Юу болов?

Дэлхийн технологийн ертөнцийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг Consumer Electronics Show 2024 уламжлал ёсоор Лас Вегаст явагдлаа. Салбарын топ брэнд, компаниудын шинэ бүтээгдэхүүн, төслөө танилцуулдаг уг шоуны энэ жилийн тренд AI байсанд гайхах зүйл байсангүй. Эдгээрээс Rabbit R1 нэртэй, 199 долларын үнэтэй AI туслахын үүрэг гүйцэтгэх халаасны төхөөрөмж хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг байв. Уг төхөөрөмж нээлтээ хийсэн даруйдаа 10.000 гаруй захиалга хүлээн авчээ.

Хамгийн том дүр нь юу байв?

Samsung энэ жил хэд хэдэн бүтээгдэхүүнээрээ анхаарал татав. TV Frame-ийн амжилтын дараа тэд арай жижиг хэмжээтэй, дижитал жааз болон дуу өсгөгчийн үүргийг давхар гүйцэтгэх Samsung Music Frame-ийг танилцуулсан. Мөн Ballie нэртэй проекторын үүрэг гүйцэтгэх жижиг роботын танилцуулга ч анхаарал татлаа. Экспертүүдийн зүгээс дэлгэцийн гэрэл цацруулагчгүй Samsung S95D зурагтыг энэ жилийн хамгийн шилдэг ТВ байлаа хэмээн дүгнэж байна.

Өөр сонирхолтой юу зарлагдав?

CES-ийн үеэр концепц бүтээгдэхүүнүүд гардгаараа ялгардаг. Үүнээс Honda-ийн Cybertruck-д өгөх хариулт гэж хэлж болох Zero Saloon-ийг онцолъё. Мөн LG-ийн нэвт харагддаг зурагт LG Signature OLED T, Android болон Windows-ийн хослол болсон лаптоп Lenovo-ийн Thinkbook Plus Gen 5 Hybrid, арван өөр дизайнаар солигдож, дуу хоолойгоор удирдагдах ухаалаг бидет суултуур Kohler Numi 2.0 зэрэг бүтээгдэхүүнүүд оролцогчдын ярианы гол сэдэв байжээ.

2 чухал тоо

2.890.000.000.000 - Microsoft-ийн үнэлгээ 2.89 их наяд долларт хүрч, Apple-ийг гүйцэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани боллоо. Apple-ийн гол төхөөрөмж iPhone 15-ын борлуулалт буурч байхтай зэрэгцэн Microsoft AI-д суурилсан Copilot нэмэлтээ идэвхжүүлсэн нь энэ шилжилтэд гол үүрэг гүйцэтгэв.

1.48 - 2023 он албан ёсоор хамгийн халуун жилээр бүртгэгдлээ. 1850 оноос хойшхи албан ёсны бүртгэлд өмнөх рекорд 2016 онд тогтоогдож байсан. 2023 оны дундаж температур аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 1.48 градусаар өсчээ. Ташрамд дурдахад, хүн төрөлхтөн дэлхийн дулаарлыг 1.5 градусын өсөлтөөр хязгаарлахыг эрхэм зорилгоо болгож байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. Алтан бөмбөрцөг 2024 явагдлаа.

- 81 дэх удаагийн Алтан бөмбөрцгийн хамгийн нэр хүндтэй шагналыг Oppenheimer хүртлээ. Алдарт К.Нолан энэ наадмаас анх удаа шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн. Үүнээс гадна шилдэг эрэгтэй гол дүр болон туслах дүрийг оролцуулан нийт 5 шагналыг тус бүтээл өөрийн болгожээ. Харин хамгийн олон төрөлд өрсөлдсөн Barbie дөнгөж 2 төрөлд л ялалт байгууллаа.

- Телевизийн цувралын төрөлд энэ жил эцсийн бүлгээ цацсан Succession 4 цом хүртэж манлайлав. Тус цуврал шилдэг драмагийн төрөлд 3 дахиа тэргүүлсэн нь The X-Files, Mad Men-ийн рекордтой тэнцэж байгаа хэрэг юм. Мюзикл, комедигийн төрөлд The Bear, мини цувралын төрөлд Beef гол шагналуудыг хүртжээ.

