1 гол сэдэв

Юу болов?

Ирэх 4 жилд төрийн бодлого тодорхойлох нам, эвсэл, түшээдийг сонгох УИХ-ын сонгуулийн кампанит ажил хамгийн чухал сүүлийн үеэ эхлүүллээ. Сурталчилгаа албан ёсоор 6-р сарын 26-нд өндөрлөх учиртай. Сонгогчид 6-р сарын 28-нд саналаа өгөх юм. Энэ удаагийн сонгуульд 19 нам, 2 эвслээс 1340 нэр дэвшигч 126 суудлын төлөө өрсөлдөж байгаа юм.

Онцлох зүйл юу байв?

Энэ удаагийн сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор, холимог тогтолцоотойгоор явагдаж байгаа нь намуудыг бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломжийг олгосон. Тиймдээ ч TenGer TV-ээс зохион байгуулж буй "Мэтгэлцээн 2024" сонгогчдод гол асуудлын хүрээнд нэр дэвшигчдийг харьцуулах, намуудын байр суурийг цэгнэх, гол заалтуудыг мэдэх боломжийг олгосон цоо шинэ талбар болж хувираад байна. Одоогоор нийт 16 сэдвийн хүрээнд намууд мэтгэлцэж, нийгмийн дунд төрөл бүрийн хэлэлцүүлэг өрнүүлсээр байгаа билээ.

Одоо яах вэ?

Санал хураалтын сүүлийн өдрүүдэд сошиал орчинд элдэв янзын хуурамч мэдээлэл, хар сөрөг утгатай агуулгууд эрс нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс уншигчид та бүхнийг хариуцлагатай байж, шүүлтүүртэйгээр мэдээлэл хүлээн авахыг хүсэж байна. Та бүхэн манай "Алдалгүй сонго" цуврал нийтлэлүүдээс сонгуулийн онцлог, анхаарах зүйл, мэдэх хэрэгтэй бүхнээ олж авч, шийдвэр гаргахдаа ашиглахыг урьж байна.


2 чухал тоо

599 - SpaceX 599 долларын үнэтэй зөөврийн интернетийн төхөөрөмжөө танилцууллаа. Starlink Mini нэртэй уг төхөөрөмж нь аялагчдад зориулсан бөгөөд сарын 150 долларын төлбөр төлж, 50 гб дата ашиглах эрхтэйгээр хэрэглээнд нэвтрэнэ.

10.000 - SoftBank-ийг үүсгэн байгуулагч М.Сон хиймэл оюун ирэх 10 жилд хүн төрөлхтнөөс 10 мянга дахин ухаантай болно хэмээн үзэж байна. Тэрээр компанийхаа хиймэл оюуны технологитой холбоотой төлөвлөгөөг танилцуулах үеэрээ энэ тоог дурджээ.

3 онцлох өгүүлбэр

I. Nvidia хамгийн үнэ цэнтэй компани болов.

- Энэ сарын эхээр 3 их наядын үнэлгээтэй болсон тус компанийн хувьцаааны үнэлгээ мягмар гарагт 3.6%-аар нэмэгдэж, 3.34 их наядад хүрлээ. Ингэснээр тэд Microsoft-ийг гүйцэж, анх удаа дэлхийн хамгийн үнэ цэнтэй компанид тооцогдох болов.

- AI-ийн давлагаанд хамгийн ихээр хожиж байгаа компани бол NVidia. AI хөгжүүлэлтэнд зориулсан чип бүтээж, зах зээлийн гол нийлүүлэгч болсон тус компанийн үнэлгээ 2022 оноос хойш 9 дахин нэмэгдээд байна. Зарим статистик мэдээллээр тус компани зах зээлийн 80%-ийг дангаар бүрдүүлж байгаа бөгөөд OpenAI, Microsoft, Alphabet, Amazon-д бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэнэ.

- 1991 онд тус компанийг үүсгэн байгуулсан Ж.Хуангийн хөрөнгө 117 тэрбум доллар болсон байна. Тэрээр дэлхийн 11 дэх баян хүн болж байгаа нь энэ юм.


II. OpenAI-ийн хамтран үүсгэн байгуулагч шинэ компаниа зарлав.

- Хиймэл оюуны салбарын хамгийн шилдэг мэргэжилтэн, гол төлөөлөгчдийн нэг тооцогддог Илья Суцкевер шинэ компани байгуулж байгаагаа зарлалаа. Safe Superintelligence нэртэй тус компани нь аюулгүй, ёс зүйтэй AI загваруудыг бүтээхэд төвлөрнө гэнэ.

- И.Суцкевер OpenAI-ийг хамт үүсгэн байгуулсан С.Алтманыг гүйцэтгэх захирлаас нь огцруулах ажлыг толгойлсонд тооцогдож байгаа. Энэ оролдлого нь бүтэлгүйтсэнээс удалгүй тэрээр компаниа орхиж байгаагаа зарласан билээ.

- Тэрээр компани Apple-ий AI багийг ахалж байсан Д.Гросстой хамтран эхлүүлжээ. Safe Superintelligence-ийн дараагийн төлөвлөгөө болон санхүүжилтийн талаар мэдээлэл хараахан ил болоогүй байна.


III. "Inside Out 2" 2024 оны хамгийн өндөр орлоготой кино боллоо.

- Pixar-ийн ээлжит анимэйшн 2 дахь долоо хоногтоо л "Dune: Part II"-ийн нийт орлогыг гүйцсэн нь энэ. Тус бүтээл одоогоор дэлхий даяар 724 сая долларын орлого цуглуулаад байна.

