1 гол сэдэв
Юу болов?
Google-ийн сурталчилгааны бизнесийг монопол гэж үзэв. 2 жилийн өмнө АНУ-ын хууль зүйн яам, 17 мужийн прокурор нэгдэн тус компанийг онлайн сурталчилгааны зах зээлд монополийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна хэмээн гомдол гаргасан юм. Тэд Google-ийг зах зээлд давамгай байр сууриа хадгалах үүднээс өрсөлдөгчдөө худалдан авдаг хэмээн буруутгаж байсан.
Яасан гэсэн үг үү?
Шүүхийн шийдвэр Google-ийн эсрэг талд гарснаар тус компани онлайн сурталчилгааны бизнесээ салгах, эсвэл зарим бүтээгдэхүүнээ зарах нөхцөл байдал үүсээд байна. Ташрамд дурдахад, онлайн сурталчилгааны бизнес Google-ийн нийт орлогын 12%-ийг бүрдүүлдэг гэнэ. Гэхдээ тэд зөвхөн АНУ-ын зах зээлийн 87%-ийг, дэлхийн зах зээлийг 91%-ийг эзэлдэг аж. Тиймээс дараагийн алхам юу байх нь дижитал маркетингийн зах зээлийн төлөв байдалд шууд нөлөөтэй.
Одоо яах вэ?
Google сүүлийн 8 сард 2 дахь удаагаа шүүхэд томоохон ялагдал хүлээлээ. Үүнээс өмнө тэднийг онлайн хайлтын зах зээлд монополийн шинжтэй байна хэмээн шүүхээс үзсэн юм. Улмаар Chrome веб хөтөч эсвэл Android үйлдлийн системээ салгах эрсдэл үүсээд байгаа. Эцсийн шийдвэрийг танилцуулах шүүх хурал энэ долоо хоногт эхлэх юм.
2 чухал тоо
4 - Жү Вэнжүн шатрын дэлхийн аварга цолоо хамгааллаа. Хятадын шатарчин бүсгүй нутаг нэгт Тан Жүниг 6.5:2.5-ын харьцаатайгаар илт давамгай илүүрхэж, аварга цолоо дөрөв дэх удаагаа хамгааллаа. Тэрээр хамгийн анх 2018 онд дэлхийн аварга болж байв. Өдгөө 34 настай Жү Вэнжүн ингэснээр 500 мянган еврогийн шагналын эзэн болжээ.
30 - В.Путин 30 цагийн турш гал зогсоохыг уриаллаа. Энэ бол Европ даяар тэмдэглэж буй “Улаан өндөгний баяр”-ыг тохиолдуулан гаргасан шийдвэр. Гэсэн ч В.Зеленски үүнийг “дүр эсгэсэн” хэмээн тодотгож, 30 хоногийн гал зогсоох саналд одоо болтол хариу өгөөгүй байгааг нь сануулжээ. Үүнтэй зэрэгцэн талууд олзонд байсан 500 гаруй цэргийг солилцсон байна. Украйны тал 277 хүн хүлээн авснаа баталжээ. Ташрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ойрын хугацаанд талууд зөвшилцөлд хүрэхгүй бол энхийн хэлэлцээрийг орхих бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.
3 онцлох өгүүлбэр
I. Meta-ийн шүүх хурал эхэллээ
- Цахиурын хөндийн өөр нэг топ компани Meta-ийн монополийн эсрэг шүүх хурал өнгөрөгч долоо хоногт эхэллээ. Хууль сахиулагчид тэдний Instagram, Whatsapp-ийг худалдан авсан наймааг өрсөлдөөнийг боомилсон шинжтэй хэмээн үзэж, нарийвчлан шинжилж байгаа юм.
- Улмаар тус компанийг үүсгэн байгуулагч М.Цукербергийг сонсголд дуудаж, бараг 10 цагийн турш байцаав. Тэрээр сонсголын гол шалтгаан болсон Instagram-ийг худалдан авсан шалтгаан нь камер байсан гэдгийг онцолсон. Үргэлжлүүлэн, "шинэ апп хийнэ гэдэг маш хэцүү” учраас өөрсдөөс нь камер ашиглалтаар илүү байсан Instagram-ийг худалдаж авахаар шийдсэнээ нуусангүй.
- Үүнээс гадна Facebook-ийн хамгийн том өрсөлдөгч нь TikTok хэмээн тэрээр хэлэв. Эхэндээ тэд TikTok-ийг тийм ч чухлаар авч үзэхгүй байсан ч сүүлийн жилүүдэд өсөлт удаашрахад хамгийн их нөлөөлсөн апп гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн Snapchat-ийг 6 тэрбум доллараар худалдан авах санал нь бүтэлгүйтсэн гэдгийг тэр ил болгов. Гэхдээ Snapchat Meta-ийн экосистемд нэгдсэн бол илүү хурдтай өсөх байсан гэдгийг тодотгожээ.
