1 гол сэдэв

Юу болов?

NBA-ийн түүхэнд бичигдэх цуут наймаа явагдлаа Лигийн наймааны цонх хаагдах дөхөж буй энэ цаг мөчид түүхэнд бичигдэхүйц, урт хугацааны туршид фенүүдийн дунд домог болгон яригдах наймаа явагдаж, лигийг донсолголоо. Даллас Маверикс лигийн хамгийн залуу супер оддын нэг Лука Дончичийг Лос Анжелес Лэйкэрс рүү явуулж, лигийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Энтони Дэвисийг багтаа нэгтгэжээ.

Мавериксын хувьд:

Өдгөө 25 настай Л.Дончич өнгөрсөн жил багаа тэргүүлэн финалд шалгарч үлдээд байсан, дараагийн арванд лигийн нүүр царай болох учиртай тоглогчид тооцогддог. Тэрээр энэ зун лигийн түүхэнд бичигдэх супер-макс 385 сая долларын гэрээ байгуулах төлөвтэй байсан юм. Гэсэн ч Далласын удирдлагууд түүний гэмтэл, биеийн байдлыг харгалзан үзэж, “одоо ялах”-ыг илүүд үзэн гэнэтийн наймааг хийсэн нь энэ боллоо.

Лэйкэрсийн хувьд:

Лэйкэрсийн хувьд Леброн Жэймсийн дараа яах вэ гэдэг том асуултад хариултаа олсон нь энэ. Наймаанд ч тэд ердөө ганцхан драфтын эрхээ золиослосон нь маш бага үнэд тооцогдоно. Хэдий Дэвис элит тоглогч гэдэг нь тодорхой ч бэртэл, гэмтлийн улмаас бүрэн потенциалаа харуулж чадаагүй хэвээр л байгаа билээ.

2 чухал тоо

100.000.000.000: Apple-ийн үйлчилгээний бизнесийн орлого 100 тэрбумд хүрчээ. Тус компани үйлчилгээний бизнестээ App Store, iCloud, Music, TV+ зэрэг онлайн төлбөрт платформуудаа багтаадаг. Өнгөрсөн улиралд тус нэгж түүхэн дээд орлого болох 26.3 тэрбум долларыг тайлагнажээ. Эдгээр үйлчилгээнүүдэд төлбөр төлж байгаа хэрэглэгчдийн тоо 1 тэрбумд хүрсэн гэдэг нь мөн аварга тоо байв. Тус компанийн гол төхөөрөмж iPhone-ийн борлуулалт зөвхөн Хятадын зах зээлд л гэхэд 11%-аар буурсан ч нийт борлуулалтын орлого нь 124 тэрбумд хүрчээ.

2028: Швейцарийн Лозанн хотноо явагдсан Олон улсын олимпын хорооны ээлжит бус чуулган олны анхаарлын төвд байлаа. Эхний шалтгаан нь тус хурлаар ирэх гуравдугаар сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй 7 нэр дэвшигч анхны танилцуулгаа хийсэн нь юм. Харин 2 дахь нь 2028 онд явагдах хуваарьтай 5 дахь удаагийн залуучуудын өвлийн олимпыг зохиох улсыг тодруулах байв. Тэгвэл тус наадмыг Италийн Долимити-Валтеллинад олгох албан ёсны шийдвэр гарлаа. Ташрамд дурдахад, уг ээлжит бус чуулганд Монгол улсаас МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг оролцож байгаа юм.

3 онцлох өгүүлбэр

I. OpenAI шинэ моделио танилцуулж, нэмэлт санхүүжилт татна.

- Хятадын DeepSeek-ийн гаргасан R1 загвар Цахиурын хөндийг шуугиулж, топ технологийн компаниудын үнэлгээ бараг 1 их наяд доллараар буурч буй энэ үед ChatGPT-г бүтээгчдийн хариу үйлдэл ихээхэн анхаарал татаж байна. Тэгвэл WSJ-ийн мэдээлж байгаагаар тэд шинэ санхүүжилтийн үеийг эхлүүлж, 340 тэрбум долларын үнэлгээтэйгээр 40 тэрбум доллар босгож эхэлсэн гэнэ. Softbank дангаараа 20-25 тэрбум долларыг нь босгох бололтой. Хамгийн сүүлд 10-р сард тус компанийн үнэлгээ 157 тэрбум доллараар хэмжигдэж байв.

