1 гол сэдэв

"Твиттер" улирлын тайлангаа танилцуулах үеэрээ ирэх жилүүдэд орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгох учиртай хөгжүүлэлтийн төлөвлөгөөгөө танилцууллаа.

Заавал онцлох

"Super Follow". Энэ бол олны танил, нөлөөтэй хэрэглэгчид дагагчдаасаа төлбөр аван, улмаар зөвхөн тэдэнд зориулсан нэмэлт жиргээ, бичлэг хүргэх, эсвэл цахим товхимол илгээх шинэ боломж гэсэн үг. Мөн "Clubhouse"-тай төстэй "Spaces" нэмэлт дээр ч хаалттай өрөө үүсгэх сонголт үүсэх аж. Тэдний харуулсан жишээн дээр сарын төлбөр нь 4.99 доллар байхаар заагджээ.

Заавал сонирхох

Ж.Дорсигийн өөр нэг танилцуулсан зүйл бол "Communities". Facebook-ийн "Group"-тэй төстэй гэж хэлж болох уг нэмэлт нь хэрэглэгчдэд тодорхой сэдэв болон сонирхол дээр тулгуурласан групп үүсгэх боломжийг олгоно. Энэ нь хэрэглэгчдэд илүү цэгцтэй хэлбэрээр дотно яриа өрнүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн тэд үзэж буй.

Заавал мэдэх

2006 онд байгуулагдсан "Twitter" дөнгөж 2018 онд л ашигтай ажиллаж эхэлсэн. Тэгвэл тэд Clubhouse, Facebook Group, OnlyFans, Patreon, Substack зэрэг сүүлийн үед ихээхэн өсөлттэй буй бие даасан платформуудын гол шинжүүдийг нэгтгэсэн нэмэлт хөгжүүлэлтүүд нь 2023 он гэхэд орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа гэнэ. Тwitter 2023 оны IV улирал гэхэд орлогоо хоёр дахин өсгөж, 7.5 тэрбумд, хэрэглэгчээ ч огцом нэмэгдүүлж 192 саяас 315 сая хэрэглэгчид хүргэх зорилго тавьжээ.

2 чухал тоо

100,000,000,000 - Криптовалют арилжааны бирж Coinbase 100 тэрбум орчим долларын үнэлгээтэй IPO хийх хүсэлтээ өглөө. Өдгөө 43 сая хэрэглэгчтэй уг платформыг ашиглаж 2012 оноос хойш 450 тэрбум долларын арилжаа хийжээ. Тус компани өнгөрсөн жил анх удаа ашигтай ажиллаж, 322 сая долларын орлого олсон гэнэ.

6,600,000 - Beeple нэртэй артистын "Crossroads" нэртэй бүтээл 6.6 сая долларын үнэ хүрснээр түүхэн дэх хамгийн үнэтэй дижитал арт боллоо. NFT буюу блокчэйнд суурилсан үл орлогдох токений төрлийн ийм бүтээлүүд сүүлийн үед ихэд эрэлттэй болж байгаагийн илрэл нь энэ болж байна. Ташрамд дурдахад, алдарт Christie's өнгөрсөн сард анхны дижитал бүтээлээ дуудлага худалдаанд оруулахаа зарласныг бид ковертоо онцолсон билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Facebook Австралийн Засгийн газартай тохиролцоонд хүрлээ

- Австралийн хэрэглэгчид ахин Facebook-ээр дамжуулан мэдээ унших, хуваалцах боломжтой боллоо. Австралийн Засгийн газар буулт хийж, Facebook-тэй хийсэн зөвшилцлийн хүрээнд шинээр батлагдах интернэт хэрэглээний тухай зохицуулалтдаа тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр болжээ.

- Шинэчлэгдсэн заалтын хүрээнд Facebook медиа компаниудтай хоёр сарын дотор арилжааны гэрээ байгуулж, линк хуваалцах болон түгээх гэрээ байгуулах шаардлагатай болсон байна. Энэ нь Facebook-т урт хугацаанд ашигтай хэлцлүүдийг хийх боломж олгож байгаа гэсэн үг. Тэд үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн салбарт ирэх гурван жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарлажээ.

