1 гол сэдэв
Юу болов?
"Түүхэн дэх хамгийн том" гэсэн тодотголтой мэдээллийн технологи саатал дэлхий даяар тохиож, сая сая компьютерийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөллөө. Кибер аюулгүй байдлын чиглэлээр дагнасан Crowdstrike хэмээх компани програмын шинэчлэлийн үеэр алдаа гарсан нь олон нийтийг сандаргалаа. 2011 онд байгуулагдсан Crowdstrike-ийн хувьд үүнийг ямарваа нэгэн кибер халдлага, дата алдсан үйл явдал бус гэдгийг онцолжээ.
Юунд нөлөөлөв?
Баасан гарагийн өглөө Windows үйлдлийн системтэй компьютерүүдийн дэлгэц цэнхэртэж, програмын шинэчлэл хийх шаардлагай байгааг сануулах бичиг гарч ирснээр энэ бүхэн эхэлсэн. Зөвхөн Америкт л гэхэд онгоцны буудал, авиа компаниудын програм саатаж, 4000 гаруй онгоц хойшилж, цуцлагджээ. Мөн эмнэлгийн төхөөрөмжүүд гацаж, телевизийн эфир хаагдаж, банкуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байна. Зарим мужид яаралтай тусламжийн 911 дуудлагын үйлчилгээ ч тасалдсан гэнэ. Энэ саатал зөвхөн Америкаар хязгаарлагдалгүй Их Британи, Энэтхэг, Австрали болон Европын олон оронд зэрэг тохиожээ.
Одоо яах вэ?
Crowdstrike-ийн гаргасан алдаа зөвхөн Windows үйлдлийн системд хамааралтай байсан учир Microsoft ч ихээхэн анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэхээр ажилласан. Шинэчлэлийн үеэр гарсан алдааг инженерүүд тэр дор нь зассан ч нийт хэрэглэгчдийн системд нөлөөлөх хүртэл ийн хэдэн цагийг алдсан гэнэ. Crowdstrike бол зарим тайланд дурдсанаар кибер аюулгүй байдлын зах зээлийн 20%-ийг эзэлдэг аварга компани. 29 мянган төлбөр төлдөг хэрэглэгчийн дотор Fortune 500-ийн дийлэнх компаниуд багтдаг гэсэн мэдээ бий. Crowdstrike-ийн хувьцааны ханш 20%-аар буурч, мянга мянган бизнесүүд үйлчилгээгээ зогсоож байгаагаа мэдэгдсээр байна.
2 чухал тоо
16 - ОХУ-ын дээд шүүхээс Wall Street Journal-ийн сэтгүүлч Эван Гершковичид 16 жилийн хорих ял оноолоо. 2023 оны 3-р сард Екатеринбург хотоос баривчлагдах үедээ тэрээр Украины дайны талаар сурвалжлага бэлтгэж байсан. Гэсэн ч түүнийг тагнуулын зорилгоор мэдээлэл цуглуулж байсан хэмээн буруутгасан нь энэ юм. Ташрамд дурдахад, ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүд түүнийг хоригдох солилцоонд оруулах хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Э.Гершкович албан ёсоор яллагдсанаар энэ хэлцэл эцэслэгдэх боломжтой болж байгаа юм.
250.000.000 - Америкийн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигийн Angel City FC клуб 250 сая доллараар үнэлэгдэн шинэ эзэнтэй боллоо. Walt Disney-ийн CЕO Боб Айгер болон түүний эхнэр USC-ийн сэтгүүл зүйн сургуулийн захирал В.Бэй нарын худалдан авалт тус клубыг дэлхийн хамгийн үнэ цэнтэй эмэгтэйчүүдийн спортын клуб болгоход хангалттай байв. Сонирхуулахад, тус клубын үүсгэн байгуулагчид, хувь эзэмшигчдийн бүрэлдэхүүнд алдарт жүжигчин Н.Портмэн, Reddit-ийн үүсгэн байгуулагч А.Оханиан нар багтдаг билээ.
3 онцлох өгүүлбэр
I. Эммид нэр дэвшигчид тодорлоо.
- Америкийн телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Эммид өрсөлдөгчдийн нэрс тодорхой боллоо. FX-ийн бүтээл "Shogun" нийт 25 төрөлд өрсөлдөх болсон нь энэ жилийн тэргүүн үзүүлэлт боллоо. Дахин 2 бүлэг нь гарах нь тодорхой болсон тус цуврал 2022 оны Squid Games-ээс хойш шилдэг драмын бүтээлийн төрөлд өрсөлдөх болсон анхны гадаад хэл дээрх кино болжээ. Драмын ангилалд 18 төрөлд нэр дэвшсэн Netflix-ийн "The Crown" тэдэнтэй гол өрсөлдөөнийг үзүүлэх болно.
