Өнөөдрийн тойм 1176 үгээс бүрдэнэ. Танд уншихад 4 минут л хангалттай.

1 гол сэдэв

Гол сэдэв мэдээж коронавирус. Цар тахлын аюул хүн төрөлхтнийг айлгасан хэвээр л.

Нөхцөл байдал хэр байна?

Дэлхий даяар 1,8 сая хүн коронавирусын халдвар авч 114 мянган хүн нас бараад байна. Тахлын голомтод тооцогдож байсан Европ тивд ерөнхий сайд нь эрчимт эмчилгээнд ороод гарсан Их Британийг эс тооцвол нөхцөл байдал харьцангуй дээрдэж, Итали, Испанид тархалтын тоо буурч байгаа мэдээ ирж байна. Мөн Чех, Австри зэрэг улсууд хилээ нээж, зарим хориогоо цуцалж эхэлжээ. Гэсэн ч АНУ-д нөхцөл байдал эгзэгтэй хэвээр байгааг, манай хойд хөрш ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсээр буйг мартаж болохгүй. Япон, Сингапур, Тайланд зэрэг Азийн улсуудыг 2 дахь давлагаа дайрч байж болзошгүйг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох: Хамгийн их хандалттай дата сайт

Эмчилгээ, вакцин хэр ойрхон байна?

Оксфордын Их Сургуулийн эрдэмтэн коронавирусын вакцин 9-р сар гэхэд бэлэн болно хэмээн мэдэгдсэн нь ихээхэн итгэл дагуулав. Мөн Билл Гэйтсийн санхүүжүүлж буй Inovio багийнхан вакцины туршилтаа хүн дээр хийж эхэлсэн гэнэ. Энэ бол хүн дээрх туршилт явагдаж буй 2 дахь вакцин. Харин эмчилгээний хувьд хэд хэдэн хувилбар туршигдаж, төрөл бүрийн нөхцлүүдэд хэрэглэгдсээр буй. ДОХ, SARS, Ebola дээр туршигдаж байсан эмүүдийг хэрэглээнд нэвтрүүлэх санаа дэвшигдсээр байгаа ч хараахан батлагдаагүй. Харин Японд, Fujifilm Toyoma Chemical-ийн бүтээсэн Avigan нэртэй эмийг Уханьд халдвар авсан 340 хүнд туршсан нь эерэг үр дүнтэй байсан тул туршилтын журмаар ашиглахыг зөвшөөрсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор дэлхий даяар 200 гаруй эмчилгээ болон вакцины туршилт хийж байгаа багууд ажиллаж байгаа ажээ.

Санал болгох: Вакцин, эмчилгээн дээр ажиллаж буй бүх компаниуд

Өөр онцлох мэдээ юу байна?

Дэлхий даяар салбар бүр өөрсдийн нөөц бололцоогоор цар тахалтай тэмцсээр байна. Эдгээрээс бид ийн онцолж байна.

- Apple, Google хамтран халдвартай хүнийг мэдээлдэг апп бүтээнэ

- Английн Премьер Лигийн хөлбөмбөгчид цалингаасаа хандивлана

- С.Алтман 1 тэрбум маск "босгох" санаачлага гаргалаа

- Etsy дээр 20 мянган дэлгүүр маск хийж борлуулж байна

- Tesla амьсгалын аппарат үйлдвэрлэлээ

2 чухал тоо

7.59: Microsoft Edge веб броузер хэрэглээний хувиараа Mozilla Firefox-ийг гүйцэж, 2-р байр луу үсрэв. Дэлхий даяар нийт хэрэглэгчдийн 7,59% нь сүүлийн үед ихээхэн шинэчлэл хийж буй Edge-ийг, 7,19% нь Firefox ашиглаж байгаа гэнэ. Зах зээлийн тэргүүлэгчээр "мэдээж", 68 хувийг эзэлж буй Google Chrome тодорчээ.

1.000.000.000: Цар тахлын улмаас аялал жуулчлал, зочид буудлын салбар уналтанд орж буй энэ үед Airbnb 1 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татлаа. 2020 онд IPO хийхээр төлөвлөж буй тус компани урт хугацааны орон сууц түрээсийн чиглэлд хүч үзэх зорилготой байгаа бөгөөд үнэлгээ нь 31 тэрбум доллар болон өссөн нь энэ.

2-р байрын төлөөх өрсөлдөөн!

