1 гол сэдэв

Юу болов?

ОХУ Google-ийг 20 дециллион доллараар торгов

Хэд гэнэ ээ?

20 дециллион гэдэг бол дэлхийн нийт эдийн засгаас ч том тоо. Өөрөөр хэлбэл нэг дециллион гэдэг нь арвын 33 зэрэгтэй тэнцүү тоо юм. Монгол хэлэнд энэ тоог “эрхэт” хэмээн нэрлэдэг гэнэ.

Яагаад?

Оросын дээд шүүхээс Google-ийг 4 жилийн өмнө Youtube-д “Царград”, “РИА Фан” сувгуудыг үндэслэлгүйгээр хаасан хэмээн анхлан буруутгасан. Улмаар 100 мянган рубльтэй тэнцүү байсан торгууль нь долоо хоног тутам 2 дахин нэмэгдсээр байгаа гэнэ. Украины дайнтай холбоотойгоор Google Оросын голлох медиагийн эрхийг хязгаарласан нь торгуулийг үлэмж нэмэгдүүлжээ.

Яах вэ?

Google-ийн хувьд энэ мэдээг төдийлөн чухлаар авч үзэхгүй байна. Тэд 2022 онд Орос дахь салбараа хаасан ч зарим онлайн платформ нь нээлттэй байсаар ирсэн. Одоогоор Оросоос Google-д шинэ хэрэглэгч нээх, сурталчилгаа үзэх, орлого олох боломжууд хаалттай байна.

2 чухал тоо

73.000 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сүүлийн өдрүүдэд биткойны ханш тасралтгүй нэмэгдсээр 73 мянгыг давлаа. Энэ бол өнгөрсөн гуравдугаар сард тогтоосон биткойны рекорд ханштай бараг ойролцоо дүн. Сонгуульд нэр дэвшигч Д.Трамп крипто салбарыг дэмжиж, ирээдүйн технологи мөн хэмээн зарлах болсон нь энэ салбарын итгэлийг улам нэмэгдүүлэх болсон юм.

7.000.000.000 - Өсвөр насныхан голцуу ашигладаг Roblox дээр хэрэглэгчид сард 7 тэрбум цагийг зарцуулж байгаа дүн гарчээ. Энэ бол Disney+-аас 2 дахин их, Netflix-ийн талтай тэнцэх үзүүлэлт юм. Roblox-ийг өдөр бүр хэрэглэгчдийн тоо хэдийнээ 90 саяыг давсан бөгөөд нийт орлого нь 29%-аар нэмэгдэж, 919 саяд хүрчээ.

3 онцлох өгүүлбэр

I. SearchGPT нээлттэй боллоо.

- OpenAI-ийн өнгөрсөн зун анхлан танилцуулсан AI-д суурилсан хайлтын системийг нийт хэрэглэгчид ашиглах боломжтой боллоо.

- Тэд энэ үйлчилгээгээ гаргаснаар Google, Microsoft-ийн Bing-тэй шууд өрсөлдөх болж байгаа юм.

- SearchGPT-ийн хувьд хэрэглэгчдэд хайлтын утгаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг харилцан солилцох чадвартайгаас гадна цаг үеийн мэдээ, цаг агаар, спортын оноо зэрэг датаг өгөх чадвартай гэнэ.


II. TikTok-ийн үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян хүн боллоо.

- Өдгөө 41 настай Жан Юиминг анх удаа Хятадын хамгийн чинээлэг эрхэмээр тодорлоо. TikTok-ийн толгой компани ByteDance-ийг үүсгэн байгуулагч түүний хөрөнгө 49.3 тэрбум доллараар хэмжигджээ. Тэрээр 2012 онд үүсгэн байгуулсан компанийхаа 20%-ийг эзэмшдэг юм.

- Түүний ард сүүлийн 3 жил уг жагсаалтыг тэргүүлсэн, цэвэр усны магнат Жон Шаншан болон Tencent, WeChat-ийн эзэн Пони Ма нар бичигджээ.

- Сонирхуулахад, Хятадын долларын тэрбумтнуудын жагсаалт 142 хүнээр буурсан байна. 2021 онд оргил үедээ 1185-д хүрч байсан тэрбумтнуудын тоо өдгөө 753 болжээ.


III. Apple шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа.

- Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple энэ долоо хоногийн турш фенүүдээ уйдаасангүй. Тэд суурин компьютер iMac-ийн илүү хүчирхэг M4 чиптэй шинэ хувилбарыг танилцуулав. Ногоон, шар, цэнхэр зэрэг 7 өнгийн сонголттой, 1,299-өөс эхлээд 2,899 доллар хүртэлх сонголттой уг компьютерийн дэлгэцийн хэмжээ өмнөхтэй ижил 24 инч боловч нано гадаргуутай, тусгал бууруулах шилтэй хувилбарын сонголттой гарчээ.

- Тэгвэл MacBook Pro-ийн хувьд M4, M4 Pro, M4 Max гэсэн гурван чипний төрөлтэйгээр худалдаанд шинэчлэн гаргалаа. 14, 16 инчийн сонголттой уг лаптопын эхлэх үнэ 1,599 доллар байх болно.

- Харин Mac Mini өмнөх хувилбараасаа 2 дахин жижиг хэмжээтэй болсон ч үзүүлэлт нь улам нэмэгдэж, M4, M4 Pro чипээр тоноглогджээ. Уг загвар хоёр USB-C оролт, гурван Thunderbolt, лан, чихэвч, HDMI оролттой.

