1 гол сэдэв
Юу болов?
НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас хиймэл оюунтай холбоотой патентын тайланг танилцуулсан байна. 2014-2023 оны хооронд Хятад улс AI-тай холбоотой хамгийн их буюу 38 мянган патентыг авснаараа бүх улсыг тэргүүлжээ. Энэ нь зах зээлийн гол өрсөлдөгч АНУ-тай харьцуулахад бараг 6 дахин илүү үзүүлэлт юм.
Өөр ямар улсууд тэргүүлэв?
Жагсаалтын 2-р байрт АНУ 6,276 патент авснаараа бичигдсэн байна. Дараагийн байруудад БНСУ (4,155), Япон (3,409), Энэтхэг (1,350) тус тус бичигджээ. Харин компаниар авч үзвэл эхний дөрвөн байрыг Хятадад төвтэй Tencent (2,074), Ping An (1,564), Baidu (1,234), Хятадын Шинжлэх Ухааны Академи (607) эзэлсэн бол дараагийн байруудыг IBM, Alibaba, Samsung, Alphabet, Microsoft компаниуд бүрдүүлжээ.
Ямар чиглэл голчлов?
Чиглэлээр нь авч үзвэл өнгөрсөн жилд л гэхэд текстээс зураг, видео хөрвүүлэх технологитой холбоотой патент 800%-аар нэмэгдсэн байна. Мөн молекул, ген, протейнд суурилсан датаг ашиглах патентын тоо сүүлийн 5 жилд дунджаар 75%-аар нэмэгдснийг тайланд онцолжээ.
2 чухал тоо
175.000.000 - Meta-ийн хөгжүүлж буй Threads 1 жилийн босгон дээрээ 175 сая хэрэглэгчтэй болсноо зарлалаа. Харьцуулахад, тэдний гол өрсөлдөгч X/Twitter-ийн сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 600 саятай тэнцүү байгаа юм.
412 - Их Британийн парламентийн сонгуульд сөрөг хүчин Хөдөлмөрийн нам түүхэн ялалт байгууллаа. Тэд 650 тойргийн 412-т нь ялалт байгуулсан нь 1997 оны Т.Блэйрээс хойшхи хамгийн өндөр амжилт нь болов. Тус улсын шинэ ерөнхий сайдаар К.Стармер томилогдож, кабинетийн гишүүдээ зарлажээ. Сүүлийн 14 жилийн турш эрх барьсан Консерватив нам ердөө 121 суудалтай хоцорсноор ерөнхий сайд Р.Сунак үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
3 онцлох өгүүлбэр
I. Esports World Cup эхэллээ.
- Электрон спортын дэлхийн аваргын тэмцээн Саудын Арабын Рияад хотноо нээлтээ хийлээ. 8-р сарын 25 хүртэл нийт 21 өөр видео тоглоомоор аваргаа шалгаруулах юм. Цаашдаа жил бүр уламжлал болон зохиогдох тус тэмцээнийг Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан буюу PIF ивээн тэтгэж байгаа билээ.
- Уг тэмцээний шагналын сан 62.5 сая доллар байгаа нь түүхэн дэх хамгийн өндөр шагналтай тэмцээнд тооцогдоход хангалттай үзүүлэлт байв. Мөн тоглоом бүрийн аваргаас гадна нийлбэр дүнгээр хамгийн их оноо цуглуулсан клубын шагнал, хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналууд бий.
- Esports World Cup-ийн эхний долоо хоног Call of Duty, Mobile Legends, League of Legends, Dota 2-оор эхэлж байгаа. Mobile Legends-ийн төрөлд манай улсаас IHC Esports баг шалгарч оролцсон ч 21-р байраар тэмцээнээ дуусгасан байна.
II. Грек улс ажлын 6 өдөртэй болно.
- 7-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон шинэ журмаар долоо хоногийн ажлын цаг 40-өөс 48 болж нэмэгдсэн байна. Ерөнхий сайд К.Мицотакисийн өнгөрсөн жил шинэчилсэн хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажил олгогчид нэг өдрийг нэмэх, эсвэл ажлын өдрүүдээр 1-2 цагийг сунгах сонголт хийх нь чөлөөтэй байх гэнэ. Эхний ээлжинд 48 цагийн дүрэм нь ээлжээр ажилладаг бизнесүүдэд хамааралтай байх юм.
- Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн холбоод энэ шийдвэрийг "зэрлэг, балмад" хэмээн эсэргүүцэж буй. Дэлхий даяар ажлын өдрийг богиносгох тренд хүчээ авч байхад эсрэгцүүлэн гаргасан уг шийдвэрээ засгийн газрын зүгээс "бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх" зайлшгүй арга хэмжээ хэмээн үзэж байгаа юм.
- OECD-ийн судалгаагаар Грекийн ажилчид бусад Европын Холбооны улсуудтай харьцуулахад илүү олон цагаар ажилладаг гэнэ. 2022 оны байдлаар Грекийн дундаж ажилтан 1886 цаг ажилласан бол энэ тоо АНУ-д 1811, Европын Холбоонд 1571 байдаг аж.
III. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаар дахин томилогдлоо.
- 2024 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн 126 гишүүнтэй парламент анхны хурлаа явуулж, тангаргаа өргөж, зарим томилгоонуудыг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 99%-ийн саналаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаар улираан томилов. Тэрээр 2021 онд анх энэ албанд сонгогдож байсан билээ. Л.Оюун-Эрдэнэ засгийн газрын бүтэц, сайд нарын нэрсийг наадмаас өмнө зарлах төлөвтэй байна.
- УИХ-ын даргаар сүүлийн 4 сонгуулийн турш намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллан ялалт байгуулсан Д.Амарбаясгаланг сонголоо. Түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатар эрх баригч намын генсекээр томилогджээ. Харин түүний орыг УИХ-ын экс дарга Г.Занданшатар залгах болсон байна. Тэрээр өнгөрсөн сонгуульд Хангайн бүсэд ялагдал хүлээсэн билээ.
- Мөн УИХ-ын дэд даргаар МАН-ын бүлгээс Х.Булгантуяаг, АН-ын бүлгээс Д.Пүрэвдоржийг тус тус нэр дэвшүүлж батламжилжээ. Шинэ хуулийн дагуу 12 гишүүнтэй нам бүлэг байгуулах эрхтэй болсон. АН-ын бүлгийн хувьд өмнөх дарга О.Цогтгэрэлийг, МАН-ын хувьд өмнөх парламентад УИХ-ын дэд даргаар ажилласан Л.Мөнхбаатарыг тус тус бүлгийн даргаар сонгожээ.
4 мэдүүштэй зүйл
Туршилтын хугацаа: NASA Ангараг гараг луу сансрын нисгэгч илгээх зорилгын хүрээнд хүний тэсвэр тэвчээр, сэтгэл зүй болон биеийн байдлыг шалгах зорилготой симуляц төслийг амжилттай зохион байгуулсан байна. Хьюстоны судалгааны төвд явуулсан туршилтад нийт 4 нисгэгч хамрагдаж, 45 хоногийн турш сансрын аялалтай ижил нөхцөлд амьдран 18 төрлийн судалгаанд хамрагджээ.
Флоппиг устгагч: Японы засгийн газар флоппи дискийг хэрэглээнээс бүрэн хассанаа албан ёсоор зарлалаа. 90-ээд оны үед идэвхтэй хэрэглэгдэж байсан ч нийтийн хэрэглээнээс хасагдаад бараг 20 жил болсон уг технологитой холбоотой 1034 журмыг бүгдийг нь хүчингүй болгосны эцэст тэд энэ үр дүнд хүрсэн байна. Японы засгийн газар факс зэрэг үүнтэй төстэй аналог технологийг хэрэглээнээс хасаж, дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилготой байгаа билээ.
Төгс цаг: Америкийн эрдэмтэд 30 тэрбум жилд 1 секундыг алдах магадлалтай хамгийн нарийвчлалтай атомын цагийг бүтээснээ зарлалаа. Уг цаг нь GPS зэрэг одоогийн технологийг улам сайжруулж, цаашлаад цаг хугацааны туршид таталцлын нөлөөг судлахад эерэг нөлөө үзүүлэх боломжтой хэмээн эрдэмтэд үзэж байна.
