1 гол мэдээ

Монгол улсад коронавирусын халдвараар өвчлөгдсийн тоо эрс нэмэгдэж, 136-д хүрэв. ОХУ-д суралцаж байсан сонсогчдын татан авах ажиллагаа явагдсантай холбоотой өсөлт ХӨСҮТ-ийн бэлэн байдлыг сорьж буй нь гарцаагүй.

Заавал мэдэх ёстой гол мэдээ:

Нийт халдварын тоо - 4.8 сая

Нийт нас барагсдын тоо - 316 мянга

Бразилд нийт өвчлөгсдийн тоо 250 мянгад хүрч, Итали, Францыг гүйцэв

ОХУ-д тархалт огцом нэмэгдсэн хэвээр л байна

Африкт 250 сая хүн халдвар авах эрсдэлтэй байгааг ДЭМБ онцлов

Бусад онцлох мэдээ

Европоос анхны бүрэн дарсан улс тодорлоо

Словен улс коронавирусын тархалтыг дотооддоо бүрэн зогсоолоо хэмээн мэдэгдлээ. Ингэснээр тус улс Европт анхдагч болж байгаа нь энэ. Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд 2 сая гаруй хүн амтай тус улсад 35 тохиолдол илэрсэн ч дотоодоос дамжсан нь тэгтэй тэнцүү байжээ. Гэхдээ тэд том хэмжээний эвентийг хориглох, маск заавал зүүх зэрэг шийдвэрийг 5-р сарын 31 хүртэл хадгалах гэнэ.

Муурнаас мууранд халдвар дамждаг

Висконсины Их Сургуулийн эрдэмтэд коронавирусын халдвар нь муурнаас муурд дамжиж халдаж байгааг тогтоосон байна. Туршилтын үр дүнд тэд гэрийн тэжээмэл амьтад тахлын үеэр ямар үүрэгтэй байгаа, мөн хүнд тархаах боломжтой эсэхийг тогтоох учиртай. Гэхдээ халдвар авсан муурнуудад халдварын шинж тэмдэг их сул, зарим үед шинж тэмдэггүйгээр илэрч байсныг эрдэмтэд онцолжээ.

Шүгэл үлээгчийн гутранги таамаглал

Д.Трамптай зөрөлдсний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн экс эксперт вакцин энэ оны эцэс гэхэд бэлэн болохгүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр 12-18 сарын дотор вакцин бүтээнэ гэдэг "урьд нь болж байгаагүй төгс гүйцэтгэл шаардахыг" онцлоод үүнээс илүү хугацаа шаардлагатай гэдгийг бодитоор хүлээн зөвшөөрөх ёстой хэмээжээ.

2 чухал тоо

37: NBA 37 жилийн турш лигийн албан ёсны бөмбөгийг нийлүүлсэн Spalding-тай байгуулсан гэрээгээ цуцаллаа. Тэд 2021-22 оны улирлаас эхлэн Wilson-той түншлэнэ гэнэ. Wilson 1946 онд лигийн анхны бөмбөгийг үйлдвэрлэж байжээ.

400,000,000 - Facebook хөдөлгөөнт зургийн хамгийн том сан Giphy-г 400 сая доллараар худалдан авлаа. Сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон уг форматыг өдөрт 700 сая хүн хэрэглэдэг бөгөөд Messenger, Instagram, Whatsapp-ийн сүлжээний нэг хэсэг болгох зорилготой байгаа гэнэ.

3 онцлох зүйл

Горилогчид: 6-р сарын 24-нд явагдах УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрс урьдчилсан байдлаар тодорхой боллоо. Хуульд заасны дагуу намууд сонгуулийн 29 тойрогт өрсөлдөх 76 хүртэлх нэр дэвшигчээ 5-р сарын 16-нд ил болгосон юм.

МАН: Экс дарга М.Энхболд тэргүүтэй 20 гаруй гишүүдээ өнжүүлж, 34 шинэ хүн нэр дэвшүүллээ. МАН шинэчлэлээ бататгаж, засгийн эрхээ ахин тогтоож чадах уу?

