1 гол сэдэв

Юу болов?

Apple анх удаа гуравдагч талын хөгжүүлсэн App Store-ийг хүлээн зөвшөөрлөө. Үүнийг 2008 онд App Store гарснаас хойшхи iPhone-ийн экосистемд хамгийн том нөлөө үзүүлэх өөрчлөлт гэж шинжээчид үзэж байна. Шинэчлэл гуравдугаар сард гарах төлөвтэй байгаа iOS 17.4-өөс эхлэн Европын Холбооны зах зээлд нээлттэй болох гэнэ. Fortnite-ийг хөгжүүлэгч Epic шинэ апп дэлгүүрээ гаргана гэдгээ хамгийн түрүүнд зарлажээ.

Яагаад?

Европын Холбоо 2022 онд технологийн гигантуудын монопол байдлыг эвдэх зорилготой Digital Market Act-ийг гаргасан. Улмаар Apple-ийн App Store-оор дамжуулж үүсгэсэн давуу байдлыг буруутгаж, төлбөрийн 30%-ийг шимтгэл болгон авдгийг бууруулах ёстой гэж үзсэн. Мөн хэрэглэгчдэд апп татах өөр сонголт олгох, үндсэн апп-уудаа өөрөө сонгох, хүссэн апп-аа устгах боломжийг нээх шаардлага нэмсэн. Харин Apple-д гуравдагч хөгжүүлэгчдэд өөрсдийн төлбөрийн системийг нэвтрүүлэх, үйлдлийн систем хоорондын мессеж үйлчилгээг чөлөөтэй нээх зэргийг үүрэгдээд байсан билээ.

Одоо яах вэ?

Apple-ийн хувьд шинэ журмын хүрээнд гуравдагч хөгжүүлэгчдийн бүтээсэн App Store-ийг зөвшөөрсөн хэдий ч аюулгүй байдлын үүднээс бүх апп-уудад хяналт тавьж, баталгаажуулалт хийнэ гэдгээ зарласан. Мөн өөр төлбөрийн систем ашигласан ч үүний 17%-ийг үйлчилгээний шимтгэл болгон авах гэнэ. Тэрчлэн 1 саяас дээш таталттай апп бүр жилийн үндсэн технологийн хураамж болгон таталт бүрдээ 0.5 еврог төлөх болжээ. Үүнийг зарим хөгжүүлэгчид эрс эсэргүүцэж, дүр эсгэсэн оролдлого хэмээн шүүмжилж байгаа юм.

2 чухал тоо

306.500.000 - Дэлхийн анхны сансарт суурилсан 5G үүрэн холбооны станцыг байгуулж буй AST SpaceMobile компани 306.5 сая долларын шинэ санхүүжилт татлаа. Сансрын сүлжээг ашиглан шууд дуудлага хийх боломжийг нээх зорилготой тус компанид AT&T, Vodafone, Google хөрөнгө оруулжээ.

12 - БНСУ-ын Канвон хотноо Залуучуудын Өвлийн Олимп явагдаж байна. Тус наадамд Монгол улсаас биатлон, уулын цана, гүйлтийн цанын төрөлд нийт 12 тамирчин оролцож байгаа юм. Монголын багийн албан ёсны түншээр Испанийн алдарт брэнд Kelme ажиллаж, бүх хувцас хэрэглэлээр хангажээ.

3 онцлох өгүүлбэр

I. Netflix спортын дамжуулалт хийнэ.

- Netflix Америкийн зах зээлийн хамгийн их үзэгчтэй спорт энтертэйнментэд тооцогдох WWE-тэй 10 жилийн гэрээ байгуулснаа зарлалаа. 5 тэрбум долларын үнэтэй уг хэлцлийн дүнд тэд WWE-ийн хамгийн том тулаан, тоглолтуудыг стримингээр шууд дамжуулах юм.

