1 гол сэдэв

Монголчууд УИХ-ын ээлжит сонгуулиа 6-р сарын 24-ны өдөр зохион байгууллаа. 8 дахь удаагийн сонгууль томосгосон тойрогт буюу нийт 29 тойрогт 606 нэр дэвшигчтэйгээр явагдсан билээ.

Юу болов?

Энэ удаад эрх баригч Монгол Ардын Нам нийт 62 суудал авснаар дахин үнэмлэхүй олонхыг бүрдүүлэх боллоо. 4 жилийн өмнө тэд 65 суудлыг авч байсан юм. Харин тэдний гол өрсөлдөгч байх учиртай Ардчилсан Нам ердөө 11 суудалтай хоцорсон нь олны хүлээлтэд хүрсэнгүй үр дүн болов. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлсэн "Та Бидний Эвсэл"-ээс С.Ганбаатар, "Зөв Хүн Электорат" эвслээс Т.Доржханд, бие даагч, экс ерөнхий сайд Н.Алтанхуяг нар иргэдийн дэмжлэгийг авч, УИХ-д сөрөг хүчнийг бүрдүүлэх боллоо. Нийт сонгогчдын 73.5 хувь нь санал хураалтад оролцжээ.


Ялагчид нь хэн байв?

У.Хүрэлсүх: Утаа болон коронавирустэй хийсэн тэмцлээрээ иргэдээс ихээхэн дэмжлэг авсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дахин танхимаа байгуулах болсон нь энэ. Иргэдийн дунд түүний нэр хүнд асар өндөр байгаа нь МАН-ын ихэнх сурталчилгаа, кампанит ажил У.Хүрэлсүх рүү төвлөрснөөс бүрэн харагдана. Шинэ Үндсэн Хуулийн дагуу түүний эрх мэдэл, нөлөө улам бүр нэмэгдсэн учир амласнаа биелүүлэх бүх боломж нээлттэй. Түүний удирдсан намаас нийт 24 гишүүн анх удаа сонгогдсон нь ч "цус сэлбэж" чадсаныг харуулна.

ХҮН: 4 жилийн өмнө сонгуульд ч өрсөлдөж чадалгүй хоосон хоцорсон Хөдөлмөрийн Үндэсний Намын залуус анх удаа парламентад суудалтай болов. Намын ТУЗ-ийн дарга Т.Доржханд хамгийн олон хүн өрсөлдсөн өрсөлдөөнтэй тойргуудын нэгээс гарч ирсэн нь тэдэнд шинэ боломжийг төрүүлэв. Парламентад суудалтай болсон ХҮН одоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй.

Залуусыг идэвхжүүлэх хөдөлгөөн: Энэ жилийн сонгуулийн хамгийн тод өнгө нь залуусын идэвх оролцоо байв. Жил бүрийн сонгуулиар "адлуулж" хоцордог залуусын сонгуулийн идэвх, боловсролыг нэмэгдүүлэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн нь ч үүний баталгаа. Эдэн дундаас дээлтэй саналыг өдөөсөн "Өглөө", сонгогчдын боловсрол руу төвлөрч ажилласан "Надад нэг санал байна" төслүүдийг онцолъё.

Бие даагчид: Хэдий ганцхан бие даагч ялалт байгуулсан ч энэ жилийн сонгуулийн хамгийн онцлох үзэгдэл нь бие даагчдын давлагаа байв. Нийт 121 нэр дэвшигч бие даан өрсөлдсөн нь дээд амжилт. П.Галиндэв, Т.Ганболд, С.Мөнхчулуун нарын бие даагчид тус тусын тойрогтоо нам, эвслүүдтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлж, улс төрд шинэ уур амьсгал дагуулав.


Ялагдагчид нь хэн байв?

АН: С.Эрдэнэ, З.Энхболд, Э.Бат-Үүл зэрэг лидерүүд нь ээлж дараалан өвдөг шороодсон тэд дахин дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай хоцров. Эрс шинэчлэл хэрэгтэй болсныг энэ ялагдал бэлхнээ батлав. Залуучууд нь ч аль хэдийн идэвхжээд эхэлжээ.

С.Жавхлан, О.Баасанхүү: Өнгөрсөн парламентад сөрөг хүчний гол нэрийн хуудас болсон гишүүд сонгуулийн өмнө харьяаллаа өөрчилж, Ардчилсан намд элссэн нь олон хүнийг гайхшируулсан. Гэвч тэдний хэн нь ч шинэ намдаа суудал авчирч чадсангүй, ялагдал хүлээв. Нэг нь бүр нутаг устайгаа "тангараг тасрах нь" тэр.