- GenZ-ийн хамгийн том поп од Билли Айлиш Barbie-д зориулсан "What Was I Made For?" дуугаараа шилдэг дууны шагнал хүртсэн. Beef-ийн од Эми Вонг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн анхны ази гаралтай эмэгтэй болжээ. Тэрчлэн Killers of The Flower Moon-ийн Л.Гладстоун шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн анхны уугуул гаралтай эмэгтэй болсон байна.


II. 2024 оны их цомхотголын улирал эхэллээ.

- Технологийн компаниудын хувьд оны эхээр буюу эхний улиралд үйл ажиллагааы тайлантай холбоотойгоор ажиллах хүчний бодлогодоо өөрчлөлт оруулж, цомхотгол явуулдаг уламжлал тогтсон гэж хэлж болно. Энэ долоо хоногт Unity, Cloudflare, Duolingo

- Энэ жилийн давлагаа Twitch-ээс эхлэв. Тоглоомчдын дунд алдартай видео стриминг платформ нийт ажиллах хүчнийхээ 35% буюу 500 гаруй ажилтныг чөлөөлж байгаагаа зарлалаа. Twitch-ийн толгой компани Amazon-ийн хувьд Prime Video, MGM-ийн нэгжээс мянга гаруй ажилтныг халсан байна. Тус компани 2022 оны сүүлээс өдийг хүртэл 27 мянган ажлын байрыг цомхотгожээ.

- Залуусын дунд хамгийн алдартай комьюнити платформ Discord-ийн хувьд нийт 170 ажилтнаа чөлөөлсөн нь компанийн хүний нөөцийн 20%-тай нь тэнцэх тоо юм. Google-ийн хувьд 2021 онд худалдан авсан Fitbit-ийн багт хамгийн том цомхотголоо хийсэн дотор үүсгэн байгуулагчид нь багтсан байна. Мөн биет төхөөрөмж, Google Assistant-ийн багийг оролцуулан халсан ажилчдын тоо нь хэдэн зууд дөхнө хэмээн эх сурвалжууд мэдээлэв.


III. Биткойн ETF арилжаалагдаж эхэллээ.

- АНУ-ын үнэт цаас, санхүүгийн зохицуулах байгууллагаас биржээр арилжаалагддаг биткойны сан буюу ETF-ийг албан ёсоор зөвшөөрлөө. Энэ бол биткойн болон крипто зах зээлийг масс хэрэглээнд нэвтрүүлэх чухал алхам билээ.

- Дэлхийн хамгийн том хөрөнгийн удирдлагын фирмүүд болох BlackRock, Fidelity, Grayscale тэргүүтэй нийт 11 компанид ETF гаргах зөвшөөрлийг олгосон юм. Биткойны ханш уг зөвшөөрөлтэй холбоотойгоор тогтмол өсөлттэй байсаар одоогоор 42 мянган долларт тогтоод байна.

- Хөрөнгийн зах зээлд криптог ийн албан ёсоор зөвшөөрсөн нь сүүлийн жилүүдэд уналттай байсан тус зах зээлийг сэргэх нь гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Бүтэлгүй оролдлого: Astrobotic хэмээх сансрын стартапын саран дээр газардсан анхны хувийн компани болох оролдлого бүтэлгүйтлээ. NASA-аас санхүүжүүлсэн Peregrini хөлөг нислэгийн үеэр гэмтэл авч, шатахуунаа алдаж, улмаар газардах боломжгүй болсон байна. Хэрвээ уг хөлөг амжилттай буусан бол 1972 оноос АНУ-аас саран дээр газардсан анхны хөтөлбөр болох байсан юм.

