1 гол сэдэв

Юуг онцлов?

Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн спортын лигүүдийн нэг NFL-ийн улирлын аваргаар Тампа Бэй тодорлоо. Тэд өөрсдийн цэнгэлдэхдээ өнгөрсөн жилийн аварга Канзас Ситиг 31:9-ээр буулгаж аван, түүхэндээ 2 дахь удаагаа Супер боулын эзэн болов. Домогт Т.Брэди Тампа Бэйг 2007 оноос хойш анх удаа плэйоффд хөтөлсөн. Харин 10 жилийн 500 сая долларын аварга гэрээ үзэглэсэн П.Махомесийн тэргүүлсэн Канзас Сити улирлын үзүүлэлтээр лигийг тэргүүлээд байсан юм.

Ахиад л Брэди юу?

Тийм. Өдгөө 43 настай Том Брэди өнгөрсөн зун 20 жилийг элээсэн төрөлх клубээ орхиж, Тампад ирэхэд олон хүн гайхаж байсан. Гэвч тэр өөрийгөө бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг холбогч гэдгээ батлах мэт тоглолтыг үзүүлсээр багаа ялалтад хүргэв. Тэрээр 10 дахь удаагаа финалдаж, 7 дахь удаагаа Супер боулыг хүртэж байгаа нь энэ. Сонирхуулахад, NFL-ийн ямар ч баг 6-аас олон удаа уг цомыг хүртэж байгаагүй юм.

Өөр сонин зүйл юу байв?

Мэдээж, The Weeknd-ийн завсарлагааны шоу. Түүний шоунд хөл хорионы хязгаарлалтын улмаас 1500 орчим хүн оролцсон нь энгийн үеийнхээс даруй 2-3 дахин бага үзүүлэлт. Мөн уг тоглолтыг зурагтаар 93 сая хүн үзсэн нь 2007 оноос хойших хамгийн муу үзүүлэлт байв. Гэхдээ стримингээр үзсэн хэрэглэгчдийн тоо 67 хувиар өсжээ. Маркетеруудын ид бяраа шалгадаг 30 секундын рекламын үнэ 5.5 сая доллар байжээ.

2 чухал тоо

14: Disney+ 94.9 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Энэ нь тэд 4 жилд багтаан хүрэхээр тооцсон зорилгодоо ердөө 14 сарын дотор хүрлээ гэсэн үг. Супер Боулын үеэр "Falcon and The Winter Soldier"-ийн шинэ трэйлэрээ цацсан Disney+ 2024 он гэхэд 230 сая хэрэглэгчтэй болно хэмээн зорилгоо шинэчилжээ.

1.500.000.000: Tesla 1.5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний биткойныг худалдан авснаа зарлалаа. Үүнтэй зэрэгцэн тэд машин худалдан авахдаа биткойн ашиглахыг зөвшөөрч эхэлсэн нь анхаарал татав. Биткойны үнэлгээ үүнтэй зэрэгцэн түүхэн дээд хэмжээндээ хүрч, 43 мянган долларын босгыг давжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Монгол түмэн цагаан сарын баяраа тэмдэглэлээ.

- Гэхдээ хөл хорионы улмаас улаанбаатарчууд ахиад л цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж чадсангүй. УОК, НОК удтал санал зөрөлдсөний эцэст хоёрдугаар сарын 23 хүртэл хөл хорио тогтоох шийдвэрийг гаргаж, энэ хооронд "нэг өрх-нэг шинжилгээ" хөтөлбөрийг хэрэгжүүлж, гол голомтуудыг давах зорилготой байгаагаа мэдэгдсэн билээ.

- Одоогоор манай улсад шинэ коронавирусийн 2251 бүртгэл бүртгэгдэж, 4 хүн амиа алдаад байна. Дэлхий даяарх халдварын тоо 100 саяыг даваад байгаа бөгөөд 2.3 сая хүн нас баржээ.

- Энэ хооронд шинэ ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг сэргээх "10 их наядын хөтөлбөр"-ийг зарлалаа. Тэрээр жижиг дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээл өгөх, ажлын байрыг сэргээх, боловсон хүчин бэлтгэх зэрэг дараагийн 3 жил хэрэгжих бодлогуудаа үүнд багтаасан байв. Мөн вакцинжуулах ажиллагааг гуравдугаар сараас эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.


II. Арабууд анх удаа Ангараг гарагт хүрлээ

- Арабын Нэгдсэн Эмират улсын долоон сарын өмнө илгээсэн "Hope" нэртэй сансрын хөлөг Ангараг гарагийн тойрог замд амжилттай нэвтэрчээ. 200 сая долларын төсөвтэй уг төсөл шинэ үеийн арабуудад урам зориг бэлэглэх онцгой ач холбогдолтой хэмээн тус улс үзэж байгаа юм.

