1440 оноос хойших хамгийн удаан үргэлжилсэн сарны хагас хиртэлт баасан гарагт тохиолоо. Уг үйл явдал 3 цаг 28 минут орчим хугацаанд үргэлжилсэн нь энэ.

512 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Ж.Байдены өргөн барьсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, эрүүл мэндийн тогтолцоог өргөтгөхөд зарцуулагдах 2 их наяд долларын төсөв бүхий төслийг батлав. Үүний өмнө тус танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга К.Мккарти нийт 8 цаг 32 минутын турш үг хэлсэн нь түүхэнд хамгийн урт хэмээн тэмдэглэгдэн үлдэх болов. Тэрээр санал хураалтыг хойшлуулж, цаг хожих зорилгоор ийм үйлдэл хийлээ хэмээн шинжээчид дүгнэж буй.

3 онцлох өгүүлбэр

I. Европыг хөл хорионы аюул ахин нөмрөв.

- Австрийн засгийн газар ковидын өвчлөл эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор улс орон даяар 20 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож байгаагаа зарлалаа. Тэд ирэх оны хоёрдугаар сараас эхлэн иргэдийг заавал вакцинд хамрагдаж байж нийгмийн харилцаанд орохыг шаардах гэнэ. Тус улсад вакцинжуулалт 64 орчим хувьтай байгаа нь Европын Холбооны дунджаас ялимгүй бага гэсэн үг.

- Үүнтэй зэрэгцэн Герман улсад ч дөрөв дэх давлагаа эхэлж байгааг канцеллор А.Меркель анхааруулав. Өнгөрсөн лхагва гарагт халдварын тохиолдол хамгийн дээд үзүүлэлтдээ буюу 52 мянгад хүрсэн нь нийтийг айдаст автуулав. Бельги улс ч хөл хорио тогтоохоос зайлсхийх үүднээс хэд хэдэн шатлалтай арга хэмжээ авах болсноо зарлажээ.

- Ерөөс Европ даяар нөхцөл байдал доройтож байгааг онцлох хэрэгтэй. Чех, Словак, Швед улсын засаг захиргаа ажилд явах, арга хэмжээнд оролцох бол заавал вакцин хийлгэсэн байхыг шаардаж эхэлсэн байна. Нидерланд улс аль хэдийн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод буй. Манай улсын хувьд дельта хувилбарын давлагаа дуусаж, долоо хоногт өвчлөл 5000-аар буурч байгаа хэмээн зарлаад байгаа билээ.


II. Apple 2025 оноос автомашин үйлдвэрлэнэ.

- Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple 2014 оноос хойш өөрийн брэндийн автомашин үйлдвэрлэх зорилготойгоор компани дотроо төслийн нэгж ажиллуулах болсон. Тэгвэл "Project Titan"-ийн баг тэдний төлөвлөгөөний хамгийн чухал бүрдэл болсон процессорийн бүтэц, загварыг гаргах ажлаа дуусгасан гэнэ.

- Тэд автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй, жолооны хүрдгүй машин бүтээх амбицтай байгаа. Тиймд өөрийн гэсэн хүчирхэг чип бүтээх нь тэдний хувьд маш чухал ажил болоод байсан юм. Нэгэнт суурь платформын ажил жигдэрч байгаа учир тэд 2025 он гэхэд машинаа гаргах боломжтой болсныг эх сурвалжууд мэдээлэв.

- Apple үүнээс өмнө Hyundai, Kia зэрэг топ үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах талаар хэлцэл хийж байсан юм. Тэдний бизнес модель, үнэ өртөг болон бусад экосистемийн бүтээгдэхүүнүүдтэй хэрхэн хоршиж ажиллах тухай мэдээлэл хараахан гараагүй байна.


III. АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүд цахим уулзалт хийлээ.

- Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг удирдаж буй эрхмүүд анх удаа албан ёсны уулзалт хийлээ. Уулзалт цахимаар явагдсан бөгөөд 3 цаг гаруй үргэлжилжээ.

- Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден "Нэг Хятад" бодлогыг үргэлжлүүлэн баримталж, Тайваньтай холбоотой аливаа асуудалд хөндлөнгөөс оролцохгүй хэмээн мэдэгдсэн нь онцлохуйц байв. Тэрээр мөн Төвд, Шинжаанд явуулж буй Бээжингийн бодлогод санаа зовниж байгаагаа илэрхийлж, хүний эрхийн асуудлаас шалтгаалан Бээжинд явагдах Өвлийн Олимпийн наадмыг дипломат аргаар бойкот хийж ч болохыг сануулсан байна.

- Харин БНХАУ-ын удирдагч Ши Жинпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүд болон цар тахлын дараах сэргэлтийн хариу арга хэмжээнд хоёр тал хамтран ажиллаж, харилцаагаа тогтвортой байлгах нь чухал гэдгийг тодотгожээ. Тэрээр мөн хоёр орны харилцаа эргэн сэргэж байгаад таатай байгаагаа дурдсан байна.

