1 гол сэдэв

Юу болов?

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Нийт 21 нам, эвслийн 1336 нэр дэвшигч 6-р сарын 28 хүртэл мөрийн хөтөлбөр, үзэл санаагаа хуваалцана. Мөн 46 бие даагч нэрээ дэвшүүлжээ. Сүүлийн 2 сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН "Ард түмний ялалт" нэрийн дор оролцож байгаа бол ХҮН нам "Өөрчилнө. Цаг нь болсон" хэмээн тунхаглаж байна.

Гол онцлог юу вэ?

Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүн сонгоно гэдгээрээ онцлогтой. Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд томосгосон тойрогт хуваагдаж өрсөлдөж байгаа нь асуудлыг том зургаар харж, хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн найдлага төрүүлж буй. Мөн гишүүдийн 48 нь жагсаалтаар сонгогдох болсон нь намуудыг мэргэжлийн эксперт, технократуудыг жагсаалтдаа багтаах суурь болов.

Одоо яах вэ?

Намууд 6-р сарын 26-ныг дуустал сурталчилгаа явуулна. Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд нэр дэвшигчдээ сайтар судалж, намуудын мөрийн хөтөлбөрт өөрсдөд хамааралтай хэсгүүдээ заавал үзэхийг бид зөвлөж байна. Манай редакц ч энэ чиглэлд сонгогчийн боловсрол, сонголтод зориулсан цуврал агуулгууд бэлдэж байгааг дуулгая. Сонирхуулахад, TenGer TV өдөр бүр 21:00 цагаас бодлогын мэтгэлцээн явуулах бөгөөд намуудын мөрийн хөтөлбөрийн эргэн тойронд мэргэжлийн, ёс зүйтэй хэлэлцүүлэг өрнүүлэх талбарыг үүсгэнэ.

2 чухал тоо

6.000.000.000 - Саяхан шүүхээс гэмтэй гэдэг нь тогтоогдож, ялаа хүлээж буй АНУ-ын экс ерөнхийлөгч Д.Трамп TikTok аккоунт нээжээ. Түүний UFC-ийн тоглолт үзэж буй бичлэг 123 сая үзэлт цуглуулж, 7 хоногийн дотор 6 сая дагагчтай болсон нь түүхэн амжилт болов. TikTok-ийн Америкт хориглох анхны санал гаргаж байсан тэрээр сүүлийн үед тус апп-ыг хаах нь буруу хэмээн мэдэгдэх болсон юм.

170.000.000 - Netflix-ийн хит цуврал "Baby Reindeer"-ийн бодит түүхийн эзэн Ф.Харви кино багийг шүүхэд өглөө. Тэрээр Reddit, TikTok-ийн хэрэглэгчид түүний бодит нэрийг олж, худал хуурмаг мэдээллээр сэтгэл санаа болон карьерт нь сөргөөр нөлөөлж байгаа учир 170 сая долларыг нэхэмжилсэн байна.

3 онцлох өгүүлбэр

I. NVidia гурван их наядын үнэлгээтэй боллоо.

- AI давлагаанд хамгийн их хожиж байгаа компани NVidia-ийн үнэлгээ Apple-ийг гүйцлээ. Ингэснээр тэд Америкийн 2 дахь үнэ цэнтэй компани болж байгаа юм.

- Тэд 2023 оны 5-р сард 1 их наядын клубт элссэн бол тавдугаар сард 2 их наядын үнэлгээтэй болж, Amazon, Alphabet-ийг гүйцсэн билээ.

- Өнгөрсөн улиралд AI-д зориулсан чипийн борлуулалтаараа 14 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан тус компанийн урд Microsoft л бичигдэж байна. Шинжээчид тус компанийг зах зээлийн 70%-ийг эзэлж байгаа хэмээн тооцож байгаа билээ.


II. Paramount, Skydance нэгдэх тохиролцоонд хүрчээ.

- Холливүүдийн энэ жилийн хамгийн хүлээлт өндөртэй байсан хэлцэл өндөрлөж, Paramount шинэ эзэнтэй боллоо. Тэд Sony, Apollo Global-ийн саналаас татгалзаж Skydance-тай нэгдэх шийдвэрийг гаргаснаа удахгүй зарлах бололтой.

- Хэлцлийн хүрээнд Skydance нийт 8 тэрбум доллараар Paramount-ийг үнэлж байгаа нь одоогийн зах зээлийн үнэлгээнээс бараг 30%-аар илүү гэсэн үг. Тус компанийг үүсгэн байгуулагч Редстоуны гэр бүл 2 тэрбум долларыг энэ хэлцлээс халааслана.

- Paramount нь зөвхөн кино продакшн, студийн бизнесээс гадна MTV, Nickeloden, MTV, CBS зэрэг медиа брэндүүдийг эзэмшдэг юм. Skydance-ийг Oracle-ийн үүсгэн байгуулагч Л.Эллисоны хүү Д.Эллисон эзэмшдэг билээ.


III. Xbox Games Showcase 2024 явагдлаа.

- Microsoft-ийн зохион байгуулдаг хамгийн том видео тоглоомтой холбоотой эвент олон шинэ мэдээ, зарлалуудаар дүүрэн байлаа. Хамгийн том тоглоомын танилцуулга нь "Doom: The Dark Ages", "Gears of War: E-Day" нар байв.