3 онцлох зүйл

Тэрбумтан: Forbes сэтгүүл жил бүр уламжлал болгон танилцуулдаг тэрбумтнуудын жагсаалтаа гаргалаа. 2020 оны жагсаалтыг 113 тэрбумын хөрөнгөөрөө Amazon-ийг үндэслэгч Ж.Бэйзос дахин тэргүүллээ. Microsoft-ийн Б.Гэйтс, LVMH-ийн Б.Арно нар топ 3-т бичигдсэн байна. Дэлхийн хамгийн баян эмэгтэй, Walmart-ийн залгамжлагч А.Валтон 54 тэрбум долларын үнэлгээтэйгээр 9-д бичигджээ. Гэхдээ коронавирусын хямрал дэлхийн хамгийн баян эрхэмүүдэд ч нөлөөлснийг хэд хэдэн тооноос харж болно. Нийт тэрбумтнуудын тоо 2019 оныхоос 58-аар буурч 2095 болсон бол нийт хөрөнгийн хэмжээ нь 700 тэрбумаар буурч 8 триллионаар хэмжигдэх болжээ. Жагсаалтын яг тал нь буюу 1062 эрхэмийн хөрөнгийн хэмжээ буурсан байна.


Горилогч: АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах сунгааны ялагч тодорлоо. "Ардчилсан социалист" хэмээн өөрийгөө тодорхойлсон Б.Сандерс нэрээ татаж байгаагаа зарласнаар экс дэд ерөнхийлөгч Ж.Байден сунгаанд ганцаараа үлдэж байна. Өмнө нь Х.Клинтонтой тун хүчтэй өрсөлдөж ялагдсан Б.Сандерс гараагаа муугүй эхлүүлсэн ч Техас, Иллинойс, Флорида зэрэг том мужуудад Байденд ялагдсан нь энэ шийдвэрийг гаргахад хүргэсэн нь энэ. Өдгөө 77 настай, Обамагийн дэдээр 8 жилийн турш ажилласан Ж.Байден 20 мужид ялж, 1228 төлөөлөгчийн саналыг өөртөө хураагаад байсан юм. Ардчилсан намын сунгаанд тэрбумтан М.Блүүмберг, сенатор Э.Варрен зэрэг нийт 29 хүн нэрээ дэвшүүлсэн нь түүхэн дэх хамгийн олон талтай, баялаг түүхтэй өрсөлдөөнд тооцогдох болсон билээ. Ерөнхийлөгч Д.Трамп болон Ж.Байден нарын тулаан 11-р сарын 3-нд товлогдоод байгаа юм.


Хандивлагч: Twitter, Square-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорси өөрийн нийт хөрөнгийн 28 хувь буюу 1 тэрбум долларыг коронавирусын эсрэг үйлсэд зарцуулах болсноо зарлалаа. Дорси Start Small нэртэй санг байгуулж байгаа нь энэ бөгөөд зарцуулалтыг ил тод байлгах үүднээс бүх гүйлгээний мэдээллийг агуулах Google Sheet-ийг мөн нээлттэй гаргажээ. Тэрээр одоогоор Лос Анжелес хотын захиргаанд 2,1 сая долларыг хандивлаад байгааг үүнээс харж болно. Нийт 3,6 тэрбум долларын хөрөнгөтэй Дорси цаашдаа сангаараа дамжуулан охидын эрүүл мэнд, боловсрол болон хүн болгоныг тогтмол орлоготой байлгах халамжийн бодлого UBI-ийн чиглэлд төвлөрөх гэнэ. Эдгээр чиглэлүүдийг дэмжих болсон шалтгаанаа тэрээр "дэлхий даяар үүсээд буй бүх асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийн тулд" хэмээн тайлбарлажээ.

4 мэдүүштэй баримт

Патент дайн: Дэлхийн Оюуны Өмчийн Газраас 2019 онд патент мэдүүлэх хүсэлтийн тоогоороо Хятад улс тэргүүлснийг зарлалаа. Энэ нь АНУ 1978 оноос хойш анх удаа тэргүүн байраа алдсан гэсэн үг. Сүүлийн 20 жилд 200 дахин их хүсэлт илгээх болсон Хятад 58,990 хүсэлт гаргасан бол АНУ 57,840 байжээ. Нийт патентын хүсэлтийн 52 хувь нь Азиас илгээгдэж байгаа бөгөөд дараагийн байруудад Япон, Герман, БНСУ бичигдсэн байна.

Аварга цооролт: ESA-ийн эрдэмтэд Хойд туйлын орчимд Грийнландаас гурав дахин том хэмжээтэй озоны цооролт үүссэн байгааг илрүүлсэн байна. Уур амьсгалын болон байршлын нөлөөгөөр цооролт голцуу өмнөд туйлд илүү үзэгддэг тул уг бүс нутагт илэрсэн хамгийн том цооролт судлаачдын анхаарлыг татаж байна. Ташрамд дурдахад, 2019 оны хэмжилтээр 1982 оноос хойш хамгийн бага цооролт ажиглагдсныг судлаачид зарласан билээ.

