1 гол сэдэв
Юу болов?
Хиймэл оюуны зах зээлд манлайлагч OpenAI 2025 оноос эхлэн ашгийн төлөөх бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулна. Энэ хүрээнд тэд компанийн бүтэц хэрхэн өөрчлөгдөх талаар мэдээллээ ил болгожээ.
Яагаад?
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Алтманд 7%-ийн хувьцаа оногдсон гэнэ. Мөн судалгаа, шинжилгээний зориулалттайгаар үлдэх OpenAI-ийн ашгийн бус нэгжид бага хувьцаа ноогдож байгаа юм.
Одоо яах вэ?
Тэд хиймэл оюуны хөгжүүлэлтийг хүн төрөлхтөнд ээлтэйгээр гүйцэтгэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт хэрэгтэй байгаа нь энэхүү шилжилтийг хийх гол шалтгаан хэмээн тайлбарлаж буй. Гэсэн ч анхны хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчдын нэг Э.Маск үүнийг эрс эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргаад байгаа билээ.
2 чухал тоо
6 тэрбум - Дөнгөж зургаадугаар сард 6 тэрбумын хөрөнгө оруулалт татсанаа зарлаж байсан xAI дахин шинэ санхүүжилт авснаа ил болголоо. Э.Маскийн үүсгэн байгуулсан AI стартапын хувьд 200 мянган чип худалдаж авах амбицтай байгаа юм. Тиймдээ ч энэ удаагийн роундад стратегийн түншээр NVidia, AMD оролцжээ.
6000 хоригдол - Зул сарын баярын өдөр тус улсын нийслэл Мапутогийн төв шоронд бослого гарч, 6000 оргодол оргож, 33 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Өнгөрсөн аравдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг олон нийт эсэргүүцэж байгаатай холбоотой эсэргүүцэл тэмцэл ихээр нэмэгдэх болсон. Шоронгийн хоригдлууд ч үүнд нэгдэж, хэд хэдэн удаагийн бослогыг гаргаж байгаагийн хамгийн том нь энэ боллоо. Уг сонгуульд тус улсыг 1975 оноос хойш удирдаж буй FRELIMO намын нэр дэвшигч ялалт байгуулсныг сөрөг хүчин эсэргүүцэж, сонгуулийн луйвар хийлээ хэмээн улс орон даяар одоог хүртэл дүнг хүлээн зөвшөөрөхгүй төрөл бүрээр тэмцсээр байгаа юм.
3 онцлох өгүүлбэр
I. Дараалсан онгоцны ослууд дэлхийг цочроолоо
- Бангкокоос Муан чиглэлд зорчиж явсан Jeju Air-ийн иргэний агаарын тээврийн онгоц газардах үедээ осолдсон харамсалтай хэрэг гарлаа. Газардах үед дугуй дэлгэгдээгүй нь шувуу мөргөж гэмтсэнтэй холбоотой байж болзошгүй гэнэ.
- Онгоцонд зорчиж явсан 181 хүнээс хоёрыг нь аварч чаджээ. Түүнчлэн Azerbaijan Airlines-ийн онгоц Казахстаны хилийн ойролцоо унаж, нийт 67 зорчигчийн 38 нь амиа алдсан байна.
- Зарим эх сурвалжууд ОХУ-ын агаараас хамгаалах систем андуурч, иргэний авиа тээврийн онгоц руу халдсан байж болзошгүй гэнэ. Одоогоор албан ёсны мэдээ цацагдаагүй байна.
II. Google шүүхэд хариу төлөвлөгөөгөө илгээжээ
- АНУ-ын дээд шүүхээс Google-ийг хайлтын зах зээлд монополын шинжтэй үйл ажиллагаа явууж байна хэмээн үзэж, урт хугацааны зарга үүсгээд байгаа. Тэд компанийн хайлтын бизнесийг салгаж, Chrome, Android-ийн бизнесээ салгах шаардлагыг илгээсэн юм.
