1 гол сэдэв

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдахад 3 өдөр үлдлээ. Хариуцлагатай, идэвхтэй сонголтыг хийх залуу хүн та гэрийн даалгавраа хангалттай сайн хийсэн биз? Бид танд буй хамгийн чухал нэг саналаа өгөхийн өмнө заавал уншиж мэдэх дараах зүйлсийг санал болгож байна.


Бодлоо цэнэглэж, илүү цэгцтэй мэдлэгтэй сонгогч байхад тань

Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны үеэр зөвхөн нэр дэвшигчид, нам, эвслийн мэдээллээс гадна залуучууд руу чиглэсэн, тэдний улс төрийн боловсрол, сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэхэд анхаарсан контент томоохон байр суурийг эзэлж байсан нь онцлууштай үйл явдал байв. Олон байгууллагууд технологийн давуу талыг ашиглан илүү бүтээлч-шинэлэг хэлбэрээр контент хүргэж байсан нь цахим орчинд их цагийг өнгөрүүлдэг залууст хүрч байсан нь тодорхой. Хэцүү, төвөгтэй сэдвүүдийг илүү амар, хүртээмжтэй форматаар хөндсөн нь үнэхээр дэвшилттэй байсныг онцолъё. Бид таны өмнө тулгамдсан, санаа чилээдэг асуудлуудад хариу олж авахад тань туслах дараах контентуудыг санал болгож байна.

Заавал үзэх: TedxYouthSalon: Power of Youth

Заавал сонсох: Надад нэг санал байна - Live Session at Fat Jazz

Заавал хэлэлцэх: Youth Policy Dialogue-ийн онцлох эшлэлүүд


Бусдад нөлөөлж, илүү идэвхтэй сонгогч байхад тань

Тойрогтоо нэр дэвшиж буй хүмүүстэй танилцаж, тэдний дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр, санал санаачилгыг сайтар нухацтай үзсэн танд баяр хүргэе. Гэхдээ танд, бидэнд бүр олон санал хэрэгтэй. Та өөрийн эргэн тойронд байгаа найз нөхөд, гэр бүлийнхэндээ санал өгөхийн ач холбогдол, үр нөлөөг тайлбарлаж, илүү идэвхтэй оролцоог үзүүлээрэй. Бусдадаа нөлөөлсөн, илүү идэвхтэй сонгогч байхад тань туслах эх сурвалжуудыг бид танд санал болгоё.

Заавал оролцох: Ил захидлын аян

Заавал сонжих: Та ямар төрлийн сонгогч вэ?

Заавал унших: Тэгш оролцооны талаар


Хариуцлагатай сонгогч байж, өөрийгөө урамшуулахад тань

Өөрийн нэрийг сонгогчийн бүртгэл дээр байгаа эсэхийг нягталж, хуваарилагдсан санал өгөх байрандаа очин саналаа өгөх гэж буй танд баярлалаа. Та Үндсэн Хуульд заасны дагуу өөрийн эрхээ бүрэн эдэлж, ирэх дөрвөн жилд төрийн эрхийг засаглах үйлсэд хувь нэмрээ орууллаа. Тиймээс өөрийгөө урамшуулж, өөрөөрөө бахархах цаг эхлэх нь. Энэ жил залуусын дунд эрэлттэй байдаг маш олон брэнд саналаа өгсөн хүмүүст зориулсан урамшуулал, хямдралыг зарлаж байгааг заавал нэг сонирхож үзээрэй.

Заавал турших: Саналаа өгсөн залууст л хамааралтай 11 урамшуулал

2 чухал тоо

36 - Нотингэмийн их сургуулийн эрдэмтэд манай галактикт хоорондоо харилцаж, технологи эзэмших чадвартай 36 харийн соёл иргэншил оршин буй талаар таамаглал дэвшүүллээ. Тэд нэг гараг дээр ухаант соёл иргэншил үүсэх хугацааг 5 тэрбум жил хэмээн тооцож, хувьслын онол болон бусад хүчин зүйлсүүдийг хамруулан энэхүү дүгнэлтээ гаргасан гэнэ.

8,800,000,000 - Ядуу, буурай орнуудад вакцины хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан нэгдэл болох GAVI 2025 он хүртэл 8.8 тэрбум долларын санхүүжилтийг донор улс орнуудаас босголоо. Уг нэгдлийг үндэслэгч Bill & Melinda Gates сан хамгийн их буюу 1.6 тэрбум долларыг хандивлах болсон бөгөөд Норвеги, Их Британи, Герман, АНУ-ын засгийн газар санхүүжилт амлажээ. Үүнээс гадна тус нэгдэл 2 тэрбум долларыг коронавирусын вакциныг ядуу орнуудад түгээх зорилгоор зарцуулах болсон гэнэ.