Эртний зураг: Археологичид Индонезийн зүүн хэсэгт орших Сулавеси аралд орших нэгэн агуйгаас дэлхийн хамгийн эртний сүг зургийг олсноо баталлаа. Гахай, гурван хүнийг дүрсэлсэн өгүүлэмжтэй уг зургийг эрдэмтэд 2017 онд илрүүлсэн бөгөөд олон давхар шинжилгээний эцэст 51,200 жилийн өмнө зурагдсан гэдгийг нь тогтоожээ.
5 сонин хачин
1. "Despicable Me 4" нээлтийн долоо хоногтоо дотоодын зах зээлээс 120 сая долларын орлого олж бокс оффисыг тэргүүллээ. Сонирхуулахад, минионы ертөнцөд өрнөж буй 6 дахь киноны төсөв 100 сая доллар байжээ.
2. Samsung-ийн өнгөрсөн улирлын ашиг 7.54 тэрбум долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1400%-аар нэмэгдсэн үзүүлэлт байв. Үүнтэй холбоотой хувьцааны ханш өсөж, сүүлийн 3 жилийн оргилд хүрсэн байна. Үүнд AI-ийн огцом хэрэглээ, цар тахлын дараах электрон бүтээгдэхүүний зах зээлийн хэрэглээ тогтворжиж байгаа нь нөлөөлсөн гэдгийг шинжээчид онцолжээ. Сонирхуулахад Samsung-ийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах Unpacked арга хэмжээ 7-р сарын 10-нд товлогдсон билээ.
3. Дэлхийн хамгийн алдартай дрон үйлдвэрлэгчдийн нэг DJI электрон дугуйны зах зээлд нэвтэрлээ. Тэд DJI Amflow нэртэйгээр анхны уулын дугуйгаа энэ оны сүүлээр худалдаанд гаргах бөгөөд 7000 еврогийн үнэтэйгээр борлуулна гэнэ. Бусад ижил төстэй загвараас харьцангуй хөнгөн буюу 19.2 кг жинтэй, нэг цэнэглэлтээр 117 км зайг туулах чадалтай байх ажээ.
4. Японы SoftBank-ийн хувьцааны үнэ 11.900 иенд хүрсэн нь 2000 оны 2-р сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт нь боллоо. Тэдний эзэмшдэг чип үйлдвэрлэгч Arm болон технологийн стартапуудад хөрөнгө оруулдаг Vision Fund-ийн улирлын тайлан эерэг гарсан нь энэ амжилтыг хөтлөв. Ташрамд дурдахад, үүсгэн байгуулагч М.Сон AI технологид хөрөнгө оруулахаар 10 тэрбум долларын сан босгохоо зарлаад байгаа билээ.
5. Нууцлал өндөртэй, илүү аюулгүй имэйл үйлчилгээг санал болгодог Proton байгууллагын хэрэглээнд илүү гүн нэвтрэхийг хүсэж байна. Тэд Google Docs-той төстэй, гэхдээ илүү нууцлалтай гэгдэх Proton Docs үйлчилгээг нэвтрүүлсэн нь үүний баталгаа. Proton-ийн хувьд одоо байгаа имэйл, календар болон нууц үгийн үйлчилгээг Docs-тэй интеграц хийх зорилготой байгаа юм.
10 унших мэдээ
Хүлээх: Трамп 2.0 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? /Finimize/
Унших: "Романтази" хэрхэн номын ертөнцийг шуугиулав? /Morning Brew/
Босгох: Допингтой олимп 300 сая доллар хайж байна /Bloomberg/
Унших: 20 настнуудын шинэ хит: Kindle /WSJ/
Гайхах: AI-тай нэгдэх мөрөөдөлтэй эрхэм /NYTimes/
Мэдэх: Ираны ерөнхийлөгчийн сонгууль дууслаа /AP/
Анзаарах: Беларус ШХАБ-д элслээ /News.cn/
Сонирхох: Хотдог идэх уралдаан дуулиантай өндөрлөлөө /CNBC/
Үзэх: Байдены тусгай ярилцлага /ABC/
Эргэцүүлэх: Хэрвээ бүх зүйл "ухаантай" бол яах вэ? /Vox/
Сэтгэгдэл бичих