1 гол сэдэв

Энэ долоо хоногт технологийн томоохон компаниуд улирлын тайлангаа танилцууллаа.

Amazon - Ухаалаг стратеги

- 3-р улиралд тэд 143.1 тэрбум долларын орлоготой ажилласан нь 13%-ийн өсөлт байв.

- Цэвэр ашиг нь ч гурав дахин нэмэгдэж, 9.9 тэрбум долларт хүрлээ. Энэ мэдээний дараа тэдний хувьцааны үнэлгээ 6%-аар өсчээ.

- Өмнөх улиралд түүхэн үзүүлэлт болох 27 мянган ажилтнаа цомхотгосон тэд зардал хэмнэх стратегиа үргэлжлүүлнэ. Ялангуяа клоуд үйлчилгээ AWS-ийн үйл ажиллагааны маржин 30%-д хүрэхэд энэ шийдвэр эерэг нөлөө үзүүлснийг шинжээчид онцолж байна.


Microsoft - Хүлээлтээс давсан амжилт

- Цэвэр ашиг 27%-аар, борлуулалтын орлого 13%-аар нэмэгджээ. Энэ нь тэд өнгөрсөн улиралд 22.3 тэрбум долларын цэвэр ашиг олсон гэсэн үг.

- Тэдний бизнесийн гол од нь Office хэвээр байна. Office 365-ийн төлбөрт хэрэглэгчдийн тоо 18%-аар нэмэгдэж, 76.7 саяд хүрчээ. Microsoft Teams ч хэдийнээ 320 сая хэрэглэгчтэй, байгууллагын харилцааны лидер болов.

- Гэхдээ клоуд бизнесийн өсөлт нь хамгийн онцлохуйц байв. Azure-ийн нэгж нийт 24 тэрбум долларын борлуулалттай ажиллажээ. Тэд зах зээлд AWS, Google Cloud-тай харьцуулахад хамгийн хурдацтай өсөж буй бүтээгдэхүүнд тооцогдож буй. Мөн тэд Activision-ийг эгнээндээ нэгтгэсэн тоглоомын бизнестээ ч ихээхэн анхаарч байна.


Alphabet - Урам хугалам үзүүлэлт

- Alphabet-ийн хувьцааны үнэ тайлангийн дараа 9.6%-аар унасан нь ковидын эхэн үед буюу 2020 оны гуравдугаар сард 12%-аар буурч байснаас хойшхи хамгийн том уналт боллоо.

- Google-ийн толгой компанийн орлогын үзүүлэлтүүд уул нь шинжээчдийн таамгыг бүрэн давсан. Нийт тэд 76.69 тэрбум долларын орлого олсны 12.6 тэрбумыг нь хайлтын бизнес, 7.95 тэрбумыг нь Youtube бүрдүүлжээ.

- Гэсэн ч клоуд үйлчилгээний орлого нь Microsoft-той харьцуулахад сул байсан нь ханшид хамгийн ихээр нөлөөлөв. Үүлэн салбараас тэд нийт 8.4 тэрбум долларыг олжээ.


Meta - Гэнэтийн өсөлт

- Facebook-ийн толгой компанийн орлого 34.15 тэрбумд хүрч 23%-ийн өсөлт үзүүлсэн нь 2021 оноос хойшхи хамгийн өндөр амжилт нь боллоо.

- Өдөр тутам хэрэглэгчдийн тоо нь 2.09 тэрбум байгаа бол сарын идэвхтэй хэрэглэгчид нь хэдийнээ 3 тэрбумыг давав. Meta-ийн хувьцаа энэ жил 150%-аар нэмэгдсэн нь S&P 500 дотроо зөвхөн NVidia-ийн дараа бичигдэх үзүүлэлт билээ.

- Тэдний метаверсийн амбицын гол илэрхийлэл болсон Reality Labs өнгөрсөн улиралд 3.7 тэрбумын алдагдалтай ажилласан. Орлого нь ч 26%-аар буурчээ. Тэд энэ сард танилцуулсан AR/VR төхөөрөмж Quest 3-таа ихээхэн найдлага тавьж байна.

2 чухал тоо

31 - Дэлхийн хамгийн урт насласан нохой 31 насандаа таалал төгслөө. Боби нэртэй уг нохой 1992 оны 5-р сард Португалын нэгэн жижиг тосгонд мэндэлж байжээ. Үүнээс өмнө 1910 онд Австралид төрсөн Блюие хэмээх нохой 29 насласнаараа Гиннесийн рекордыг эзэмшдэг байв.