3 онцлох зүйл

ТАХАЛ: Дэлхий даяар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 9 саяд дөхсөн, нас барсан хүмүүсийн тоо 460 мянга давсан нь тахлын эрч сулраагүй нь гэрчилнэ. 55 өдрийн турш дотоодоос халдвар илрээгүй Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн захад шинэ халдвар илэрч, 200 орчим хүнд халдааснаар 20 сая хүн ам бүхий хэсгийг ахин хөл хорионд оруулав. Бээжингийн жишээ хоёр дахь давлагаа ойрхон байгааг эдийн засгийн үйл ажиллагаагаа сэргээж, хөл хориогоо сулруулаад буй улс орнуудад сануулсан хэрэг боллоо. Бразилд нийт халдварын тоо 1 сая давсан нь зөвхөн АНУ-ын дараа л орох үзүүлэлт. Мексик, Энэтхэг, Египт улсуудад халдвар оргил үедээ ирээд байна. Манай улсын хувьд одоогоор 204 тохиолдлыг бүртгээд байгаа билээ.

ГҮТГЭЛЭГ: Филиппиний хамгийн том онлайн медиа Rappler-ийн ерөнхий редактор Мариа Рессаг цахим орчинд хүний нэр төрд халдсан, гүтгэсэн хэргээр буруутай хэмээн шүүхээс тогтоолоо. 2019 оны Time-аас гаргасан "Хамгийн нөлөө бүхий 100 эрхэм"-ийн жагсаалтад багтаж байсан тэрээр ингэснээр 6 жил хүртэл шоронд хоригдох ял авч магадгүй болж байгаа юм. Түүний 2012 онд бичиж байсан дотоодын бизнесмен болон дээд шүүхийн шүүгчийн авлигын хэргийг илчилсэн нийтлэлийг үндэслэн гэм буруутайд тооцсон байна. М.Ресса сүүлийн жилүүдэд ерөнхийлөгч Р.Дутертегийн эсрэг гол дуу хоолой болж, хүний эрх зөрчигдөж буй олон тохиолдлыг илчилснийхээ төлөө төрөл бүрийн шахалтад өртөх болсон билээ. Энэхүү хэргийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой хэрэг хэмээн олон улсын зүгээс буруутгасаар байна.

ШИЛҮҮС: Дэлхийн хамгийн нэр хүндтэй кино фестивалиудын нэг Каннын наадамд анх удаа Монгол бүтээл шалгарлаа. Найруулагч П.Лхагвадуламын "Шилүүс" нэртэй бүтээл 73 дахь удаагийн Каннын кино фестивалийн шилдэг богино хэмжээний уралдаант хэсэгт шалгарсан 11 бүтээлийн нэг болсон байна. Энэ жил нийт 137 орны 3810 бүтээл шалгаруулалтад оролцсон бөгөөд нийт 5 эмэгтэй найруулагчийн бүтээл эцсийн шатанд нэрлэгджээ. Сонирхуулахад, өөр нэг гол наадмуудын нэг Оскар цар тахлын улмаас 2 сараар хойшилж, 4-р сарын 25-нд явагдах болсон байна. 2021 оны 2-р сарын 28-аас өмнө нээлтээ хийсэн кинонууд Оскарт өрсөлдөх эрхтэй байх гэнэ.

4 мэдүүштэй баримт

Хатсан нуур: Санчир гарагийн дагуул Титан дээр орших 5000 км орчин хэмжээтэй хотгор нь их хэмжээний шингэн агуулж байсны үлдэгдэл хэмээн NASA-ийн судлаачид тодорхойлсон байна. 2000-аад оны эхэн үеэс сансар судлаачдын гайхширлыг төрүүлсээр ирсэн уг хотгорт эрт цагт нуур оршин байсан байж магад гэнэ. NASA 2034 онд Титан руу судалгааны хөлөг буулгах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Наранд ойртогч: Европын сансрын агентлагийн Solar Orbiter хөлөг наранд ойртох хамгийн эхний дайралтаа амжилттай хийж, 77 сая км-ийн зайд дөхөж очжээ. Энэ үеэрээ тус хөлөг нарны зургийг өндөр чанартай авсан нь хүн төрөлхтөнд нарыг хамгийн ойроос ажиглах боломжийг олгох учиртай. Гэрэл зураг 7-р сарын эхээр олон нийтэд хүрэх гэнэ.