II. Blue Origin-ийн түүхэн нислэг явагдлаа
- Amazon-ийг үүсгэн байгуулагч Ж.Бэйзосын эзэмшдэг “Blue Origin” зургаан эмэгтэй гишүүдээс бүрдсэн нислэгийг амжилттай зохион байгууллаа. Энэ бол 1963 онд В.Терешкова сансарт ниссэнээс хойш анх удаа дан эмэгтэйчүүд сансарт ниссэн тохиолдол болж байна.
- Уг нислэгт Ж.Бэйзосын сүйт бүсгүй Л.Санчес болон алдарт дуучин К.Перри, CBS-ийн хөтлөгч Г.Кинг нар багтсан. Мөн хүний эрхийн активист А.Нгуен, NASA-ийн инженер А.Боу, кино продюсер К.Флинн нар сансарт нисчээ.
- Нислэг дэлхийн гадаргуугаас 100 гаруй км-ын өндөрт 11 минут орчим үргэлжилсэн юм. Blue Origin одоогоор 33 нислэгээр 52 хүнийг сансрын аялалд амжилттай тээвэрлэжээ.
III. Тархинд чип суулгах өөр нэг стартап зөвшөөрөл авчээ.
- Precision Neuroscience хэмээх стартап АНУ-ын зохицуулах байгууллагаас тархинд чип суулгах технологио хүн дээр турших зөвшөөрлөө авлаа. Тэд бол И.Маскийн үүсгэн байгуулсан Neuralink-ийн хамгийн гол өрсөлдөгчдийн нэг юм.
- Precision эхний ээлжинд хүний тархинд үсний ширхэгээс нарийн бичил чип суулгаж, өндөр чанартай дата цуглуулах зорилготой байгаа гэнэ.
- Сонирхуулахад, И.Масктай цуг Neuralink-ийг эхлүүлсэн Б.Рапопорт уг компанийг 2018 онд үүсгэн байгуулжээ. Энэ зах зээлийн өөр нэг тоглогч Synchron саяхан Ж.Бэйзос, Б.Гэйтс нарын алдартнуудаас хөрөнгө оруулалт татсанаа зарласан билээ.
4 мэдүүштэй зүйл
Код бичигч: ChatGPT-г бүтээгчид Windsurf хэмээх стартапыг 3 тэрбум доллараар худалдан авах хэлэлцээр хийж байгаа гэнэ. Уг стартап нь програмист, инженерүүдэд зориулсан AI туслах хөгжүүлдэг юм. Үүнтэй зэрэгцэн OpenAI хөгжүүлэгчдэд код бичихэд туслах Codex CLI хэмээх нээлттэй эхэд суурилсан хэрэгслээ гаргажээ. Сонирхуулахад, Microsoft-ийн тайланд дурдсанаар дэлхий даяарх нийт хөгжүүлэгчдийн 92% нь AI-ийг ямар нэг байдлаар ажилдаа ашиглаж байгаа гэнэ.
Америкт үйлдвэрлэв: Nvidia Америкт чип үйлдвэрлэнэ. Ирэх дөрвөн жилд тус компани Америкийн зах зээлд 500 тэрбум долларын үнэлгээтэй AI чип болон бусад төхөөрөмж үйлдвэрлэх төлөвлөгөөгөө зарлалаа. Тэд Техас, Аризонад үйлдвэр байгуулж, дизайнаас эхлэн эцсийн нийлүүлэлт хүртэлх бүх үе шатыг дотоодын зах зээлд гүйцэтгэнэ хэмээн тодотгожээ. Цагаан ордноос энэ мэдээг ихэд сайшаан хүлээн авч, “Трампын нөлөө” биеллээ оллоо хэмээн онцлов.
Баримт шалгагч: TikTok баримт шалгадаг болжээ Тэд X-ийн Community Notes-тэй төстэй шинэ нэмэлтийг нэвтрүүлж байна. Footnotes нэртэй уг нэмэлт нь хэрэглэгчдэд алдаатай тоо, худал мэдээлэл, баримтын зөрүүтэй байдлыг шалгаж, баталгаажуулан тодруулга үлдээх боломж олгоно гэнэ. 18 нас хүрсэн хүн бүр Footnotes-д нэгдэх боломжтой. Энэ нь тус апп-ыг худал мэдээлэл тараахад гол үүрэг гүйцэтгэдэг хэмээх нийгмийн байр суурийг зөөлрүүлэх оролдлого болж байна.
