1 гол сэдэв

Microsoft жил бүр хөгжүүлэгчдэд зориулан зохион байгуулдаг Build арга хэмжээгээ бүрэн онлайн хэлбэрээр явууллаа. 48 цагийн турш 604 виртуал хэсгээс бүрдсэн уг эвентээс бид дараах зүйлсийг онцолж байна.

Хамгийн онцлох нь юу байв?

Microsoft Edge-ийн шинэчлэл. Хэрэглээгээрээ Firefox, Opera-г гүйцэж, зөвхөн Chrome-ийн ард бичигдэх болсон веб хөтөчдөө тэд ихээхэн анхаарал хандуулж буй нь ил болов. Тэд "sidebar" нэртэй нэмэлтээрээ хэрэглэгчид дэлгэцээ хувааж хайлт хийх, зураг-видео үзэх боломжоор хангасан байна. Pinterest-ийг үүндээ бүрэн шингээж өгсөн нь сонирхол татлаа. Мөн "web inspector" цэсэнд 3D үзэлтийн хэсэг оруулсан нь хөгжүүлэгчдээс талархал хүлээж байна.

Хамгийн сонирхолтой нь юу байв?

Microsoft Lists. Гэхдээ үүнийг хийх ажлын жагсаалт хөтлөгч To-Do-тэй холих хэрэггүй. Lists бол Office 365 болон Teams-тэй хоршин ажиллах ажил гүйцэтгэлийн хяналтын апп. Хэрэглэгчид өөр өөр апп-ууд дээрх ажлуудаа бүртгэж, тэдгээрийн явцыг шууд хянах боломжийг Lists олгох аж. Үүнээс гадна бүх төрлийн онлайн апп, платформууд дээр нийцэж ажиллах боломжтой, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэх Google Docs-ийн дараагийн үе хэмээн тодорхойлсон Fluid формат нь өндөр потенциалтай санагдлаа.

Хамгийн анхаарал татсан нь юу байв?

Azure-д суурилсан AI, AR технологи хөгжүүлэлт. Тэд энэ оны 7-р сард худалдаанд гарах 3500 долларын үнэтэй Hololens 2-ийн хэрэглээ үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсролын салбарт нэмэгдсээр буй. Шинээр 15 улсад борлуулагдаж эхлэх уг төхөөрөмж 5G технологийг дэмжих болсон бөгөөд гарын хөдөлгөөнөөр болон дуу хоолойгоор удирдах нэмэлтээ эрс шинэчилснийг онцлов. Мөн Microsoft Azure-ийн үүлэн технологи дээр суурилсан, дэлхийд 5-д бичигдэх хүчирхэг супер компьютерийг OpenAI-тай хамтран бүтээжээ. Тэд өнгөрсөн жил уг төсөлд 1 тэрбум долларын хандив өргөсөн юм. Үүнээс гадна CEO С.Наделла мөн робот автоматжуулалтын хэрэгсэл хөгжүүлэгч Softomotive-ийг худалдаж авснаа зарлажээ.

2 чухал тоо

560,000 - Майкл Жорданы 1985 онд өмссөн, гарын үсэгтэй Nike Air Jordan 1 пүүз дуудлага худалдаагаар 560 мянган доллараар зарагдаж, хамгийн үнэтэй пүүзэд тооцогдох боллоо. ESPN-ий бүтээл "Last Dance"-ийн сүүлийн ангитай зэрэгцэн явагдсан дуудлага худалдааны сүүлийн 20 минутанд үнэ 300 мянгаар нэмэгдсэн гэнэ.

37,600,000 - Японы теннисчин Наоми Осака өнгөрсөн 12 сарын хугацаанд 37.6 сая долларын орлого олсноор түүхэн дээд амжилт тогтоолоо. Өмнө нь нэг жилд хамгийн өндөр орлого цуглуулсан эмэгтэй тамирчны амжилтыг 2015 онд М.Шарапова 29.7 сая доллараар тогтоож байсан юм.