- Тэгвэл Google-ийн зүгээс хариу болгож, өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа өөрчлөх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэд эхний ээлжинд Apple-ын үндсэн хайлтын системийг Google байлгах 20 тэрбумын хэлцлээ зогсоох санал гаргасан байна. Үүнтэй ижил төстэй давуу байдал олгох хэлцлийг мөн хийхгүй хэмээн тэд үзжээ.
- Гэхдээ тэд гол веб хөтөч болох Google Chrome-ийг компанийн хамгийн үнэ цэнтэй бизнесүүдийн нэг хэмээн үзэж, энэ заргаас бүр мөсөн салгахыг хүссэн нь анхаарал татав. Тэд ирэх гурван жилд мөн технологийн давуу тал олгох наймааг хийхгүй хэмээн “амалж” байна.
III. Д.Трамп TikTok-ийн хоригийг хойшлуулахыг хүслээ
- Тэрээр дээд шүүхэд хандан, TikTok-ийг АНУ-ын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа зогсоох эсвэл зарах гэсэн шийдвэрээ хойшлуулах албан хүсэлтийг илгээжээ. Ж.Байдены гарын үсэг зурсан шийдвэр ёсоор TikTok нэгдүгээр сарын 9 буюу Д.Трампыг тангараг өргөхийн өмнөх өдөр эцсийн шийдвэрээ танилцуулах ёстой байсан юм.
- Ж.Байдены засаг захиргаа TikTok-ийг үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж буй хэмээн үзсэн. Тэд Бээжинд хэрэглэгчдийн хувийн мэдээллээ хуваалцдаг, мөн хуурамч мэдээлэл түгээдэг хэмээн мэтгэж буй. Харин TikTok-ийн зүгээс АНУ-д бүртгэлтэй 170 сая хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна хэмээн маргасаар байгаа юм.
- Д.Трамп өөрөө 2020 онд хамгийн анх TikTok-ийг шалгах ажиллагааг эхлүүлж байсан. Гэсэн ч сүүлд сонгуулийн сурталчилгааны үеэр байр суурь нь зөөлөрч, TikTok-ийг хаах нь Meta-д хэт давуу байдал олгох аюултай хэмээн ярих болсон юм. Тэрээр TikTok-ийн CEO-той саяхан оройн зоог барьсан бөгөөд шинээр хэлэлцээрт ороход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
4 мэдүүштэй зүйл
Паркерын амжилт: NASA-ийн “Parker” хөлөг наранд хамгийн ойрхон очсон хүний бүтээсэн төхөөрөмж боллоо. Уг хөлөг нарнаас ердөө 6.1 сая км-ын зайд ойртож, 930 градусын халууныг тэсвэрлэж чаджээ. Нарны талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, сансрын цаг уурын үзэгдлийг тайлбарлах зорилготой уг хөлөг 2025 онд дахин хоёр удаа хэт ойртох оролдлогыг гүйцэтгэх юм.
Үнэгүй цэнэглэгч: Вьетнамын цахилгаан машин үйлдвэрлэгч VinFast 2027 оныг хүртэл хэрэглэгчдээ үнэгүй цахилгаанаар хангана гэдгээ мэдэгдлээ. Тэд Хятадын өрсөлдөгчдөөс ялгарахын тулд ийм арга хэмжээ авч байгаа юм. Зөвхөн энэ жил гэхэд Вьетнамд 67 мянган автомашин нийлүүлсэн тус компани сүүлийн үед Африк, Ойрх дорнодын зах зээл рүү онилж буй. Хамгийн сүүлд 3.5 тэрбум долларын шинэ хөрөнгө оруулалт татсан уг компани Лаост цахилгаан таксины үйлчилгээг нэвтрүүлжээ.
Арслан зааны тугал: Хайлж буй мөнх цэвдгээс олдсон уг олдвор нь 50 мянган жилийн өмнөх цаг үед харьяалагдах, 100 кг гаруй жинтэй, нэг настай тугалынх байсан гэдгийг эрдэмтэд баталжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөнх цэвдгүүд хайлж, ялангуяа Сибирийн бүс нутгаас эртний амьтдын үлдэгдэл олдох нь эрс нэмэгдэж буй. Уг үлдэгдлийн тусламжтайгаар тухайн үеийн цаг уур, аж амьдралын талаарх шинэ мэдээллийг олно гэж тэд найдаж байна.