-Үүнээс гадна тэд өнгөрсөн долоо хоногт “o3-mini” нэртэй шинэ загвараа танилцууллаа. Уг загвар нь “o” гэсэн нэрийн дор гарч буй учир шалтгаан тайлбарлах чадвартай хамгийн сүүлийн үеийн модель юм. Ердөө 5 сая долларын өртөгтэй бүтээгдсэн гэх DeepSeek учир шалтгаанаа ил гаргаж байгаа нь олон хүний анхаарлыг татсантай зэрэгцэн тэд өмнөх “o1-mini”-ээс 2 дахин хурдан, 39%-аар бага алдаа гаргадаг энэ загвараа яаран гаргасан нь энэ юм.

- Ташрамд дурдахад, OpenAI-ийн хувьд DeepSeek-ийг өөрсдийнх нь эх код, оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан байж болзошгүй хэмээн үзэж, холбогдох хяналтын ажлыг эхлүүлснээ мэдэгдээд байгаа юм.


II. АНУ-д дараалсан онгоцны осол боллоо

- Орон нутгийн цагаар Лхагва гарагийн орой Вашингтон хотын онгоцны буудлын ойролцоо онгоц, нисдэг тэрэгтэй мөргөлдсөн харамсалтай хэрэг гарлаа. Ослын улмаас American Airlines-ийн онгоцонд сууж явсан 64 хүн бүгд амь насаа алджээ. Энэ бол тус улсын иргэний агаарын тээврийн салбарт сүүлийн 24 жилд тохиож буй хамгийн том осол болж байна.

- Уг онгоцонд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод буцаж явсан тамирчид зорчиж явсан гэнэ. Үүн дунд ОХУ-ын дэлхийн аварга, дасгалжуулагч В.Наумов, Е.Шишкова нар багтсан байжээ. Нөгөө талд Америкийн цэргийн байгууллагад бүртгэлтэй нисдэг тэрэг ямар учраас бууж явсан онгоцыг мөргөсөн нь тодорхой бус хэвээр байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар агаарын удирдлагын төвийн хүний нөөцийн асуудлын улмаас нэг хүн хоёр хүний ажлыг хийж байсан гэнэ.

- Тэгвэл бямба гарагт Филадельфид эмнэлгийн зориулалттай жижиг онгоц хот дунд унаж, 7 хүн амиа алдаж, 19 хүн хүнд гэмтсэн осол гарлаа. Одоогийн байдлаар эдгээр ослын шалтгаан юу байсныг тогтоох ажиллагаа явагдаж байна.


III. Астеройдын дээжээс амьдралын ул мөр илрүүлжээ

- NASA-ийн “хамгийн амбицтай төслүүдийн нэг” гэгддэг астеройдоос дээж авчирч, шинжлэх ажлын эхний үр дүн гарчээ. Тэд 2016 онд “OSIRIS-Rex” нэртэй судалгааны хөлгийг “Бенну” нэртэй астеройд руу илгээж, улмаар 2020 онд амжилттай газардан, 2023 онд эх дэлхийд авчраад байсан юм. 122 грамм дээжийг ариутгасан нөхцөлд хийхэд 2 жил зарцуулжээ.

- Судлаачдын тогтоосноор уг дээжнээс амьдрал үүсэн бий болоход хамгийн чухалд тооцогддог гол элементүүдийн ул мөр олджээ. Судлаачдын тодотгосноор эрдэмтэд РНХ, ДНХ-ийн бүрэлдэл болох пурины суурь, аммиак хэлбэрт азот зэрэг нийт 20 гаруй төрлийн органик молекулыг ялган авч чаджээ.