АН: О.Баасанхүү, С.Жавхлан нарыг эгнээндээ нэгтгэж, бие даана хэмээн тунирхсан "архагуудтайгаа" эвлэрч, залуусаа "гомдоосон" 76 нэрээ ил болголоо. Тэдэнд ард түмэн итгэх болов уу?

МАХН: Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Баянгол дүүрэгт өрсөлдөнө. Гэхдээ ахиад л буцаагдах юм биш биз?

"ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" - Сошиал нөлөөлөгчид, эрдэмтэн профессорууд, салбарын экспертүүд бүхий 66 хүнийг илгээв. Тэд гэнэтийн бэлэг барьж чадах уу?

Бие даагчид: Түүхэнд хамгийн олон хэмээх тодотголтой бие даагчдын талаас илүүгийнх нь материал буцав. Тэднээс тодрох од бий юу?


Колончлогчид: NASA сарыг эзэмшихтэй холбоотой аливаа асуудалд зохицуулалт болох учиртай "Artemis Accord" нэртэй гэрээний баримт бичгийг гаргалаа. 2024 онд сар луу сансрын нисгэгч илгээх зорилготой байгаа АНУ энэхүү хэлцлээр дамжуулан саран дээр олборлолт явуулах, дундын бүс байгуулах, бусдын эрх ашгийг хүндэтгэх зэрэг нарийн төвөгтэй харилцааг тодорхой болгохыг хүсэж байна. Уг гэрээнд Канад, Япон улсууд эхний ээлжинд нэгдэхэд бэлэн байгаа аж. Гэхдээ сансрын технологийн тэргүүлэх гүрнүүдийн нэг ОХУ энэ зөвшилцлийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд "Иракийг эзлэх нь сарыг түрэмгийлэхтэй агаар нэг" хэмээн мэдэгджээ.


Тэргүүлэгчид: Samsung-ийн Galaxy A51 энэ оны эхний улиралд 6 сая ширхэг борлуулагдаж, нийт зах зээлийн 2.3 хувийг эзэлснээр хамгийн өндөр борлуулалттай Андройд утсаар нэрлэгджээ. Тэдний араас Xiaomi-ийн Redmi 8 бичигдсэн байна. Топ 6-д премиум загварын ганцхан утас багтсан нь Samsung Galaxy S20+ байсан нь хэрэглэгчид дундаж үнэтэй ухаалаг утсыг илүүд үзэж байгаагийн илрэл болов. Strategy Analytics-ийн мэдээлснээр өнгөрөгч улиралд 275 сая утас дэлхий даяар борлуулагдсаны 86 хувь нь Андройд байжээ.

4 мэдүүштэй баримт

RIP TON: Telegram өөрсдийн хөгжүүлж байсан блокчэйнд суурилсан төслөө зогсоож байгаагаа зарлалаа. Тэд 2018 онд TON нэртэй криптовалютыг танилцуулж, улмаар ICO-оор дамжуулж, 1.7 тэрбум долларыг босгоод байсан юм.

Робот хянагч: Boston Dynamics-ийн хөгжүүлсэн Spot нэртэй дөрвөн хөлт робот Сингапурт эргүүлийн зориулалттай туршигдаж эхэллээ. Уг робот цар тахлын үеэрх журмыг сахиулах үүднээс хүмүүсийг хоорондоо зайтай явж байгаа эсэхэд хяналт тавин, мэдрэгчийнхээ тусламжтай хэт ойр явбал анхааруулах үүрэгтэй байх гэнэ.

Гэрээсээ ажиллагсад: Твиттер цар тахал дууссан ч ажилчдадаа гэрээсээ ажиллах эрх чөлөөг бүрэн олгоно хэмээн мэдэгдлээ. Тус компани 3-р сараас хойш зайнаас ажиллаж буй бөгөөд оффисуудаа 9-р сар хүртэл нээх төлөвлөгөөгүй байгаа гэнэ.