- Үүнээс гадна Microsoft дискгүй шинэ загварын Xbox Series X-ийг ил болгов. Хэрэглэгч 2тб-ын Galaxy Black загварын тусгай хувилбарыг мөн авах боломжтой гэнэ. Эхлэлийн үнэ 349 доллар байна.

- Тоглоомчдын хамгийн их хүлээж байсан "Fable"-ийн шинэ хувилбар 2025 онд товлогдлоо. Домогт Microsoft Flight Simulator-ийн шинэ тоглоом 11-р сард нээлтээ хийнэ. Мөн "Indiana Jones", "Perfect Dark", "Starfield"-ийн хорхойтнууд шинэ тоглоомын мэдээгээр дүүрэн байлаа.


4 мэдүүштэй зүйл

Анхны нислэг: Boeing-ийн сансрын хөлөг анх удаа сансрын нисгэгч тээвэрлэн амжилттай хөөрлөө. Хугацаанаасаа 7 жил хоцорж, төсвөө 1.5 тэрбумаар давуулсан Atlas 5 хөлөг Олон Улсын сансрын станц руу 25 цагийн нислэг үйлдсэн юм.

Амжилттай туршилт: SpaceX-ийн хамгийн том, дахин ашиглагддаг пуужин Starship-ийн туршилт анх удаа амжилттай болжээ. Тус хөлөг дэлхийн агаар мандлаас гарч, буцаж буух туршилтыг хийсэн нь энэ. NASA уг хөлгөөр сар луу сансрын нисгэгч болон холбогдох төхөөрөмж зөөх зорилготой байгаа юм.

Тэрбум доллар: 699 долларын үнэтэй AI пин төхөөрөмжөөрөө алдаршсан Humane HP-тэй хэлцэлд оржээ. Тэдний үнэлгээ 1 тэрбум доллараар хэмжигдэж байгаа гэнэ.

Алтернатив дэлгүүр: Европын Холбоо Apple-ийн монополийг задалж, бие даасан iOS-д суурилсан апп дэлгүүр хөгжүүлэх боломжтой болгосон. Энэ хүрээнд AltStore, SetApp, Aptoide Games, Mobivention гэсэн нийт 4 шинэ апп стор нээгдэж, үйл ажиллагаага эхлүүлжээ.

5 сонин хачин

1. У.Смит, М.Лауренсийн хослон тоглосон "Bad Boys" цувралын 4-р анги "Ride or Die" бокс оффисыг тэргүүллээ. 1995 онд анх гарч байсан тус кино нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 104 сая доллар цуглуулжээ. Сонирхуулахад 2020 онд гарсан 3-р анги нь 426 сая долларын орлого олж байсан билээ.

2. Агаарын таксины технологи хөгжүүлэгч Joby Aviation нисгэгчгүй хөлөг бүтээгч Xwing-ийг худалдан авчээ. 2016 онд байгуулагдсан Xwing одоогоор 250 удаагийн нисгэгчгүй хөлгийн туршилтыг амжилттай хийсэн гэнэ. Joby тус компанийн технологиор дамжуулж цахилгаан хөлгөө нисгэгчгүй болгон хөгжүүлэх зорилготой байгаа юм.

3. Instagram заавал үзэж дуусгах буюу алгасаж болохгүй сурталчилгааг туршиж байна. "Ad break" нэртэй уг функц нь хэрэглэгчдийг дэлгэцэнд донтохоос сэргийлэхээс гадна бизнесүүдэд илүү үр дүнтэй реклам байршуулах боломжийг олгох юм.

4. Facebook нэгэн зэрэг 5000 хүнийг нэмж, чатлаж болох "Community Chat" функцийг нэвтрүүлж байна. Meta-ийн зүгээс 2022 онд Whatsapp дээр ижил төстэй нэмэлтийг танилцуулж байсан. Админ заавал холбогдох хуудастай байх шаардлагагүй бөгөөд тусгайлсан линкээр хүмүүсээ урих боломжтойгоор тохируулагджээ.

5. X албан ёсоор насанд хүрэгчдийн агуулгыг зөвшөөрч эхэллээ. +18 ангиллын контент оруулах аккоунт нь зарим тохиргоог идэвхжүүлж, хувийн мэдээллээ оруулах ёстой. Харин 18 нас хүрээгүй хэрэглэгчдэд насанд хүрэгчдийн агуулга харагдахгүй байхаар зохицуулалт хийжээ.

10 унших мэдээ

Танилцах: Meme хувьцааны эзэн /Morning Brew/

Тооцох: С.Алтманы хөрөнгө оруулалтын эзэнт гүрэн /WSJ/

Хүлээх Apple-ийн ухаалаг роботын төсөл /The Verge/

Мэдэх: WWDC-ийн сонин хачин /MacRumor/

Унших: Билл Гэйтсийн намтар ном гарна /The Guardian/

Сонирхох: Энэтхэгийн сонгуулийн дүн /Al Jazeera/

Гайхах: Францын ерөнхийлөгч парламентаа тараав /CNN/

Эмээх: Хамасын барьцааны хүмүүсийг суллав /BBC/

Төсөөлөх: Дараагийн 10 жилийн 10 гол үйл явдал /Vox/

Сонгох: Европын холбооны сонгуулийн дүн /NYTimes/