- Засгийн газраас батлахаар зэхэж байсан шинэ хуулийн хүрээнд Facebook хэрэглэгчдийн хуваалцсан линкийн тоо бүрээр медиа компаниудад төлбөр төлөх шаардлагатай болоод байсан. Facebook үүнийг эсэргүүцэн хэрэглэгчдийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргаад байсан юм.


II. Spotify шинэ зах зээл рүү үйл ажиллагаагаа тэллээ

- "Stream On" нэртэй онлайн арга хэмжээнийхээ үеэр тэд нийт 85 улсын 1 тэрбум хэрэглэгч бүхий зах зээлд үйлчилгээгээ хүргэх болсноо албан ёсоор зарлав. Африк, Ази, Латин Америкийн орнууд голдуу багтсан жагсаалт дотор Монгол улс мөн оржээ. Шинэ нэмэлтийн дараагаар уг апп 178 улсад ашиглагдахуйц болж байгаа юм.

- Үүнээс гадна тэд нэмэлт төлбөр төлөн илүү өндөр чанартайгаар хөгжмөө сонсох боломж олгох "Spotify HiFi" үйлчилгээг танилцуулав. Мөн сүүлийн үед ихээхэн анхаарал хандуулж буй оригинал подкаст дундуур сурталчилгаа байршуулах шинэ технологийн боломжийг нэвтрүүлж байгаа гэнэ. Тэрчлэн тэд уран бүтээлчдэд илүү олон сонсогчид хүрэхэд нь туслах хэд хэдэн нэмэлтүүдээ онцолжээ.

- Шведээс гаралтай Spotify-ийг өдгөө 340 сая хэрэглэгч ашиглаж байгаагийн яг тал нь төлбөр төлдөг. Энэ үзүүлэлтээрээ тэд гол өрсөлдөгчид болох Apple Music, Amazon Music-ийг нийлүүлснээс ч илүүд тооцогддог билээ.

III. Apple ухаалаг утасны борлуулалтаараа Samsung-ийг гүйцэв.

- iPhone 12-ийн борлуулалт Apple-ийг дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ухаалаг утас үйлдвэрлэгч болгов. Тэдний борлуулалт өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өсөж, зах зээлийн 20.8 хувийг эзлэх болсон нь Samsung-аас 4.6%-аар илүү үзүүлэлт болжээ.

- Хамгийн сүүлд 2016 онд буюу iPhone 7 худалдаанд гарах үед л Apple Samsung-ийн урд бичигдэж байжээ. Түүнээс хойш гол өрсөлдөөн Samsung, Huawei-ийн хооронд өрнөдөг байсан гэнэ. Өнгөрөгч улиралд Samsung-ийн борлуулалт 11 хувиар буурчээ.

- Дэлхийн топ 5 үйлдвэрлэгч дунд Apple-аас гадна өсөлт үзүүлсэн ганц компани байсан нь Xiaomi байв. Бусад тэргүүлэгчид болох Samsung, Huawei, Oppo бүгд борлуулалтын хувьд буурсан үзүүлэлттэй гарчээ. 2020 оны 4-р улиралд дэлхийн ухаалаг утасны зах зээлийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 5 хувийн бууралттай байсан байна.

4 мэдүүштэй баримт

Зураг амилуулагч: Израйлын инженерүүд хиймэл оюуны тусламжтайгаар хуучны гэрэл зургийг хөдөлгөөнд оруулах хэрэгсэл хөгжүүлжээ. "Харри Поттер"-ын ертөнцийг санагдуулам уг нэмэлтийг MyHeritage сайт руу нэвтрэн турших боломжтой гэнэ.

Реп апп: Facebook репперүүдэд зориулсан Bars нэртэй шинэ апп гаргалаа. TikTok-ийн репперүүдэд зориулсан хувилбар гэж хэлж болох уг апп нь бэлэн хэмнэл ашиглан студийн чанартай эффект, дуугаралт ашиглах, шууд сошиал медиад хуваалцах боломж олгож байгаагаараа онцлогтой гэнэ.

