1 гол сэдэв

Технологийн компаниудын тайлан энэ долоо хоногт зарлагдлаа.

Amazon, Apple-ийн тайлан эерэг гарлаа.

Amazon-ийн хувьд борлуулалт 7%-аар нэмэгдэж, 121.2 тэрбумд хүрсэн байна. Үүний 19 тэрбумыг нь AWS, 8.7 тэрбумыг нь сурталчилгааны бизнес нь тус тус бүрдүүлжээ. Гэхдээ тэд цахилгаан машины Rivian-ий хөрөнгө оруулалтаас 3.9 тэрбумын алдагдалтай байгаагаа ил болгов. Тайлан зарлагдсаны дараа Amazon-ийн нэгж хувьцааны үнэ 13%-аар өсчээ.

Харин Apple-ийн хувьд үйлчилгээний бизнесийн борлуулалт нь буурсан ч нийт орлого нь 9%-аар нэмэгдэж, 97.2 тэрбум болжээ. Мөн тэд 90 тэрбум доллараар хувьцаагаа буцааж худалдан авах болсноо зарласан байна. Гэсэн ч ирэх улиралд нийлүүлэлтийн сувгийн хямралаас үүдэн 8 тэрбумын хохирол амсах төлөвтэй байгаа нь хувьцааны үнэлгээ буурахад хүргэжээ.

Meta-ийн орлого анх удаа буурлаа

Facebook-ийн борлуулалт түүхэндээ анх удаа буурч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1%-аар бага буюу 28.8 тэрбум болсон байна. Apple-ийн шинэчилсэн нууцлалын бодлого нь тэдэнд 10 тэрбумын хохирол учруулсан гэнэ. Гэхдээ Facebook-ийн хэрэглэгчид 3%-аар өсөж, 1.98 тэрбумд хүрсэн бол Whatsapp, Instagram-ийг оруулбал энэ тоо 2.88 тэрбум болж өсөх гэнэ.

Alphabet-ийн ашиг буурчээ

Google-ийн толгой компани Alphabet-ийн ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 тэрбумаар багасаж, 16 тэрбум доллар болсон байна. Гэхдээ борлуулалтын орлого нь 10 орчим хувиар нэмэгдэж 69 тэрбум болсныг мартаж болохгүй. Үүний дийлэнх хувийг буюу 40 тэрбумыг нь хайлтын бизнес нь бүрдүүлжээ. Сонирхуулахад, тэд Эдийн засгийн хүндрэлтэй гэж тодорхойлсон жилийн хугацаанд ажилчдын тоогоо 30 мянгаар нэмэгдүүлж, нийт 174 мянган ажилтантай болсон байна.

2 чухал тоо

1.377.000.000 - Mega Millions-ийн 2 долларын лотог худалдан авсан нэгэн эрхэм 1.3 тэрбум долларын ялагч болсон гэнэ. Энэ бол түүхэнд гуравт бичигдэх өндөр дүн. Шагналын эзэн бэлнээр 780 сая доллар авах эсвэл 30 жилийн хугацаатай хуваан хүртэх эрхтэй болох аж.

88 - NBA-ийн домогт тамирчин Билл Рассел 88 насандаа таалал төгслөө. Тэрээр Бостон Селтикс клубт 13 улирлыг өнгөрүүлэхдээ 11 удаа түрүүлж, 5 удаа хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан удаатай. Мөн мэргэжлийн лигийн түүхэн дэх анхны хар арьст ахлах дасгалжуулагч болж байсан түүхтэй. NBA өдгөө финалын үнэ цэнтэй тоглогчийн шагналдаа түүний нэрийг мөнхөлсөн байдаг билээ.

3 онцлох өгүүлбэр

I. Instagram-ийн шинэчлэл олон нийтийн эсэргүүцэлтэй тулав.

- Instagram-ийн TikTok-той ижил зарчмаар буюу хиймэл оюунд суурилсан алгоритм ашиглан хэрэглэгчдэд контент санал болгох оролдлого бүтэлгүйтэв. Тус апп-ын толгой компанийн үүсгэн байгуулагч М.Цукерберг нийт агуулгын 15 орчим хувь нь алгоритмын дагуу санал болгогдоно хэмээн мэдэгдээд байсан юм.