Шинэ материал: Microsoft PNNL судалгааны лабораторитой хамтран AI-ийн тусламжтайгаар батарейн шинэ материалыг гарган авснаа зарлалаа. Тэд ердөө 80 цагийн дотор 32 сая төрлийн хувилбараас шинжилгээ хийж, одоогийн батарейн бүтцээс илүү үр ашигтай, хямд сонголтыг бий болгосон гэнэ.

Хойшлогдсон хөтөлбөр: NASA-ийн саран дээр нисгэгчээ илгээх Artemis төсөл тодорхой шалтгаануудын улмаас хойшилсныг зарлалаа. Энэ оны сүүлээр хийгдэх байсан сансрын нисгэгчтэй туршилтын нислэг 2025 оны 9-р сар луу, газардах учиртай Artemis III төсөл бүр 2026 онд хийгдэх болжээ.

Эрт төгсгөл: Instagram-ийн үүсгэн байгуулагчид болох К.Систром, М.Криегер нарын эхлүүлсэн медиа стартап "Artifact" үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлалаа. AI ашиглан хэрэглэгчийн зан төлөвт таарсан мэдээг олон эх сурвалжаас санал болгодог тус апп цаашид улам өсөх зах зээлийн орон зай хомс хэмээн үзсэн нь уг шийдвэрийн үндэс болжээ.

5 сонин хачин

1. 2004 онд анх гарч байсан Mean Girls-ийн мюзикл хувилбар бокс оффисыг тэргүүлж, дэлхий даяар 38.5 сая долларын орлого цуглууллаа. Тус кинотой Ж.Статхамын гол дүрий нь бүтээсэн "The Beekeeper" хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж 2-р байрт жагсчээ.

2. Ухаалаг төхөөрөмжийн хэрэглэл, хэрэгслүүдээр алдаршсан Anker хамгийн анхны зөөврийн цахилгаан цэнэглэгчээ худалдаанд гаргалаа. Kickstarter-аас 6 сая доллар босгож чадсан Solix F3800 нь аялалд авч явж машинаа цэнэглэх, хүчин чадлаа бүрэн өргөтгөсөн үед гэрийн хэрэглээг 7 хоногийн турш хангах чадалтай гэнэ.

3. 10 их наядын хөрөнгө удирддаг BlackRock түүхэн дэх хамгийн том худалдан авалтаа хийж, GIP-ийг 12 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэлээ. Эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг эзэмшдэг GIP Лондон, Сиднейн онгоцны буудлын эзэн гэдгээрээ алдартай билээ.

4. Open AI хөгжүүлэгчдэд нэмэлт орлогын эх үүсвэр олгох GPT Store-ийг нээлээ. 11-р сард анх GPT Builder хөтөлбөрийг зарласан тус компани хөгжүүлэгчдэд өөрсдийн моделийг ашиглан бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд зарах боломжийг нээж байгаа нь энэ юм.

5. Италид төвтэй технологийн компани Bending Spoons ээлжит худалдан авалтаа хийж, Meetup-ийг портфолиодоо нэмлээ. Үүний өмнө тэд технологийн хорхойтнуудын хамгийн хайртай апп-уудын нэг Evernote-ийг худалдаж аваад байсан билээ.

10 унших мэдээ

Үзэх: Game of Thrones-ийг бүтээгчдийн хамгийн том бооцоо /Hollywood Reporter/

Гайхах: Б.Гэйтс хүртэл гайхсан OpenAI-ийн тухай яриа /Axios/

Онцлох: Алтан бөмбөрцөг 2024-өөс онцлох 10 мөч /Unread/

Мэдэх: Дани шинэ хаанаа угтаж авлаа /BBC/

Тооцох: Бүгд найрамдах намын сунгааны өмнө /CNN/

Анхаарах: Тайванийн сонгуулийн дүн Бээжинд нөлөөлөх үү? /SCMP/

Хүлээх: 2023 онд крипто ертөнцөд юу болов? /Krypto/

Турших: CES 2024-ийн шилдгүүд /The Verge/

Сонирхох: Disney NFL нийлэх үү? /Variety/

Анзаарах: Давосын өмнө /Mckinsey/