Дүрэм зөрчигч: Дэлхийн номер нэг шатарчин М.Карлсен журам зөрчиж өмссөн жинсээ тайлахыг зөвшөөрөөгүй учир тэмцээнийг орхисон гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Тэрээр дэлхийн шатрын холбооны хувцасны дүрмийг сахиагүй учир 200 доллароор мөн торгуулсан байна. М.Карлсен сүүлийн 10 жилд 5 удаа дэлхийн аварга болж, блиц төрөлд 7 удаа түрүүлээд байсан билээ.
5 сонин хачин
1. Өндөр хүлээлт дор нээлтээ хийсэн Squid Game-ийн шинэ бүлэг Netflix-ийн рэйтингээ ил болгодог 93 улсын 92-т нь номер нэгт бичигджээ. Уг цувралын шинэ бүлэг 7 ангиас бүрдэх бөгөөд 2025 онд багтаан дахин нэг бүлэг цацагдах гэнэ. Netflix нээлтэнд зориулж дэлхий даяар поп-ап дэлгүүр, энтертэйнмент төв, тоглоомын цэгүүдийг байршуулсан нь мөн үзэгчдийн таашаалд нийцжээ. Сонирхуулахад, тус киноны эхний бүлэг Алтан бөмбөрцөг наадамд гурван төрөлд нэр дэвшиж, 2.2 тэрбум цагийн үзэлт цуглуулснаараа Netflix-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй шоунд тооцогдох болсон юм.
2. Тус апп-ыг үүсгэн байгуулагч П.Дюров энэ тухай анхлан мэдэгдсэн. 950 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэгдэх Telegram-ийн жилийн борлуулалт 1 тэрбум долларын босгыг анх удаа давсан гэнэ. 2022 онд анх эхлүүлсэн премиум багцад 12 сая хэрэглэгч бүртгүүлж, төлбөр төлөх болсон нь ашгийн гол суурь болжээ. Үүнээс гадна тус компани 500 сая долларын бэлэн мөнгөний нөөцтэй байгаагаа нуусангүй.
3. Bloomberg-ийн мэдээлж байгаагаар Apple ухаалаг гэр ахуйн зах зээлд нэвтрэх хамгийн гол түлхүүр нь ухаалаг хонх гэж үзэж байгаа гэнэ. Тус хонх нь камертай байх бөгөөд Face ID-аа ашиглан нүүрээрээ нээж, онгойлгох боломжтой байх нь хэрэглэгчдийг татна хэмээн үзжээ. Энэ зах зээлд Amazon хамгийн гол тоглогч болоод байгаа билээ.
4. Oppenheimer, Interstellar, Inception зэрэг хит бүтээлүүдийг найруулсан К.Нолан шинэ төслөө танилцууллаа. Тэрээр эртний Грекийн нэрт зохиолч Хомерын алдарт “Одиссей” найраглалаас сэдэвлэн шинэ кино бүтээнэ гэнэ. Шинэ кинонд Т.Холланд, М.Дэмон, Э.Хэтэуэй, Р.Паттинсон зэрэг одод тоглох болсон нь үзэгчдийн сонирхлыг улам татаж байна. Кино 2026 оны долдугаар сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа юм.
5. Сүүлийн саруудад маш өндөр хандалттай байгаа нийгмийн сүлжээний платформууд болох Threads, Bluesky бараг нэгэн зэрэг шахуу “Trending” нэмэлттэй боллоо. Bluesky-ийн хувьд цөөн хэрэглэгчдэд туршиж байгаа бол Threads харин шууд хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлжээ. X болон Facebook-т цаг үеийн, эргэн тойронд өрнөж буй гол үйл явдлуудыг багцалж үзэх нь хэрэглэгчдийн апп-д өнгөрүүлэх цагийг нэмэгдүүлдэг гэж тэд үзэж буй.