1 гол сэдэв

Энэ долоо хоногийн гол сэдвээрээ бид цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлийг сонголоо.

Ахиад л Тесла юу?

Тийм. Э.Маскийн удирдаж буй тус компанийн зах зээлийн үнэлгээ 372 тэрбум ам.долларт хүрсэн нь зөвхөн энэ жил л гэхэд 300 гаруй хувиар өссөн гэсэн үг. Ингэснээр тэдний үнэлгээ Walmart-ийг гүйцэж, Америкийн ес дэх том компани болж байна. Хувьцаагаа тав хуваах болсноо мэдэгдээд буй Tesla дөрвөн улирал дараалан ашигтай ажиллаж, Шанхай дахь үйлдвэр нь 2021 оноос анхны машинаа үйлдвэрлэж эхлэх болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж буй. И.Маск бүрэн автомат удирдлагын системээ 6-10 долоо хоногийн дотор танилцуулна гэсэн нь ч анхаарал татсаар.

Гэхдээ...

Шинжээчид Tesla-д эргэлзсэн хэвээр л байна. Шалтгаан гэвэл юун түрүүнд технологи. 2007 онд байгуулагдсан Lucid Motors "хамгийн хурдан цэнэглэгддэг" цахилгаан машиныг танилцуулсан. 20 минутад 480 км туулах цэнэг авах чадалтай уг машин нэг цэнэглэлтээр 830 км зам явах чадалтай нь Tesla-ийн рекордоос даруй 30 хувиар илүү гэсэн үг. Тэд Volkswagen-ий эзэмшдэг Electrify-тай хамтран Америк даяар үнэгүй, түргэн цэнэглэгчийн сүлжээг байгуулах болсноо зарлажээ.

Дараагийнх нь, мэдээж, том өрсөлдөгчид. Бараг бүх гигантууд цахилгаан машины нэгжид оруулж буй хөрөнгөө нэмж буй энэ үед General Motors-ийн "аварга амбиц" Уолл Стритийг донсолгов. 1908 онд байгуулагдсан GM-ийн цахилгаан машины технологид төвлөрсөн нэгжээ тусад нь гаргаж, бие даасан компани болгох төлөвлөгөө нь тэдний үнэлгээг 7.7 хувиар өсгөлөө. 2023 он гэхэд 20 төрлийн цахилгаан машины загвар гаргах зорилготой GM-ийн шинэ компанийн үнэлгээ 100 тэрбум долларт хүрэх потенциалтай гэнэ.

Өөр...

Бизнесийн шинэлэг модель, хөрөнгө оруулалтын шинэ загвар ч Tesla-д тайвшрах боломж олгохгүй нь. Лос Анжелест төвтэй Canoo нэртэй стартап Nasdaq-т бүртгэлтэй өөр нэг компанитай нэгдэх замаар нээлттэй компани болж, шинээр хөрөнгө оруулалт татаж байна. Гишүүнчлэлд суурилсан бага оврын автобус үйлдвэрлэх зорилготой Canoo 2.4 тэрбум долларын үнэлгээтэй болж байгаа нь энэ.

Үүнээс өмнө Nikola нэртэй цахилгаан хөдөлгүүрт пикап, ачааны машин үйлдвэрлэгч ижил замаар нээлттэй компани болсон. Өдгөө 16.2 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон тэдний арга цар тахлын үед илүү хурдтайгаар санхүүжилт татах санааг цахилгаан машины стартапуудад өгсөн гэлтэй. Түүнээс хойш Lordstown, Fisker зэрэг стартапууд уламжлалт байдлаар бус, хэдийнэ IPO хийсэн өөр компанитай нэгдэх замаар нээлттэй компани болох төлөвлөгөөгөө зарлаад байна.