4 мэдүүштэй зүйл

Хайлтын систем: Meta хиймэл оюунд суурилсан хайлтын систем хөгжүүлж, Google, Microsoft-ийн хамаарлаас гарахыг эрмэлзж байна. Тэд Instagram, Facebook-ийн хэрэглэгчдэд зориулсан чатбот хэлбэрээр ажилладаг хайлтыг санал болгох зорилготой гэнэ. Энэ төслийн хүрээнд тэд сүүлийн 8 сарын турш бие даасан баг гарган ажиллуулж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Сурталчилгааны мангас: Онлайн худалдааны гигант Amazon дижитал зар сурталчилгааны зах зээл дэх байр сууриа улам өргөжүүлсээр байна. Өнгөрсөн улиралд тус компани нийт 14.3 тэрбум долларын орлого сурталчилгаанаас олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 19%-аар өссөн үзүүлэлт байлаа. Emarketer-ийн тооцоогоор энэ зах зээлийн 27.7%-ийг Google, 22.8%-ийг Meta эзэлж тэргүүлдэг. Тэгвэл Amazon-ийн эзлэх хувь 8.8% болон нэмэгджээ.

Нээлттэй компани: Хятадын ухаалаг утасны зах зээлийн гол тоглогчдын нэг Honor бүтцийн өөрчлөлт хийж, IPO-ийн үйл явцаа эхлүүллээ. 2020 онд АНУ-ын хоригтой холбоотойгоор Huawei компаниас салж, бие даасан компани болсон Honor энэ хүрээнд CICC, Шенженийн хөрөнгө оруулалтын сан зэрэг газруудаас шинэ хөрөнгө оруулалт татжээ.

Хачирхалтай хориг: Индонез улс iPhone 16-г хоригложээ. Үүний шалтгаан нь Apple тус улсад өгсөн амлалтаа биелүүлээгүйтэй холбоотой гэнэ. Apple тус улсад 109 сая долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн ч түүнийгээ гүйцээхэд 14 сая доллар дутуу байгаа. Тиймээс энэ үүргээ биелүүлэх хүртэл iPhone 16 болон Apple Watch Series 10-ыг нутаг дэвсгэр дээрээ худалдаалахыг зөвшөөрөхгүй хэмээн зохицуулах байгууллагаас мэдээлжээ.

5 сонин хачин

1. Miramax сүнсний баярын хамгийн классик бүтээлд тооцогддог Scary Movie-г дахин шинээр бүтээх болсноо зарлалаа. Тэд шинэ киногоо тус цувралын оригинал бүтээгчид болох Вайансын гэр бүлтэй хамтран бүтээх болсон нь шүтэн бишрэгчдийн хувьд таатай мэдээ байлаа. 2000 онд анх гарсан Scary Movie-ийн эхний 2 ангийг ах Кийнан Вайанс найруулж, дүү нар нь болох Марлон, Шон нар гол дүрийг нь бүтээж байсан юм.

2. 2005 онд анх үүсгэн байгуулагдсан Reddit түүхэндээ анх удаа ашигтай ажилласнаа зарлалаа. Өнгөрсөн улиралд тэд 29.9 сая долларын цэвэр ашигтай байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 68%-аар өссөн үзүүлэлт. Тэдний орлогын дийлэнх хэсгийг зар сурталчилгаа эзэлж байгаагаас гадна өгөгдөл хуваалцах гэрээг Google, OpenAI-тай хийсэн нь эерэг нөлөө үзүүлжээ. Онлайн хэлэлцүүлгийн гол талбар болсон Reddit-ийг өдөр тутамд хэрэглэгчдийн тоо 97.2 саяд хүрсэн нь мөн дээд амжилт болжээ.

3. Twitter-тэй өрсөлдөх зорилготой гаргасан Threads апп нь хэдийнээ 275 сая хэрэглэгчтэй болсныг М.Цукерберг зарлалаа. Яг нэг жилийн өмнө энэ тоо 100 саятай тэнцүү байсан юм. 2023 оны долоодугаар сард анх гарсан уг апп-д өдөр бүр 1 сая хэрэглэгч бүртгүүлж байгааг тэрээр онцолжээ. Сонирхуулахад, Meta-ийн сошиал платформуудын хэрэглэгчдийн тоо 3.29 тэрбумд хүрчээ.

4. 1974 онд анх гарсан даруйдаа хит болж, үе үеийн хүүхэд залуусын хамгийн хайртай дүр болсон Hello Kitty 50 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Үүнтэй зэрэгцэн тус брэндийг хөгжүүлэгч Sanrio-ийн орлого өнгөрсөн улиралд 124 сая долларт хүрсэн нь түүхэн амжилт байлаа. Уг дүнгийн 40 орчим хувийг Hello Kitty-тэй холбоотой орлого эзэлжээ. Ташрамд дурдахад, Sanrio сүүлийн жилүүдэд Hello Kitty-ээс хамааралтай байдлаа багасгахаар зэхэж, 450 гаруй төрлийн характерийг санал болгож, төрөл бүрийн лицензийн хэлцлүүдийг хийх болсон юм.

5. Польшийн нэрт хөгжмийн зохиолч Фредерик Шопенийн нэр нь үл мэдэгдэх шинэ бүтээлийн гар бичмэлийг олсноо Нью Йоркийн Морганын номын сан зарлалаа. Тус музейн ажилтнууд агуулахын каталогио шинэчлэх үеэрээ 1830-аад онд хамаарах уг ховор баримтыг олсон байна. Улмаар мэргэжлийн судлаачидтай хамтран, Шопенийн нэрийн хуудас болсон өвөрмөц бас түлхүүр бичигдсэн байгааг илрүүлжээ.