Ямааны эм: Шинэ Зеландын эрдэмтэд бүдүүн гэдэс, уушгины хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг "cetuximab" эмийг ямааны сүүнээс гаргаж авах туршилт хийж байгаа гэнэ. Лабораторийн орчинд уг эмийг их хэмжээгээр гаргаж авахад өртөг өндөртэй тул генийн инженерчлэл хийгдсэн ямааны уураг ихтэй сүүнээс гаргаж авах нь илүү хүртээмжтэй үйлдвэрлэл эрхлэхэд түлхэц болно хэмээн тэд үзэж байгаа аж.

Төрх бүтээгч: Хонгконгийн судлаачид хар зургаас хүний царайг таньж үүсгэх чадвартай хиймэл оюуныг хөгжүүлсэн байна. Тэд 17 мянган олны танил алдартны цээж зургийг ашиглан уг AI-ийг сургасан нь энэ бөгөөд бодит төрхийг маш сайн тодорхойлж байгаа учир цагдаагийн газар, анимэйшн бүтээгчдийн хэрэглээнд шууд нэвтрүүлж болохыг онцолжээ.

5 сонин хачин

1. Твиттер дуу хоолойгоор жиргэх боломжтой боллоо. Эхний ээлжинд iOS хэрэглэгчдийн дунд туршигдаж буй энэ нэмэлтийг ашиглан 140 секунд хүртэлх аудиогоо хавсаргах боломжтой болж байгаа нь энэ.

2. АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Захиргааны Байгууллагаас анх удаа видео тоглоомыг эмчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон байна. EndeavorRX нэртэй уг тоглоомыг ADHD буюу анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгээр оношлогдсон 8-12 насны хүүхдүүдэд өдөрт 25 минутаар 4 долоо хоногийн турш тоглуулахад эрс эерэг нөлөө үзүүлж байгааг туршилтаар нотолсон нь энэ аж.

3. Spotify Холливүүдийн цуутай оддын нэг Ким Кардашиан Весттэй подкаст бүтээх гэрээ байгуулснаа зарлалаа. Зөвхөн хөгжмийн стримингээс гадна подкаст руу ихээхэн анхаарах болсон тэд үүнээс өмнө The Ringer, Joe Rogan нарыг эгнээндээ нэгтгээд байсан юм. Тэрчлэн тэд DC Comics-тэй хамтран супер баатруудын түүхээс сэдэвлэсэн подкаст хийх болсноо мэдэгдэв.

4. Space Perspective хэмээх стартап 2021 он гэхэд жуулчдыг 30,000 метрийн өндөрт агаарын бөмбөлгөөр хөөргөж, дэлхийг сансраас тольдох боломж олгох төслөө танилцууллаа. 125 мянган долларын төлбөр төлсөн 8 хүртэлх зорчигч капсул хэлбэртэй бүхээгт суун 6 цагийн аяллаар агаарт гарах боломжтой болно гэнэ.

5. Хятадын онлайн худалдааны тэргүүлэх платформуудын нэг JD.com Хонгконгийн биржээс 3.9 тэрбум доллар босголоо. 2014 онд NASDAQ-т IPO хийж байсан тэд гол өрсөлдөгч Алибабатай ижил, хоёрдогч зах зээлийн арилжаагаа хийж буй нь энэ. 1998 онд байгуулагдсан, 300 сая хэрэглэгчтэй тус платформын 10 хувийг АНУ-ын Walmart эзэмшдэг билээ.

10 уншууртай мэдээ

Турших: Сайн унтаж, илүү манлайл /HBR/

Хүлээх: WWDC-ийн өмнө /Wired/

Ойлгох: Juneteenth-ийг тайлбарлах нь /Vox/

Мэдэх: Биологийг дахин нээхүй /Nature/

Гайхах: Трампын кампанит ажлын бүтэлгүй эхлэл /CNN/

Судлах: Яагаад цахим спорт Олимпод орно гэж? /TC/

Тоглох: EA-ийн зарласан гол 4 зүйл /Polygon/

Сонирхох: Magic Leap-д ирээдүй бий юу? /The Verge/

Ухах: Уур амьсгалын хямралд хэн буруутай вэ? /BBC/

Унших: Тэврэлтийг юу орлох вэ? /Time/