- Уг хөлөг 2 жилийн турш Ангараг гарагийн уур амьсгалыг нарийвчлан судлах зорилготой. Энэ нь судлаачдад тус гарагийн агаар мандал, уур амьсгалын онцлог шинжийг ойлгох онцгой боломж гэсэн үг. 55 цаг тутамд гарагийг бүтэн тойрох уг хөлөг 9 хоног тутам дэлхий рүү иж бүрэн мэдээлэл илгээх аж.

- Энэ сард нийт 3 улс Ангараг гарагт хүрч буй. Тэдний дараахан Хятадын "Tianwen-1" ч мөн адил Ангараг гарагт хүрч, анхны зураг, бичлэгээ илгээгээд амжсан. Харин ирэх долоо хоногт АНУ-ын "Perseverance" хөлөг улаан нүдэн гарагт хүрэх хуваарьтай буй.


III. Clubhouse сошиал ертөнцийг байлдан дагуулав

- Өнгөрсөн долоо хоногт 1 тэрбум долларын үнэлгээтэй юникорн стартап болсон Clubhouse 6 сая хэрэглэгчтэй болов. Нийт 180 гаруй хувь хүн, байгууллагаас хөрөнгө оруулалт татсан тус апп зөвхөн урилгаар хэрэглэгчид оруулдаг байсан загвараа багахан өөрчилж, бүртгэлтэй хэрэглэгчид хүсэлт гаргасан найзуудаа хязгааргүй оруулах боломжтой болгосон нь үүний гол шалтгаан байв.

- Монголд ч Clubhouse хэрэглэгчдийн тоо эрс өсөж, анхны нөлөөлөгчид үүсэж эхлэв. Төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлгүүд өрнөж, заримд нь бүр амьд концерт ч явагдаад амжив. Цагаан сарын амралт, хөл хорионы нөхцөл дэлхий даяарх монголчуудыг уг апп руу татсан нь гарцаагүй.

- Гэхдээ тайвшрах болоогүй. Clubhouse-тэй төстэй аудиод суурилсан чатын нэмэлтийг өнгөрсөн жилээс хөгжүүлж эхэлсэн байсан Twitter туршилтаа хурдасгаж, зарим бүсэд нэвтрүүлж эхэлсэн байна. Мөн Facebook ч аудио чат хөгжүүлж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Shark Tank-ийн М.Кюбан ч Clubhouse-тэй адилхан загвартай, гэхдээ яриагаа бичлэг хийж хадгалах боломжтой шинэ апп-д хөрөнгө оруулснаа зарласан байна.

4 мэдүүштэй баримт

Мэдрэмж танигч: Английн инженерүүд радио долгион ашиглан хүний сэтгэл хөдлөлийг таамаглах чадалтай хиймэл оюун бүтээсэн байна. Зүрхний цохилт, амьсгалын мэдээллээс үндэслэн уг алгоримт хүнийг баяртай эсвэл айж, эмээж байгаа зэргийг 71 хувийн амжилттайгаар таамаглаж байгаа ажээ.

Хиймэл хавирга: Израйлын стартап дэлхийн анхны 3D принтерээр хэвлэсэн хавирганы стэйкийг гаргаж авснаа зарлалаа. Тэд махаа гаргаж авахдаа жинхэнэ үхрийн эсийг ашиглаж, ямар нэгэн генетикийн өөрчлөлт хийгээгүй гэдгээ онцолжээ.

Жин хасагч: Novo Nordisk хэмээх компани тураах үйлчилгээтэй эмийн бэлдмэлийн үр дүн туршилтаар батлагдсаныг зарлалаа. 16 орны 130 хүнд хийсэн туршилтаар уг эмийг уусан оролцогчдийн жин 68 долоо хоногийн туршид 15-20 хувиар буурсан гэнэ. 1000 долларын үнэтэй байх уг эм нь тархинд цатгалан дохио өгдөг хиймэл гормоныг үүсгэдэг үйлчилгээтэй ажээ.

Дөрвөн хөлт: Саяхан Boston Dynamics-ийг худалдаж авсан Hyundai дөрвөн хөлтэй робот машины концепцоо зарлалаа. TIGER нэртэй уг загвар нь алслагдсан орчинд бараа тээвэрлэх, судалгаа хийх зориулалттай. Үүнээс гадна тэд өөр гараг дээр хийх эрэл хайгуул, малтлагын ажилд уг роботыг тохирно хэмээн үзэж байгаа гэнэ.