54 - Бүтэн үеийнхний инээд хөөр, уйтгар гунигийг хөглөж, аз жаргал, сэтгэл хөдлөлөөр хөтлөсөн "Friends" цувралын од Мэтью Перри 54 насандаа таалал төгслөө. Чандлер Бингийн дүрээрээ үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн тэрээр карьерынхаа туршид архины хамааралтайгаа тэмцсээр ирсэн юм. М.Перригийн үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

3 онцлох өгүүлбэр

I. НҮБ AI-д анхаарна.

- Тэд нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй "Хиймэл оюуны зөвлөл"-ийг байгуулж байгаагаа зарлалаа. Тус зөвлөлд Google, OpenAI зэрэг технологийн компанийн төлөөллөөс гадна академик судлаачид мөн багтжээ.

- НҮБ ирэх жилийн зургаадугаар сард "Summit of the Future" нэртэй арга хэмжээ зохион байгуулж, AI-аар дамжуулж тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, AI засаглалыг сайжруулах, ёс зүйтэй ирээдүйг бүтээх зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэнэ.

- Үүнтэй зэрэгцэн ChatGPT-г хөгжүүлэгч OpenAI эрсдлийн удирдлагын баг бүрдүүлснээ зарлалаа. Энэ багаар дамжуулан тэд AI-ийн хими, биологи, цөмийн эрсдлийг судалж, бэлэн байдлыг хангах зорилготой байгаа гэнэ. Үүнээс гадна санаатайгаар хүнийг хуурах үйлдлүүд, ёс зүйгүй хөгжүүлэлт, мөн кибер халдлага зэргийг эрсдэлд тооцож байгаа аж.


II. Google AI компанид хөрөнгө орууллаа.

- Хиймэл оюуны зах зээлийг эзлэх тулаан улам ширүүссээр байна. Microsoft, OpenAI-ийн хослолтой гол өрсөлдөөнийг үзүүлж буй Google энэ удаад Antrophic хэмээх стартапд 2 тэрбум долларын хөрөнгө орууллаа.

- Antrophic бол ChatGPT-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэх Claude-ийг хөгжүүлэгч. Нийт 75 мянган үгтэй текстээс дүгнэлт хийх чадвартай, хамгийн гол нь ёс зүйтэй AI гэдэг тодотголтой уг чатботыг хөгжүүлэгчид бүгд OpenAI-ийн анхны үүсгэн байгуулагч багийн гишүүд юм.

- Claude-ийг одоогоор Slack, Quora, Notion зэрэг компаниуд ашигладаг. 2021 онд байгуулагдсан тус компанид өмнө нь Salesforce, Zoom зэрэг томчууд хөрөнгө оруулаад байв. Ташрамд дурдахад, өнгөрсөн сард Amazon тус компанид 4 тэрбум долларын санхүүжилт олгож, хамгийн том хувьцаа эзэмшигчдийнх нь нэг болсон билээ.


III. Chevron 53 тэрбумын наймаа хийлээ.

- Газрын тосны гигант Chevron салбарын томоохон тоглогчдын нэг Hess-ийг 53 тэрбум доллараар худалдан авлаа. Ердөө сар хүрэхгүй хугацааны өмнө тэдний гол өрсөлдөгч Exxon Mobil компани Pioneer-ийг 60 тэрбумаар эгнээндээ нэгтгээд байсан юм.

- Hess-ийн хувьд Өмнөд Америк тивд оршдог, 791 мянган хүн амтай Гайанад эзэмшдэг ордоороо дэлхийн топ газрын тос үйлдвэрлэгчдийн нэг болсон. 2035 он гэхэд тус улс Норвеги, Мексик, Катарыг гүйцэж, 4 дэх том үйлдвэрлэгч болох төлөвтэй байгаа юм.

- Орос, Украйны дайн болон Газын зурвасын мөргөлдөөнтэй холбоотой бүс нутгийн нөхцөл байдалд тогтворгүй болж, газрын тосны үнэ, эрэлт эрс нэмэгдэж байгаа. Тиймдээ ч компаниуд зардлаа бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор томоохон хэлцлүүдийг хийж байгаа нь санамсаргүй хэрэг биш.

4 мэдүүштэй зүйл

Бүтэлгүй төлөвлөгөө: General Motors болон Honda хямд үнэтэй цахилгаан автомашин үйлдвэрлэх төслөө зогсоолоо. Тэд 2027 он гэхэд 30 мянган доллараас бага үнэтэй машин гаргах зорилготой байсан юм. 2 тал жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Cruise, GM-ийн батарейн платформ Ultium зэрэг төслүүд дээр үргэлжлүүлэн ажиллана гэнэ.

