1 гол сэдэв

Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Эмми" шагналд нэр дэвшигчид тодорлоо.

Юу болов?

Цар тахлын үеэр гэртээ гацсан үзэгчдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх гол сонголт болсон тв цуврал, шоу нэвтрүүлгүүдийн оргилын төлөө өрсөлдөөн ширүүн өрнөх нь. HBO, HBO Max нийлээд 130 төрөлд өрсөлдөх болсноор хамгийн өндөр амжилттай суваг болов. Харин Netflix ердөө ганцаар дутуу буюу 129 төрөлд нэр дэвшинэ. Энэ жил анх удаа өрсөлдөх Disney+ 71 төрөлд өрсөлдөх болсон ч Disney студиуд дундаас хамгийн олон буюу 140 төрөлд нэр дэвших болжээ.

Гол өрсөлдөгчид юу вэ?

Netflix-ийн "The Crown", Disney+-ийн "The Mandalorian" хамгийн олон буюу 24 төрөлд өрсөлдөх болсон нь хамгийн өндөр амжилт болов. Disney+-аар цацагдсан Marvel-ийн шоу "WandaVision" 23 төрөлд хүч үзнэ. Нийт 26 төрөлд шилдгийг тодруулах 73 дахь удаагийн Эмми гардуулах ёслолын ажиллагаа есдүгээр сарын 19-нд цомхон үзэгчдийн дунд явагдана.

Өөр онцлох зүйл юу вэ?

Өмнөх жилүүдэд гол шагналыг "хамдаг" байсан "Succession", "The Marvelous Mrs. Maisel"-ийн шинэ бүлэг тахлын улмаас хойшилж, энэ жил өрсөлдөж чадсангүй. Энэ жилийн хувьд нийт 44 жүжигчин анх удаа Эммид өрсөлдөх болсон нь урд хожид байгаагүй өрсөлдөөнийг үүсгэх болно. Мөн шилдэг драма цувралын төрөлд "Bridgerton", "Lovecraft Country", "The Boys" гэсэн бүтээлүүд анх удаа өрсөлдөх бол шилдэг инээдмийн цувралын төрөлд өрсөлдөгчдийн 75 хувь нь анх удаа нэр дэвших бүтээлүүд байгаа нь анхаарал татав.

2 чухал тоо

30,000,000,000 - Intel дэлхийн топ чип үйлдвэрлэгчдийн нэг GlobalFoundry-г 30 тэрбум доллараар худалдан авахаар зэхэж байна. 2012 онд AMD-ээс салж бие даасан тус компанийг өдгөө Абу Дабигийн хөрөнгө оруулалтын фирм эзэмшдэг. Intel саяхан чипний шинэ үйлдвэр бүтээхэд зориулж 20 тэрбум доллар зарцуулахаа зарлаад байгаа билээ.

45: Мэргэжлийн сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал долоодугаар сарын башёд нэг ч унаагүй түрүүлж, карьерын 45 дахь түрүүгээ хүртлээ. Бэртлийн улмаас дараалсан сүүлийн тэмцээнүүдийг өнжөөд байсан тэрээр 16 дахь удаагаа нэг ч уналгүй түрүүлж байгаа нь энэ. Сүүлийн өдөр тэрээр нутаг нэгт озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давсан юм. Г.Ган-Эрдэнэ 14 даваатай тэмцээнийг өндөрлүүлснээр их аварга цол хүртэх болзлоо хангаад байгаа билээ.

3 онцлох өгүүлбэр

I. "Алтан дал модны мөчир"-ийн эзнээр "Titane" тодорлоо.

- 74 дэх удаагийн Каннын кино наадмын шилдэг бүтээлийг Франц, Бельгийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Titane" хүртлээ. Тус киноны найруулагч Юлия Дюкурнау наадмын хамгийн нэр хүндтэй уг шагналыг хүртсэн хоёр дахь эмэгтэй, дангаар хүртсэн анхны эмэгтэй болов. Өмнө нь ийм амжилтыг 1993 онд Ж.Чампион "The Piano" киногоороо үзүүлж байжээ.

- Цар тахлын улмаас өнгөрсөн онд явагдалгүй өнжсөн тус наадмын гран при шагналыг Ираны найруулагч А.Фархадигийн "Ahed's Knee", Финляндын найруулагч Ю.Куосманений "Compartment No 6"-д тус тус олгосон байна. Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр Тайландын найруулагч А.Вийрасетакулын "Memoria" тодорчээ.

