1 гол сэдэв

Ард иргэдийн тэмцэл Монгол улсын Засгийн газрыг огцрох шалтгаан боллоо.

Юу болов?

Коронавирусийн халдвартай нь тогтоогдсон, дөнгөж төрсөн эхийг тээвэрлэж буй онцгой комиссын "харгис" байдал ард иргэдийн унтууцлыг ихэд төрүүлэв. Улмаар үүнээс улбаатай УОК-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн ард иргэд Сүхбаатарын талбайд цуглаж, хариуцлага тооцох, мэдээллийг тодорхой болгохыг шаардаж эхэлсэн билээ.

Дараа нь юу болов?

Эхлээд УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Я.Содбаатар, ЭМЯ-ны сайд Т.Мөнхсайхан нар үүргээ хүлээлгэн өгөх шийдвэр гарсан. Үүний дараа холбогдох эрүүл мэндийн байгууллагын дарга нар ч ажлаа өгчээ. Гэхдээ энэ нь хангалттай байсангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетаараа хариуцлага хүлээх улс төрийн шийдвэр гаргасан нь олныг алмайруулж орхив.

Тэгээд юу болов?

Үүгээр ч зогссонгүй уг жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга санхүүжүүлж, өдөөсөн хэмээн мэдэгдсэн нь олныг бүр ч эргэлзүүлж орхив. Х.Баттулга ч УИХ-ын индэр дээрээс түүний шийдвэрийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, нэр бүхий гишүүд төрийн эргэлт хийхээр оролдож байгааг зарлав. Гэсэн ч МАН-ын гишүүдийн дийлэнх нь хүсэлтийг хүлээн авснаар У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсон анхны ерөнхий сайд боллоо.

Одоо юу болох вэ?

Дараагийн ерөнхий сайдын нэр тодорхой болсон. Тэр бол ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ. Өдгөө 41 настай түүний багт хэн багтах нь сонирхолтой. Мөн төрийн гурван өндөрлөгийн тэмцэлдээн хаана хүрэх нь ч анхаарал татам. Зарим экспертүүд ирэх зун явагдах ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа эхэллээ хэмээн мэдэгдэж байгааг ч мартаж болохгүй.

2 чухал тоо

72.000.000.000 - Нидерландын тусгай албаныхан Ази даяар тарсан хар тамхины сүлжээний толгойлогч Цэ Чи Лопыг баривчилжээ. "Азийн Эль Чапо" гэх хочтой түүнийг 72 тэрбум долларын үнэлгээ бүхий сүлжээг хянадаг хэмээн үздэг юм.

100.000 - Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Э.Маск хүлэмжийн хийг тогтоох, хадгалах хамгийн үр дүнтэй технологи санаачилсан хүнд 100 сая долларын шагнал өгөхөө зарлалаа. Түүний хөрөнгө 200 тэрбум долларыг даваад байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден тангаргаа өргөлөө.

- Өдгөө 78 настай Жо Байден түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч болж буй нь энэ бол дэд ерөнхийлөгч К.Харрис уг албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байгаа юм.

- Байден 2514 үгтэй 21 минутын илтгэлдээ уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн сэргэлт, нийгмийн тэгш бус байдлыг онцлон тэмдэглэж, Ардчиллын үнэт зүйлсийг эргүүлэн авчрах өөдрөг, хүндлэлтэй, шударга нийгмийг бүтээхээ амалжээ. Тэрээр мөн үүрэгт ажлаа авсан эхний өдрөө Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, ДЭМБ-ын гишүүнчлэлээ сэргээн, коронавирусын эсрэг тэмцэх үндэсний стратегийг шинэчлэн баталжээ.

- Капитолын ордонд өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн эмх замбараагүй явдлын улмаас өндөр хамгаалалт, хөл хорионы онцгой дэглэмийн дор явагдсан ёслолын ажиллагаанд ердөө 1600 гаруй зочин оролцсон юм. Ёслолын ажиллагааны хүрээнд явагдсан бүх арга хэмжээ виртуал хэлбэрээр олон нийтэд нээлттэй хүрсэн нь мөн шинэлэг байлаа.


II. ОХУ даяар В.Путиныг эсэргүүцсэн жагсаал явагдлаа

- Өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирэнгүүтээ саатуулагдаад буй А.Навалныйг дэмжигчид Орос даяар эсэргүүцлийн жагсаал хийлээ. Оросын хэвлэлүүд 4000 мянга гаруй хүн оролцсон хэмээн мэдээлсэн ч хараат бус судалгааны байгууллагууд зөвхөн Москвад 40 мянган хүн нэгдсэн хэмээн мэдээлж байна.

