1 гол сэдэв

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Жефф Бэйзос "Amazon"-ийг орхиж байгаагаа зарлалаа.

Юу болов?

Өдгөө 57 настай Ж.Бэйзос энэ оны сүүлээр "Amazon"-ийн гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч байгаа нь энэ. Тэрээр 27 жилийн хугацаанд онлайн номын худалдаагаар эхлүүлсэн бизнесээ 1.6 их наяд долларын үнэлгээтэй, 1.3 сая ажилчин бүхий аварга эзэнт гүрэн болтол нь хөгжүүлсэн юм. "Amazon"-ийн 10.6 хувийг эзэмшдэг түүний хөрөнгө 185 тэрбум доллараар хэмжигддэг.

Одоо яах вэ?

Түүний орыг өдгөө 53 настай Энди Жасси залгах болно. Тэрээр 2003 оноос хойш "Amazon"-ийн нийт ашгийн 56 хувийг бүрдүүлэгч үүлэн технологийн бизнес AWS-ийг удирдаж байсан нэгэн. Сүүлийн жилүүдэд компанийн өдөр тутмын үйл ажиллагаанаас аажмаар холдож байсан Бэйзос "Washington Post", "Blue Origin", "Day 1 Fund" зэрэг бусад бизнес, нийгмийн ажлууддаа цагаа зарцуулах ажээ.

Өөр юу байна?

Хоёр зүйл. Эхнийх нь 13 мянган ажилтныг "шингээх" шинэ оффисын дизайн, зохион байгуулалт. Сүр дуулиант шалгаруулалтаас тодорсон Арлингтонд сүндэрлэх шинэ оффис нь байгальд ээлтэй мушгиа дизайнтай, 22 давхар гурван байшингаас бүрдэх гэнэ. Нөгөөх нь, "Amazon", Ж.Бэйзосын тухай шинэ ном. "Bloomberg"-ийн Б.Стоуны бичсэн шинэ түүх "Amazon Unbound" ирэх тавдугаар сард худалдаанд гарна. Уг номын монгол орчуулгын эрхийг "Арвис Паблишинг" эзэмшиж буй юм.

2 чухал тоо

23000 - Дюрхамын их сургуулийн эрдэмтэд хүн төрөлхтөн нохойг 23 мянган жилийн өмнө нутагшуулж, тэжээж байсныг тогтоосон байна. Энэ нь бидний өмнөх мэдлэгийг найман мянган жилээр урагшлуулсан гэсэн үг. Тэд Сиберийн орчмоос олдсон олдворт генетикийн шинжилгээ хийснээр ийнхүү тогтоожээ.

0 - "SpaceX"-ийг сансрын тээврийн хамгийн том тоглогч болгох учиртай Starship-ийн ээлжит тест нислэг бүтэлгүйтлээр өндөрлөлөө. SN9 загварын хөлөг 10 км-т хөөрсөн ч газардах үедээ осолдож, дэлбэрсэн байна. Өнгөрсөн сард өмнөх загвар нь ч мөн адил газардаж чадаагүй юм. Тус хөлөг концепцийн дагуу 100 тн ачаа тээвэрлэх чадалтай байх учиртай билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Алтан бөмбөрцөг наадамд нэр дэвшигчид тодорлоо.

- Домогт "Citizen Kane"-ийн зохиолч Х.Манкиевицийн түүхийг өгүүлэх "Mank" нийт зургаан төрөлд өрсөлдөх болсноор бүх бүтээлийг тэргүүлэв. Сонирхуулахад, уг киноны зохиолыг найруулагч Д.Финчерийн эцэг Жэйк 2003 онд нас барахынхаа өмнөхөн бичиж үлдээсэн ажээ. Цувралуудыг "The Crown" мөн зургаан төрөлд өрсөлдөх амжилтаар тэргүүллээ.

- Шилдэг найруулагчийн төрөлд гурван эмэгтэй өрсөлдөх болсон нь түүхэн амжилт боллоо. Өнгөрсөн наймдугаар сард таалал төгссөн Ч.Боузман "Ma Rainey's Black Bottom"-д бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэхэн нэр дэвшжээ. Өнгөрсөн жилийн Эммиг хамсан "Schitt's Creek" таван төрөлд өрсөлдөнө.