- Харин инээдмийн бүтээлийн төрөлд "The Bear" 23 төрөлд өрсөлдөх болсон нь бүх цаг үеийн дээд амжилт боллоо. Өмнөх рекордыг 2009 онд 22 төрөлд нэр дэвшсэн "30 Rock" эзэмшиж байв. Селена Гомезийн гол дүрийг нь бүтээсэн Hulu-ийн "Only Murders in the Building" 21 нэр дэвшилтийг цуглуулж, энэ ангилалд The Bear-тэй гол өрсөлдөөн үзүүлэх төлөвтэй байна.
- Нийт нэр дэвшилтээр Disney илт тасархай тэргүүллээ. Эгнээндээ Disney+, Hulu, FX, ABC-г багтаасан Disney түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж, нийт 183 төрөлд өрсөлдөх болжээ. Өмнөх жилүүдэд үргэлж хамгийн эхэнд бичигддэг байсан HBO-ийн 29 бүтээл нийт 91 төрөлд өрсөлдөнө. Харин стриминг платформуудыг Netflix манлайлж, 35 бүтээлээр 107 нэр дэвшилттэй болжээ. 76 дахь удаагийн Эмми 9-р сарын 16-нд явагдана.
II. Xiaomi анхны нугардаг утсаа танилцууллаа.
- Хятадын технологийн тэргүүлэх компаниудын нэг Xiaomi анхны нугардаг утсаа Mix Flip нэртэйгээр гаргалаа. Тус утас нь 4.01 инчийн гаднах дэлгэцтэй болсон нь нугардаг утаснууд дотроо хамгийн томд тооцогдоно. Мөн Leica-ийн камераар тоноглогдсон. Үүнээс гадна гаднах дэлгэцэн дээрээсээ шууд мессеж бичих зориулалттай кэйбордын шийдлийг шингээсэн нь анхаарал татаж байна.
- Mix Fold 4-ийн хувьд бүрэн нээгдэх үедээ 4.59 мм-ийн зузаантай болсон нь зах зээл дэх Google, Samsung-ийн бусад нугардаг утаснаас нимгэн гэсэн үг. 500 мянган удаа нээгдэж, хаагдахад гэмтэл гарахгүй гэгдэх тус утас нь 50 мегапикселийн Leica камер, Snapdragon 8 Gen 3-аар тоноглогджээ.
- Үүнээс гадна Xiaomi энэ удаагийн эвентийн үеэр зөөврийн принтерээ танилцууллаа. Ердөө 68 долларын үнэтэйгээр зарагдах уг принтер нь Mix Flip, Mix Fold-той шууд нийцэж ажиллах бөгөөд авсан зургаа тэр дор нь хэвлэх боломжоор хангах учиртай юм.
III. Олон улсын математикийн олимпиадад Монголын баг 16-р байрыг эзэллээ.
- Их Британийн Батт хотноо явагдсан уг олимпиадад оролцсон Монголын багийн 6 сурагч бүгд медальтай буцаж байна. Сант сургуулийн сурагч Д.Энэрэлт 29 оноогоор алтан медаль хүртэж, 2 дахь жилдээ дараалан алтан медалийн болзлыг хангасан бахдам амжилтын эзэн боллоо. Сүүлийн 2 жил улсын аваргаар тодорсон тэрээр нийт 5 дахь удаагаа IMO-д оролцож, 4 дэх медалиа (2 алт, 2 хүрэл) хүртэж байгаа нь энэ юм. Түүнээс өмнө 1-р сургуулийн сурагч М.Өнөболд мөн 5 удаа IMO-д оролцож, 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байв.
- Энэ жил анх удаа IMO-д оролцсон Эрхэт-Эрдэм сургуулийн 10-р ангийн сурагч Т.Билгүүнгэрэлт 28 оноогоор, 11-р сургуулийн сурагч О.Тэнгис 26 оноогоор тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Б.Бэлгүтэй (11-р сургууль), С.Манлай (Сант), Х.Нурсолтан (11-р сургууль) нар тус бүр хүрэл медалийг хүртжээ. Х.Нурсолтан өнгөрсөн жил мөн хүрэл медаль хүртэж байжээ.