- Гэвч нүүр хуудсанд огт танихгүй хүний санамсаргүй агуулга гэнэт гарч ирэх нөхцлийг бүрдүүлсэн уг өөрчлөлт нь хэрэглэгчдэд таалагдсангүй. Instagram-ийн хамгийн их дагагчтай хэрэглэгчдэд тооцогдох Ким Кардашиан, Кайли Женнер нар "Make Instagram Instagram Again" хэмээх давлагааг эхлүүлсэн нь сая сая хэрэглэгчдийг нэгтгэжээ.

- Үүний дараа Instagram-ийн тэргүүн А.Моссери хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, зарим шийдвэрээ буцаах болсноо зарласан. Гэсэн ч тэрээр гэрэл зургаас видеог гол болгож, Reels-ийг нэн тэргүүнд тавих уг оролдлогоо үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь апп-ын гол амин шинжийг алдагдуулах аюултайг шинжээчид сануулсаар байна.


II. Америкийн улс төрчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аварга төсөл батлахаар зэхэж байна.

- АНУ-ын сенат дахь ардчилсан нам уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд зориулан 700 тэрбум долларын төсөв бүхий багц хуулийн төсөл санаачиллаа. Олонхийг бүрдүүлж байгаа тэдэнд бүх 50 сенатынх нь санал байхад уг төсөл батлагдана.

- "Инфляцыг бууруулах хууль" гэх тодотголтой уг төсөлд ирэх 10 жилийн хугацаанд цэвэр эрчим хүчний салбарт 370 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр заажээ. Мөн уг чиглэлд шинэ технологи хөгжүүлж буй компаниудад 30 тэрбум долларын татаас олгох зохицуулалт багтсан байна.

- Уг төслийг 1 тэрбум ба түүнээс дээш үнэлгээтэй компаниудад ноогдуулах татварын хэмжээг 15 хувьд тогтоосноор санхүүжүүлнэ гэж тэд үзэж буй. Мөн цахилгаан машин үйлдвэрлэгчдэд татаас олгох тухай нарийвчилсан заалт орсон байна. Мөн мод тарихад 5 тэрбум, агаарын бохирдол бууруулахад 3 тэрбум доллар тус тус зарцуулна.


III. ОХУ олон улсын сансрын станцаас гарна

- ОХУ 2024 он гэхэд олон улсын сансрын станцыг орхих шийдвэр гаргажээ. Роскосмосын шинэ дарга Ю.Борисов энэ тухай анх мэдэгдсэн ч гол хамтрагч NASA-ийн хувьд одоо байгуулагдсан гэрээний хүрээнд 2030 он хүртэл талууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.

- Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Орос улс үүний дараагаар өөрсдийн гэсэн бие даасан сансрын станц байгуулах төслийг хэрэгжүүлэх аж. Одоогоор Хятад улс энэ оны сүүл гэхэд сансрын станцаа байгуулж дуусахаар ажиллаж байгаа юм.

- 1998 онд байгуулагдсан, 150 тэрбум долларын өртөгтэй Олон улсын сансрын станц бол АНУ, ОХУ-ын хооронд хүйтэн дайны дараах эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон аварга төсөл. Тиймээс ч аль нэг талын оролцоогүйгээр уг станц ажиллахад туйлын бэрх болох учиртай. Гэсэн ч Орос, Украины дайнтай холбоотой хориг, хязгаарлалтууд ийм шийдвэр гаргахад хүргэсэн нь энэ юм.

4 мэдүүштэй зүйл

Шинэ реклам: Apple хөгжүүлэгчдэд App Store-ийг ашиглан реклам байршуулах боломж олгож эхэллээ. Тэд апп-ын нүүр хуудсанд байрлах "Today" хэсэгт сурталчилгаа зөвшөөрч байгаа нь энэ гэнэ.

Сансрын хаягдал: Хятадын пуужингийн хаягдал гурав дахь удаагаа ямар нэгэн удирдлагагүйгээр дэлхий дээр уналаа. 2020 онд Кот'д Ивуарын нутаг дэвсгэр дээр унаж байсан үлдэгдэл Филиппиний далай орчимд газардсан гэнэ. Энэ нь тус улсын байгуулж буй "Tiangong" сансрын станц руу хөөргөсөн пуужингийн үлдэгдэл юм.