3 онцлох зүйл

Коронавирусын цар тахал дэлхийг нөмөрсөн хэвээр л байна. Бид энэ долоо хоногийн гол зүйлсийг ийн онцоллоо.

Таны мэдэх ёстой гол тоонууд:

Нийт халдвар: 5.4 сая

Нийт нас баралт: 346 мянга

Нийт эдгэрэлт: 2.3 сая

Монголд: 141 тохиолдол

Нэг өдрийн дээд үзүүлэлт бүртгэгдлээ

Өнгөрсөн пүрэв гарагт дэлхий даяар нийт 106 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал гарснаас хойших дээд үзүүлэлт болсныг ДЭМБ мэдээллээ. Нийт тохиолдлын 70 орчим хувь нь Бразил, Энэтхэг, ОХУ, АНУ-д гарсныг мөн онцолсон бөгөөд бага, дунд орлоготой орнуудад тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа нь тайвшрах болоогүйг сануулж байна хэмээн онцолжээ.

Бразил шинэ голомт болов

Бразил нийт 363 мянган тохиолдолтой болсноор ОХУ, Испанийг гүйцэн 2-р байрт бичигдэх болов. Зөвхөн Баасан гарагт л гэхэд 20.8 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Перу, Чили, Эквадор зэрэг Латин Америкийн бусад орнуудад ч тархалт эрчимтэй нэмэгдэж, бүгд хамгийн их тархалттай 20 орны жагсаалтад багтсан нь голомт өөр тив рүү нүүж байгаагийн илрэл болж байна.

50-30-ын загварыг санал болголоо

Эрдэмтэд цар тахалтай тэмцэх үед улс орнуудыг 50 өдөр хөл хорио тогтоож, 30 өдрийн турш аажмаар түүнийгээ бууруулах нь хамгийн үр дүнтэй арга байх боломжтойг санал болголоо. Тэд нийт 16 улсын жишээн дээр суурилан хийсэн судалгааны дүнд энэ арга нь эдийн засагт хамгийн бага сөрөг үр дагавар авчирч, нас баралтыг 2 дахин бууруулах боломжтойг тогтоожээ.

4 мэдүүштэй баримт

Сельфи уншигч: Оросын эрдэмтэд сельфи зургаас нь тухайн бие хүний зан төлөвийг тодорхойлдог AI хөгжүүлсэн байна. Тэд туршилтдаа 12 мянган хүний 31 мянган сельфиг хамруулж, өөрсдийнх нь бөглөсөн зан төлөвийн тесттэй харьцуулж үр дүнгээ хянасан аж. Туршилтын үр дүнд уг хиймэл оюун тухайн хүний зан араншингийн онцлогийг 58 хувьтай зөв таамаглаж байжээ.

Шавран урсац: Чехийн эрдэмтэд Ангараг гаргийг бүрхэн байрласан галт уулын шингэн нь лава биш шавар байж болох тухай таамгыг дэвшүүллээ. Тэд лабораторийн түвшинд эрдэмдтийн эргэлзээг удтал төрүүлсээр буй гадаргын хэв шинжийг дуурайлган гаргаж авсан нь энэ бөгөөд Ангараг дээр шавар "буцалж буй шүдний оо шиг" байх боломжтойг онцолжээ.

Супер интернет: Австралийн судлаачид секундэд 44.2 терабитын хурдтай интернет холболтыг бүртгэж дээд амжилт тогтоолоо. Ийм хурдаар хэрэглэгчид HD чанартай 1000 киног секунд хүрэхгүй хугацаанд татаж авах боломжтой гэсэн үг юм.

Лазер зэвсэг: АНУ нисэж буй обьектийг хөдөлгөөн дунд нь онилон устгах чадалтай лазер зэвсгийн туршилтыг Номхон Далайд хийлээ. 2018 оноос хойш хөгжүүлэгдэж буй уг зэвсгийн үзүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч эх сурвалжууд 150 киловатын лазер нь жижиг онгоц, дроны дайралтаас хамгаалах зориулалттай хэмээн мэдээлж байна.

