1 гол сэдэв

Эхлэхийн өмнө

Өнгөрсөн хавар Antrophic-ийн үүсгэн байгуулагчид шинэ үеийн AI агентуудыг хөгжүүлж байгаагаа зарлаж, хувийн туслахын тухай ойлголтыг цоо шинэ түвшинд ахиулна хэмээн амалж байсан юм. Цөөн хүн үүнийг ойлгож, ихэнх нь үл итгэж байсан нь нууц биш.

Юу болов?

Тэгвэл OpenAI-ийн хамгийн том өрсөлдөгчид тооцогдож буй Antrophic-ийн шинээр танилцуулсан Claude 3.5 Sonnet загвар дурын апп, програмыг ачааллан удирдах чадвартай болжээ. Энэ бол AI-ийн хөгжлийн хувьд чухалд тооцогдох том алхам боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Яадаг вэ?

Claude 3.5-ийн шинэ загварт багтсан “Computer Use”-ийг ачаалласан тохиолдолд AI таны өмнөөс кэйборд товшиж, хулгана хөдөлгөн, програм ажиллуулах болно. Мөн өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхдээ тухайн компьютерт суусан ашиглах боломжтой програм, хэрэгслүүдийг сонгон ажиллах чадвартай болжээ. Нэг ёсондоо хүнийг дуурайж, компьютер дээр ажиллаж чаддаг болоо гэсэн үг. Сонирхуулахад уг моделийн код бичих чадвар нь ChatGPT-ийн o1 загвараас илүү гарчээ.

2 чухал тоо

5.600.000.000 - Google-ийн эзэмшдэг жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Waymo үйлчилгээгээ өргөжүүлэх зорилгоор 5.6 тэрбумын шинэ хөрөнгө оруулалт татлаа. Өдгөө Лос Анжелес, Сан Франциско, Финикс зэрэг хотуудад долоо хоногт 100 мянган хүнд үйлчилж буй тус компани 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш 11 тэрбум долларыг босгожээ. Тэд саяхан Uber-тэй хамтран Техаст жолоочгүй таксины үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ.

100.000.000 - Google-ийн алтернатив сонголт хэмээн гарч ирж буй AI стартапын хэрэглээ тогтмол нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тэд долоо хоногт 100 сая хайлт хүлээн авч байгаа гэнэ. Тэд 8 тэрбум долларын үнэлгээтэйгээр 500 саяыг босгохоор ажиллаж буй. Гэхдээ тус компанийг The New York Times, News Corp, NY Post зэрэг медиа компаниуд шүүхэд өгч, зөвшөөрөлгүй дата ашигласан хэмээн буруутгаж байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Хятадын ухаалаг утасны зах зээлийг Vivo дахин тэргүүллээ.

- Тэд зөвхөн нэг премиум брэндэд төвлөрөлгүй, хэд хэдэн давхар загваруудыг зах зээлд гаргаснаар нийт зах зээлийн 18.6%-ийг эзлэх болжээ. Өнгөрсөн оны өдийд зах зээлийн 19%-ийг эзэлж жагсаалтыг тэргүүлсэн Honor дөнгөж 5-р байрт бичигдэж байна. Харин Huawei, Xiaomi брэндүүд гурав, дөрөвдүгээр байрт бичигджээ. Ялангуяа Huawei-ийн хувьд гурав нугардаг утасны борлуулалт нь маш амжилттай байгаа тул ирэх улирлуудад байраа ахиулах магадлалтай.

- Харин iPhone 16-г танилцуулсан Apple топ 5-д эргэн орж ирж, 15.6%-тайгаар 2-р байрт бичигджээ. Ирэх өдрүүдэд Apple-ийн CEO Т.Күүк Хятадад айлчилж, зарим борлуулагчид болон нийлүүлэгчидтэй уулзалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ үеэр Apple-ийн маркетинг идэвхжих тул борлуулалтын үзүүлэлт ч сайжирна хэмээн экспертүүд хүлээж байна.

- IDC-ийн тайланд дурдсанаар Хятадын ухаалаг утасны зах зээл өнгөрсөн улиралд 3.2%-аар нэмэгдэж, 68.8 сая ширхэг гар утас борлуулагджээ. Энэ бол дөрвөн улирал дараалан өссөн үзүүлэлт юм.


II. Nvidia Энэтхэгийн зах зээлд төвлөрнө

- Дэлхийн хоёр дахь том компани Nvidia AI-ийн давлагаанд өсөлтөө хадгалж, амжилтаа бататгах хүндхэн сорилттой нүүр тулаад буй. Тэгвэл тэд дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэгийн зах зээлийг дараагийн өсөлтийн цэг хэмээн онилж авчээ. Үүнийгээ Мумбайд явагдсан AI Summit-ийн үеэр зарлаж, хэд хэдэн шинэ төслүүд танилцуулав.

