1 гол сэдэв
Юу болов?
Орос, Украйны дайн эхлээд нэгэнт 3 жил өнгөрчээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тусгай төлөөлөгчид Украйнд айлчилж, ОХУ-тай хэлэлцээр хийж эхэлсэн учир дайн дуусах хүлээлт олон улсад улам өндөр болж байв. Гэсэн ч Цагаан ордонд В.Зеленски болон АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нарын хооронд болсон уулзалт бүхнийг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж орхив.
Яагаад?
АНУ, Украйн “Сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан” хамтран байгуулах болсноо зарласан. Энэ сан нь Украйны газрын ховор элементийн ордыг ашиглан, орлого хуримтлуулж улмаар бүтээн байгуулалтад зарцуулна. Санг хоёр тал хамтран удирдах бөгөөд АНУ-ын хувьд аюулгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Тус сангаар дамжуулан АНУ дайнд зарцуулсан 500 тэрбум долларыг эргүүлэн татах зорилготой гэдгээ Д.Трамп мэдэгдээд байсан юм. Гэвч гарын үсэг зурах учиртай уулзалтын үеэр талууд камерын өмнө ширүүн маргаан дэгдээж, В.Зеленски хэвлэлийн хуралд ч оролцогүй, гэрээгээ ч эцэслэлгүй Америкийг орхив. Тэрээр зөвхөн сангаас гадна цэрэг, аюулгүй байдлын баталгааг хүссэн бол Д.Трамп болон дэд ерөнхийлөгч Ж.Ванс нар дайныг санхүүжүүлэхээс илүү хурдан дуусгахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсээр байв. Үүнийг олон нийт болон шинжээчид төрөл бүрийн өнцгөөс тайлбарлаж, хүлээн авч байна.
Одоо яах вэ?
Д.Трампын хувьд "Америк нэгдүгээрт" бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ хүчтэй илэрхийлсээр байгаа. Харин Францын Э.Макрон, Их Британийн К.Стармер зэрэг Европын лидерүүд ямар ч тохиолдолд Украйныг дэмжиж, шаардлагатай дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Улмаар АНУ-д гал зогсоох хэлцлийн суурь бичиг баримтыг боловсруулж танилцуулна гэдгээ мэдэгджээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Европын холбоотнууд 700 тэрбум долларыг босгон, батлан хамгаалах салбарт зориулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ Америкийн НАТО болон Европ тивийн аюулгүй байдлын талаарх байр суурь ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.
2 чухал тоо
6.000.000.000: TikTok-ийн хэрэглэгчид 6 тэрбум долларыг зарцуулжээ. Ингэснээр TikTok түүхэнд хамгийн их орлого хуримтлуулсан, тоглоомын-бус апп болж байна. 2024 онд тэд апп-аар дамжуулан онлайн худалдаа хийх үйл явцыг дэмжиж, мөн контент бүтээгчдэд виртуал бэлэг, хандив өгөх цэсийг эрчимжүүлсний үр дүн ийнхүү гарлаа. Sensor Tower-ийн судалгаагаар, TikTok-ийн өмнө Youtube, Google One гэсэн апп-ууд л бичигдсэн гэнэ. Харин хамгийн их орлого олсон тоглоом болох Monopoly Go 2.4 тэрбум долларын борлуулалт хийжээ.
334.000.000.000: Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уаррен Баффетийн эзэмшдэг Berkshire Hathaway-ийн улирлын тайлан ил болж, хувьцааны үнэ нь дээд хэмжээндээ хүрлээ. Нийт 189 бизнест хөрөнгө оруулсан тус компанийн зах зээлийн үнэлгээ одоо 1 их наядыг давжээ. Үүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим компанид эзэмшиж буй хувиа зарж, бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлсээр 334 тэрбумд хүргэсэн нь анхаарал татаж байна. У.Баффетийн хувьд хөрөнгийн хэмжээ нь 155 тэрбумд хүрч, дэлхийн 6 дахь баян эрхэмд тооцогдох болжээ.
3 онцлох өгүүлбэр
I. Танилц, Amazon-ийн шинэ AI туслах!
- Amazon-ийн алдартай дижитал туслах Alexa хиймэл оюунаар цэнэглэгдэж, сарын 19.99 долларын төлбөртэй шинэ хувилбартай болжээ. Alexa+ нэртэй уг хувилбар нь Amazon Prime-ийн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй байх гэнэ. Тэд Antrophic-ийн Claude-тай хамтран моделио хөгжүүлжээ.