- Бусад шагналуудыг ч олон улсын уран бүтээлчид хуваан хүртэв. Тухайлбал, шилдэг найруулагчаар энэ жилийн хамгийн өндөр хүлээлттэй нээлтээ хийсэн бүтээл "Annette"-ийн Л.Касакс, шилдэг эрэгтэй жүжигчнээр "Nitram"-д бүтээсэн дүрээрээ Америкийн К.Жонс, шилдэг эмэгтэй жүжигчнээр "The Worst Person in The World"-д бүтээсэн дүрээрээ Норвегийн Р.Реинсве нар нэрлэгдэв. Харин шилдэг зохиолын шагналыг "Drive My Car" бүтээлээрээ Японы уран бүтээлч Р.Хамагучи хүртжээ.


II. Xiaomi Apple-ийг борлуулалтаараа анх удаа гүйцлээ.

- Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Xiaomi 2021 оны II улирлын борлуулалтаараа Apple-ийг түүхэндээ анх удаа гүйцлээ. Ингэснээр тэд борлуулалтын хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаар байрт бичигдэх болж байгаа юм.

- Өнгөрсөн улиралд Xiaomi нийт борлуулалтын 17 хувийг эзэлсэн нь Apple-ийн 14%-ийг давсан хэрэг байв. Жагсаалтыг "уламжлал ёсоор" Samsung 19%-ийн амжилтаар тэргүүлсэн бол BBK-ийн Oppo, Vivo тус бүр 10%-ийн эзэлснээрээ эхний тавыг бүрдүүлжээ.

- Жагсаалтыг эрхлэгч Canalys-ийн онцолсноор өнгөрсөн улиралд дэлхийн зах зээл дэх гар утасны борлуулалт 12%-аар нэмэгдсэн гэнэ. Xiaomi-ийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийлүүлэлт нь 83%-аар өссөн байжээ. Харин 2019 онд Apple-ийг гүйцэж байсан Huawei төрөл бүрийн хязгаарлалтуудын улмаас топ жагсаалтаас хасагджээ.


III. Дубайд "хамгийн гүн" усан сан нээлтээ хийлээ.

- Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 61 метрийн гүн, 14 сая литр ус агуулсан усан сан нээлтээ хийлээ. Энэ үзүүлэлтээрээ "Живсэн хот" хэмээн нэрлэгдсэн уг байгууламж "дэлхийн хамгийн гүн усан сан" хэмээн Гиннесийн номонд бүртгэгджээ.

- Одоогоор зөвхөн урилгаар ажиллаж буй уг байгууламжид нэвтрэх үнэ 200 доллараас эхэлнэ. Үйлчлүүлэгчид тусгай аялалд бүртгүүлж, усан дор зохиомжлон барьж байгуулсан живсэн хот, тосгод, байгууламжуудтай хөтчийн тусламжтайгаар танилцах боломжтой гэнэ. 10-аас дээш насныханд нээлттэй сан анхлан суралцагчдад зориулсан гүехэн хэсгийг ч гаргаж өгчээ.

- Дубай хот аялал жуулчлалын дэлхийн төв болох зорилгын хүрээнд "хамгийн" гэх тодотголтой амжилтыг өөрийн болгосоор байна. Үүнээс цөөн хэдийг нь онцлон дурдвал дараах байдалтай харагдана.

Хамгийн өндөр байшин - Burj Khalifa

Хамгийн өндөр зочид буудал - 75 давхар Gevora Hotel

Хамгийн өндөрт орших бассейн - Address Beach Resort

Анхны 3D-ээр хэвлэсэн байшин - Dubai Future Foundation

Хамгийн том шоппинг төв - The Dubai Mall

Хамгийн том усан оргилуур - The Pointe at Palm Jumeirah

4 мэдүүштэй зүйл

Сугарын сонин: Өнгөрсөн оны одон орон судлалын гол нээлтийн нэг нь Сугар гарагаас амьдралын ул мөр байгааг илтгэх боломжтой "фосфиний хий" олдсон явдал байсан. Гэсэн ч Корнеллийн их сургуулийн судлаачид энэ нь тус гараг дээр идэвхтэй галт уул оршин байгаагийн илрэл хэмээх таамаглалаа дэвшүүлсэн нь ихээхэн маргаан дэгдээв. Сонирхуулахад, NASA, Европын сансрын агентлаг аль аль нь Сугар гараг руу судалгааны хөлөг явуулна гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Супер компьютер: Хятадын эрдэмтэд дэлхийн хамгийн хурдан квант компьютерийг бүтээснээ зарлалаа. Хефейд байрлах Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн судлаачдын мэдэгдсэнээр уг компьютер нь хамгийн хүчтэй супер компьютерийн 8 жилд гүйцэтгэх даалгаврыг ердөө 72 минутанд гүйцэтгэсэн гэнэ. Үүнийгээ тэд өмнөх дээд амжилтыг эзэмшигч Google-ийн төхөөрөмжийн гүйцэтгэлээс 100 дахин төвөгтэй байсан хэмээн онцолжээ.