Сансрын станц: OAC нэртэй компани 2025 оноос эхлэн хүний гараар бүтээсэн хамгийн том сансрын биет болох учиртай сансрын байнгын станцыг байгуулах төслөө зарлалаа. Нийт 400 хүнийг нэгэн зэрэг байрлуулах чадалтай уг станц нь хиймлээр татах хүч үүсгэх зорилготой. Тэд дөрөвдүгээр сарын 1 хүртэл санхүүжилт татах нээлттэй аян эхлүүлжээ.

Засгийн санхүүжилт: Их Британийн засгийн газар 2021 оноос эхлэн ахисан түвшний технологийн стартапуудад хөрөнгө оруулах сан байгуулж байгаагаа зарлалаа. "The Future Fund" нэртэй уг сан нь 500 сая орчим долларын эхлэл хөрөнгөтэй байх гэнэ.

5 сонин хачин

1. Францын домогт хамтлаг "Daft Punk" 28 жилийн дараа тарж байгаагаа албан ёсоор зарлалаа. Электроник хөгжим, поп соёлын хамгийн нөлөөтэй уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор тооцогдох уг хамтлаг нийт дөрвөн цомог туурвижээ. Видео бичлэгээр дамжуулж тарж байгаагаа зарласны дараагаар тэдний цомгийн борлуулалт 2650 хувиар өссөн юм.

2. Linkedin энэ намар цагийн болон хөлсний ажилд зуучлах зорилготой "Marketplaces" нэртэй нэмэлтийг нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Өдгөө 740 сая хэрэглэгчтэй тус платформ ингэснээр Upwork, Fiverr зэрэг зах зээлийн лидерүүдтэй өрсөлдөх болж байгаа юм.

3. Алдарт реппер, энтрепренер Jay Z-ийн эзэмшдэг оргилуун дарсны брэндийн 50 хувийг LVMH худалдан авчээ. Хөрөнгө нь аль хэдийн тэрбумаар үнэлэгдэх болсон Jay Z "Armand De Brignac"-ийг 2014 онд худалдан авч, өөрийн видео, сошиал хуудсандаа тогтмол байршуулах болсон юм. Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний тэргүүлэх брэндүүдийг эзэмшигч LVMH сүүлийн үед шинэ, залуу үеийг татах зорилгоор Rihanna, Н.Осака зэрэг ододтой хамтран ажиллаж байгаа билээ.

4. Netflix "Терминатор"-ын түүхээс сэдэвлэсэн анимэ бүтээж байгаагаа зарлалаа. Тэд "Ghost In The Shell"-ийг бүтээгч Production I.G-тэй хамтран ажиллах болсон нь энэ. Сонирхуулахад, DC Comics алдарт продюсер Ж.Абрамс болон "Black Panther", "Captain America"-ийн зохиолч Т.Коатестэй хамтран супермэний шинэ киног хийх болсон гэнэ.

5. Энэ долоо хоногт хэд хэдэн эх сурвалж "Samsung"-ийн хөгжүүлж буй AR суурьтай ухаалаг шилний концепц бичлэгийг ил болгов. Бичлэгээс үзэхэд, "Samsung" цаг болон утаснаас удирдаж болох, Microsoft Hololens-тэй төстэй технологийн боломжийг шилэндээ багтаахыг зорьж байгаа бололтой.

10 унших мэдээ

Анзаарах: Хятад үнэнийг өгүүлэгчдийг дарсан нь /CNN/

Үзэх: Netflix-ийн дараагийн том хиттэй танилц /Engadget/

Унших: Mailchimp-ийн тэгш бус нөхцөл /The Verge/

Таах: Алтан бөмбөрцгийн ялагчдыг таамаглах нь /EW/

Сонирхох: Parker-ийн илгээсэн Сугар гарагийн зураг /NASA/

Хөөрөх: Pokemon-ий 25 жилийн ойд /Polygon/

Турших: Paramount+-ийн нээлтийн талаар /Washington Post/

Мэдэх: Мьянмарын хямралын эргэн тойронд /BBC/

Ойлгох: Путин яагаад өрсөлдөгчөө үхүүлэхийг хүсэж байна вэ? /Vox/

Тайлбарлах: Яагаад тэрбумтнууд сансрыг сонирхох болов? /NYTimes/