2 чухал тоо

2,000,000,000,000 - Apple 2 их наяд ам.долларын үнэлгээтэй анхны америк компани боллоо. Хоёр жилийн өмнө их наядын клубт элссэн тэд 24 сарын дотор үнэлгээгээ нугалсан нь энэ. Хэдий цар тахлын нөлөө, зарим апп хөгжүүлэгчидтэй үүсгэсэн маргаан, хууль сахиулагчдын дарамттай нүүр тулсаар буй ч Apple-ийн борлуулалт 11 хувиар нэмэгдэж, контент-үйлчилгээний бизнес нь улам өссөөр байгаа юм. Тэднээс өмнө 2019 оны арванхоёрдугаар сард Саудын Арабын Aramco-ийн үнэлгээ анх хоёр их наяд ам.долларыг давж байжээ.

750,000,000 - Флорида муж ирэх хоёр жилд генийн өөрчлөлт бүхий 750 сая ширхэг шумуулыг хэрэглээнд гаргах болсноо зарлалаа. Эрдэмтэд уг төсөл нь хумхаа, шар чичрэг, Зика зэрэг халдварт өвчний вирус тээгч Aedes aegypti төрлийн шумуулын тоо толгойг 95 хувь хүртэл бууруулна гэж үзэж буй. Хүнийг хазаж, өвчин тараах чадалтай эм авгалдайг өсөж боловсрохоос нь өмнө үхүүлэх зорилготой мутант шумуул экосистемд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлж магад хэмээн активистууд болгоомжилж буй билээ.

3 онцлох сэдэв

ОХУ: Ерөнхийлөгч В.Путины хамгийн гол өрсөлдөгч Алексей Навальный хордсон байдалтайгаар сэхээнд хүргэгдлээ. Томск хотноо орон нутгийн сонгуулийн кампанит ажилд оролцож байсан тэрээр онгоцны буудалд уусан цайнаасаа хордсон байж болзошгүй гэнэ. Түүнийг гэр бүл, хүрээллийнх нь хүсэлтээр Берлин рүү хүргэж, эмчилгээг нь үргэлжлүүлэх болсон нь мөн том мэдээ байв. 44 настай Навальный Путины дэглэмийг хурцаар шүүмжилж, авилгал, хүнд суртлын эсрэг хөдөлгөөнөөрөө олонд танигдсан нэгэн. Сүүлийн жилүүдэд Кремлийн бодлогыг эсэргүүцэгч нэг бус эрхэм хордож амиа алдсан хэмээн ажиглагчид сануулсаар байна. 2018 онд Pussy Riot-ийн П.Верзилов, экс тагнуулын ажилтан С.Скрипал нар хордож амиа алдах дөхсөн бол 2006 онд Британи руу дүрвэсэн нууц ажилтан А.Литвиненко мөн шалтгаанаар амиа алдсан билээ.

Дэлгэрэнгүйг: Washington Post | DW | The New York Times


АНУ: Ардчилсан нам арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намын хурлаа явууллаа. Тахлын улмаас цахим хэлбэрээр явагдсан энэ хурлаар тэд нэр дэвшигч Ж.Байден болон түүний хамтрагч К.Харрис нарыг албан ёсоор батламжилсан юм. Мөн намын гол лидерүүд болох Б.Обама, Б.Клинтон, Ж.Картер, Б.Сандерс нарын 17 хүн сонгогчдод хандан үг хэлэв. Нэр дэвших нь тодорхой болсон гуравдугаар сараас хойш дийлэнх санал асуулгыг өнгөлсөөр буй Ж.Байден өдгөө үүсээд буй цар тахал, нийгмийн талцал, тэгш бус байдлыг залруулахад, тэр дундаа ардчиллын үнэт зүйлсийг сэргээхэд шинэ удирдлага, "тогтвортой засаглал" хэрэгтэй болоод буйг сануулсан юм. 4 өдөр үргэлжилсэн хурлыг 120 сая үзэгч шууд хүлээн авсан ч дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт гэнэ. Одоогийн ерөнхийлөгч Д.Трампыг нэр дэвшигчээр батламжлах Бүгд Найрамдах намын хурал энэ долоо хоногт явагдана.