- Энэ мэдээтэй зэрэгцэн гарсан тус компанийн улирлын тайлан ч хүлээлтийг давж, нэгж хувьцааны үнэ нь 11%-аар нэмэгдсэн байна. Өнгөрөгч улиралд 8.76 сая төлбөр төлөгч хэрэглэгчийг шинээр нэмсэн тэд одоо дэлхий даяар 260.8 сая хэрэглэгчтэй болжээ.

- Тэдэнтэй холбоотой мэдээ үүгээр зогссонгүй. Netflix-ийн кино хариуцсан захирал С.Стюбер үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр Netflix-ийн олон, хямд киног бүтээх стратегийг буруутгаж, чанартай цөөн киног театрын сүлжээг ашиглан түгээх ёстой гэсэн байр суурьтай нэгэн байсан юм.


II. Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо.

- Энэ жилийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь урьдчилан тооцож байсанчлан Oppenheimer байх нь. Тус кино хамгийн олон буюу нийт 13 төрөлд өрсөлдөх юм. Э.Стоуны гол дүрийг нь бүтээсэн Poor Things 11 төрөлд өрсөлдөх бол Л.Ди Каприогийн "Killers of Flower Moon" 10 төрөлд нэр дэвшжээ. Нэрт найруулагч М.Скорсес 81 насандаа шилдэг найруулагчид өрсөлдөх болсон нь түүхэн дэх хамгийн ахмад өрсөлдөгчид тооцогдох үзүүлэлт юм.

- Энэ зуны гол хит Barbie-ийн хувьд нийт 8 төрөлд өрсөлдөнө. Гэхдээ Г.Гервиг, М.Робби нар шилдэг найруулагч болон шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшээгүй нь ихээхэн шуугиан болов. Шилдэг анимэйшний өрсөлдөөн "Spider-Man", "Elemental" болон Х.Мияазакгий "The Boy and the Heron"-ийн хооронд өрнөх бололтой.

- Disney-ийн хувьд энэ удаад нийт 20 нэр дэвшилтийг цуглуулж, бүх бүтээгчдийг тэргүүллээ. NBC Universal, Netflix 18 нэр дэвшигч сойхоороо удаалжээ. 96 дахь удаагийн Оскарын наадмыг Ж.Киммел хөтлөн явуулах юм.


III. Цомхотголын давлагаа медиагаар үргэлжиллээ.

- Paramount Global нийт ажиллах хүчнийхээ 8%-ийг чөлөөлнө гэдгээ зарласан нь хамгийн том мэдээ байв. Үүнтэй зэрэгцэн тус компанийг Skydance Media худалдаж авах гэж байна гэдэг мэдээ гарсан. Сонирхуулахад, Skydance-ийн эзэн Дэвид Эллисон бол Oracle-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү юм.

- Үүнээс гадна Vogue, GQ, Vanity Fair-ийг нэгтгэсэн Conde Nast нийт 300 гаруй ажилтнаа цомхотголд оруулах болсноо зарлсан. Los Angeles Times ч түүхэн дэх хамгийн том буюу 110 ажилтнаа чөлөөлтж байгаагаа мэдэгджээ.

- Тэрчлэн дижитал медиагийн томоохон төлөөлөгчид болох Buzzfeed хоолны чиглэлийн хамгийн том контент үйлдвэрлэгчид болох Tasty, First We Feast-ийг, Vice 2019 онд худалдаж авсан залуу эмэгтэйчүүдэд зориулсан Refinery29-ийг зарахаар зэхэж байгаа гэнэ. Эдгээр нь бүгд зар сурталчилгааны орлого буурч, зардал бууруулах шаардлага үүссэнтэй холбоотой шийдвэрүүд юм.

4 мэдүүштэй зүйл

Анхны вакцин: Жил бүр 600 мянган хүний аминд хүрдэг малариагийн анхны вакцин Камерун улсад албан ёсоор хийгдэж эхэллээ. Тус улс жил бүр 250 мянган хүүхдэд Mosquirix нэртэй вакциныг хийхээр төлөвлөж байна. ДЭМБ-ийн мэдэгдснээр энэ жилдээ багтаан Африк тивийн өөр 19 улс энэ вакциныг хийж эхлэх юм.

