1 гол сэдэв
Юу болов?
Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Microsoft өнгөрөгч долоо хоногт 2 том арга хэмжээг зохион байгуулав. Эхнийх нь биет төхөөрөмжүүдэд төвлөрсөн Surface эвент байлаа. Уг эвентийн үеэр тэд AI давлагааг лаптоп руу шилжүүлэх амбицтайгаар Copilot+ PC нэрийн дор шинэ цувралыг танилцуулав. Шинэ Surface Laptop нь л гэхэд Macbook Air M3-аас 58%-аар хурдан, 22 цаг батарейгаа барих чадвартай, зарим AI-ийн үйлдлийг интернетгүй ч гүйцэтгэх чадвартайгаараа онцлог гэнэ. Тэрчлэн тэд Lenovo, Dell, Acer, Asus, HP-тэй хамтран AI-д суурилсан үйлдлийг тусгайлан дэмжсэн Copilot+ PC-г зах зээлд гаргах ажээ.
Өөр юу байв?
Үүнээс гадна Recall нэртэй нэмэлт нь олны анхаарлыг хамгийн ихээр татав. Таны РС дээрээ хийж буй үйлдэл бүрийг хадгалан тогтоож, улмаар түүн дээр суурилан хайлт болон хариу үйлдэл үзүүлэх чадвартай гэх уг нэмэлт AI-ийн шинэ эрин эхэлснийг гэрчлэх мэт сэтгэгдэл төрүүлэв. Үүнээс гадна хувийн туслахын үүргийг гүйцэтгэх Copilot Windows 11-тэй шууд интеграц хийгдэж байгаа гэнэ. Adobe, Capcut, Davinci зэрэг бүтээлч салбарын гол програмууд бүгд Copilot+ PC-үүдтэй нийцэж ажиллах болсон нь онцлохуйц байлаа. Эдгээрээс Microsoft Windows-ийг AI-ийн гол үйлдлийн систем болгох гэсэн зорилго нь тод харагдаж байлаа.
Нөгөө эвент нь юу байсан бэ?
Үүний дараа тэд жил бүрийн хөгжүүлэгчдэд зориулсан Build 2024 арга хэмжээгээ зохион байгуулсан. Мөн л AI-ийн давамгайлсан эвентийн хамгийн сонирхолтой зарлал нь Copilot AI Agent-ууд байлаа. Тэд албан байгууллагуудад цаг, хүч шаарддаг жижиг үйлдлүүдийг AI агентуудаар гүйцэтгэх боломж олгох зорилготой байна. Мөн Edge хөтөч нь Youtube-ийн видеог орчуулан, хадмал тавьж, Teams Slack-ийн адилаар олон янзын эможиг нэвтрүүлж байгаа гэнэ. Мөн Microsoft File Explorer-ийг Github-тай холбосон нь анхаарал татав.
2 чухал тоо
17.700.000 - Америкт өдөр тутамдаа марихуана хэрэглэгчдийн өдөр тутам архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийг анх удаа гүйцсэн байна. Карнеги Меллоны их сургуулиас сүүлийн 40 жилийн турш явуулж буй тайланд дурдсанаар залуусын дунд архины хэрэглээ эрс багасч, нөгөө талаар зарим том мужид марихуанагийн хэрэглээг эмчилгээний зориулалтаар зөвшөөрсөн нь ийм үзүүлэлтэд хүргэснийг онцолжээ.
22.000 - Жил бүрийн 5-р сард явагддаг "Улаанбаатар Марафон" зохиогдлоо. Энэ удаагийн марафонд нийт 22 мянга гаруй оролцогч бүртгүүлсэн нь дээд амжилт болжээ.
3 онцлох өгүүлбэр
I. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс зарлагдлаа.
- 2024 оны 6-р сарын 28-нд явагдах УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. Өргөтгөсөн буюу 126 гишүүн сонгох холимог тогтолцоогоор явагдах сонгуульд 19 нам, эвслээс 1970 нэр дэвшигч өрсөлдөх юм.
- Сүүлийн 2 сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын хувьд жагсаалтдаа нэг ч гишүүн, сайд оруулаагүй нь онцлохуйц байлаа. Nippon Koei компанийн хот төлөвлөгч Г.Лувсанжамц жагсаалтыг тэргүүлж, Ondo-ийн Ч.Анар, шарк Д.Энхтүвшин, Шинэ Монголын Ж.Галбадрах араас нь бичигдэв.