Дэлгэрэнгүйг: The New York Times | CNN | Vox


Коронавирус: Дэлхий даяар цар тахлаар өвчилсөн хүмүүсийн тоо 23 саяыг давж, нас барагчдын тоо 800 мянгад хүрлээ. Улс орнууд хоёр дахь давлагаатай тэмцэж, эрдэмтэд вакцины төлөөх “дайн”-д өрсөлдсөн хэвээр байна. Бид мэдэх ёстой гол мэдээнүүдийг ийн багцаллаа.

- АНУ-ын томоохон кино театрууд таван сарын дараа нээгдэв. AMC нээлтийн урамшууллаараа 15 центийн тасалбар гаргажээ.

- БНСУ-д зөвхөн нэг сүмээс үүсэлтэй 500 гаруй коронавирусийн тохиолдол илрэв. Эрх баригчид илүү хяналт хязгаарлалтыг чангатгахаар төлөвлөж байна.

- Шинэ Зеланд шинэ тархалтын улмаас сонгуулиа аравдугаар сарын 17-ныг хүртэл хүртэл хойшлуулав. Тус улс 102 хоногийн турш "коронагүй" байсан юм.

- Өмнөд Африкт бараг хагас жилийн дараа архи, тамхи борлуулахыг зөвшөөрчээ. Африк тивийн нийт тархалтын талыг эзэлж буй тус улсад 12 мянган хүн амиа алдаад буй.

- Монгол Улсад бүртгэгдсэн 298 тохиолдлын 288 нь бүрэн эдгэрсэн тухай мэдээллээ.

- Францын оргилуун дарсны зах зээл тахлын улмаас хоёр тэрбум ам.доллараар хумигдаж, усан үзмийн ургац 21 хувиар буурчээ.

- Уханьд сүүлийн гурван сар дотоодын халдвар илэрсэнгүй. Тиймдээ ч мянга мянган хүн усан паркд зохиогдсон хөгжмийн фестивалд оролцсон гэнэ.

4 мэдүүштэй баримт

Өөрөг оношлуур: Хятадын судлаачид өөрөг зургаас зүрхний өвчтэй эсэхийг тодорхойлох алгоритм бүтээжээ. Тэд зургаас хүний нүүрний өнгө, үрчлээс, зураас зэргээс үндэслэн илүү хямд бөгөөд хурднаар онош тогтоох боломжтой гэж үзэж байна. 1000 хүнд хийсэн туршилтаар уг алгоритм 80 хувьтай ажилласан гэнэ.

Хос нар: Харвардын их сургуулийн одон орончид эрт цагт манай нарны аймаг хос нартай байсан тухай таамгаа танилцуулжээ. Нарны аймгийн хил хязгаар гэж нэрлэж болох Оортын үүл үүссэн нь, эх дэлхийд амьдрал бүрэлдсэн нь, мөн одоог хүртэл илрээгүй гэгдэх ес дэх гарагийн үүсэл ч хос нартай холбоотой байх магадлалтай гэнэ. Эрдэмтэд "алдагдсан нарыг" бусад оддын таталцлын нөлөөгөөр сүүн замын хаа нэгтээ "төөрсөн" байж болзошгүй хэмээн үзжээ.

Ухаалаг туслах: Facebook-ийн хиймэл оюун хөгжүүлэлтийн баг орчны хөдөлгөөн, үйл явдлыг санаж, дасан зохицох чадвартай ухаалаг туслахыг бүтээж байгаагаа зарлалаа. Хэдий хөгжүүлэлтийн эхэн үед яваа ч уг туслах нь дуу чимээ сонсох, хөдөлгөөн мэдрэх, үйлдэл санах чадвартай байна гэнэ. Энэ нь уг туслах таныг хоолондоо давс хийсэн эсэхийг сануулж, түлхүүр тавьсан байршлыг хэлж, өөр өрөөнд утас дуугарахад мэдэрнэ гэсэн үг. Гэхдээ одоогийн технологийн хүрээнд эдгээр нэмэлт бодитоор хэрэгжих боломжгүй. Цаашид уг туслахыг ухаалаг шил, туслах робот зэрэгт суурилуулан хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх арга замыг судалж байгаагаа Facebook онцолжээ.