Их нэгдэл: Хиймэл дагуул ашиглан интернетийн үйлчилгээ үзүүлэх зорилготой OneWeb, Eutelsat компаниуд нэгдэж байгаагаа зарлалаа. 3.4 тэрбум долларын үнэлгээтэй уг нэгдэл нийт 500 гаруй хиймэл дагуултай болж буй юм. Их Британи, Францын засгийн газрын хувьцаа эзэмшдэг уг компани SpaceX, Amazon-той хүчтэй өрсөлдөөн үзүүлэх боломжтой боллоо.

Ирээдүйн хот: Саудын Арабын засгийн газар 500 тэрбум долларын төсөвтэй "The Line" төслийн анхны визуал танилцуулгыг ил болголоо. 2 талдаа 500 метрийн өндөр толин ханаар хүрээлэгдсэн, 170 км-ийн урттай уг хот сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангагдаж, жолоочгүй галт тэрэг, робот тариачин, хөвөгч буудал зэрэг ирээдүйн технологиор тоноглогдсон байх гэнэ.

5 сонин хачин

1. "DC League of Super-Pets" нээлтийн долоо хоногтоо дэлхий даяар 41 сая долларын орлого олж, бокс оффисыг тэргүүллээ. Гэвч Д.Жонсон, К.Харт, К.Рийвз зэрэг оддын дуу оруулсан уг киноны нийт төсөв болох 90 саятай харьцуулахад энэ бол чамлахуйц үзүүлэлт юм. Жагсаалтын дараагийн байрт өмнөх лидер "Nope" болон "Thor: Love and Thunder" бичигджээ.

2. Тwitter хэрэглэгчдэд статус бичиж, хуваалцах боломж олгох нэмэлтийг хуваалцаж байна. Myspace, Hi5 зэрэг сошиал медиагийн эхэн үеийн платформуудад алдартай байсан уг нэмэлт нь хэрэглэгчдийн идэвхийг нэмэгдүүлнэ гэж тэд үзэж буй. Уг туршилт АНУ, Австралийн зах зээлд хийгдэж байгаа юм.

3. Английн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг Европын аварга боллоо. Тэд уг тэмцээний 8 удаагийн аварга Германы шигшээг төрөлх Уэмбли цэнгэлдэхдээ цугларсан 87 мянган үзэгчийнхээ өмнө нэмэлт цагт 2:1-ээр хожсон юм. Энэ нь тэдний хувьд топ тэмцээнээс хүртсэн анхны цом нь болжээ.

4. TikTok хөгжмийн стриминг үйлчилгээ нээхээр зэхэж байна. Хэдийнээ тэрбум хэрэглэгчтэй болсон тус апп-ын толгой компани ByteDance "TikTok Music" нэрийн дор худалдааны тэмдэгт авах хүсэлтээ өгсөн нь ил болов. Мэдүүлэгт дурдсанаар уг апп-ыг хэрэглэгчид хөгжим татах, сонсох, хуваалцах боломжтой байх гэнэ. ByteDance 2020 оны сүүлээр Энэтхэг, Бразилын зах зээлд "Resso" нэртэй ижил төрлийн апп гаргаж байсан билээ.

5. Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лигт тооцогдох NFL бие даасан стриминг платформоо танилцууллаа. NFL+ нэртэй уг платформд хэрэглэгч сар бүр 4.99 доллар төлснөөр бүх тоглолтуудыг шууд болон ухрааж үзэх, рекламгүйгээр оригинал баримтат кино, контент хүлээн авах зэрэг боломжийг эдэлнэ. Гэхдээ уг апп зөвхөн гар утас, таблет дээр л ажиллах гэнэ.

10 унших зүйл

Мэдэх: 3.8 тэрбумын авиа компаниудын нэгдэл /CNBC/

Аялах: BlackPink-ийн метаверс дэх тоглолт /Youtube/

Үзэх: SDCC-ийн хамгийн шилдэг трэйлэрүүд /The Verge/

Анхаарах: Хятад цэргийн бэлтгэл эхлүүлнэ /DW/

Харамсах: Кентакид болсон үерт 28 хүн амиа алдлаа /CNN/

Сонсох: Spotify 188 сая хэрэглэгчтэй болжээ /Musically/

Дурсах: Украины тэрбумтан Оросын бөмбөгдөлтөд өртжээ /BBC/

Хүлээх: Beyonce хөгжмийг аварна гэж үү? /Vox/

Гайхах: Гурван нартай ертөнц /Futurism/

Хэрэглэх: Ухаалаг утасны зах зээл уналтад оржээ /Techcrunch/