- Тэд эхний ээлжинд Энэтхэгийн хамгийн том компани Reliance-д чип нийлүүлэх гэрээ байгуулснаа зарлалаа. Ингэснээр талууд Энэтхэгийн хамгийн өндөр хүчин чадал бүхий дата төвүүдийг бий болгож, ирээдүйд AI экспортлогч орон болоход хувь нэмрээ оруулна гэнэ.

- Үүнээс гадна өөр нэг технологийн гигант Infosys-тэй хамтран 500 мянган AI инженер бэлтгэх хөтөлбөр танилцуулав. Эдгээр мэргэжилтнүүд нь Nvidia-ийн платформ дээр AI хөгжүүлж, сургах чадвар эзэмшинэ. Мөн 1 тэрбум параметртай хинди хэлний AI модель танилцуулж, Tech Machindra-тай хамтран эхний хэрэглээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ.


III. Tokyo Metro-ийн IPO амжилттай боллоо.

- Өдөр бүр 7 сая хүн тээвэрлэдэг Tokyo Metro нээлттэй компани болж, 2.3 тэрбум доллар босголоо. Хувьцааны үнэлгээ эхний өдрөө л 47%-аар өссөн нь зах зээлд эерэг дохиог өглөө.

- Энэ нь Японд 2018 оны SoftBank-аас хойшхи хамгийн том арилжаа болж байна. Японы засгийн газар болон хотын захиргаа өөрсдийн эзэмшиж байсан хувьцааныхаа талыг олон нийтэд арилжаалсан нь энэ юм. Тэд уг хөрөнгөөр 2011 оны цунамигийн дараах сэргэн босголтод зориулан гаргасан бондын эргэн төлөлтийг хийх зорилготой байгаа билээ.

- Tokyo Metro өнгөрсөн жил 305 сая долларын ашигтай ажилласан. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 67%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Нийт 9 шугамд 180 буудлыг удирддаг тус компани зөвхөн тасалбар борлуулалтаас гадна буудлын үйлчилгээний талбайн түрээс, сурталчилгаа байршуулалтаас дийлэнх орлогоо олдог онцлогтой.

4 мэдүүштэй зүйл

Шинэ модель: OpenAI илүү хүчирхэг шинэ загвараа гаргахаар бэлтгэж байна. Orion нэртэйгээр хөгжүүлэгдэж буй уг модель GPT-4-ийн дараагийн хувилбар байх учиртай. Гэхдээ өмнөхөөс ялгаатай нь OpenAI энэ загварыг шууд нийтэд нээлттэй болгохгүй бөгөөд эхний ээлжинд зөвхөн томоохон харилцагчид, компаниудад хэрэглүүлэх гэнэ. Уг загвар GPT анх гарснаас хойш 2 жилийн дараа буюу энэ онд багтан гарах бололтой.

Крипто наймаа: Финтекийн тэргүүлэгч компаниудын нэг Stripe стэйблкойны платформ хөгжүүлэгч Bridge-ийг 1.1 тэрбум доллараар эгнээндээ нэгтгэсэн байна. Bridge-ийн хувьд криптогийн Stripe болох амбицтай гэдгээ нуудагүй байсан. Энэ хэлцлийн дүнд Stripe крипто болон стэйблкойны гүйлгээг дэмждэг болоход нэг алхам ойртож байгаа юм.

Хакерын оролдлого: АНУ-ын тусгай албаны мэдээлснээр хэдхэн хоногийн дараа явагдах ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Д.Трамп болон түүний хамтрагч Ж.Ванс нарын гар утсыг хакердах оролдлого гарчээ. Salt Typhoon нэртэй хятадын хакер групп хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтнуудын гар утасны сүлжээ рүү нэвтрэх оролдлого хийсэн гэдгийг эх сурвалжууд баталж байна. Уг халдлагад дэд ерөнхийлөгч К.Харрис ч мөн багтсан байж болзошгүй гэнэ.

