1 гол сэдэв

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан спортын ертөнц аажим аажмаар эргэн ирж буйг бид онцолж байна.

Америкт анхны мэргэжлийн лиг улирлаа эхлүүллээ

Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй лигүүдийн нэг MLB өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийв. Нээлтийн үдэш алдарт New York Yankees болон лигийн аварга Washington Nationals-ийн тоглолтыг 4 сая хүн шууд үзсэн нь сүүлийн 9 жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт болов. Хуваариасаа 4 сарын дараа эхэлж буй тус лигийн улирал хумигдсан хэлбэрээр буюу цөөн тоглолт, бага аяллын маршруттайгаар явагдана. Сонирхуулахад, аль хэдийн халаалтын тоглолтууд нь эхэлсэн NBA 7-р сарын 31-нд, NHL 8-р сарын 1-нд үргэлжлэн явагдах юм.

Телевизийн шууд дамжуулалтын үнэ цэн нэмэгдсээр

Лигүүд цэнгэлдэхэд үзэгчгүй явагдаж буй нь телевизийн шууд дамжуулалтыг илүү үнэ цэнтэй болгож, түүхэн дээд амжилтуудаа тогтооход хүргэж байна. Өнгөрсөн сард явагдсан NASCAR-ийн эхний гарааг 6,3 сая хүн шууд үзсэн бол гольфийн PGA Tour-ийн эхний тэмцээн 3,09 сая хүн татаж, 16 жилийн оргил үзүүлэлтдээ хүрчээ.

Европын туршлага найдлага төрүүлж байна

Өндөр сахилга бат, чанга дэг журмын дор үзэгчгүй цэнгэлдэхэд тоглолтоо хийж эхэлсэн Европын хөлбөмбөгийн лигүүд өндөрлөх шатандаа орж байна. Германд Байерн, Англид Ливерүүл, Испанид Реал Мадрид аварга цолоо хүртээд байгаа бол 8-р сард Аваргуудын лигийн бүх тоглолтууд нэг дор явагдахаар төлөвлөгдөж буй. Энэ нь зөвхөн Америкийн лигүүдэд төдийгүй ирэх жил явагдах Токиогийн Олимпийн наадмыг зохион байгуулагчдад ч туршлага болох учиртай. Токиогийн оршин суугчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй Олимпийг зохион байгуулагчид одоог хүртэл тэмцээнээ явуулна хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Бонус: Кракентай танилц!

2021-22 оны улирлаас эхлэн NHL-д тоглох Сиатл хотын баг нэр, лого, өмсгөлөө зарлалаа. Тэд далайн домгийн амьтан Кракений нэрийг сонгож, 1917 онд лигт түрүүлсэн анхны Америк баг болж байсан Сиатл Метрополитаны өвийг хүндэтгэн, "S" үсгийг голлон хэрэглэхээр болжээ.

2 чухал тоо

11: Алдарт жүжигчин Н.Портман, теннисчин С.Уильямс тэргүүтэй хөрөнгө оруулагчид Америкийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигт клуб үүсгэн байгуулах эрхээ авлаа. Хөрөнгө оруулалтын группд тэднээс гадна Э.Лонгориа, Ж.Гарнер зэрэг жүжигчид, Э.Вамбах, М.Хэмм нарын хөлбөмбөгчид багтжээ. Лос Анжелес хотноо байгуулагдах уг клуб нь лигийн 11 дэх баг болж, 2022 оноос эхлэн тоглолтоо хийж эхлэх гэнэ.

1900: Нэг унц алтны үнэ 2011 оноос хойш анх удаа 1900 долларыг давлаа. Тахлын үед хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн баталгаатай хэрэгсэлд тооцогдох болсон алтны үнэ 7 долоо хоног дараалан өсч буй нь рекорд. Зөвхөн энэ долоо хоногт 3,8 тэрбум долларын арилжаа хийгдсэн нь түүхэнд 2-т бичигдэх бөгөөд 2011 оны 9-р сард тогтоогдсон 1921 долларын дээд үзүүлэлтийг давах магадлалтайд тооцогдож байна.

3 онцлох зүйл

Ангаргийн даалгавар: Хятад улсыг Ангараг гарагт газардсан АНУ, ОХУ-ын дараах гурав дахь сансрын гүрэн болгох учиртай "Тяньвень 1" хөлөг даалгавраа амжилттай эхлүүллээ. Хайнань арал дахь нислэгийн төвөөс хөөрсөн уг хөлөг 2021 оны 4-р сарын 23-нд Улаан нүдэн гараг дээр буух хуваарьтай. Хятадын цуут яруу найрагчдын нэг Цю Юанийн найраглалаас санаа аван "Тэнгэрээс тавих асуултууд" гэсэн утгатай нэртэй болсон уг хөлөг гарагийн хөрс, гадаргууг судлан, мэдээлэл дамжуулахаас гадна тойрог замаас уур амьсгал, агаар мандлын орчныг судлах зорилготой юм. Нийт 5000 кг жинтэй уг хөлөг нийт 13 судалгааны төхөөрөмжтэй ажээ. Уг нислэг энэ сард Ангаргийг зорих гурван төслийн нэг. Үүнээс өмнө Арабын Нэгдсэн Эмират улс "Hope" нэртэй хөлгөө илгээсэн бол ирэх долоо хоногт АНУ-ын "Perseverance" хөөрөх төлөвтэй байгаа юм.