- Харин АН-ын хувьд фракцийн маргаантай асуудлаас болж одоог хүртэл нэрс эцэслэгдээгүй байгаа нь санааг зовоож байна. Жагсаалтыг намын дарга Л.Гантөмөр тэргүүлж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа удаалж байгаа юм. Анх удаа бие даан сонгуульд оролцох ХҮН намыг ч намын дарга Т.Доржханд тэргүүлэн сонгуульд оролцоно. Улс төрд шинэ өнгө болон орж ирж буй Үндэсний эвсэл нийт 76 нэр дэвшигчийг сойх бөгөөд намын дарга Н.Номтойбаяр жагсаалтыг манлайлжээ.
II. NVidia өнгөрсөн улиралд 14 тэрбум долларын ашигтай ажиллажээ.
- AI-ийн эринд хамгийн хожиж буй технологийн компани NVidia-ийн улирлын тайлан шинжээчдийн урмыг хугалсангүй. Тус компанийн борлуулалтын орлого 26 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 262%-аар өссөн дүн юм.
- Нийт орлогын 70%-ийг дата төвийн төхөөрөмжийн бизнес нь бүрдүүлсэн байна. Энэ нэгжид AI-г сургах зориулалтаар ашиглагддаг чип, GPU-ийн үйлдвэрлэл хамаардаг юм. Компанийн нийт ашиг 14 тэрбум долларт хүрсэн нь мөн дээд амжилт болжээ.
- Үүнээс гадна тус компани хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс хувьцаагаа 10 хувааж байгаагаа зарлалаа. 2022 оноос хойш Alphabet, Amazon, Tesla компаниуд мөн хувьцаагаа хуваах стратегийг хэрэгжүүлсэн билээ.
III. Каннын кино наадмын шилдгүүд тодорлоо.
- Кино ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогдох "Алтан дал модны навч" шагналыг Америкийн найруулагч Ш.Бэйкэрийн "Anora" нэртэй бүтээл хүртлээ. The Florida Project-оороо алдаршсан Ш.Бэйкэр 2011 оноос хойш уг шагналыг хүртсэн анхны Америк найруулагч болжээ.
- Инди бүтээлүүдэд төвлөрдөг NEON тав дахь жилдээ дараалан Palme d"Or-ийг хүртэж байгаа нь мөн онцлууштай байв. Үүнээс өмнө тус продакшны ажилласан "Parasite", "Titane", Triangle of Sadness", "Anatomy of A Fall" шилдгээр нэрлэгдээд байсан юм.
- Харин сүүлийн 30 жилд Каннад шалгарсан анхны энэтхэг кино болсон "All We Imagine as Light" хоёр дахь том шагнал болох Гран Пригийн эзэн болжээ. Шилдэг найруулагчаар "Grand Tour"-ийн португал уран бүтээлч М.Гомез, шилдэг эрэгтэй жүжигчнээр "Kinds of Kindness"-ийн Ж.Племонс нар тодорсон бол эмэгтэй жүжигчний шагналыг "Emilia Perez"-ийн гол дүрийн бүсгүйчүүдэд олгожээ.
4 мэдүүштэй зүйл
Эзний эрэлд: Энэ хаврын технологийн ертөнцийн хамгийн шуугиан тарьсан төхөөрөмжийг бүтээгч Humane санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд шинэ эзний эрэлд гараад байгаа гэнэ. 700 долларын үнэтэй пинг танилцуулж, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг ахиулах амбицтай байсан тэдний үнэлгээ ойролцоогоор 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа аж.
Хулхи хуулбар: Холливүүдийн хамгийн алдартай жүжигчдийн нэг С.Иоханссен OpenAI-ийн эсрэг зарга үүсгэж байгаагаа зарлалаа. Тэрээр өөрийнх нь хоолойг зөвшөөрөлгүй ашиглаж, хиймэл оюунд дуу оруулсан хэмээн мэдүүлж байгаа юм. Харин С.Алтман болон OpenAI-ийн багийнхан түүнтэй хэлцэл хийх оролдлого нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн ч дуу хоолойг нь шууд хуулбарлаагүй хэмээн тайлбарлажээ.
