Шинэ долоо хоногийн мэнд. Өнөөдрийн тойм ердөө 1052 үгээс л бүрдэх учир танд 3 минут байхад л хангалттай.

1 гол сэдэв

Америкийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Пулицерийн шагнал" гардуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт явагдлаа. 1917 оноос эхтэй уг шагнал нэр хүнд цар хүрээгээрээ салбарын ноён оргилд тооцогддог билээ.

Гол шагналуудыг хэн хүртэв?

Эрэн сурвалжлах бүтээлийн төрөлд The New York Times-ийн Б.Росенталын таксины жолоочдод өндөр хүүтэй зээл олгож, мөнгө хүүлдэг схемийг ил болгосон нийтлэл;

Тайлбарласан бүтээлийн төрөлд Washington Post-ийн дэлхийн дулаарал, тэр дундаа хэт өндөр температурын эх дэлхийд үзүүлж буй нөлөөллийн талаар цуврал;

Олон улсын сурвалжлагын бүтээлийн төрөлд The New York Times-ийн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины засаглалын "үнэн төрхийн" талаарх цуврал;

Шилдэг нийтлэлийн бүтээлийн төрөлд The New Yorker-ийн Б.Таубын Гуантанамогийн шоронгийн хянагч болон хоригдлын үүсгэсэн нөхөрлөлийн талаарх нийтлэл;

Бусад онцлох ялагчид хэн байв?

Гэрэл зургийн төрөлд Reuters-ийн Хонгконгийн жагсаалын талаарх зурган сурвалжлагууд, AP-ийн Кашмирын мөргөлдөөний дүр зургийг илтгэсэн бүтээлүүд шилдгээр нэрлэгдлээ. Харин шилдэг аудио бүтээлээр This American Life-ийн "The Out Crowd" подкаст тодорсон байна. Тус дугаарт Д.Трампын цагаачлалын бодлого Мексикийн дүрвэгсдэд хэрхэн нөлөөлж буй талаар өгүүлдэг аж.

Хөгжим, захидал, драмын бүтээлийн төрлийн онцлог ялагчдыг нэрлэвэл?

Намтар бүтээлийн төрөлд Б.Мозерын "Sontag: Her Life and Work",

Уран зохиолын төрөлд К.Вайтхидын "The Nickel Boys"

Баримтат бус бүтээлийн төрөлд A.Боейрын "The Undying"

Хөгжмийн төрөлд Э.Дэвисын "The Central Park Five"

Яруу найргийн төрөлд Ж.Броуны "The Tradition" тус тус шилдгээр нэрлэгджээ.

2 чухал тоо

75: Ялалтын баярын 75 жилийн ой тохиолоо. Цар тахлын улмаас харьцангуй даруухан өнгөрсөн баярын өдрөөр Орост агаарын шоу явагдаж, Их Британид хатан хаан Элизабет холбоотнууддаа хандан мэндчилгээ илгээжээ.

4,000,000: Коронавирусын бүртгэгдсэн халдварын тоо 4 саяыг давлаа. Одоогоор дэлхий даяар 282 мянган хүн амиа алдаад байгаа бөгөөд БНСУ, БНХАУ зэрэг улсууд 2 дахь давлагаанд бэлтгэсээр байна. Хэдий Европын зарим улсууд хөл хориогоо сулруулах шийдвэр гаргаж байгаа ч вакцин гартал сонор сэрэмжээ алдаж болохгүйг сануулсаар буй. Монголд халдварын тоо одоогоор 42 болоод байгаа билээ.