Дэлгэрэнгүйг: The Diplomat | NPR | The New York Times


Энтертэйнмент зогсолт: Цар тахлын нөхцөл байдал сайжрахгүй байгаатай уялдан Disney, Universal зэрэг томоохон студиуд хүлээлт өндөртэй байсан кинонуудаа хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ зуны бокс оффисийг аврах гол найдварт тооцогдож байсан "Mulan", "Tenet"-ийн цацагдах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь кино театруудад томоохон цохилт боллоо. Алдарт найруулагч К.Ноланы бүтээл "Tenet"-ийг Европт эхэлж нээх боломжийг Universal-ийн удирдлагууд судалж байгаа тухай мэдээ гарчээ. Сонирхуулахад, Их Британид 7-р сарын 4-өөс кино театрууд нээгдсэн бол Хятадад энэ долоо хоногоос эхлэн 6 сарын турш үүдээ барьсан үзвэрийн газрууд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэн юм. Диснейн хувьд Муланаас гадна ирэх жилийн гол хитэд тооцогдож байсан "Avatar 2"-ийг 2022 он хүртэл, "Star Wars"-ийн шинэ ангийг 2023 он хүртэл тус тус хойшлуулсан байна.


Коранавирус мэдээ: 4 хоног тутамд нэг саяар нэмэгдэж буй нийт халдвар авагсдын тоо дэлхий даяар 16,2 саяд хүрчээ. Нас барсан хүмүүсийн тоо 648 мянга байгаа юм. Даваа гарагт Оксфордын Их Сургууль болон AstroZeneca-ийн хөгжүүлж буй вакцины эхний туршилт эерэг гарсан тухай судалгааны тайлан гарсан нь олон хүнд итгэл төрүүлэв. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нийт 23 байгууллага вакцин хөгжүүлж байгаа тухай мэдээлсээр буй. АНУ-ын Засгийн Газар дэлхийн тэргүүлэх эмийн компаниуд болох Pfizer, BioNTech-ийн хөгжүүлж буй төсөлд 2 тэрбум долларын захиалга өгч, 100 сая тун вакцин худалдан авах шийдвэр гаргасан нь мөн анхаарал татлаа. Вакцин амжилттай болбол нэмж 500 сая тунг захиалах тухай гэрээнд заагджээ. Хойд Солонгост ням гарагт анхны тохиолдол бүртгэгдэж, бүс нутагт онц байдал зарласан байна. Ядуурал ихтэй, эрүүл мэндийн тогтолцоо сул, гол нь хаалттай дэглэмтэй тус улсад тахал хүчтэй нөлөөлж магадгүйг экспертүүд анхааруулсаар байгаа юм. Монгол улсад бүртгэлтэй тохиолдлын тоо 288 болоод байна.

4 мэдүүштэй баримт

Сансрын зэвсэг: Пентагон Орос улсыг хиймэл дагуулын эсрэг үйлдэлт сансрын зэвсгийг туршлаа хэмээн буруутгалаа. Өнгөрсөн долоо хоногт Космос-2543 хэмээх ОХУ-ын хиймэл дагуул үл мэдэгдэх биет ялгаруулсныг АНУ олж тогтоосон нь энэ. Оросын тал үүнийг бусад дагуулуудын үйл ажиллагааг шинжлэх зорилготой үйлдэл байсан хэмээн тайлбарлажээ.

Бөх шил: Samsung, Apple-ийн ухаалаг утсанд дэлгэцийн шил нийлүүлдэг Corning "хамгийн бат бөх" хэмээн тодотгосон загвараа ил болголоо. Өмнөх хувилбаруудаасаа илт илүү буюу 2 метрийн өндрөөс унахад тэсвэртэй, дараалсан зуралтуудыг давах чадалтай хэмээн тодотгосон уг шилний эхний хэрэглэгч нь Samsung байх гэнэ.

Оддыг ажиглагч: NASA сансрын гүнд одод үүсэх үйл явцыг нарийвчлан судлах зорилготой аварга бөмбөлгийг хөөргөх төслөө танилцууллаа. Хөлбөмбөгийн цэнгэлдэхтэй дүйцэхүйц хэмжээтэй уг бөмбөлөг Антарктидийн орчимд 40 км-ийн өндөрт байрлах бөгөөд 2023 оны 12-р сар гэхэд хөөргөх төлөвлөгөөтэй гэнэ.