- Хойд Америкийн зах зээлд тэд хоёр дахь долоо хоногтоо 100 сая долларын орлого олсон нь түүхэнд 7-д бичигдэх үзүүлэлт юм. Тэдний өмнө ийм амжилт үзүүлсэн Star Wars, The Avengers, Jurassic World зэрэг бүх кино тэрбум доллараас дээш орлого олж байжээ.

- "Inside Out 2"-ийн амжилт энэ зуны хүлээлтийг улам ч өндөр болгож орхилоо. Бокс оффис энэ зун "Despicable Me 4", "A Quiet Place: Day One", "Deadpool & Wolverine" зэрэг хит бүтээлүүдээс өндөр орлого олох төлөвтэй байгаа билээ.

4 мэдүүштэй зүйл

Шинэ түншлэл: Meta өөрсдийн хөгжүүлж буй AI моделийг Apple-д интеграц хийх хэлцлийг эхлүүлжээ. Apple саяхан бүх төхөөрөмжүүдээ багтаасан экосистемийг холбох Apple Intelligence-ийг зарласан. Үүндээ зөвхөн Meta-аас гадна OpenAI, Antrophics, Perplexity зэрэг бусад AI компаниудтай хамтран ажиллахаар зэхэж байгаа юм.

Анхны наймаа: OpenAI түүхэн дэх анхны худалдан авалтаа хийж, Rockset нэртэй стартапыг эгнээндээ нэгтгэлээ. Тус компани нь байгууллагын их өгөгдөл дээр аналитик хийдэг платформ хөгжүүлдэг бөгөөд 105 сая долларын хөрөнгө оруулалт татаад байжээ.

Гэнэтийн дампуурал: Алдарт дизайнер Хэнри Фискерийн үүсгэн байгуулсан Fisker дампуурлаа зарлалаа. Цахилгаан машины зах зээлд Tesla-тай өрсөлдөх найдлагатай ажиллаж байсан тус компани 2007 онд байгуулагдсан бөгөөд 2020 онд IPO хийх оролдлого нь бүтэлгүйтснээр нөхцөл байдал нь хүндрээд байсан юм.

Хэтийдсэн тэмцэл: Just Stop Oil нэртэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг активистууд 4500 жилийн түүхтэй Стоунхэнж рүү халдаж, улбар шар өнгөтэй будаг цацсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор 2 активистыг цагдаагаас баривчилжээ.

5 сонин хачин

1. Huawei үйлдлийн системээ шинэчилж, HarmonyOS Next нэртэйгээр олон нийтэд танилцууллаа. Энэ шинэчлэлд Pangu нэртэй тус компанийн хөгжүүлж буй AI модель бүрэн интеграц хийгдсэн нь онцлог байв. Одоогоор HarmonyOS-ийг 900 сая гаруй төхөөрөмж дээр ашиглаж байгааг Huawei зарлажээ.

2. TikTok зураг хуваалцаж түүнийгээ хуваалцдаг цоо шинэ бие даасан сошиал апп гаргалаа. Whee нэртэй тус апп нь TikTok-ийн Instagram-ийн орон зай руу нэвтрэх гэсэн ээлжит оролдлого байлаа хэмээн экспертүүд дүгнэж байна. Одоогоор тус апп зөвхөн Андройд дээр нээлттэй байгаа юм.

3. OpenAI-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Antrophic шинэ моделио танилцууллаа. Claude 3.5 Sonnet нэртэй уг модель нь тус компанийн одоогоор гаргасан хамгийн хүчирхэг модельд тооцогдож байна. Тус компани одоогооор 7.6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татаад байгаа билээ.

4. Netflix 8 сарын өмнө анх зарласан Netflix House-ийн анхны байршлаа зарлалаа. Тэд Netflix-ийн алдартай кино, брэндүүдийн орчныг бүрдүүлж, фенүүдэд бүрэн интерактив мэдрэмж өгөх боломж олгох шинэ төслөө Даллас, Пеннсилванид нээхээр болжээ.

5. HBO "Game of Thrones"-ийн ертөнцөд өрнөх 6 ангит цоо шинэ бүтээлээ танилцууллаа. Үндсэн үйл явдлаас зуугаад жилийн өмнө өрнөх уг цувралын нэр нь "A Knight of the Seven Kingdoms" байх бөгөөд Ж.Мартины богино хэмжээний өгүүлэл "The Hedge Knight"-аас сэдэвлэн бүтээгдэх болжээ.

10 унших мэдээ

Мэдэх: И.Маск Cannes Lions-д оролцож байна /Morning Brew/

Турших: Видео дуудлагын шинэ эрин /Ocular/

Гайхах: Lambda School-ийн уналт /Sandofsky/

Анхаарах: Ким, Путины шинэ харилцаа ба Хятад /CNN/

Ашиглах: Windows CoPilot үнэхээр ажиллах уу? /The Verge/

Сонирхох: Энэтхэгийн шалгалтын скандал /BBC/

Анзаарах: Украины дайны ба дроны дайралт /WSJ/

Түгших: Дагестанд юу болж байна? /NYTimes/

Тайлбарлах: Агаарын чанарын индексийг хэрхэн ойлгох вэ? /Vox/

Унших: Хэрхэн 120 наслах вэ? /Wired/