Хятад стратеги: Jeep, Chrysler-ийг эзэмшигч Stellantis Хятадын зах зээлд нэвтрэх стратегийн хүрээнд Leapmotors компанид 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Одоогоор зах зээлийн ердөө 0.3%-ийг эзэлж буй тус компанийн 51%-ийг тэд эзэмших болсон нь энэ юм.

Донтуулагч платформ: АНУ-ын 42 мужийн прокурор нэгдэн Meta-г шүүхэд өглөө. Тэд Facebook, Instagram гэсэн сошиал платформ нь залуу хэрэглэгчдийг алгоритм, контентын бодлогоороо донтуулж, дахин дахин эргэн орж ирэх нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн хэмээн буруутгаж байна.

Санчир судлаач: NASA Санчир гарагийн дагуул гараг Титан дээр ажиллах судалгааны хөлгөө танилцууллаа. Dragonfly хэмээх машины хэмжээтэй, бичил цөмийн хөдөлгүүр бүхий тус хөлөг Титаны мөсөн гадаргууд газардаж, органик ул мөр, усан орчныг судлах камер, мэдрэгч, дээж цуглуулагчаар тоноглогдсон гэнэ.

5 сонин хачин

1. Universal-ийн алдар видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн "Five Nights At Freddy's" нээлтийн долоо хоногтоо 78 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүллээ. Аймшгийн жанрын уг кино Peacock стриминг платформ дээр мөн зэрэг нээлтээ хийсэн гэдгийг тооцвол энэ маш том амжилт билээ. 2014 онд анх гарсан "Five Nights at Freddy's"-ийн видео тоглоом 33 сая хувь борлуулагдаж, цуврал ном, комик, мерчтэй болон өргөжиж, маш идэвхтэй фен баазтай медиа франчайз болоод байгаа юм.

2. X аудио, видео дуудлага хийх боломжтой болжээ. Одоогоор төлбөр төлсөн хэрэглэгчдэд нээлттэй байгаа уг нэмэлт функцыг DM илгээх хэсгээр дамжин ашиглах боломжтой гэнэ. И.Маск Twitter-ийн нэрийг өөрчилж, X болгохдоо л супер апп болгох амбицтай байгаагаа илэрхийлж байсан. Тэрээр дуудлага хийхэд ямар нэгэн утасны дугаар шаардлагагүй гэдгийг онцолжээ.

3. Instagram-ийн хөгжүүлж буй текст суурьтай сошиал апп Threads бараг 100 сая хэрэглэгчтэй болжээ. Үүнээс гадна санал асуулга, GIF дэмждэг болсныг М.Цукерберг мэдэгджээ. Тэд тун удахгүй Instagram-тай бүрэн интеграц хийх API-аа нээлттэй болгоно гэдгээ мөн зарлаад байгаа юм.

4. TikTok анх удаа амьд хөгжмийн фестиваль зохионо. Арванхоёрдугаар сарын 10-нд Аризонагийн Месад явагдах тус тоглолтод Cardi B, Charlie Puth зэрэг оддоос гадна вайрал видеонд түгээмэл ашиглагддаг артистууд оролцох гэнэ. Уг тоглолт TikTok Live-аар үзэгчдэд шууд хүрэх ажээ.

5. Tinder боломжит хосоо олоход ойр дотныхон, гэр бүлийнхэн нь туслах боломж олгох шинэ функцийг нэмлээ. Matchmaker нэртэй шинэ нэмэлт нь одоогоор 15 улсад нээлттэй байгаа бөгөөд 15 хүртэлх хэрэглэгчид өөрийн сонирхож буй профайлаа хуваалцаж, тэдний саналыг сонсох сонголтыг нээнэ гэнэ.

10 уншууртай мэдээ

Тайлбарлах: Израйл-Хамасын дайнаас ойлгох 7 асуулт /Vox/

Ойлгох: Adobe, Figma-ийн хослол хэрхэн ажиллах вэ? /The Verge/

Сонсох: The Beatles-ийн сүүлчийн дуу /The Beatles/

Турших: TikTok 15 минутын видеог туршиж байна /Techcrunch/

Гайхах: SBF-ийн шүүх хурлын эргэн тойронд /New York Magazine/

Хэрэглэх: Дэлхийн хамгийн хурдан флаш /TPU/

Тооцох: Т.Свифтийн тэрбумтны замнал /Bloomberg/

Хэрэглэх: Нүдээрээ онгойлгодог Honor-ийн утас /Android Authority/

Зовних: НҮБ-ын төлөөлөл Газад очив /CNN/

Анзаарах: М.Пенс нэрээ татлаа /Politico/