Далайн станц: Францын далай судлаач Ф.Кусто дэлхийн хамгийн том далайн гүнд байрлах судалгааны станц байгуулах төслөө зарлалаа. 135 сая долларын өртөгтэй, 3 жилийн дотор дуусах "Proteus" станц нь өөрийгөө эрчим хүчээр хангаж, хоол хүнсээ ургуулан, жилд 12 судлаачийг байрлуулж, Олон Улсын Сансрын Станцтай дүйцэх үүргийг усан ертөнцөд гүйцэтгэх зорилготой ажээ. Үүнээс өөр гүний станц Флоридагийн эрэг орчимд, их сургуулийн харьяанд ганцхан байдаг гэнэ. Хэдий дэлхийн гадаргын 71 хувийг эзэлдэг ч хүн төрөлхтөн далай тэнгисийн ердөө 5 хувьд л хүрч, 20 хувийг нь л зураглаад байгаа билээ.

5 сонин хачин

1. The New York Times Пулицерийн шагналт "Serial" подкастыг бүтээгч Serial Productions-ийг 25 сая доллараар эгнээндээ нэгтгэлээ. Хэлцлийн дүнд Times Serial-ийг анхлан гаргасан, дэлхийн хамгийн олон сонсогчтой подкаст-радио сүлжээ This American Life-тай маркетинг, контент хөгжүүлэлтийн чиглэлээр стратегийн түншлэл байгуулжээ.

2. Зартай боксчин Майк Тайсон 15 жилийн дараа дэвжээнээ эргэн ирэх болсноо зарлалаа. 54 настай Тайсон 9-р сарын 12-ны өдөр 51 настай, цагтаа гурван холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байсан Рой Жонстой тулалдах болжээ. Тоглолтыг төлбөртэй стриминг платформууд шууд дамжуулах бөгөөд үүнтэй зэрэгцэн "Төмөр хүн"-ий тухай 10 ангит баримтат кино цацагдах аж.

3. Microsoft-ийн видео тоглоом сонирхогчдод зориулсан Xbox Games Showcase эвент явагдлаа Энэ үеэрээ тэд удахгүй гарах 4-р үеийн Xbox Series X-д зориулсан шинэ тоглоомуудаа танилцуулжээ. Halo, Forza, Fable, Tetris Connected, The Outer Worlds зэрэг хүлээлт өндөртэй тоглоомуудын трэйлэр олны анхаарлыг татав. "Тоглоомын Netflix" хэмээх тодотголтой Xbox Game Pass нь 10 сая хэрэглэгчтэй болоод байгаа билээ.

4. Slack Microsoft-ийг шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн хэмээн Европын Холбоонд гомдол гаргалаа. Тэд өөрсдийнх нь шууд өрсөлдөгч болоод буй ажлын харилцааны хэрэгсэл Teams үйлчилгээгээ Office 365-ийн багцад оруулан, үнэ төлбөргүй санал болгож байгааг эсэргүүцсэн байна. Цар тахлын үеэр зайнаас ажиллах хэвшил эрс нэмэгдэж, Microsoft Teams-ийг өдөр тутам хэрэглэгчдийн тоо 4-р сард 75 саяд хүрсэн. Харин Slack өнгөрсөн 10-р сард 12 сая хэрэглэгчтэй болсон хэмээн зарлаж байсан билээ.

5. Хятадын тэрбумтан Жэк Магийн гол хувьцааг нь эзэмшдэг Ant Financial Хонгконг, Шанхайн хөрөнгийн биржид энэ онд багтаан IPO хийх хүсэлтээ гаргалаа. 1,3 тэрбум хэрэглэгчтэй, 2019 онд 17 тэрбум долларын борлуулалттай ажилласан Alipay-ийг эзэмшигч тус компани 200 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд 5-10 хувиа нээлттэй борлуулах нь түүхэн дэх хамгийн томд тооцогдох арилжаанд тооцогдох билээ.

10 уншууртай мэдээ

Ухах: Боолчлолын нөлөөг ДНК-аар тогтоосон нь /NYTimes/

Цэгнэх: Харвардад онлайнаар сурах үнэ цэнтэй гэж үү? /CNN/

Мэдэх: #FreeBritney хөдөлгөөнийг тайлбарлах нь /Vox/

Сонирхох: 4 настны ном бичих гэрээ /The Guardian/

Сонсох: T.Свифтийн гэнэтийн шинэ цомгийг тоймлох нь /Billboard/

Цэгнэх: Багшлах урлаг /The Atlantic/

Харьцуулах: Трамп Huawei, TikTok-ийг ялах уу? /Wired/

Гайхах: Маверикс хэрхэн түүхэн довтолгоотой баг бүрдүүлэв? /Ringer/

Унших: Соёлын хувьсгал 2.0 /QZ/

Бахархах: Америкийг өөрчлөх 86 эрхэм /Ozy/