3 онцлох зүйл

Шинэ нэр: X Æ A-12. Энэ бол алдарт энтрепренер Элон Маск болон дуучин Grimes-ийн шинэхэн төрсөн хүүдээ хайрласан нэр. Интернет ертөнцийг алмайруулж, утга учрыг тайлах "уралдаанд" уриалсан гэмээр энэ нэр SpaceX, Tesla-г үндэслэгчийг өөр, өвөрмөц гэдгийг батлах бас нэгэн нотолгоо болов. Хосуудын тайлбарласнаар тэд хүүгээ "Икс" хэмээн дуудах бөгөөд Æ нь "хайр, хиймэл оюуныг илтгэх" бол A-12 нь тэдний дуртай онгоц SR-71-ийн суурь болсон загварын нэр аж. Хэрвээ яаж дуудахаа мэдэхгүй байгаа бол бид танд тусалъя, дагаад хэлээрэй "Икс Ашь Эй-Твелф" :)

Шинэ мөнгө: Түмэн бол Ираны шинэ мөнгөн тэмдэгтийн нэр. Иран улс эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн өсөлттэй холбоотой мөнгөн тэмдэгтийнхээ нэрлэсэн үнэ болон нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан нь энэ. Ингэснээр тэд хуучин дэвсгэрт "риал"-аас дөрвөн тэг хасаж буй бөгөөд шинэ тэмдэгтээ Монголчуудаас гаралтай "томан" буюу түмэн хэмээн нэрлэж байгаа нь сонирхолтой. 2 жилийн шилжилтийн хугацаанд "риал", "томан" аль аль нь хэрэглээнд ашиглагдах бөгөөд 10 мянган риал нь нэг томантай тэнцэх ажээ.

Шинэ төхөөрөмж: Microsoft энэ хаврын шинэ төхөөрөмжүүдээ танилцуулав. Олны таамаглаж байсанчлан илүү хүчирхэг, илүү том дэлгэцтэй буюу 10,5 инчийн таблет Surface Go 2 , өмнөх загвараасаа 50 хувиар хурдтай болсон, 17,5 цаг цэнэгээ хадгалах Surface Laptop 3 гол дүр нь байв. Go 2 399 доллараас эхлэн борлуулагдах бол Surface Laptop 3 нь 1599 доллараар зарагдана.

Үүнээс гадна удтал хөгжүүлсний эцэст утасгүй чихэвч Surface Earbuds-аа зарласан юм. 199 долларын үнэтэй уг чихэвчээрээ та Office 365-ийн програмуудаа удирдаж, ажиллаж болно гэдгээрээ анхаарал татаж буй. Мөн илүү дуугаралт сайтай, 20 цаг цэнэгээ барих Surface Headphones 2 ч зах зээлд хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй байна.

4 мэдүүштэй баримт

Хөрш нүх: Эрдэмтэд дэлхийтэй хамгийн ойр орших хар нүхийг илрүүлжээ. Уг хар нүх нь дэлхийгээс 1000 орчим гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд масс нь нарныхаас 4 дахин их уг нүхийг HR6819 хос одыг судлах явцдаа олж тогтоожээ. Энэ нээлт нь илүү хол зайд оршин буй бусад хар нүхийг илрүүлэх аргыг олж тогтооход дөхөм болно хэмээн эрдэмтэд үзэж байна.

Хар жагсаалт: Европын холбооноос мөнгө угаах, терроризмтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрсдэлтэй, тогтолцоо сул улсуудын жагсаалтаа шинэчиллээ. 2020 оны жагсаалтад Монгол, Ботсвана, Камбож зэрэг 12 улс нэмэгджээ. Баримт бичиг 10-р сарын 1-ээс хэрэгжих бөгөөд ямар хариу арга хэмжээ авах болон хязгаарлалтуудын талаарх мэдээлэл тухайн үед тодорхой болох гэнэ.

Шинэ станц: Хятад улс 2022 он гэхэд байнгын ажиллагаатай сансрын станцтай болох төлөвлөгөөгөө танилцууллаа. Өнгөрсөн мягмар гарагт Хайнан арлаас шинэ пуужингийн туршилтаа амжилттай хийсэн тэд уг зорилгынхоо хүрээнд сансрын нисгэгчтэй дөрвөн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Сансрын гүрэн болох амбицтай Хятад улс энэ зун Ангараг луу хөлөг илгээх гэж буй билээ.