Бүтэлгүй туршилт: Twitter 8 сарын өмнө нэвтрүүлсэн "Fleets" нэмэлтээ платформоосоо бүрмөсөн хасаж байгаагаа зарлалаа. Instagram-ийн сторитой төстэй уг нэмэлт нь анх төсөөлсөн шиг эрэлттэй байгаагүй нь энэ шийдвэрийн гол шалтгаан байжээ.

Нээлттэй компани: Цахим ном, аудио контентын платформ Scribd 1 тэрбум долларын үнэлгээтэй нээлттэй компани болох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 2007 онд байгуулагдсан тус платформ өдгөө 1 сая хэрэглэгчтэй бөгөөд Audible, Spotify-тэй өрсөлддөг юм.

5 сонин хачин

1. Алдарт Леброн Жэймсийн гол дүрийг нь бүтээсэн "Space Jam: A New Legacy" нээлтийн долоо хоногтоо 32 сая долларын орлогоор бокс оффисыг тэргүүллээ. М.Жорданы 1996 оны хит киноноос сэдэвлэсэн уг бүтээл маркетингийн кампанит ажилдаа 91 мянган ширхэг NFT, Fortnite, NBA Finals зэргийг ашиглаж байгаа нь анхаарал татлаа. Өмнөх долоо хоногийн лидер "Black Widow" 2-р байрт бичигдэж, нийт орлого нь 130 саяын босгыг давжээ.

2. Дэлхийн хамгийн алдартай видео тоглоом бүтээгчдийн нэг Valve өөрийн нэрийн төхөөрөмж бүтээж байгаагаа зарлалаа. Steam Deck нэртэй уг консол нь 399 долларын үнэтэй байх бөгөөд Windows үйлдлийн системтэй нийцэж, Xbox-той хоршин ажиллах боломжтойгоороо онцлог. Уг төхөөрөмж арванхоёрдугаар сард худалдаанд гарна.

3. Google өөрсдийн платформ, үйлчилгээнүүдэд ашиглагддаг эможи стикерүүддээ дизайны шинэчлэл хийж байгаагаа зарлалаа. "Илүү олон талтай, илүү ойлгомжтой, илүү онцгой" болгосон хэмээн онцолсон шинэчлэлд нийт 992 эможи бүрэн хамрагдсан гэнэ. Өөрчлөлт ирэх намар нээлттэй болох Андройд 12-той зэрэгцэн нэвтрэх бөгөөд Gmail, Google Chat, Chrome OS, Youtube Live Chat-д ч ашиглагдах гэнэ.

4. Instagram хэрэглэгчдэд таалагдсан пост, зургаа өөрийн сторидоо хуваалцах боломж олгох стикерийн туршилтыг хийж байна. Энэ нь "Reshare" нэртэй стикерийн тусламжтайгаар хэрэглэгчид сүүлийн нэг цагт үзсэн контентоосоо сонголт хийн, бусадтай хуваалцах боломж олгоно гэсэн үг аж.

5. Clubhouse хэрэглэгчид хоорондоо харилцах боломж олгох мессеж нэмэлтийг нэвтрүүллээ. "Backchannel" нэртэй уг нэмэлт зураг, видео форматыг дэмжихгүй ч линк илгээж, групп чат үүсгэх боломжтой. 10 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй уг апп-д өдөр бүр 500 мянган өрөө нээгдэж байгаа гэнэ.

10 уншууртай мэдээ

Сонирхох: Pepper робот хэрхэн бүтэлгүйтсэн бэ? /WSJ/

Алмайрах: Боргийн ДНХ-г илрүүлсэн нь /Nature/

Анхаарах: Байден: Facebook хүмүүсийг алж байна /Futurism/

Турших: Google-иийн хайлтыг сонжих нь /Wired/

Бахархах: Амьтдыг аврах шинжлэх ухаан /CNN/

Сорих: Facebook контент бүтээгчдэд 1 тэрбум доллар тараана /FB/

Гашуудах: Европ живж байна /NYTimes/

Унших: Ажлын 5 өдрийн төгсгөл /Vox/

Үзэх: Бид ба тэд гэрэл зургийн дуранд /BBC/

Мэдэх: Square биткойн бизнестэй болно /The Verge/