- Мөн Беннугээс илрүүлсэн нарийн ширхэгт давсны зарим нь Африкийн Сахарын цөл дэх хатсан нууруудын давстай төстэй байсан гэнэ. Энэ нь эртний усны ертөнцийн ул мөр байж болзошгүйг эрдэмтэд онцоллоо. Энэхүү нээлт нь манай гараг астеройдтой мөргөлдөж, улмаар амьдрал үүссэн байж магадгүй гэдэг онолыг батлахад чухал нөлөө үзүүлэх учиртай.

4 мэдүүштэй зүйл

Далай судлаач: Корнеллийн их сургуулийн эрдэмтэд далай, тэнгисийн орчинд судалгаа шинжилгээ хийх зорилготой робот өт, робот далайн завхагийг бүтээсэн байна. Эдгээр био-роботууд нь гидравлик шингэн батаретйгаар ажилладаг гэдгээрээ онцлогтой. Батарей нь зөвхөн эрчим хүч үүсгэхээс гадна биеийн хөдөлгөөний суурь болж байгаа гэдгийг эрдэмтэд онцолжээ.

Худалдааны дайн: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп сонгуулийн хамгийн том амлалтаа биелүүлж, зарим улсын бараа бүтээгдэхүүнд тариф ногдуулах шийдвэрт гарын үсэг зурлаа. Тэрээр эхний ээлжинд хөрш зэргэлдээ Канад, Мексик улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд 25%, Хятадад 10%-ийн татвар нэмж оногдуулах болжээ. Канадын ерөнхий сайд Ж.Трудо энэ шийдвэрийн дараа хийсэн мэдэгдэлдээ уг шийдвэрт “харамсаж” байгаагаа илэрхийлснээс гадна АНУ-ын бүтээгдэхүүнд мөн ижил тариф тогтоож байгаагаа зарлажээ. Трамп дараагийн удаа Европын холбоог онилж байна.

Шинэ эзэн: Microsoft TikTok-ийг худалдан авч магадгүй. Энэ яриаг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп үгүйсгээгүй нь олон хүний сонирхлыг татав. 2020 онд хамгийн анх TikTok-ийг хорих яриа гарах үед л Microsoft, Oracle-ийн нэгдэл тус апп-ын Америк дахь бизнесийг худалдан авахаар ажиллаж байсан гэдэг. Хэдий наймаа бүтэлгүйтсэн ч Oracle-ийн хувьд дата түншээр сонгогдож, стратегийн хамтын ажиллагааг үүсгэж байсан билээ.

Шинэ нэршил: Google Мексикийн булангийн нэрийг өөрчилжээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангаргаа өргөснийхөө дараахан хэд хэдэн онцгой шийдвэр гаргасны нэг нь газар орны нэрийг өөрчлөх тухай байв. Тэрээр 17-р зуунаас хойш мөрдөгдөж буй Мексикийн булангийн нэрийг өөрчилж, Америкийн булан болгох шийдвэр гаргасан. Тэгвэл АНУ, Мексик, Кубын усан хил болдог уг булангийн нэрийг Google Map өөрчлөх шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг Мексикийн ерөнхийлөгч К.Шейнбаум эрс эсэргүүцэж, албан захидал илгээжээ. Гэхдээ уг нэршил нь одоогоор зөвхөн Америкийн албан ёсны бичиг баримтад ашиглагдаж эхэлснээс бусад улс, орон хүлээн зөвшөөрөх шаардлага байхгүйг Google тодотгожээ.

5 сонин хачин

1. Universal, DreamWorks-ийн ээлжит анимэйшн “Dog Man” 35 сая долларын орлогоор энэ сарын эхний бокс оффисыг тэргүүллээ. 40 сая долларын өртгөөр бүтсэн уг кино олон улсын зах зээлд ч гэр бүлийн сегментэд өндөр амжилт үзүүлэх магадлалтай байна. Жагсаалтын 2-р байрт С.Татчерийн гол дүрийг нь бүтээсэн “Companion” бичигджээ. Харин 3-р байрт “Mufasa”-ийн түүх бичигдэж, нийт орлого нь 600 сая долларыг давсан байна.