Тив холбогч: Google Африк Австралийг далай доогуур холбосон анхны шилэн кабелийг сүлжээг байгуулах болсноо зарлалаа. Umoja нэртэй уг төсөл нь Кени улсаас эхлэлтэй байх бөгөөд ӨАБНУ дахь Google Cloud-ийн дэд бүтцээр дамжин Австрали тивд хүрэх гэнэ.
Шинэ гараг: Эрдэмтэд 40 гэрлийн жилийн зайд орших Gilese 12b нэртэй гарагт амьдрал оршин байх боломжтой хэмээн үзэж байна. Сугар гарагтай ижил хэмжээтэй, дэлхийтэй ойролцоо температур бүхий уг гарагийг TESS хиймэл дагуулж ажиглаж, дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар ажиллаж байна.
5 сонин хачин
1. Mad Max: Furiosa дэлхий даяар 91 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүллээ. Гэхдээ энэ нь 168 сая долларын төсөв болон 2015 оны Mad Max: Fury Road-ийн 380 сая долларын амжилттай харьцуулахад хангалттай үр дүн биш. Нөгөө талд олон улсад 5-р сарын 1-нд нээлтээ хийсэн The Garfield Movie-ийн нийт орлого 100 сая долларт хүрч, Хойд Америкийн чартын 3-рт жагсах болжээ.
2. Дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volvo анхны бүрэн жолоочгүй ачааны машинаа танилцууллаа. Үүнийгээ тэд салбарын лидерүүдий нэг Aurora-тай хамтран хөгжүүлсэн бөгөөд энэ жилдээ багтаан 20 машиныг замд гаргана гэдгээ мэдэгджээ.
3. Spotify дизайндаа томоохон өөрчлөлт оруулж, өөрсдийн хөгжүүлсэн шинэ фонтыг нэвтрүүллээ. Spotify Mix нэртэй уг фонт нь sans-serif-д суурилсан бөгөөд Spotify-ийн онцлог, амбицыг илэрхийлж чадна хэмээн тодотгожээ. Уг фонтыг тэд Берлинд төвтэй Dinamo компанитай хамтран хөгжүүлсэн юм. Dinamo нь Discord, Nike, Tumblr-тай хамтран ажиллаж байжээ.
4. Дижитал дизайны платформ Canva жил бүрийн эвентээрээ байгууллагын бизнес хэрэглээ рүү төвлөрч байгаагаа ил болголоо. Тэд брэнд менежмент, байгууллагын дотоод бичиг баримт, борлуулалтын тэмплэйт удирдлага бүхий экосистем бий болгохыг зорьж байна. Мөн AI-ийг зөвхөн график, текстээс гадна аудиод хүртэл нэвтрүүлж байгаагаа зарлажээ.
5. Kia EV3 нэртэй бүрэн цахилгаан хөдөлгүүртэй шинэ машинаа танилцууллаа. 2024 оны зун Солонгосын зах зээлд эхэлж гарах уг машин нь ChatGPT-д суурилсан ухаалаг туслахтай гэдгээрээ онцлог. Тус компани хиймэл оюун жолоочийн хэрэглээг хялбарчилж, илүү тавтай орчин бүрдүүлэхэд нөлөөлнө хэмээн итгэж байна.
10 унших мэдээ
Ангайх: FBI хэрхэн өөрсдийн утсыг бүтээж гэмт хэрэгтнүүдтэй тэмцсэн бэ? /The Verge/
Анхаарах: Орос Украинчуудын Starlink-ийн хэрэглээг хязгаарлах тактик хэрэгжүүлэв /NYTimes/
Төсөөлөх: Сингапурын онгоцны агаарын сэгсрэлтэд өртөгсдийн түүх /WSJ/
Унших: АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Buzzfeed-д хувь эзэмшинэ /Morning Brew/
Ашиглах: Gmail мэйл ялгах технологио сайжруулна /9to5/
Хүлээх: Boeing-ийн сансрын нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлов /Techcrunch/
Сонирхох: NewsCorp OpenAI-тай гэрээ байгууллаа /CNBC/
Тайлбарлах: Хүмүүс яагаад спортод л бет тавьдаг вэ? /Vox/
Харуусах: Dogecoin-ийн нохой таалал төгслөө /CNN/
Мэдэх: Ираны ерөнхийлөгчийн үхлийн эргэн тойронд /Al Jazeera/