AI тэмцээн: Европ, Австралийн эрдэмтэд хиймэл оюун ашиглан хөгжмийн бүтээл зохион өрсөлдөх тэмцээн явуулсан байна. "AI Eurovision" хэмээн нэрлэгдсэн уг тэмцээнд нийт 13 баг өрсөлдсөн бөгөөд зэрлэг байгалийн болон амьтдын дуу чимээг ашиглан бүтээлээ туурвисан Австралийн баг түрүүлжээ.

5 сонин хачин

1. Google Chrome-ийн хэрэглэгчид веб хөтөч дээр нээсэн хуудсуудаа ангилж, өнгөөр ялган бүлэглэх боломжтой боллоо. Энэ нэмэлт нь удаан хугацааны турш хэрэглэгчдээс ирсэн санал хүсэлтийн хариу бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн нэвтрэх гэнэ.

2. Шатрын ертөнцийн супер од Магнус Карлсен 1 сая долларын шагналын сантай онлайн цуврал тэмцээн явуулах болсноо зарлалаа. Тэрээр дэлхийн холбооныхоо тэмцээнд оролцохгүй болсон нь энэ бөгөөд онлайн тэмцээнүүдээ "их дуулгын" хэмжээнд хүрэх потенциалтай хэмээн онцолжээ.

3. Германы Бундеслига 2 сарын дараа эргэн ирсэн нь спортын фенүүдэд итгэл төрүүлэхүйц мэдээ боллоо. Тоглолтууд нэг ч үзэгчгүйгээр, урьдчилан тогтоосон нарийн протоколын дагуу үргэлжлэх бөгөөд тоглогчдыг гоолын баяраа тэмдэглэхдээ хүртэл зайгаа барихыг сануулж байна. Үүнтэй зэрэгцэн Итали, Испанид клубүүд бэлтгэлдээ гарч эхэлжээ.

4. Apple 2021 оны эхний хагаст багтаан 10.8 инчийн дэлгэцтэй буюу одоогоорх хамгийн том iPad-аа танилцуулах тухай эх сурвалжууд мэдээлж байна. Мөн 9 инчийн iPad Mini ч зах зээлд гарахад бэлэн болоод байгаа аж. Харин удтал хүлээгдэж буй AR нүдний шилний 2022 он гэхэд худалдаанд гарах боломжтой хэвээр байгаа гэнэ. Сонирхуулахад, Apple VR эвент зохион байгуулалтын технологи хөгжүүлэгч NextVR-ийг 100 сая доллараар худалдан авчээ.

5. Disney+ залуусын дунд ихэд эрэлттэй Перси Жэксоны түүхээс сэдэвлэсэн цуврал бүтээх болсноо зарлалаа. "Percy Jackson"-ий кино 2010, 2013 онд гарч, нийлээд 500 сая долларын орлого олсон ч зохиолч болон фенүүд нь оригинал эхтэйгээ харьцуулахад "амжилтгүй" болсон хэмээн үздэг юм. Ташрамд дурдахад, Disney 2021 оны 10-р сард нээхээр төлөвлөж байсан "Hamilton" жүжгийг кино театраар бус стримингээр энэ оны 7-р сараас эхлэн цацахаар болжээ.

10 уншууртай мэдээ

Унших: Интернетийг аварсан хакерын өчил /Wired/

Төсөөлөх: Хойд Солонгосыг эмэгтэй хүн удирдах уу? /Bloomberg/

Танилцах: Игор Левит, өвөрмөц төгөлдөр хуурч /New Yorker/

Гайхах: Тахлын үеийн номын зах зээл /Esquire/

Мэдэх: Хиймэл махны борлуулалт эрс өсөв /The Verge/

Үзэх: "The Wretched" мини бокс оффисийг тэргүүллээ /Variety/

Сонирхох: Дотуур хувцасны зах зээлийн хувьсгал /CNN/

Ангайх: Шинэ Unreal Engine-тэй танилц! /PC Gamer/

Ойлгох: Obamagate-ийг ойлгох нь /Vox/

Төлөвлөх: Карантины үеэр унших 20 Ном /The Atlantic/