1 гол сэдэв

Юу болов?

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман 5-7 их наяд долларыг хөрөнгө оруулагчдаас босгохыг хүсэж байна. Тэрээр хиймэл оюуны технологийн хөгжилд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн багтаамж болон хүчин чадал чөдөр тушаа болж байна хэмээн үзэж, энэ байдлыг өөрчлөхийг зорьж байгаа нь энэ.

Одоо яах вэ?

Чухам ийм зорилгын үүднээс тэрээр Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратын засгийн газар тэргүүтэй хөрөнгө оруулагчидтай эхний шатны уулзалтыг хийж байгаа гэнэ. Мөн Тайванийн чип гигант TSM-тэй хамтран, цоо шинэ үйлдвэр байгуулах талаар ярилцаж эхэлжээ. С.Алтман AI-д тусгайлан бүтээгдсэн чипийг бүтээхийн тулд дэд бүтэц, ложистик болон эрчим хүчний шинэ сүлжээг бүтээх амбицтай байгаа юм.

Үнэхээр бүтнэ гэж үү?

Гэхдээ 7 их наяд гэдэг асар том тоо. Энэ бол АНУ-ын эдийн засгийн гуравны нэг гэсэн үг. АНУ-ын хамгийн том гурван компани болох Apple, Microsoft, Google-ийн нийт үнэлгээг нийлүүлснээс ч давах үзүүлэлт. Одоогоор AI чипийн зах зээлд ноёлж, 80%-ийг нь нийлүүлж байгаа NVidia-ийн үнэлгээ 1 их наядыг даваад удаагүй байгаа. Жилийн өмнөхтэй харьцуулахад үнэлгээ болон ашиг нь гурав дахин өсөөд байгаа NVidia-ийн хувьд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх үүднээс 30 тэрбум долларыг зарцуулж, цоо шинэ чипний технологи хөгжүүлэлтийн нэгж байгуулж байгааг эх сурвалжууд мөн мэдээлж байгаа билээ.

2 чухал тоо

2.000.000.000 - Монгол түмний уламжлалт баяр цагаан сар энэ өдрүүдэд тохиож байна. "Хилэнт эх" хэмээх модон луу жилийг Хятад, Солонгос, Малайз, Индонез, Вьетнам зэрэг дорнын улс үндэстнүүд, дэлхий даяар 20 гаруй орны 2 тэрбум илүү хүн өөр өөрсдийн соёл, уламжлалын дагуу угтан авч байгаа билээ. Та бүхэн сайхан шинэлээрэй.

1 - Энэ долоо хоногт хөлбөмбөгийн тивийн аваргууд тодорлоо. Азид тэмцээнийг зохион байгуулагч Катарын шигшээ босоо байж, аварга цолоо хамгаалж чадлаа. Тэд шигшээд анх удаа финалд шалгарсан Иорданыг 3:1-ээр хожсон юм. Харин Африкийн аваргаар мөн тэмцээнийг хүлээн авсан Кот Д'Ивуарын баг тодорлоо. Тэд шигшээд хүчтэй өрсөлдөгч Нигерийг 2:1-ээр буулган авч, тивийн аваргын цомыг 3 дахь удаагаа өргөжээ.

3 онцлох өгүүлбэр

I. Т.Свифт Грэммигийн рекордыг эвдлээ.

- Тэрээр Midnights цомгоороо Грэммиг хүртсэнээр "Оны шилдэг цомог" шагналыг 4 дэх удаагаа хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо. Түүний өмнө домогт Ф.Синатра, П.Саймон, С.Вондер нар тус бүр гурван удаа энэ шагналыг хүртэж байв.

- Т.Свифтийн хувьд 2023 оны турш The Eras аялан тоглолтоороо борлуулалт, үзэлтийн рекордыг эвдсээр яваа. Дэлхийн хөгжмийн зах зээлийн нийт борлуулалтын 2%-ийг түүний хөгжим эзэлсэн нь дангаараа жазз, классик жанрын зах зээлээс давсан үзүүлэлт байв. Тэрээр Грэмми шагналаа хүртэх үеэрээ 4-р сард дахин шинэ цомог гаргах болсноо мэдэгджээ.

- Энэ жилийг эмэгтэй артистууд өнгөлсөн гэж хэлж болно. М.Сайрус "Flowers" дуугаараа анхны Грэммигээ хүртэж, магадгүй энэ үдшийн хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр, үгийг хэлж сошиалыг хуйлруулав. Б.Айлишийн "What Was I Made For?" оны шилдэг дуугаар нэрлэгдэж, В.Монет оны шилдэг шинэ артистаар тодорчээ.