Эртний нуур: Нидерланд, Английн эрдэмтэд Ангараг гараг дээр урсан байсан нуурын ул мөрийг илрүүлжээ. Тэд Элласын сав газраас 200 метр өндөр, 1,5 км-ийн өргөнтэй чулуулаг тогтцыг илрүүлсэн бөгөөд үлдэц тунамал нь дэлхийнхтэй төстэй болохыг тогтоожээ. 3,7 тэрбум жилийн настай уг бүтцэд сая магадгүй тэрбум жил урссан усны нөлөөгөөр ийм үлдэц тогтдог гэдгийг эрдэмтэд онцолж байна.

5 сонин хачин

1. Их Британийн харилцаа холбооны тэргүүлэх операторууд болох O2, Virgin Media 46 сая хэрэглэгчтэй хамгийн том нэгдлийг үүсгэлээ. Тэд 39 тэрбум долларын үнэлгээтэй шинэ нэгдлийг тэнцүү хувиар эзэмших бөгөөд зах зээлд эзлэх байр сууриа улам бэхжүүлж, 5G технологийг хурдтай нэвтрүүлснээр BT, Vodafone зэрэг өрсөлдөгчдөөс давуу талтай болно хэмээн үзэж байгаа юм.

2. 2004 онд анхны анги нь гарч улмаар 900 сая долларыг бокс оффисоос цуглуулсан "National Treasure"-ийн тв цуврал Disney+-д зориулан хийгдэж байгаа гэнэ. Мөн Н.Кэйж болон бусад оддын эргэн ирэх бүрэн хэмжээний киноны гуравдугаар ангийн зохиол ч бичигдэж дуусчээ.

3. Apple, Google-ийн дараагаар Samsung өөрийн гэсэн төлбөрийн карт гаргах болсноо зарлалаа. Тэд хувийн санхүүгийн менежментийн стартап SoFi-тэй хамтран шинэчилсэн Samsung Pay-ийг энэ зундаа багтаан гаргана гэнэ. Ташрамд дурдахад, саяхан шоронгоос суллагдсан Samsung-ийн "босс" Ли Жэ Ён сайн засаглалыг бүрдүүлэх үүднээс хүүхдүүддээ компанийн удирдлагыг шилжүүлэхгүй гэдгээ зарласан билээ.

4. Японд цар тахлын онц байдлыг 5-р сарыг дуустал сунгасантай холбоотойгоор мэргэжлийн сумогийн хаврын башёг цуцалж байгаагаа зарлалаа. Өмнөх башёг үзэгчгүй явуулсан Сумогийн холбоо үүнээс өмнө тэмцээний товоо 2 долоо хоногоор хойшлуулаад байсан юм. Түүхэнд ердөө 2 удаа л тэмцээн цуцлагдаж байжээ.

5. Boeing Австралийн цэргийн хүчинд зориулан бүтээсэн нисгэгчгүй онгоцоо танилцууллаа. Хиймэл оюуны тусламжтайгаар цэргийн ажиллагаанд оролцох боломжтой "Loyal Wingman" нь сүүлийн 50 жилийн хугацаанд Австралид хөгжүүлэгдсэн анхны онгоц болсон нь энэ. 115 метр урт, 3200 км зайг туулах чадалтай уг онгоцыг бүтээхэд засгийн газраас 40 сая долларын хөрөнгө оруулжээ.

10 уншууртай мэдээ

Сонирхох: Э.Маск - Мөнгөгүй тэрбумтан /Wired/

Гайхах: Сэтгэл зүйн өвчнүүдийн нууцлаг холбоос /Nature/

Төсөөлөх: Хэт их мэдээллээс бид зугтаж чадах уу? /The Economist/

Баясах: 4-р сарын хамгийн алдартай GIF-үүд /Giphy/

Анхаарах: UFO-г нухацтай үзэх цаг болжээ! /Vox/

Харамсах: Airbnb 25 хувиа цомхотголоо /Forbes/

Сөхөх: Дэлхийн 2-р дайныг хэн ялалтад хүргэсэн бэ? /VOA/

Мэдэх: Трампын ялах төлөвлөгөө /Axios/

Тооцох: Fortnite-ийг 3,2 тэрбум цаг тогложээ /The Verge/

Ангайх: Том Круз сансарт кино хийнэ /BI/