Үсрэлттэй компаниуд: FT-аас жил бүр танилцуулдаг Америкийн хамгийн хурдан өсөлттэй компаниудын жагсаалтыг видер тоглоом бүтээгч Niantic тэргүүллээ. Анх Google-ийн дотоод төслийн хувиар байгуулагдсан Niantic тусдаа гарсан даруйдаа Pokemon Go-г гаргаж шуугиулсан билээ. Жагсаалтын дараагийн байруудад UiPath, Freestar, FreightBase зэрэг стартапууд бичигдсэн байна.

Робот фанат: Энэ долоо хоногт нээлтээ хийсэн Хятадын Бэйсболын Лигт хөгжөөн дэмжигчдийг роботууд орлох нь. Цар тахлын хориотой холбоотойгоор тоглолтуудад хамгийн ихдээ 200 хүн оролцох хязгаарлалт тавигдсан боловч Rakuten Monkeys клуб робот дэмжигчдийг авчирч дуу чимээ, уур амьсгал оруулахаар төлөвлөжээ.

5 сонин хачин

1. Энэ оны сүүлээр худалдаанд гарах Playstation 5 шинэ консолоо танилцууллаа. Dualsense нэртэй уг утасгүй гар нь дизайн болон бүтцийн хувьд өмнөх загваруудаас "дэвшилтэт" болжээ хэмээн экспертүүд үзэж байна.

2. Disney 1973 онд анх бүтээгдсэн Робин Хүүдийн классик анимэйшнийг шинэчлэн хийх гэж байгаагаа зарлалаа. Гэхдээ The Lion King-ийн адил зарчмаар хийгдэх уг бүтээл театрын дэлгэцнээ бус шууд Disney+-аар цацагдана гэдгээрээ онцлог. Сонирхуулахад, Disney+ 5 сарын дотор 50 сая төлбөртэй хэрэглэгчтэй болсноо ил болгосон билээ.

3. 82 жилийн түүхтэй дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen шинэ логогоо хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Цахилгаан машины эрин үеийг илэрхийлэх дижиталд ээлтэй шинэ загвараа тэд өнгөрсөн 9-р сард анх танилцуулж байсан юм.

4. Видео дуудлагын апп-ийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед Google энэ төрлийн гол үйлчилгээндээ брэндийн шинэчлэл хийлээ. Тэд G-Suite дэх Hangout Chat-ийг Google Chat, Hangout Meet-ийг Google Meet нэртэй болгожээ. Эдгээр апп-уудаараа тэд байгууллагын харилцааны зах зээлд Slack, Teams болон Zoom-тэй өрсөлдөх зорилготой байгаа гэнэ.

5. Lady Gaga коронавирусын эсрэг тэмцэж буй үйлсэд нэгдэж "One World" нэртэй хандивын тоглолтыг 4-р сарын 18-нд зарлалаа. П.Мккартни, С.Вондер, Э.Жон, Б.Айлиш, Ж.Леженд зэрэг одод оролцох уг тоглолтын хөтлөгчөөр Ж.Феллон, Ж.Киммел зэрэг алдартнууд ажиллах бөгөөд дэлхий даяар шууд стримингээ цацах гэнэ. Цар хүрээгээрээ "Live Aid"-тай зэрэгцэх боломжтой гэгдэж буй уг тоглолтын хамтрагчаар WHO, Global Citizen ажиллаж байгаа юм.

10 уншууртай мэдээ

Ойлгох: Зукербергийн атаархал Инстаграмыг "шахсан" тухай /Bloomberg/

Үзэх: Уханий хорионы дараа /CNBC/

Турших: Facebook хосуудад зориулсан апп гаргав /The Verge/

Унших: М.Соны бүрэн ярилцлага /Forbes/

Ухах: WeWork Softbank-ийг шүүхэд өгөв /Techcrunch)

Цэгнэх: NASA коронавирусыг сансарт алдахгүйг хичээж байна /Astronomy/

Хүлээх: OPEC, ОХУ газрын тосны хэлэлцээрт хүрлээ /Reuters/

Судлах: Хэрхэн ганцаардах вэ? /Vox/

Гайхах: Яагаад Нью Йорк голомт болж хувирав? /CNN/

Ухаарах: Манлайлагчдыг эцэг эх төрүүлдэг /BBC/