Ул мөр: Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд 124 гэрлийн жил алсад орших “K2-18b” нэртэй гарагийн агаар мандлаас амьд организм оршин байгааг илтгэх шинж тэмдгийг илрүүлсэн байна. “Жэймс Вебб” телескопын цуглуулсан өгөгдлөөс тэд дэлхий дээр далайн бичил биетнээс ялгардаг хэд хэдэн ховор хийн ул мөрийг олжээ. Уг нээлттэй холбоотой нарийвчилсан шинжилгээг хийн эх үүсвэр юу болохыг, тэр нь биологийн урвалтай холбоотой эсэхийг баталгаажуулах зорилгоор хийнэ гэдгээ эрдэмтэд тодотгожээ.
5 сонин хачин
1. "Creed", "Black Panther"-ийн найруулагч Р.Күүглерийн шинэ уран бүтээл "Sinners" бокс оффисоос 66 сая долларын орлого цуглууллаа. Энэ нь 2025 оны хамгийн амжилттай "оригинал" бүтээл болж байна гэсэн үг. Гэхдээ "Minecraft" гурав дахь долоо хоногтоо бокс оффисыг орлогоороо тэргүүлснийг онцлох хэрэгтэй. Тэдний дэлхий даяар олсон орлого хэдийнээ 720 сая доллар болоод байна.
2. Дижитал дизайны платформ хөгжүүлэгч Figma зах зээлийн тодорхойгүй нөхцөл байдлыг үл харгалзан, нээлттэй компани болох хүсэлтээ гаргасан байна. 2023 онд гол өрсөлдөгч Adobe тэднийг 20 тэрбумаар худалдан авах зөвшилцөлд хүрсэн ч зохицуулах байгууллагаас уг хэлцэлд хориг тавьсан удаатай. 2012 онд байгуулагдсан Figma өнгөрсөн жил 600 сая долларын борлуулалттай ажиллажээ.
3. Hermes LVMH-ээс өндөр үнэлгээтэй болжээ. Тансаг барааны зах зээлийг сүүлийн 15 жил эзэгнэсэн LVMH-ийн санхүүгийн тайлан таамагласнаас доогуур гарснаар хувьцааны үнэ нь 8%-аар буурсан байна. Ингэснээр тэдний зах зээлийн үнэлгээ 277.4 тэрбум доллар болсон байна. Харин Birkin, Kelly брэндийн цүнхээрээ алдартай Hermes-ийн хувьд хөрөнгийн зах зээлийн шуургыг тэсэж, улмаар үнэлгээ нь 280 тэрбумаар үнэлэгдэж байна. Сонирхуулахад, 2010 онд LVMH-ийн үүсгэн байгуулагч Б.Арно Hermes-ийг худалдаж авах хэд хэдэн саналыг тавьсан ч бүтэлгүйтэж байсан юм.
4. Бээжин хотноо явагдсан хагас марафонд нийт 21 робот уралдсан гэнэ. Тус тэмцээнд түрүүлсэн Tiangong Ultra нэртэй робот 21 км зайг 2 цаг 40 минутын хугацаанд туулжээ. Энэ нь хүнтэй харьцуулахад бараг 2 дахин удаан хугацаа хэдий ч хүн дүрстэй, уян хатан хөдөлгөөнтэй роботын хөгжил хаана байгааг харах маш том боломж боллоо хэмээн экспертүүд үзэж байна.
5. Lyft Европын зах зээлд нэвтэрлээ. Такси дуудлагын үйлчилгээгээр Uber-ийн гол өрсөлдөгчид тооцогддог Lyft Freenow нэртэй стартапыг 200 сая доллараар худалдан авчээ. Их Британи, Герман, Франц зэрэг топ зах зээлд төвлөрдөг уг аппыг 2019 оноос хойш BMW, Mercedes Benz хамтран эзэмшиж байсан юм.
10 унших мэдээ
1. Их мастер Б.Мөнгөнтуул The Mongolz-д нэгдлээ
2. Перугийн экс ерөнхийлөгч 15 жилийн хорих ял авчээ
3. Хятад улс газрын ховор элементийн экспортоо зогсоолоо
4. Time 100 жагсаалтад Д.Трамп, Ж.Роган, Л.Маршан тэргүүтэй одод багтжээ.
5. Хүний шүдийг анх удаа лабораторийн орчинд ургуулжээ
6. Харвардын их сургууль АНУ-ын засгийн газрын санхүүжилтээс татгалзлаа
7. Иран, АНУ цөмийн хэлэлцээрийг эхлүүллээ
8. Канадын парламентийн сонгууль эхэллээ
9. NBA, NHL-ийн плэйофф эхэллээ
10. Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд Д.Нобоа дахин ялалт байгууллаа