1 гол сэдэв

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдлын нэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын ээлжит чуулган явагдсан нь байв.

Юу болов?

51 дэх удаагийн Давосын чуулган түүхэндээ анх удаа цахимаар явагдснаараа онцлогтой байв. Си Жинпин, В.Путин, А.Меркель, Н.Моди зэрэг төрийн тэргүүд, А.Гуттерриш, К.Лагард, Т.Гебрейесус зэрэг олон улсын байгууллагын лидерүүд болон 1500 гаруй бизнес, соёл, иргэний нийгмийн төлөөлөл 270 сэдвийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг явуулсан юм.

Гол сэдэв юу байв?

Энэ жилийн үндсэн сэдэв нь "The Great Reset" байв. Форумыг санаачлагч К.Шваб цар тахлын нөлөө дэлхий нийтэд байгальд ээлтэй, ирээдүй рүү чиглэсэн, хүнийг эрхэмлэсэн шинэ нийгмийг цогцлоох боломж олгож байгааг онцлон, түүнд зах зээлийг тодорхойлогч топ компаниуд, засгийн газруудыг манлайлан оролцохыг санал болгосон нь энэ байв. Мөн тэд 2021 оныг "итгэлцлийг сэргээх ач холбогдолтой жил" хэмээн үзэж, тахлын дараах геополитикийн нөхцөл байдал, вакцинжуулалтын орчин, шинэ засагтай АНУ, ажлын байрны ирээдүй болон аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрчимжилтийн талаар яриа өрнүүлжээ.

Өөр онцлох зүйл юу байв?

К.Шваб "Stakeholder Capitalism" нэртэй шинэ номоо хэвлүүлсэн нь оролцогч талуудын идэвхтэй оролцоог чухалчилсан эерэг нийгмийг цогцлоох гарын авлага болох потенциалтай хэмээн үнэлэгдэж байна. Их Британийн архитектор Д.Аджайе нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй уран бүтээлчдэд олгодог "Crystal Awards"-ийн эзэн болов. Сонирхуулахад, Давосын чуулган биет хэлбэрээр тавдугаар сард Сингапурт явагдахаар төлөвлөгдөж байгаа юм.


2 чухал тоо

30.000.000.000 - "Youtube" өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 30 тэрбум долларыг контент бүтээгчдэд хуваарилсан хэмээн CEO С.Войчицки мэдэгдлээ. 2021 оны хамгийн эхний илтгэлдээ тэрээр тус компани зөвхөн 2019 онд гэхэд АНУ-ын ДНБ-д 16 тэрбум долларыг оруулсан хэмээн онцолжээ.

180: Шинэ үеийн сошиал платформ хэмээх тодотголтой аудио чат апп Clubhouse 100 сая долларын шинэ санхүүжилт татаж, нэг тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Өөрийн дуу хоолойгоороо тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгодог уг апп-д зөвхөн урилгаар нэвтэрч бүртгүүлэх боломжтой байгаа нь онцлог. Одоогоор тус апп-д нийт 180 хөрөнгө оруулагч нэгджээ.


3 онцлох өгүүлбэр

I. Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын гишүүд томилогдлоо

- Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн кабинетаа бүрдүүлж, үүрэгт ажилдаа орлоо. Х.Нямбаатар, А.Ариунзаяа, Л.Халтар зэрэг өмнөх засгийн найман сайд дахин томилогджээ.

- Шинээр сонгогдсон сайд нараас Соёлын сайд Ч.Номингийн сонголт олны анхаарлыг хамгийн их татав. УИХ-ын квотоор Сангийн сайдад Б.Жавхлан, Боловсролын сайдад Л.Энх-Амгалан нар засгийн газарт данстай боллоо.

- Тахлын үед хамгийн чухалд тооцогдох алба бол шадар сайд. УОК-ын даргын ажлын хавсарган гүйцэтгэх уг албан тушаалд экс хотын дарга С.Амарсайхан томилогдов. Мөн Л.Оюун-Эрдэнийн өмнөх алба ЗГХЭГ-ын даргаар хашир туршлагатай улстөрч Ц.Нямдорж томилогдож, гэнэтийн "эргэн ирэлтийг" хийлээ.