II. Медиа гигантууд спорт стриминг үйлчилгээг хамтран хүргэнэ.

- Дэлхийн хамгийн том медиа компаниудад тооцогдох Disney, Fox, Warner Bros.Discovery нийлэн цоо шинэ спортын стриминг платформыг үүсгэж байгаагаа зарлалаа. Ирэх намар хэрэглэгчдийн гарт хүрэх уг үйлчилгээний нэр, үнэ одоогоор тодорхойгүй байна.

- Шинээр гарах бизнесийг тус гурван компани тэнцүү хуваан эзэмших гэнэ. Disney-ийн хувьд Хойд Америкийн зах зээлийн лидер ESPN болон ABC-ийн сүлжээг, Warner Bros.Discovery-ийн талаас TNT, TBS, TruTV-г, Fox-ийн хувьд FS1, FS2, BTN-ийг энэ платформд нэгтгэх юм. Үүнээс гадна хэрэглэгчид тус компаниудын санал болгодог үндсэн стримингүүд болох Disney+, Hulu, Max зэргийг багцлан авах боломжтой байх бололтой.

- Энэ үйлдэл нь спортын медиагийн зах зээлийг тэр чигт нь өөрчлөх потенциалтай хэмээн экспертүүд үзэж байна. Шинэ нэгдэлд NFL-ийн эрхийг эзэмшигч Paramount+-ийг эс тооцвол NBA, NHL, MLB зэрэг топ лигүүдийн бүх эрх хамаарагдаж байгааг онцлох хэрэгтэй. Apple, Netflix зэрэг дижитал суурьтай медиа компаниуд спортын дамжуулалт руу хүч түрэн орж байгаагийн эсрэг уламжлалт тоглогчид тэмцэж байгаагийн нэг хэлбэр ч гэж үзэж болно.


III. В.Путины ярилцлага сошиалыг хуваав.

- Fox-ийн экс анкор Такер Карлсон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй 2 цагийн ярилцлага хийсэн нь сошиал ертөнцийг доргиов. Энэ нь Орос-Украйны дайн эхэлснээс хойш барууны хэвлэлээс В.Путинтэй хийсэн анхны ярилцлага болж байгаагаараа онцлогтой. Тиймдээ ч энэ ярилцлага сошиал болон хэвлэлийг тэр чигт нь хувааж орхив.

- Москвад хийгдсэн уг ярилцлагын үеэр В.Путин Орос үндэстний түүх Украинтай хэрхэн холбогдож, яагаад "тусгай ажиллагааг" эхлүүлэх болсноо дэлгэрэнгүй ярив. Мөн НАТО-той дайн зогсоох хэлцэл тодорхой нөхцлийн хүрээнд хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж, АНУ зэрэг холбоотнууд өөрсдийн эрх ашгийн хүрээнд дайныг санхүүжүүлж байгааг шүүмжилжээ. Томоохон медиа агентлагууд түүний ярианд дурдагдсан баримтыг шалгаж, хэд хэдэн томоохон алдаа, зөрчил байсныг ч тодотгов.

- Т.Карлсоны ярилцлага X платформ дээр анхлан тавигдаж, 48 цагийн дотор 192 сая үзэлттэй болжээ. Түүний Fox сүлжээгээр цацагддаг байсан оройны мэдээний дундаж үзэлт 3.5 сая байсантай харьцуулахад энэ бол аварга тоо. Тэрээр хуурамч мэдээлэл санаатайгаар түгээсэн гэх шалтгааны улмаас Fox-ийг орхиж, өөрийн Tucker Carlson Network-ийг үүсгэн байгуулж, И.Масктай хамтран X платформ дээр бичлэгээ байрлуулах болсон юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ түншлэл: General Motors ирэх арван жилийн туршид цахилгаан машины батарей хөгжүүлэлтийн түүхий эдээ БНСУ-ын тэргүүлэх компани LG Chem-ээс худалдан авах болсноо зарлалаа. Гэрээнд зааснаар LG Chem 19 тэрбум доллартай тэнцэх 500 мянган тонн түүхий эдийг нийлүүлэх юм.

Аварга наймаа: Дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгчдийн нэг Novo Nordisk 16.5 тэрбум доллараар Catalent хэмээх компанийг худалдан авч байгаагаа зарлалаа. Catalent нь чихрийн шижингийн эсрэг үйлчилгээтэй Ozempic, хэт таргалалтын эсрэг тариур Wegovy зэрэг бүтээгдэхүүнээрээ алдартай юм. Данид төвтэй Novo Nordisk-ийн хувьд өөрсдийн дэд бүтцийн сүлжээг ашиглан Wegovy-ийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, дэлхий даяар түгээх амбицтай байгаа гэнэ.