- Путины эсрэг хамгийн том гэж хэлж болох уг жагсаал 100 гаруй хотод явагдсан бөгөөд 3100 гаруй хүн баривчлагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

- А.Навалныйгийн дэмжигчдийн гол мэдээлэл солилцож буй сувгуудыг зохион байгуулалттайгаар хааж, хязгаарлаж байсан тухай мөн Барууны хэвлэл онцолж байна. Хэд хэдэн газар утасны сүлжээ унаж, интернэт тасарчээ. Сонирхуулахад, жагсагчид TikTok ашиглаж өөрсдийн үзэл суртлаа түгээж, олон нийттэй харилцаж байсан гэнэ.


III. Америкийн телевизийн домогт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа таалал төгслөө.

- CNN-д 25 жилийг өнгөрүүлэх хугацаандаа Америкийн хамгийн их үзэгчтэй ток шоуг хөтөлж явсан тэрээр 5000 гаруй зочинтой яриа хийжээ. Түүний энгийн, ойлгомжтой бөгөөд эерэг агуулгыг эрхэмлэсэн арга барил нь ток шоуны салбарт шинэчлэл авчирсан гэж мэргэжилтнүүд үздэг.

- Тэрээр сүүлийн жилүүдэд өөрийн үүсгэн байгуулсан Ora TV-г хөгжүүлж, "Larry King Now" нэртэй шоугаа үргэлжлүүлэн хийсээр байсан юм.

- Өмнө нь хорт хавдрыг даван дийлж, тайзнаа эргэн ирж байсан Л.Кинг энэ оны эхээр коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан аж.


4 мэдүүштэй зүйл

Хараа бэлэглэгч - Израилийн биотехнологийн стартап "CorNea" анхны хиймэл эвэрлэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэлээ. 10 жилийн турш харааны чадвараа алдаад байсан 78 настай эр уг хагалгааны үр дүнд ахин харах боломжтой болжээ.

Рекорд эвдэгч: "SpaceX" нэг нислэгээр хамгийн олон хиймэл дагуул хөөргөсөн рекордыг тогтоолоо. Тэд нийт 143 хиймэл дагуул хөөргөсний 10 нь тэдний өөрсдийн хөгжүүлж буй "Starlink" төсөлд харьяалагдах ажээ.

Гүн далай: Корнеллийн их сургуулийн эрдэмтэд Санчир гарагийн дагуул Титан дээр оршиж буй далайн гүн 300 орчим метр хэмээн тогтоосон байна. Энэ нь одон орончдод тус гараг руу робот илгээж, гүний шинжилгээ хийх боломжийг олгож байна хэмээн тодотгожээ.

Аварга биет: Археологичид Аргентинаас 98 сая жилийн настай үлэг гүрвэлийн үлдэгдлийг оллоо. Уг биет нь 15 метрийн өндөртэй, 69 тонн жинтэй байсан гэж тогтоосон нь одоогоор олж илрүүлсэн хамгийн том биетэд тооцогдоход хангалттай үзүүлэлт ажээ.

5 сонин хачин

1. "Microsoft" жолоочгүй машины технологи хөгжүүлэгч "Cruise"-д хоёр тэрбум долларын хөрөнгө орууллаа. Энэ нь тэдний хувьд уг салбарт хийж буй анхны томоохон хөрөнгө оруулалт. Тэд "Azure"-ийн үүлэн технологийг "Cruise"-д, цаашлаад автомат удирдлагатай машины зах зээлд нэвтрүүлэх зорилготой. "General Motors"-ийн дийлэнх хувийг эзэмшдэг "Cruise" ингэснээр 30 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа юм.

2. "Netflix" 200 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. 2021 онд долоо хоног бүр оригинал контент цацахаа зарлаад буй тус компанийн хувьцаа энэ мэдээний дараа 13 хувиар өссөн байна. Мөн тэд шинэ контент бүтээхэд зориулж гадаад эх үүсвэрээс санхүүжилт татах шаардлагагүй болсон гэдгийг онцолжээ.

3. "Google" агаарын бөмбөлгөөр дамжуулан интернэт түгээх зорилготой "Loon" төслөө зогсоолоо. 2013 онд эхэлсэн уг төсөл өнгөрсөн жил анхны арилжааны хэлцлээ Кенид байгуулж, энэ жил хамгийн урт нислэгээ үйлдээд байсан юм.

4. 37 долоо хоногийн турш ялагчгүй байсан лотоны ялагч тодорч, 1 тэрбум долларын шагнал хүртэх болсон байна. Mega Millions-ийг зохион байгуулагчид Мичиган мужийн оршин суугч, орон нутгийн супер маркетаас лото худалдан авсан эрхэм ялагч болсныг зарлажээ.

5. "Fiat Chrysler", "Peugeot" 52 тэрбум долларын үнэлгээтэй аварга нэгдлийг үүсгэлээ. Ингэснээр тэд дэлхийд 4-т бичигдэх автомашин үйлдвэрлэгч болж байгаа юм. "Stellantis" нэртэй үйл ажиллагаа явуулах нэгдлийн хувьцаа эхний өдрөө л 7.5 хувиар өсжээ.