II. "GameStop"-ийн арилжаа хөрөнгийн зах зээлийг донсолгов

- Видео тоглоом борлуулагч сүлжээ дэлгүүр "GameStop"-ийн хувьцааны үнэ 1500 хувиар өссөн нь энэ долоо хоногийн гол сэдэв байв. Хөрөнгийн зах зээлд шорт хэмээх ойлголт түгээмэл ашиглагддаг. Энэ нь тухайн хувьцааны үнэлгээ ирээдүйд буурна гэсэн таамаглал дор зээлээр авч заран, үнэ буурсан үед эргүүлж өгч, зөрүүнээс нь ашиг хийдэг арга. Үүнийг "Reddit"-ийн хоёр сая хэрэглэгчтэй "Wallstreetbets" нэртэй форум группийнхэн эсэргүүцэж, онлайн хөдөлгөөн өрнүүлсэн нь дээрх өсөлтөд хөтөлжээ.

- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 5000 гаруй байгууллагын шорт арилжаачдын алдагдал аль хэдийн 70 тэрбум долларт хүрсэн гэх. Форумаас нийт хэрэглэгчдэдээ эзэмшиж буй хувьцаагаа заралгүй хадгалахыг уриалж, эсэргүүцлээ илэрхийлсэн нь үр дүнд хүрсэн нь энэ. Үүнд нь Э.Маск тэргүүтэй олны танилууд ч нэгджээ. Сонирхуулахад, амьтны хүнс, хэрэгсэл борлуулдаг "Chewy"-г эхлүүлж, IPO хүртэл хийгээд амжсан Р.Коуэн тус компанийн удирдах зөвлөлд орох үедээ л "GameStop"-ийн хувьцааг хамгийн их шорт хийгдсэн байгааг цохон тэмдэглэж байсан юм.

- Уг үйл явдлыг шийдвэр гаргагчид, ялангуяа Ж.Байдены захиргаа анхааралтай ажиглаж байгаа гэнэ. Цахиурын хөндийн гол найдлага болсон Robinhood хүртэл арилжааг хязгаарлах шийдвэр гаргасан нь "дайныг улам өдөөж", бүр шүүхийн гомдолд хүртэл хүргээд амжжээ.


III. Kuaishou Technology 2021 оны хамгийн эхний мега IPO-ийг хийлээ.

- "Tencent"-ийн эзэмшдэг, TikTok-ийн гол өрсөлдөгч гэгдэх уг апп нийт 5.4 тэрбум доллар босгосон нь энэ. Хамгийн сүүлд 2019 онд "Alibaba" л 13 тэрбум босгож тэднээс илүү үзүүлэлт бүртгүүлж байв.

- Хоёрдогч зах зээл дэх захиалгын хэмжээ 1200 дахин давж биелсэн буюу 165 тэрбум долларыг цуглуулсан нь өнгөрсөн жилийн "Nongfu Springs"-ийн рекордоос давсан үзүүлэлт болжээ.

- Тус апп-ийг өдгөө 257 сая хүн идэвхтэй хэрэглэдэг бөгөөд 2019 онд 7.2 тэрбум долларын борлуулалттай ажиллажээ.

4 мэдүүштэй зүйл

Зайнаас цэнэглэгч: "Xiaomi" ухаалаг төхөөрөмжүүдийг алсаас цэнэглэх боломжтой "Mi Air Charge Technology"-г зарлалаа. Уг төхөөрөмж нь тодорхой радиуст байрлах утас, цаг, гэрэл зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг зэрэг цэнэглэх боломжтойг тэд онцолсон байна. Гэхдээ тэд бүтээгдэхүүний зах зээлд танилцуулагдах хугацааг ил болгосонгүй.

Том амлалт: "General Motors" 2035 он гэхэд шатахуунаар ажилладаг автомашины үйлдвэрлэлээ зогсооно гэдгээ зарлалаа. Тэд дараагийн 20 жилд цахилгаан машины технологийг төгөлдөржүүлэхэд анхаарлаа хандуулах стратегитай байгаа нь энэ юм.