5 сонин хачин

1. TikTok-ийн шинэ CEO тодорлоо. Диснейд 20 гаруй жил ажиллахдаа стратеги хариуцсан захирал хүртэл дэвшиж, хамгийн сүүлд Disney+-ийг нээх төслийг тэргүүлсэн Кевин Майер тус компанийг удирдах болсон байна. 58 настай Майер үүнээс гадна толгой компани болох Хятадын ByteDance-ийн COO-ийн үүргийг гүйцэтгэх ажээ.

2. Pixar түүхэндээ анх удаа ижил хүйстэн гол дүртэй анимэйшн бүтээлээ танилцууллаа. "Out" нэртэй 9 минутын уг бүтээл нь тэдний "SparkShorts" нэртэй шинэ артист, шинэ түүхийг эрэлхийлсэн 7 богино хэмжээний анимэйшн бүхий төслийн нэг хэсэг бөгөөд Disney+-аар шууд үзэх боломжтой аж.

3. Facebook жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гэх тодотголтой Facebook Shops нэмэлтээ танилцууллаа. Хэрэглэгчид тухайн дэлгүүрийн пэйж хуудсаас шууд дэлгүүрийн цэс рүү нэвтэрч, улмаар худалдан авах хийхээс гадна Facebook Live-ийн үеэр борлуулалт хийх, лояалти хөтөлбөр нэвтрүүлэх, AI-д суурилсан 3D төсөөлөл олгох зэрэг нэмэлт ашиглах боломжоор хангаж байгаа гэнэ. Instagram дээр мөн ижил төстэй Shop нэмэлт нь энэ зунаас нэвтрэх ажээ.

4. Walmart 4 жилийн өмнө 3.3 тэрбум доллараар худалдан авч байсан Jet.com-ийг хааж байгаагаа зарлалаа. Amazon-той өрсөлдөх гол найдвараа хэмээн тодорхойлж байсан уг төсөл ийн бүтэлгүйтэж байгаа ч Walmart-ийн онлайн бизнесийн борлуулалт 74 хувиар өсөж, эрэлтийг хангах үүднээс апп-уудаа нэгтгэн шинэчилж байгаа ажээ.

5. Apple маск зүүсэн үедээ утасны түгжээгээ хялбараар тайлах боломжийг энэ долоо хоногт нээлттэй болсон iOS 13.5-ийн шинэчлэл дээр багтаажээ. Өмнө нь масктай үед Face ID 2 секунд орчим таних оролдлого хийдэг байсан бол одоо шууд пин код хийх сонголт гарч ирэх аж. Сонирхуулахад, Apple iPhone 12-оос эхлэн шинэ хэрэглэгчдэд дагалдаж ирдэг утастай чихэвчийг хайрцгаас хасахаар төлөвлөж байгаа гэнэ.

10 уншууртай мэдээ

Тайлбарлах: Хонгконгийн хуультай холбоотой мэдэх ёстой бүх зүйлс /BBC/

Ухах: Ковидын од "Worldometer"-ийн нууцлаг түүх /CNN/

Үзэх: Америкийн хамгийн их үзэгчтэй 100 шоу /Variety/

Танилц: Боб & Даг: Crew Dragon-ий нисгэгчид /Space.com/

Харамсах: Terrace House-ийн од, мэргэжлийн бөх нас баржээ /Vulture/

Сонсох: Маскны түүх /NPR/

Ойлгох: Афганистан яагаад 2 ерөнхийлөгчтэй болсон бэ? /Reuters/

Тооцох: Америкийн баячууд 434 тэрбумаар хөрөнгө нэмжээ /CNBC/

Мэдэх: Бразил дахь тахлын бодит нөхцөл байдал /CNN/

Унших: Фэйсбүүк бол Зукербергийн бүтээл /NYTimes/