Сошиал орчин: Сонгууль сошиал медиа дээр хийгддэггүй гэдгийг энэ сонгууль дахин харуулав. Сошиалд төвлөрсөн сурталчилгаа хийсэн, ялангуяа залуус руу төвлөрч ажилласан олон нэр дэвшигч ялагдал амсаж, тэднийг дэмжигчдийн таамаг бүр эргэж орхилоо. Хуурамч мэдээ, хар ПР "уламжлал ёсоор" хүчийг авч эрчимтэй тархсан нь олон сонгогчид эргэлзээ төрүүлсэн нь тодорхой.

ШИНЭ эвсэл: Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн дөрвөн жилийн турш өндөр рэйтингтэй байсан учир тэдний тэргүүлж байсан ШИНЭ эвсэл нь хүчтэй өрсөлдөгчид тооцогдож байв. Гэвч тэдний хэн нь ч мандат өвөртөлж чадсангүй, ялагдал хүлээсэн нь сонирхолтой үр дүн байлаа.

2 чухал тоо

7 - Ливерпүүл клуб Английн Премьер лигийн аваргаар улирал дуусахаас 7 тойргийн өмнө тодорч дээд амжилт тогтоолоо. Хамгийн сүүлд 1990 онд лигтээ түрүүлсэн тэд 19 дэх удаагаа цом өргөж байгаа нь энэ юм.

20,000,000 - Монголын тэргүүлэх компаниудын нэг "Петровис Групп"-ийн ажилчид нэгдэн 20 сая төгрөгийг цуглуулж, "Зүрх Мартахгүй" төсөлд хандивлалаа. Ажилчдын сайн дурын үндсэн дээр эхэлсэн аянд нийт 2200 ажилтан хамрагдсан байна. Уг төсөл нь цар тахлын улмаас өндөр зардалтай эмчилгээг гадаад оронд хийлгэх боломжгүй болсон зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд эндэхээс сэргийлэх зорилготой бөгөөд одоогоор 17 хүүхдэд амжилттай мэс засал хийж, амьдрал бэлэглээд байгаа гэнэ.

3 онцлох сэдэв

Шинэ давлагаа: Коронавирусын халдвар авсан иргэдийн тоо дэлхий даяар 10 сая гарч, цар тахлын хоёрдугаар давлагаа олон бүс нутгийг дайрч байгаа нь ил болов. Хамгийн их тархалттай буй АНУ-д нэг өдөрт 40 мянган хүн халдвар авсан нь дээд үзүүлэлт болж, мужууд эдийн засгаа нээх бодлогоо эргэн харах шаардлагатай боллоо. Ази дахь голомт Өмнөд бүс руу шилжиж, Энэтхэг, Пакистан, Бангладеш зэрэг 10 гаруй оронд нэг өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-аас дээш давсан нь аюулын харанга дэгдэв. Өнгөрсөн хоёр өдөрт Энэтхэгт бүртгэгдсэн халдварын тоо 20 мянгыг давж, зөвхөн нийслэл Делид халдвар авсан хүний тоо 73 мянга, нийт 529 мянга болсноор дэлхийд 4-т эрэмбэлэгдэх боллоо. Бразил, Аргентин, Мексик зэрэг Латин Америк дахь халдварын тоо ч буурахгүй, өссөн үзүүлэлттэй хэвээр л байна. Монгол улсын хувьд одоогоор 219 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Томчуудын бойкот: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг эсэргүүцлийн жагсаал, тэмцэл хүчээ авч байгаа энэ үед хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн #StopHateForProfit хөдөлгөөнийг эхлүүлээд байна. Тэд брэнд, бизнесүүдийг Facebook, Instagram зэрэг сошиал платформууд дээрх сурталчилгаагаа түр зогсоож, нөхцөл байдалд тохирсон бодлогын өөрчлөлт, сайжруулалт хийхийг шаардах зорилготой юм. Уг хөдөлгөөнд Unilever, Coca Cola, Verizon, North Face зэрэг жилд тэрбумаар хэмжигдэхүйц төсвийг сурталчилгаанд зарцуулдаг брэндүүд нэгдэж, 7-р сарын турш фэйсбүүк сурталчилгаа хийхгүй гэдгээ мэдэгдсэн нь анхаарал татав. Активистууд Фэйсбүүк тэргүүтэй сошиал медиа хэрэгслүүдийг арьс өнгө, шашинаар ялгаварлах үзлийг дэвэргэж, үзэн ядсан шинжтэй, төөрөгдүүлсэн болон хуурамч мэдээллүүдтэй тэмцэхэд хангалттай арга хэмжээ авахгүй байна хэмээн буруутгасаар байгаа билээ. 100 гаруй брэнд энэ хөдөлгөөнд нэгдсэнтэй зэрэгцэн Facebook-ийг үүсгэн байгуулагч М.Зукерберг алдаагаа засаж, илүү өндөр стандарт үүсгэхийн төлөө бүх нөөцөө дайчлан ажиллана гэдгээ мэдэгдэв.