Шинэ нэгдэл: General Motors, Honda нэгдэн устөрөгчийн түлшний технологи хөгжүүлэх болсноо зарлалаа. Тэд FCSM нэртэй шинэ компанийн дор олон хэрэглээнд ашиглаж болох шинэ технологи хөгжүүлэлтэд жил бүр дор хаяж 100 сая долларын хөрөнгө оруулах гэнэ.

Шударга өрсөлдөөн: Америкийн зохицуулах байгууллага FTC-ээс AI-тай холбоотой технологийн топ компаниудын хийсэн хөрөнгө оруулалтыг нарийвчлан шалгах болсноо мэдэгдлээ. Тэд Microsoft-ийн OpenAI-д, Amazon, Google-ийн Antrophic компаниудад хийсэн тэрбумаар хэмжигдэх санхүүжилтэд эхлэн төвлөрч байгаа аж.

Видео бүтээгч: Google богино хэмжээний видео бүтээгч AI хэрэгслээ зарлалаа. Lumiere нэртэй уг моделийн тусламжтайгаар хэрэглэгчид текстээс зураг үүсгэхээс гадна статик зургийг 5 секундын хөдөлгөөнд хөрвүүлэх боломжтой болох юм.

5 сонин хачин

1. Amazon MGM-ийг худалдаж авснаас хойшхи анхны бокс оффисын түрүүгээ авлаа. Энэ бол Ж.Статхамын гол дүрийг нь бүтээсэн The Beekeeper. Тус кино одоогоор дэлхий даяар 104 сая долларын орлого олоод байгаа юм.

2. IBM Испанийн хөлбөмбөгийн топ клубуудын нэг Севильятай хамтран спортын салбарт AI-ийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах болсноо зарлалаа. Тэд watsonx моделийг ашиглан шинэ тоглогчдыг илрүүлэх, хамгийн үр дүнтэй наймааг хийхэд AI-ийг ашиглах гэнэ.

3. Microsoft Teams 3D болон VR уулзалтыг дэмждэг боллоо. Тэд Microsoft Mesh төхөөрөмжтэй бүрэн интеграц хийдэг болсноор энэ нэмэлт идэвхжиж байгаа ч хэрэглэгчид VR төхөөрөмжгүй байсан ч виртуал орчинд нэвтрэх бүрэн боломжтой байх гэнэ.

4. "Буутай покемон" гэсэн тодотголтой видео тоглоом "Palworld" энэ долоо хоногт жинхэнэ хит болж, ердөө 4 өдрийн дотор 6 сая таталттай болов. Гэхдээ Pokemon-ийг хөгжүүлэгч Nintendo оюуны эрх зөрчсөн, санаатайгаар хуулбарласан зэрэг шалтгаанаар хуулийн арга хэмжээ авах болсноо зарлажээ.

5. Instagram зөвхөн ойр дотны найзууддаа зориулсан профайл үүсгэх "Flipside" нэмэлтээ туршиж эхэллээ. Өнгөрсөн жил анх зарлагдаж байсан тус нэмэлтийн тусламжтайгаар хэрэглэгчид 2 тусдаа янзын зорилгоор өөрийн хуудсыг хөгжүүлэх боломжтой болох юм.

10 унших мэдээ

Мэдэх: Unread Special: Хийн дэлбэрэлт /Unread/

Унших: Хөгшрөх замнал /Sunday Long Read/

Анхаарах: Газад анхны америк цэрэг таалал амиа алдлаа /CNN/

Сонирхох: Macintosh-ийн 40 жилийн ойд /The Verge/

Хүлээх: Apple-ийн цахилгаан машин 2028 онд гарна /Bloomberg/

Анзаарах: UNRWA-ийн хямрал НҮБ-ийг нөмрөв /BBC/

Ойлгох: Техасын хилийн хямралыг тайлбарлах нь /Vox/

Турших: Tesla супер компьютер бүтээнэ /Techcrunch/

Зовних: Т.Свифтийн AI зургийн балаг /Variety/

Хэрэглэх: BeReal эргэн сэргэх үү? /Wired/