5 сонин хачин

1. АНУ-ын сенат экс ерөнхийлөгч Д.Трампыг 2 дахь удаагаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж, Трамп 2 дахь удаагаа цагаатгагдлаа. Түүнийг нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд болсон дайралтыг өдөөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Ардчилсан намынхан үзсэн юм. Санал хураалтад Бүгд найрамдах намын 7 гишүүн эсрэг санал өгч, 57:43-аар импичмэнт хийх санал ялсан. Гэвч хуулинд заасан гуравны хоёрын дэмжлэг буюу 67 гишүүний санал авч чадаагүй учир түүнийг буруугүй гэж үзсэн ажээ. Үүнээс өмнө төлөөлөгчдийн танхим түүнд импичмент хийж, 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасах ёстой хэмээн үзээд байсан билээ.

2. Facebook ирэх жилд багтаан ухаалаг цаг зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Хэдий тэд одоогоор Андройд дээр суурилан бүтээгдэхүүнээ хөгжүүлж байгаа ч өөрсдийн үйлдлийн системийг бүтээх амбицтай байгаа гэнэ. Уг цаг нь фитнес, чат, эрүүл мэндийн үндсэн цэстэй, Facebook-ийн бусад бүтээгдэхүүн, төхөөрөмжүүдтэй нийцэж ажиллах давуу талтай байх юм.

3. Эмэгтэйчүүдээд ээлтэй хэмээх тодотголтой болзооны апп Bumble 13 тэрбум долларын үнэлгээтэйгээр нээлттэй компани боллоо. 2014 онд байгуулагдсан тус апп-ын онцлог нь эмэгтэй хэрэглэгч эхэлж үйлдэл хийхийг шаарддаг явдал юм. 2.2 тэрбум доллар зах зээлээс босгосон тэдний хувьцааны үнэ эхний өдрөө 77 хувиар өсжээ. Сонирхуулахад, тэдний гол өрсөлдөгч Tinder, OkCupid-ийг эзэмшигч Match Group БНСУ-ын нийгмийн сүлжээний фирм HyperConnect-ийг 1.7 тэрбумаар худалдан авчээ.

4. Microsoft шинэ санаа, сэдэл хайж, нэгтгэн цуглуулах боломж олгодог сошиал платформ Pinterest-ийг худалдаж авах хэлцэл эхлүүлжээ. Өдгөө 410 сая хэрэглэгчтэй болсон Pinterest-ийн үнэлгээ 51 тэрбум доллар бөгөөд Microsoft-ийн хувьд клоуд зах зээл дэх байр сууриа баталгаажуулах амбицтай нь уг хэлцэл огтлолцоно хэмээн үзэж буй. Сонирхуулахад, тэд өнгөрсөн оны сүүлээр TikTok-ийг нэгтгэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн билээ.

5. Amazon Prime 2005 онд дэлгэцнээ цацагдаж байсан "Mr. and Mrs. Smith" бүтээлээс сэдэвлэсэн телевизийн цуврал бүтээх болжээ. Киноны гол дүрд "Fleabag"-аараа Америкийг шуугиулж, Эммигээс 6 шагнал хүртсэн П.Валлер-Бриж болон реппер, жүжигчин, продюсер Д.Гловер нар тоглох болсон байна. Б.Питт, А.Жоли нарын тоглосон оригинал кино нь 500 сая долларын орлого олж байсан юм.

10 уншууртай мэдээ

Төсөөлөх: Твиттерийн CEO сошиал медиа доторх апп дэлгүүр үүсгэхийг зорьж байна /The Verge/

Сонирхох: Тим Күүкийн бүтээсэн шинэ эриний Apple /Bloomberg/

Турших: Aндройд 12-ийн урьдчилсан зургууд /XDA/

Хүлээх: OnePlus-ийн үүсгэн байгуулагч утасгүй чихэвч бүтээнэ /Engadget/

Гайхах: Apple ахисан түвшний дэлгэц бүтээж байна /Nikkei/

Сонсох: Т.Свифт яагаад бүх дуугаа дахиж бичүүлж байна вэ? /Vox/

Унших: Оффисыг өмөөрөхүй /Wired/

Сонирхох: Валентинаар турших, үзэх, сонирхох 100 зүйл /Posted/

Нээх: Мөөгийг таньж мэдэх нь /NYTimes/

Ойлгох: Microsoft, VW-тэй хамтарч жолоочгүй машины технологи хөгжүүлнэ /CNET/



Ковер зургийг: Axios

Ашигласан зургийг: Twitter, The Ringer, The Verge, FT, Bumble