Түүхэн зураг: NASA-ийн Juno хөлөг нарны аймгийн тав дахь гараг Бархасбадийн 95 дагуул сарны нэг Иод 1500 км орчим ойртож, хамгийн өндөр нягтаршилтай зургийг илгээжээ. Иогийн гадаргууд нийт 400 гаруй идэвхтэй галт уул оршдог тул манай нарны аймгийн геологийн хамгийн идэвхтэй биетэд тооцогддог билээ.

Том өөрчлөлт: Google өөрсдийн хөгжүүлж буй AI бүтээгдэхүүн, хэрэгслүүддээ брэндийн шинэчлэлт хийж, Gemini нэртэйгээр зах зээлд дахин танилцууллаа. Тэд өмнө нь Duet, Bard зэрэг нэрний дор хэд хэдэн бие даасан бүтээгдэхүүнтэй байснаа нэгтгэж байгаа нь энэ юм. Үүнтэй холбоотойгоор тэд Андройдод зориулсан Gemini-ийн апп-ийг мөн гаргажээ.

5 сонин хачин

1. Супер боулын долоо хоногийн түүхэн дэх хамгийн бага борлуулалттай бокс оффисын өрсөлдөөнд "Argylle" тэргүүллээ. Энэ долоо хоногт Хойд Америкийн зах зээл ердөө 42 сая долларын борлуулалттай байсан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт гэнэ. Focus-ийн шинэ бүтээл "Lisa Frankenstein" 7 сая долларын орлого олж, 2-р байрт жагссан нь онцлох үзүүлэлт байв.

2. Disney Fortnite тоглоомыг бүтээгч Epic Games-д 1.5 тэрбум долларын стратегийн хөрөнгө оруулалт хийж байгаагаа зарлалаа. Шинэ түншлэлийн хүрээнд талууд Disney-ийн эзэмшиж буй медиа брэндүүд болох Marvel, Pixar, Star Wars зэрэг дээр тулгуурласан цоо шинэ энтертэйнмент ертөнцийг бүтээх зорилготой байгаагаа мэдэгджээ.

3. Дундын оффисын трендийг эхлүүлэгч WeWork-ийн үүсгэн байгуулагч Адам Ньюман эргэн ирж, дампуурлаа зарласан бизнесээ буцаан авахыг хүсэж байна. Нэгэн цагт 47 тэрбумын үнэлгээнд хүрсэн WeWork засаглал болон санхүүгийн асуудлаас болж А.Ньюманыг 2019 онд ажлаас нь халж байсан удаатай. Тус компани өнгөрсөн оны сүүлээр дампуурлаа зарласан билээ.

4. Instagram хэрэглэгчид хоорондоо мессеж бичихдээ AI ашиглаж болох сонголтыг туршиж байна. Зураг сторигоо янзалж, засахад AI-ийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж буй тэд "Write with AI" гэсэн сонголтоор хэрэглэгчдийн өдөр тутмын харилцаанд нөлөөлөх арга замыг эрэлхийлж байгаа нь энэ бололтой.

5. TOEFL-ийн шалгалтыг эрхлэгч ETS-ээс AI суурьтай цоо шинэ сургалтын платформыг "TOEFL TestReady" нэртэйгээр танилцууллаа. Хэрэглэгчид өөрсдийн түвшин, хэрэгцээ болон цаг хугацаанд зориулсан сургалтын хөтөлбөрийг AI-ийн тусламжтайгаар бүтээх боломжтой бөгөөд нэмэлт төлбөр төлөн тусгайлсан бэлтгэл хийж, нэмэлт тестүүд өгч өөрийгөө сорих сонголттой байх юм.

10 унших мэдээ

Харьцуулах: Аажуу үзэх үү, угсруулж үзэх үү? /Kottke/

Анхаарах: AI-аар аппликэйшн бичүүлж байна уу? /Forbes/

Хэрэглэх: Notion дахин нэг бүтээмжийн апп худалдаж авлаа /Techcrunch/

Турших: Twitter-ийн алтернатив Bluesky нээлттэй боллоо /The Verge/

Анзаарах: Израйл Рафах бүлэглэлийн эсрэг ажиллагааг эхлүүллээ /CNN/

Мэдэх: Пакистаны сонгуульд юу болж байна? /Al Jazeera/

Баясах: Шинэ жилийн угталт гэрэл зургийн дуранд /BBC/

Танилцах: Украины армийн шинэ удирдагчтай танилцах /Vox/

Харамсах: Марафоны дэлхийн рекордыг эзэмшигч нас барлаа /NPR/

Үзэх: Валентины бэлгийн хөтөч /Unread/