Алкоголь батарей: Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд метилийн спиртээр ажилладаг бичил робот бүтээсэн байна. 1 грамм ч хүрэхгүй жинтэй энэ робот ямар ч гадаад эх үүсвэр шаардахгүйгээр зөвхөн 95 грамм спиртээр 2 цаг ажиллах чадалтай гэнэ. Өөрийн биеэс 2.6 дахин хүнд зүйл даах чадалтай уг роботыг хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт нарийн ажилбар гүйцэтгэх потенциалтай хэмээн үзэж байна.

5 сонин хачин

1. BTS хамгийн анхны бүрэн англи хэл дээрх дуугаа гаргалаа. "Dynamite" нэртэй уг бүтээлийг Youtube-д 24 цагийн дотор 98.3 сая удаа үзсэн нь дээд амжилт болсон байна. Мөн нэгэн зэрэг гурван сая хүн үзсэн нь ч рекорд болжээ. Сонирхуулахад, өмнөх амжилтыг Blackpink-ийн "How You Like That" 86 сая үзэлтээр эзэмшиж байв.

2. Instagram хэрэглэгчдийг апп-даа улам донтуулах тохиргоогоо танилцууллаа. Энэ бол "санал болгох" нэмэлт. Өмнө нь хэрэглэгчид хуудсаа доош гүйлгэсээр шинэ зургууд дууссаныг илтгэх сануулга гардаг байсан бол одоо хамгийн их сонирхдог, дагадаг сэдэв дээр тулгуурлан шинэ хэрэглэгчдийн зургийг санал болгож байна гэсэн үг ажээ. Ташрамд дурдахад, Facebook энэ долоо хоногоос эхлэн Messenger болон Instagram DM-ийг нэгтгэж эхлээд байгаа билээ.

3. Дэлхийн хамгийн том архи үйлдвэрлэгчдийн нэг Diageo алдарт жүжигчин Райн Рэйнолдсийн хувь эзэмшдэг Aviation American Gin-ийг 610 сая ам.доллараар худалдан авлаа. Сүүлийн үед алдартнууд өөрсдийн нэрийн виски, дарс гаргах нь түгээмэл болоод буй. Smirnoff, Johnnie Walker зэрэг брэндийг эзэмшигч Diageo 2017 онд Ж.Клүүнигийн текила брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авч байв.

4. Нэгэн үе хамгийн эрэлттэй гар утсанд тооцогддог байсан Blackberry-ийн 5G технологийг дэмжих шинэ хувилбарыг үйлдвэрлэх гэж байгаагаа OnwardMobility зарлалаа. 2013 оноос хойш тав дахь эзний нүүрийг үзэж буй тус брэндийн шинэ загвар бүрэн шинэчлэгдсэн утасны товчлуур Андройд үйлдлийн системтэйгээр 2021 оны эхний улиралд худалдаанд гарна.

5. Алдарт шар айргийн брэнд Bud Light анхны "Chief Meme Officer"-аа хайж байна. Сошиал эринд маркетеруудын гол хэрэгслүүдийн нэг болоод буй мийм бүтээхэд төвлөрөх уг ажлыг хүлээж авах хүн долоо хоногт 10 мийм бүтээх бөгөөд цалин нь сарын 5000 доллар байх гэнэ.

10 унших мэдээ

Унших: Apple vs Epic Games-ийн имэйлүүд /Vox/

Үзэх: Солонгосын хамгийн шилдэг 25 кино /SCMP/

Гайхах: Шинэ урвалыг ажигласан нь /Futurism/

Мэдэх: Амазоны №2 тэтгэвэртээ гарна /WSJ/

Алмайрах: Amazon, Google-ийг "айлгах" Microsoft-ийн зэвсэг /Protocol/

Сонирхох: DC FanDome-ийн гол мэдэгдлүүд /The Verge/

Хүлээх: Аваргуудын лигт хэн түрүүлэх вэ? /BBC/

Тайлбарлах: Apple vs Fortnite /Vox/

Танилц: Шинэ Усайн Болт /CNN/

Шоолох:175 сая долларын андуурсан гүйлгээ /Bloomberg/