Apple-ийн танилцуулга: Apple жил бүр зохион байгуулдаг WWDC арга хэмжээгээ энэ удаад анх удаа онлайнаар, таван өдрийн турш зохион байгуулав. Урьдчилан таамаглаж байсанчлан энэ жилийн хамгийн гол танилцуулга нь тэд өөрсдийн гэсэн чип үйлдвэрлэсэн явдал байв. Уг чип нь зөвхөн Mac-аас гадна iPhone, iPad-д ч нийцэж ажиллана гэдгээрээ онцлог. MacOS-ийн шинэ буюу 11-р хувилбар Big Sur мөн хөгжүүлэгчдийн анхаарлын төвд байсан. Харагдац, бүтцийн хувьд шинэхэн танилцуулагдсан iOS 14, iPadOS 14-тэй тун төстэй байдлаар хийгдсэн нь сонирхолтой. iOS-ийн хамгийн сүүлийн хувилбар нь хэрэглэгчдийн нүүр хуудас тэр чигээрээ өөрчлөгдөж, "widgets" буюу өөрийн тогтмол хэрэглэдэг нэмэлтүүдийг байрлуулж болох мини цонхуудтай болсон нь томоохон шинэчлэл болов. Мөн App Library-ийн тусламжтайгаар хэрэглэж буй апп-уудаа илүү цэгцтэй, тодорхой үзэх боломжтой болжээ. Мөн тэд одоогоор зөвхөн BMW 5 Series-тэй нийцэж ажиллах дижитал машины түлхүүрийг олонд танилцуулав. Утаснаасаа машинаа түгжиж, асаах боломжтой энэ нэмэлт нь цаашид хэрэглээ нь улам өргөжиж, сонголт нь нэмэгдэж цоо шинэ зах зээлийг бий болгох потенциалтай юм. Мөн iPad дээрх үзгээр бичих хурд эрс сайжирч, WatchOS нойроо хэмжиж, бүртгэх нэмэлттэй болж, Airpod-оороо төхөөрөмж хоорондын шилжилт хийх боломжтой болсон зэрэг сонирхолтой танилцуулгуудаараа фенүүдээ уйдаасангүй.

4 мэдүүштэй баримт

Шинэ ус: Одон орончид Далай Ван гараг эрт цагт их хэмжээний усан гадаргуутай байсан таамгийг дэвшүүллээ. Нарнаас хэт алслагдсан байрлал нь уг гарагийн гадаргууг мөсөөр бүрсэн ч анх үүсэхэд бүрдсэн "халуун" нөхцөл нь түүн дор ус үүсэх магадлалыг бий болгосон гэж тэд үзжээ.

Дижитал борлуулалт: Microsoft 2009 оноос хойш нээсэн дэлхий даяарх бүх биет дэлгүүрүүдээ хааж, дижитал руу бүрэн шилжиж байгаагаа зарлалаа. Тэд энэхүү стратегийн төлөвлөгөөгөө ирэх жил хэрэгжүүлэхээр зэхэж байсан ч коронавирусын нөхцөл байдал хугацааг урагшлуулахад хүргэснийг онцолжээ. Microsoft Сидней, Лондон, Нью Йорк болон төв оффисийн дэлгүүрээ хэрэглэгчдэд зориулсан төв болгон өөрчлөн үлдээх аж.

Камергүй компани: 84 жилийн түүхтэй дэлхийн хамгийн том, алдартай камерын брэнд Olympus сүүлийн гурван жил алдагдалтай ажилласан гэрэл зургийн төхөөрөмж, технологи хөгжүүлэгч нэгжээ зарж байгаагаа зарлалаа. 2014 онд Sony-оос алдарт Vaio лаптопын брэндийг нь худалдан авч байсан Japan Industrial Partners тэдний шинэ эзэн болсон байна. Olympus харин эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнестээ төвлөрөх гэнэ.