4 мэдүүштэй баримт

Оффисын робот: Google оффисын өдөр тутмын үүрэгт ажлыг туслан гүйцэтгэх зориулалттай "Everyday Robots" төслийн анхны хувилбарыг туршиж эхэлснээ зарлалаа. 2019 онд анх зарлаж байсан тус төслийн хүрээнд нийт 100 орчим робот тус компанийн төв оффист ажиллаж байгаа юм. Эдгээр роботууд хаалга нээх, ширээ арчих, хог ялгаж хаях зэрэг үйлдэл хийх чадалтай гэнэ.

Кассгүй салбар: Starbucks Нью Йорк хотноо анхны кассгүй салбараа нээлээ. Тэд Amazon Go-ийн кассгүй дэлгүүрийн технологийг ашиглаж байгаа нь энэ бөгөөд 2022 он гэхэд дахин хоёр ч салбар нээхээр ажиллаж байгаа аж.

Сансрын тунхаг: Европын Сансрын Агентлагийн гишүүн 22 орны төлөөлөгчид сансар судлалын салбарт Европын нөлөөг нэмэгдүүлж, байр суурийг бэхжүүлэх зорилго бүхий тунхаг бичгийг "Accelerators" нэрийн дор баталлаа. Тэд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэж, өөрсдийн гэсэн сансрын станц байгуулан, Санчир юм уу Бархасбадь гарагийн дагуул сарны дээжийг эх дэлхийд авчрах зорилгоо энд тэмдэглэжээ.

Хурдан онгоц: Rolls Royce дэлхийн хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүрт онгоцыг бүтээснээ зарлалаа. ACCEL нэртэй төслийн хүрээнд бүтээсэн тэдний онгоц 623 км/цагийн хурдыг үзүүлсэн нь энэ. Уг онгоц туршилтын үеэр 202 секундын дотор 3000 метрийн өндөрт гарч, 3 км-ийн дотор 532.1 км/цагийн хурдад хүрчээ.

5 сонин хачин

1. 1984 онд хамгийн анх үзэгчдийн хүртээл болж байсан "Ghostbusters" франчайзын дөрөв дэх бүтээл "Afterlife" бокс оффисыг тэргүүллээ. Тус киног эхний хоёр ангийн найруулагчаар ажиллаж байсан Иван Рэйтманы хүү Жэйсон бүтээсэн нь сонирхолтой. Энэ долоо хоногт нээлтээ хийсэн өөр нэг бүтээл, теннисийн ертөнцийн одод болох эгч дүү Уильямсийн эцгийн тухай өгүүлэх "King Richard" жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигджээ.

2. Fujifilm сошиал хэрэглэгчдийн хамгийн хайртай бүтээгдэхүүн болох Instax Mini-ийн ретро загварыг танилцууллаа. Классик камерын дизайн бүхий шинэ төхөөрөмж нь апп-аараа дамжуулан 100 гаруй филтертэй хослон ажиллах бөгөөд 199 долларын үнэтэй байх гэнэ.

3. Nike мета-ертөнцийн давлагаанд нэгдлээ. Тэд Roblox-ийн платформ дээр "Nikeland" нэртэй шинэ ертөнцийг бүтээнэ. Уг ертөнцөд хэрэглэгчид Nike-ийн брэнд пүүз, хувцсыг өмсөж төрөл бүрийн тоглоом тоглож, тэмцээнд оролцох боломжтой гэнэ. Мөн шинэ загвар, бүтээгдэхүүнийг хамгийн эхэнд туршиж, худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэх аж.

4. Лэйкэрс, Клипперс, Кингс зэрэг Лос Анжелес хотын спорт клубүүдийн "гэр" болсон "Staples Arena" шинэ ивээн тэтгэгчтэй болж, нэрээ солих болсноо зарлалаа. Тус ордон крипто биржтэй 20 жилийн 700 сая долларын гэрээ байгуулж, "Crypto.com Arena" нэртэй болох гэнэ. Энэ нь Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн том ивээн тэтгэлгийн гэрээ болжээ.

5. 2006 онд байгуулагдсан даруйдаа Америкийг байлдан дагуулсан грек тараг үйлдвэрлэгч Chobani IPO хийх хүсэлтээ гаргалаа. Өнгөрсөн жил 1.4 тэрбум долларын борлуулалттай ажилласан тэд 10 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа юм.

10 унших мэдээ

Сонирхох: К.Харрис ахин түүх бүтээлээ /Reuters/

Айх: Amazon-ийн дата нууц /Wired/

Үзэх: HBO-ийн бүх цаг үеийн шилдэг 20 цуврал /Variety/

Анзаарах: Netflix-ийн нууц жор /The Verge/

Унших: National Book Awards-ийн шилдгүүд /Vox/

Мэдэх: Америкчуудыг талцуулсан хэргийн учиг /CNN/

Хайх: Пен Шуай хаачив? /NYTimes/

Харамсах: Амазонд нөхцөл байдалд улам хүндэрсээр /BBC/

Хүлээх: IBM-ийн квант технологи /Axios/

Анхаарах: Сансрын хаягдлын хямрал /The Atlantic/