AI зарга: Хүүхдийнхээ үхэлд AI-ийг буруутгасан гэр бүл Сарын 10 доллар төлөөд өөрийн AI найзыг үүсгэж, харилцах боломж олгодог Character.AI шүүхэд өгчээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард амиа хорлосон 14 настай хүүг нь бодит орчноос салгаж, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн хэмээн гэр бүлийнхэн нь үзэж байгаа юм. Хүү жил гаруй хугацаанд “Game of Thrones”-ийн Дэнэрисийн характераар бүтсэн AI-тай чатлаж, хамгийн сайн найзаа хэмээн тооцох болж, улмаар хамгийн сүүлд “удахгүй очлоо” хэмээн мессеж илгээсэн байжээ. Тэд насанд хүрээгүй хүүхдүүдийг хамгаалахад хангалттай арга хэмжээ аваагүйнхээ төлөө торгуульд унах магадлал өндөр байна.

5 сонин хачин

1. “Venom 3” бокс оффисыг тэргүүллээ. Sony-ийн ихээхэн найдлага тавьж байсан уг кино дотоодын зах зээлээс 22 сая доллар цуглуулсан нь чамлахаар амжилт гэж хэлж болно. Учир нь энэ бол өмнөх хоёр ангиасаа доогуур үзүүлэлт юм. Гэхдээ 120 сая долларын төсөвтэй уг кино олон улсын зах зээлд амжилт олох магадлалтай. Т.Хардигийн тоглосон уг цувралын эхний анги нь олон улсаас 643 сая долларыг, хоёрдугаар анги нь 300 сая долларын борлуулалттай байжээ.

2. 16 дахь удаагийн BRICS-ийн орнуудын чуулга уулзалт ОХУ-ын Казан хотноо явагдлаа. Уг арга хэмжээнд нийт 30 гаруй орны төлөөлөгчид уригдсан бөгөөд Монгол улсыг төлөөлөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар оролцжээ. Өнгөрсөн жил тус байгууллагад гишүүнээр нэгдсэн Египт, Этиоп, Иран улсууд анх удаа оролцож, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дайн эхэлснээс хойш анх удаа В.Путинтэй уулзлаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадын удирдагч Ши Жинпинтэй уулзах үеэрээ олон улсын төлбөр тооцооны бие даасан систем хөгжүүлэх сонирхлоо дахин илэрхийлжээ. Мөн Индонез, Казахстан, Турк, Вьетнам зэрэг 13 улс BRICS-ийн түнш орны статустай боллоо

3. Хэдийнээ 100 сая хэрэглэгчтэй болсон Notion ажил, бүтээмжийн цогц экосистем бүтээх зорилготой. Тэд өнгөрсөн долоо хоногт явагдсан “Made with Notion” арга хэмжээний үеэр шинэ имэйл үйлчилгээ нээж байгаагаа зарлалаа. Notion Mail нэртэй шинэ үйлчилгээ нь уламжлалт имэйл хүлээж авдаг, бичдэг үйл явцыг хялбаршуулж, ажлын урсгалтай нийцүүлнэ хэмээн амалж байна. Notion энэ оны эхээр Cron хэмээх календар хөгжүүлэгч стартапыг худалдан авсныхаа дараа Notion Calendar нэртэй үйлчилгээгээ мөн танилцуулж байсан билээ.

4. И.Маскийн хөрөнгө 270 тэрбумд хүрлээ. Үүний шалтгаан нь Tesla-ийн хувьцааны үнэ 2013 оноос хойшхи хамгийн өндөр түвшиндээ очсонтой холбоотой. 2025 оны орлогын төсөөллийн тайлангаа ил болгосны дараа Tesla-ийн ханш 22%-аар нэмэгджээ. Тус компанийн 13%-ийг эзэмшдэг И.Маск одоогоор дэлхийн хамгийн баян эрхэмд тооцогдож байгаа бөгөөд хөрөнгийн хэмжээ нь ардаа яваа Oracle-ийн Л.Эллисоноос даруй 50 тэрбумаар илүү байгаа юм. Сонирхуулахад, тэрээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трампыг дэмжиж, өрсөлдөөн хамгийн ширүүн байгаа Пенсилвани мужид сонгогчидтой биечлэн уулзалт хийж байна. Мөн энэ үеэр саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчид дунд сугалаа явуулан, өдөр бүр 1 сая долларын шагнал гардуулж байгаа билээ.

5. TikTok боловсрол, шинжлэх ухааны чиглэлийн контентийг нэг дороос үзэх боломж олгох STEM нэртэй тусгай фийд гаргажээ. Хүүхэд залууст сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн шүүмжлэлийн хариуд тэд өнгөрсөн жилээс боловсролын агуулгыг илүү дэмжих болж, 18-аас доош насны хүүхдүүдэд STEM фийдийг сонголттойгоор нээгээд байсан юм. Энэ шинэчлэлийн дараагаас боловсролын сэдэвт контентын тоо 18%-аар нэмэгдэж, үзэлт нь 200 саяар өссөн тооцоо гарчээ.