- Alexa бол дэлхийн хамгийн их хэрэглэгддэг, хамгийн алдартай хувийн туслах. Сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээнд хэдийнээ нэвтэрсэн Alexa AI-тай холбогдсоноор хэрэглэгчийн өдөр тутмын амьдралын хэв маягтай уялдуулан тогтмол суралцаж, төрөл бүрийн захиалга хийж, хуваарьт оруулан, байнгын үйлдлүүдийг автоматжуулж чадна гэв. Мөн их хэмжээний бичиг баримтыг боловсруулан тоймлох, тэмдэглэл бэлтгэх боломжтой болсон байна.
- Ухаалаг гэрийн төхөөрөмжүүдийг удирдаж, хоорондын хэрэглээг зохицуулах боломжтой болсныг туршиж харуулсан нь яг л зөгнөлт кино шиг сэтгэгдэл төрүүлж байв. Тэрчлэн AP, Reuters зэрэг тэргүүлэх агентлагуудын мэдээг боловсруулан асуултад хариулж, мэдээний хураангуйг өгөх чадвартай ажээ.
II. Apple АНУ-д 500 тэрбум долларын хөрөнгө оруулна.
- Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани Техас мужид AI-д зориулсан сервер, дата төв байгуулах томоохон төсөл хэрэгжүүлэх болжээ. 2026 он гэхэд эхний ээлж нь ашиглалтад орох уг төв бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ 20 мянган ажлын байрыг шинээр бий болгоно гэнэ.
- Apple-ийн CEO Т.Күүк дөнгөж өнгөрсөн долоо хоногт Д.Трамптай уулзсан. Энэ нь Д.Трамп Apple-ийн гол нийлүүлэгчид байрладаг бүс нутгуудад тариф тогтоох болсноо зарласантай давхцсан юм. Ялангуяа Apple-ийн хувьд Хятадын зах зээлээс илүү зардал үүсгэх нь үйл ажиллагааны хувьд доголдол үүсгэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
- Сонирхуулахад, Apple зөвхөн өнгөрсөн жил гэхэд Америкт 19 тэрбум долларын татвар төлсөн гэнэ.
III. Дэлхийн хамгийн шилдэг кофе шопын жагсаалт гарчээ
- Австралийн Сиднейд байрладаг “Toby’s Estate Coffee Roasters” хэмээх кофе шоп олон улсын экспертүүд, мэргэжилтнүүдийн саналаар 1-р байрт жагссан байна.
- Тэдний ард АНУ-ын Арканзаст байрлах “Onyx Coffee Lab”, Австрийн Венад байрлах “Gota Coffee Experts” бичигджээ. Топ 10-т Норвеги, Сингапур, Франц, Малайз, Колумбын кофе шопууд багтсан байна.
- 1997 онд байгуулагдсан “Toby’s Estate” энэ амжилтаа тэмдэглэн 2-р сарын 27-ны өдрийн туршид үнэ төлбөргүй кофегоор үйлчилжээ. Нээлттэй гал тогоотой, өдөр бүр шинэ үр хуурдаг уг кофе шоп хэрэглэгчийн сэтгэл ханамж, тогтвортой хөгжлийн бодлогоороо мөн ялгарч чаджээ.
4 мэдүүштэй зүйл
Сарны станц: Intuitive Machines саран дээр 4G станц суурилуулна. Яг нэг жилийн өмнө саран дээр газардсан анхны хувийн компани болж байсан IM 2 дахь нислэгээ эхлүүллээ. Тэд энэ удаад NASA-тай хамтран нэг метр гүн өрөмдлөгө хийж, шингэн болон шингэн бус нэгдлүүдийг шинжлэх туршилт хийнэ. Мөн Nokia-тай хамтран 4G/LTE-ийн сүлжээний анхны суурилуулалтыг хийхээр төлөвлөжээ.
Үнэгүй модель: Alibaba видео бүтээдэг AI-ийг танилцууллаа. Текстийг видео рүү хөрвүүлэх чадвартай уг моделийг тэд нээлттэй эх хэлбэрээр зарлаж байгаа нь хамгийн сонирхолтой. OpenAi болон Google-ээс гаргасан ижил төстэй загварууд төлбөртэй байдлаар гарч, тэр хэрээрээ төдийлэн массын хэрэглээнд нэвтэрч чадаагүй юм. Alibaba-ийн хувьд DeepSeek-ийн амжилттай зэрэгцэн үүсгэмэл хиймэл оюуны зах зээлд давуу байдлаа бататгахыг хүсэж байна. Wan2.1 нэртэй уг загвар гарсны дараагаар тус компанийн хувьцааны үнэ 5%-аар нэмэгджээ.
Нээлттэй компани: Etihad Airways IPO хийнэ. Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сангийн эзэмшдэг уг авиа компани нийт 5 тэрбум доллараар үнэлэгджээ. Энэ хүрээнд 1 тэрбум долларыг босгохоор зэхэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. 2003 онд байгуулагдсан Etihad 2030 он гэхэд 125 чиглэлд нислэг үйлддэг болох зорилготой юм. Сонирхуулахад тус компанийн үндсэн буудал болох Абу Дабигийн олон улсын нисэх буудал 2023 онд багтаамжаа 3 дахин нэмэгдүүлж, жилд 45 сая зорчигч тээвэрлэх хүчин чадалтай болжээ.