2. Францын засгийн газраас дэлхийн хамгийн алдартай музейд тооцогдох “Лувр”-т 2031 он хүртэл үргэлжлэх томоохон хэмжээний засварын төслийг эхлүүлснээ зарлалаа. Уг төслийн өртөг 800 сая евро байх гэнэ. Хамгийн сүүлд тус музейд 1989 онд их засвар хийгдэж, алдарт шилэн пирамидаа байрлуулж байв. Энэ удаагийн засвараар домогт “Мона Лиза”-д зориулсан тусгай танхимыг байгуулна гэдгээрээ онцлогтой. Музейн удирдлааг уг бүтээлийг хэт их сонирхсноос хамт байрлуулсан бусад онцгой бүтээлүүдийг хүмүүс үзэхгүй өнгөрч байгаад сэтгэл зовниж, бие даасан хэсэг байгуулахыг дэмжсэн байна. 2031 оноос уг шинэ хэсэгт зорчигчид тусдаа тасалбар авч нэвтэрдэг болох гэнэ.

3. Alibaba DeepSeek-ээс ч хүчтэй AI модель гаргажээ. 20 гаруй их наяд токен бүхий Qwen 2.5-Max нэртэй уг загвар нь хэрэглэгчдийн хоорондоо холбоотой, дараалсан хүсэлтүүдэд хариулт өгөх чадвар нь эрс сайжирсан байна. Мөн гол бенчмарк үзүүлэлтүүдээрээ, ялангуяа контент боловсруулалт, дүн шинжилгээ хийх чадвараараа сүүлийн үед шуугиан тарьж буй DeepSeek-ээс илүү гарсан хэмээн онцолжээ. Мөн суурь хэлний загваруудын чадварын үнэлгээгээрээ GPT-4o, Claude 3.5-аас илүү болон өрсөлдөхүйц гарчээ. Alibaba уг моделийг үүлэн технологийн үйлчилгээнүүддээ нэвтрүүлж, чатбот, автоматжуулалт, өгөгдөл боловсруулалтын чиглэлд санал болгохоор зэхэж байна.

4. “Мөхлийн өдөр”-ийн цагийн зүүг нэг секундээр урагшлуулав. Цөмийн сүйрлийг бэлгэдсэн шөнө дундыг заахад 89 секунд дутуу байна хэмээн “Bulletin of Atomic Scientists” сэтгүүлээс зарлалаа. Цөмийн гүрнүүд оролцсон мөргөлдөөн үргэлжилж, цөмийн зэвсэглэлд хяналт тавих гэрээнүүд хүчингүй болгосонтой холбоотой энэ шийдвэрийг гаргаснаа тус сэтгүүлийн редакц онцолжээ. 2023 онд Украины дайны улмаас цагийн зүүг 10 секундээр урагшлуулж байсан ч өнгөрсөн жил хөдөлгөөгүй үлдээсэн юм. Сонирхуулахад, 1947 онд анх бий болгосноос хойш уг цагийн зүүг 20 гаруй удаа хөдөлгөж, харин хүйтэн дайны эцэст 1991 онд 17 минутаар ухрааж байв.

5. Хувийн компани дуунаас хурдан онгоц бүтээжээ. 2014 онд байгуулагдсан Boom нэртэй стартап дуунаас хурдан суперсоник онгоцны туршилтаа амжилттай хийжээ. Агаарын хяналтын төвөөс өгсөн зөвшөөрлийн хүрээнд тэд дууны хурдаас 10%-аар илүү буюу 1210 км/цагийн хурдыг 4 минутын турш хадгалж чадсан байна. Энэ нь алдарт Concorde-ийн хурдаас давсан гэсэн үг. Тус компани Overture нэртэй загвараа иргэний тээвэрт нэвтрүүлж, 80 хүний суудалтай онгоцоор одоогийн тээврийн дундаж хугацааг хоёр дахин бууруулах амбицтай байгаа юм.