- Netflix хамгийн их буюу нийт 42 удаа нэр дэвшсэний яг тал нь "Queen's Gambit", "Unorthodox", "Ozark" зэрэг хит цувралууд нь байв. Стриминг талбарт тэдний өрсөлдөгчид болох Disney+ "Mandolarian"-аараа, HBO Max "The Flight Attendant" бүтээлүүдээрээ анх удаа "Алтан бөмбөрцөг"-ийн төлөө өрсөлдөх боллоо.

- Ялагчид энэ сарын 28-нд тодорно.


II. Мьянмарт төрийн эргэлт боллоо.

- Өнгөрсөн даваа гарагт Мьянмарын зэвсэгт хүчин нэг жилийн хугацаатайгаар төрийн эрхийг гартаа авснаа зарлав. Тэд ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Ан Сан Су Чи нарыг гэрийн хорионд оруулж, бүх 24 сайдыг албан тушаалаас нь огцруулжээ. Цэргийнхэн маргааш өдөр нь сонгуулийн үр дүнгээр тангаргаа өргөх учиртай байсан парламентийн гишүүдийн эрхийг ч хязгаарлаж, тусгай зөвлөлөөр дамжуулан төрийн хэргийг хамаарах болсон байна.

- Тус улсын төрийн эрхийг цэргийнхэн бараг 60 жил барьсны эцэст 2015 онд анхны ардчилсан сонгууль явагдаж, ард түмний удирдагч, Нобелийн шагналт Ан Сан Су Чигийн нам ялалт байгуулж байсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон ээлжит сонгуульд түүний нам 476 суудлаас 396-г нь өөрийн болгож, үнэмлэхүй олонх болоод байсан юм.

- Цэргийнхэн хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Facebook, Instagram зэрэг олон нийтийн сүлжээний сайтуудад нэвтрэх эрхийг хязгаарласнаар тэд дэлхийгээс холбоо тасрав. Үүнийг Мьянмарын иргэд төдийгүй олон улс ихэд буруутгаж, талуудыг хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсаар байна. Бямба гарагт л гэхэд нийслэл хотод 20 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ.


III. Хүн төрөлхтөн далайн экосистемийг "эвдсээр" байна.

- Копенгагений их сургуулийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь "хамгийн гутранги судлаачийн таамгаас ч илүүгээр" далай тэнгисийн орчинд нөлөөлж байгааг тогтоожээ. Дэлхийн дундаж температур хоёр градусаар нэмэгдэхэд л далайн түвшин нэг метрээр нэмэгдэх аж.

- Эрдэмтдийн гаргасан шинэ тооцооллоор хүн төрөлхтний буруутай үйл ажиллагааны улмаас нийт 28 триллион метр мөс хайлсан нь Их Британийг 100 метр гүн мөсөөр хучсантай тэнцүү гэсэн үг. Олон улсын байгууллагууд улс орнуудыг хүлэмжийн хийгээ багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой шийдвэр гаргахыг шаардсаар байгааг тэд онцолжээ.

- Үүнээс гадна хүний үйл ажиллагаанаас үүсэж буй дуу чимээ нь далайн экосистемд сөргөөр нөлөөлж байгаа тухай шинэ судалгаа нийтлэгдсэн байна. Тахлын үеэр хүн төрөлхтний 60 хувь нь гэрийн хорионд ороход дуу чимээний бохирдол 20 хувиар буурч байгааг судлаачид баталжээ. Ийм дуу чимээ зарим төрлийн усны амьтдын нүүдэл, үржил, хоол тэжээл олох үйл явцад садаа учруулдаг гэнэ.

4 мэдүүштэй зүйл

Эко нислэг: "BluShift" нэртэй стартап дэлхийн анхны био түлшээр ажилладаг пуужинг амжилттай хөөргөлөө. Зургаан метрийн өндөртэй уг пуужин найман кг ачааг тээвэрлэх туршилтыг хийсэн нь энэ. Дахин ашиглагдах боломжтой уг пуужин нь түлш ашиглалтаараа зардлыг бууруулж, сансрын аяллыг илүү хялбар болгох амбицтай юм.

Нэр хулгайлагчид: "Twitter", "Instagram", "TikTok" нэгдэн ирээдүйд үнэ цэн хүрэхүйц, эсвэл түгээмэл нэрийг түрүүлж эзэмшин, улмаар өндөр үнээр борлуулдаг явдалтай тэмцэх нэгдлийг байгууллаа. Интернэтэд ийм чиглэлээр дагнасан хэд хэдэн онлайн комьюнити байдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг хязгаарлах, идэвхгүй аккаунтыг хаах зэрэг арга хэмжээ авах ажээ.