Уулзалт товлогч: Календарийн цаг товлогч апп Calendly 350 сая долларын хөрөнгө оруулалт татлаа. Атлантад төвтэй уг стартапын үнэлгээ ингэснээр гурван тэрбум долларт хүрч байгаа юм.

Шуудан илгээгч: "Facebook" сүүлийн үед ихэд эрэлттэй болоод буй цахим товхимолд зориулсан платформ хөгжүүлж байгаа гэнэ. Тэд имэйл бүртгэж, контент бүтээх боломж олгох хэрэгслээр дамжуулж медиа зах зээлд хүчтэй тоглогчийн статусаа хадгалах зорилготой байгаа. Ташрамд дурдахад, "Twitter" уг чиглэлээр дагнагч Нидерланд стартап "Revue"-г нэгтгэснээ зарласан билээ.

5 сонин хачин

1. Pinterest стори форматын нэвтрүүлсэн ээлжит сошиал платформ боллоо. Өнгөрсөн есдүгээр сараас туршиж эхэлсэн "Story Pins" нэртэй нэмэлтийг зөвхөн тодорхой хэрэглэгчид, бизнес ашиглах боломжтой гэдгээрээ Twitter, Instagram, Facebook-ээс ялгаатай юм.

2. "Netflix" Зул сарын баяраар нээлтээ хийсэн "Bridgerton" цувралыг эхний 28 хоногт 82 сая хэрэглэгч үзсэнийг зарлалаа. Ингэснээр уг бүтээл "Netflix"-ийн хамгийн их үзэгчтэй оригинал цуврал болж байгаа гэсэн үг юм. Ж.Куйний зохиолоос сэдэвлэсэн уг бүтээл 83 орны чартыг тэргүүлжээ. Өмнөх рекордыг 76 сая хэрэглэгч үзсэн "The Witcher" эзэмшиж байв.

3. "Ford"-ийн эзэмшдэг, скүүтэрийн технологи хөгжүүлэгч "Spin" алсын удирдлагатай шинэ загвараа танилцууллаа. Гурван дугуйтад суурилсан уг технологи нь скүүтэрийг гудамжинд цэгцтэй байрлуулах боломжийг олгож, эдэлгээг уртасгах учиртай хэмээн тэд үзэж буй.

4. "Motorola" Хятад, Энэтхэгийн премиум зах зээлд өрсөлдөх хямд үнэтэй Edge S загвараа танилцууллаа. Ердөө 310 долларын үнэтэй уг утас нь үзүүлэлт, цэнэг, хурдаараа топ загваруудтай өрсөлдөхүйц бөгөөд нийт зургаан камер, шууд дэлгэцтэй холбох нэмэлтээр тоноглогджээ.

5. "OnePlus"-ийг үүсгэн байгуулагч Карл Пэй шинэ компаниа зарлалаа. "Nothing" нэртэй уг компани нь ухаалаг төхөөрөмжийн зах зээлд өрсөлдөх бөгөөд "Twitch"-ийн К.Лин, "Reddit"-ийн С.Хюфман нараас хөрөнгө оруулалт татжээ. К.Пэй өнгөрсөн жил үүсгэн байгуулсан компаниа орхиод байсан юм.

10 уншууртай мэдээ

Ойлгох: Навальныйгийн тэмцлийн тухай мэдэх ёстой бүх зүйлс /Vox/

Турших: iOS 14.4 гарлаа /Engadget/

Мэдэх: Мьянмарт төрийн эргэлт гарлаа /Axios/

Хүлээх: 2021 онд хүлээж буй бүтээлүүд /Variety/

Алмайрах: 60 жилийн нууцыг технологи тайлах нь /Techcrunch/

Гайхах: 370 хувийн өсөлттэй криптокойн /CNN/

Тооцох: J&J-ийн вакцин 66 хувийн нөлөөтэй /BBC/

Анзаарах: Трампын баг задарч эхэллээ /Politico/

Сонирхох: "Барса", Мессигийн маргааны эргэн тойронд /FP/

Анхаарах: GameStop-ийг ойлгох нь /The Verge/