Сансрын жуулчлал: ОХУ-ын сансрын агентлаг "Роскосмос" 2023 онд Олон Улсын Сансрын Станц руу хоёр жуулчин илгээх төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэдгээрийн нэг нь мэргэжлийн сансрын нисгэгчтэй хамт задгай сансарт гарах аж. Энэ төслөө тэд өмнө нь Союз хөлгөөр 7 жуулчныг хөөргөж байсан Space Adventures компанитай хамтран хэрэгжүүлэх ажээ.

5 сонин хачин

1. 2001 онд сүр дуулиантай нээлтээ хийж, компьютер шиг хүн бүрийн хэрэглэх бүтээгдэхүүн болно хэмээн үнэлэгдэж байсан Segway скүүтерийн үйлдвэрлэлээ зогсоож байгаагаа зарлалаа. 20 жилийн хугацаанд ердөө 140 мянган ширхэг борлуулагдсан тус брэнд 2 ч удаа зарагдаж, өдгөө Хятадын NineBot эзэмшиж байгаа юм. Нэг бүрийнх нь үнэ 5000 доллараас эхэлж байсан нь тэдний бүтэлгүйтлийн гол шалтгаан болсон гэж ихэнх экспертүүд үздэг билээ.

2. С.Спилбергийн 1993 оны хит "Jurassic Park" түүхэндээ дөрөв дэх удаагаа Хойд Америкийн бокс оффисыг тэргүүллээ. Цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан кино театрын сүлжээ аажим аажмаар нээгдэж, шинэ бус классик кино үзвэртэй байгаа энэ үед тус кино 230 театраас 517 мянган долларын орлого олжээ. Топ 10-т "Jaws", "Back To The Future", "E.T" зэрэг бүтээлүүд багтжээ.

3. Microsoft хүлээлт дүүрэн эхлүүлж, Ninja, Shroud зэрэг оддыг эгнээндээ нэгтгэсэн видео тоглоомын стриминг платформ Mixer-ийнхээ үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарлалаа. Twitch, Youtube-тэй өрсөлдөх зорилготой тус платформ хангалттай хэмжээний хэрэглэгч татаж чадаагүй нь энэ шийдвэрийн гол шалтгаан байв. Тэд Facebook Gaming-тэй стратегийн түншлэл үүсгэн, одоогийн хэрэглэгчдээ шилжүүлэх явцыг эхлүүлжээ. Microsoft өөрсдийн эзэмшдэг Xbox-ийн суурин дээр үүсгэж буй "Xcloud" тоглоомын үүлэн платформоо 2 тэрбум хэрэглэгчтэй болгох зорилготой хэмээн зарлаад байгаа билээ.

4. Amazon цахилгаан хөдөлгүүртэй жолоочгүй машины технологи хөгжүүлэгч Zoox-ийг 1.2 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр тэд Zoox-ийн 1000 гаруй инженер бүхий багийг өөрсдийн үндсэн бизнест хүргэлт, ложистикийн чиглэлд робот, дрон хөгжүүлэлтэд ашиглах боломжтой болж байна. Amazon үүнээс өмнө өөр нэг ижил салбарын стартап Rivian-д хөрөнгө оруулаад байсан билээ.

5. Дэлхийн хамгийн үнэ цэнтэй архины компани Kweichow Moutai 259 тэрбум долларын үнэлгээтэй боллоо. Ингэснээр тэд Хятадад бүртгэлтэй хамгийн өндөр үнэлгээтэй компани болж байгаа юм. Тэднээс өндөр үнэлгээтэй технологийн гигантууд болох Alibaba (614 тэрбум), Tencent (605 тэрбум) Нью Йорк, Хонгконгийн биржид харьяалагддаг аж.

10 унших мэдээ

Сонирхох: Трамп яагаад санал асуулгад санаа зовних хэрэгтэй вэ? /New Yorker/

Унших: Санал болгох богино өгүүллүүд /BBC/

Дурсах: Алдарт найруулагч Жоел Шумахерийг эргэн санахуй /Variety/

Зочлох: Tencent-ийн бүтээж буй ирээдүйн хот /CNN/

Алмайрах: Арабын хойг дахь сансрын төлөөх тулаан /Bloomberg/

Гайхах: Шерлок Холмесийн хачирхалтай маргаан /The Verge/

Халаглах: Нүүр таних технологийн балаг /NYT/

Ухах: Кашмир дүрэлзсээр л /Harper's Bazaar/

Үзэх: "Хөмрөг" Apple-ийн "Game of Thrones" болж чадах уу? /QZ/

Зовних: Новак Жокович коронавирус тусжээ /AP/