Каннабис нэгдэл: Каннабис буюу олсны ургамалад суурилсан, таталтын эсрэг эмчилгээний технологи хөгжүүлэгч GW 7.2 тэрбум долларын үнэ хүрч, нойргүйдэл, хавдрын эсрэг эмийн чиглэлээр тэргүүлэгч "Jazz Pharma"-ийн нэг хэсэг боллоо. Сонирхуулахад, GW 2010 онд каннабист суурилсан эмийг зах зээлд нийлүүлсэн анхны компани болж байсан юм.

Анхдагч хагалгаа: Нью Йоркийн их сургуулийн эмнэлэг дэлхийд анх удаа нүүр болон гар шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ. Гурван жилийн автомашины осолд орж, нүүр болон гарны арьсаа бүрэн түлсэн 22 настай залууд хийсэн уг хагалгаа 23 цаг үргэлжилж, 140 эмч оролцжээ.

5 сонин хачин

1. "Nike" гараа оролцуулахгүйгээр өмсөж, тайлж болох шинэ загварын пүүзээ танилцууллаа. Хөлийн хөдөлгөөний дагуу салдаг онцлогтой GoFly Ease энэ оны сүүлээр худалдаанд гарах бөгөөд 120 долларын үнэтэйгээр борлуулагдана гэнэ.

2. "Shiseido" гэр ахуй, хувийн хэрэглээний бизнесээ "CVC Capitals"-д 1.5 тэрбум доллараар зарлаа. Талууд ирэх долоодугаар сар гэхэд шинэ компани байгуулах бөгөөд CVC 65 хувийг эзэмших аж. 1872 онд байгуулагдсан "Shiseido" дээд зэрэглэлийн гоо сайхны брэндүүд рүүгээ төвлөрөх бодлого баримталж байгаа билээ.

3. "Boston Dynamics"-ийн робот нохой "Spot" өөрийгөө цэнэглэдэг төхөөрөмж, алсын зайны удирдлагын шинэ системтэй болжээ. Ингэснээр алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд хүний гар зайлшгүй шаардлагатай болдог үйлдлүүдээ автоматаар өөрийгөө цэнэглэх чадвартай робот нохойн тусламжтай гүйцэтгэх боломжтой боллоо. Сонирхуулахад, "Hyundai Motors"-ийн эзэмших болсон тус компанийн мэдээлснээр 400 гаруй робот нохой дэлхий даяар үүргээ гүйцэтгэж байгаа гэнэ.

4. Нэгэн үе дэлхийн хамгийн том компаниудад тооцогдож байсан эрчим хүчний гигант "Exxon", "Chevron" нэгдэх тухай яриа өрнөсөн талаар "Wall Street Journal" мэдээллээ. Хэрвээ уг нэгдэл үүсвэл өдөрт долоон сая баррел нефть, газ олборлох чадалтай, 350 тэрбум долларын үнэлгээтэй болох учиртай билээ.

5. "Black Panther"-ийн зохиолч, найруулагч Р.Күүглер "Disney"-тэй таван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэ хүрээнд тэд хамгийн эхэнд Вакандагийн түүхэд үндэслэсэн шинэ телевизийн цувралыг Disney+-д зориулан хийхээр болсноо зарлажээ.

10 унших мэдээ

Турших: "Microsoft"-ийн шинэ платформ зайнаас бүтээмжтэй ажиллахад тусална /The Verge/

Үзэх: Sundance 2021-ийн ялагчид /Variety/

Унших: Хойд Солонгост хулгайлагдсан япон бүсгүйн түүх /BBC/

Алмайрах: Хүнд хиймэл дурсамж үүсгэх боломжтой гэж үү? /NatGeo/

Ойлгох: Технологийн гигантууд хэрхэн улам томорсоор байна вэ? /WSJ/

Хүлээх: Тахал хэзээ дуусах вэ? /CNN/

Харьцуулах: Super Bowl 2021-ийн бүх рекламыг үзэх /Vulture/

Мэдэх: Экспертүүд вирусын эхлэлийг тогтооно /AP/

Тогтоох: "23andMe" нээлттэй компани болно /TC/

Аялах: "SpaceX" энэ онд анхны "иргэдийг" нисгэнэ /DW/