Хайбрид загвар: Claude AI покемон тоглож сурчээ. ChatGPT-ийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг Claude-ийн шинээр гаргасан Sonnet 3.7 загвар Twitch платформ дээр шууд бичлэг хийж, Pokemon Red-ийг тоглож сурч байгаагаа нээлттэй хуваалцаж байна. Энэ бол тоглоомын төрөл бүрийн үеүд дээр тулгарах сорилтуудад үндэслэн шийдвэр гаргаж, даалгавар гүйцэтгэх чадвартай болж хөгжиж байгаагийн илрэл юм. Сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногт гарсан уг модель нь анхны хайбрид загвар гэсэн тодотголтой. Энэ нь уг загвар хэрэглэгчийн асуултад хариулахдаа “шууд” болон “бодож” хариулахыг хослуулдаг гэсэн үг гэнэ. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч өөрийн сонголтоор тухайн моделийн бодох үйл явцыг сонгох боломжтой юм.
5 сонин хачин
1. Алдарт тэрбумтан Жефф Бэйзосын үүсгэн байгуулсан Blue Origin дан эмэгтэй нисгэгчдээс бүрдсэн хөлгийг сансарт хөөргөх болсноо зарлалаа. Энэ бол New Shephard-ийн хувьд 11 дэх нислэг. Үүнээс гадна 1963 онд Зөвлөлтийн нисгэгч В.Терешкова ганцаараа хөөрснөөс хойш дан эмэгтэйчүүдээс бүрдсэн анхны сансрын аялал болох болно. Сонирхуулахад, уг нислэгт Ж.Бэйзосын сүйт бүсгүй Л.Санчез болон поп од К.Перри нар багтсан нь олны анхаарлыг татаж байна. Мөн багт CBS-ийн анкор Г.Кинг, кино продюсер К.Флинн, эмэгтэйчүүдийн эрхийн активист А.Нгүен болон сансрын инженер А.Боув нарын бүсгүйчүүд багтжээ.
2. Reels тусдаа апп болж магадгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Instagram богино хэмжээний видеоны зах зээлд TikTok-ийн орон зайг эзлэх зорилготойгоор Reels-ийг тусад нь гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. TikTok-ийн Америк дахь ирээдүй өдийг хүртэл тодорхойгүй хэвээр л байгаа. Meta өнгөрсөн сард TikTok-ийн өөр нэг апп болох CapCut-тай өрсөлдөх Edits хэмээх зураг, бичлэг эвлүүлдэг апп-ыг гаргаад амжсан. Харин 2018 онд гаргасан богино видеоны апп Lasso нь бүтэлгүйтэж, саяхан албан ёсоор төслөө зогсоосон билээ.
3. Nvidia-ийн орлого 78%-аар нэмэгджээ. Өнгөрсөн сард Хятадын DeepSeek хэмээх хямд өртөгтэй, нээлттэй эхэд суурилсан AI модель гарсан нь шуугиан тарьж, тус компанийн хувьцааг 17%-аар унагаад байсан. Тиймдээ ч тэдний улирлын тайлан ямар гарах нь AI-ийн хөөсрөлтийн төлвийг илэрхийлэх гол хүчин зүйлсэд тооцогдож байсан юм. Тэгвэл Nvidia-ийн өнгөрсөн улирлын орлого 39.3 тэрбумд хүрч, зах зээл одоог хүртэл тэдэнд итгэсээр байгааг илтгэлээ. Хамгийн сүүлд гаргасан Blackwell чип нь нийт борлуулалтын 28%-ийг бүрдүүлжээ.
4. Youtube-ээр подкаст сонсогчдын тоо 1 тэрбумд хүрчээ. Энэ бол тэд подкастын зах зээлийн хамгийн том тоглогч болсны илрэл юм. Өнгөрсөн сард Youtube нийт 400 сая гаруй цагийн подкаст контенттой болсноо зарласан. Үүн дээр нэмээд сарын тогтмол подкаст хэрэглэгчид нь 1 тэрбумын босгыг давсан нь Spotify, Apple Podcast-тай харьцуулахад аварга тоо юм.
5. Google, Microsoft-ийн дараа өөр нэг технологийн гигант Amazon квант тооцоолуурын зах зээлд шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тэд 2019 онд анх эхлүүлж байсан хөгжүүлэлтийн хүрээнд Ocelot нэртэй квант чипээ гаргасан байна. Энэхүү төслөө тэд Калифорнийн технологийн сургуультай хамтран хэрэгжүүлдэг билээ.