- Багийн дүнгээр манай баг 142 оноотойгоор 16-р байрт жагслаа. Энэ бол манай баг 2021 онд 2 алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр 11-р байрт бичигдэж байсны дараа орох том амжилт юм. Сонирхуулахад, сүүлийн 5 жилийн турш IMO-д итгэл төгс тэргүүлж байсан БНХАУ-ын багийн ноёрхлыг АНУ-ын баг тасалж, нийлбэр дүнгээр 1-р байрт оржээ.
4 унших мэдээ
AI-тай олимп: Google тун удахгүй эхлэх Парис 2024 Олимпын наадамд оролцох АНУ-ын шигшээ багийн албан ёсны AI хамтрагч болсноо зарлалаа. Энэ хүрээнд тэд NBCUniversal-тай хамтран Google Maps, Circle to Search, Gemini AI нэмэлтүүдийг шууд дамжуулалтын үеэр ашиглаж, хэрэглэгчдэд хамгийн шуурхай мэдээлэл, мэдлэгийг олгох гэнэ.
Машин сургагч: Apple, Anthropic, Nvidia, Salesforce зэрэг компаниуд Youtube-ийн видеоны хадмал текстийг ашиглаж AI сурган хөгжүүлж байсан нь ил боллоо. Нийт 48 мянган сувагт хамаарагдах 170 мянга гаруй видео уг датасетэд агуулагдаж байсныг сэтгүүлчид илрүүлжээ. Энэ нь контент эзэмшигч, бүтээгчдийн зөвшөөрөлгүйгээр дата олборлож байсан хэрэг болон даамжрах төлөвтэй байна.
Түргэн цэнэглэгч: Mercedes-Benz Америкийн баруун эргийн хурдны зам дагуу орших Starbucks-ийн 100 салбарт цахилгаан машин цэнэглэгч байгуулах болсон байна. Тэд 2030 он гэхэд дэлхий даяар 2000 цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөөтэй байгаа билээ.
Гэнэтийн олдвор: Ангараг гараг дээр ажиллаж буй NASA-ийн Curiosity хөлөг урд өмнө тус гараг дээр ажиглагдаж байгаагүй хүхрийн хольцтой болорын төрлийн чулуулгыг илрүүлсэн байна. Curisoty-ийн эрдэмтэд уг чулуулгын бүтцийг судалгааны зориулалттай робот төхөөрөмж Alpha Particle X-ray Spectrometer-ийн тусламжтайгаар тодорхойлжээ.
5 сонин хачин
1. 1996 онд анх гарч, тухайн жилийнхээ 2 дахь өндөр орлоготой бүтээл болж байсан "Twister"-ийн бие даасан үргэлжлэл анги "Twisters" энэ долоо хоногийн бокс оффисыг өнгөллөө. Тус кино нээлтийн долоо хоногт зөвхөн Хойд Америкийн зах зээлээс 74 сая долларын орлого олсон нь энэ жилийн топ тавд бичигдэх үзүүлэлт байлаа. 155 сая долларын өртөгтэй бүтээгдсэн уг киноны эхний орлого шинжээчдийн хүлээлтээс хавьгүй давсан нь энэ юм.
2. 150 сая жилийн настай Апекс хэмээх нэртэй стегозаврын арга яс дуудлага худалдааны рекорд үнэ болох 44.6 сая доллараар зарагдлаа. Sothebys-ийн дуудлага худалдаанд нийт 7 хүн оролцсон бөгөөд хөрөнгө оруулалтын фирм Citadel-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан К.Гриффин ялагчаар тодорсон нь энэ. Тэрээр "одоогоор олдсон үлэг гүрвэлийн хамгийн төгс араг яс" хэмээн тодорхойлогдсон уг олдворыг Америкт үлдээж, олон нийтийн аль нэг музейд хандивлах гэнэ. 2020 онд Стан нэртэй тиронозавр батаар үлэг гүрвэлийн ясыг Дубайн засаг захиргаа 32 сая доллараар худалдан авч, үндэсний музейдээ байршуулсан нь түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ.
3. Их Британи лабораторийн орчинд ургуулсан мах ашигласан амьтны хоолыг хэрэглээнд зөвшөөрлөө. Meatly нэртэй стартап нохой, муурны хиймэл махтай хоолыг нийлүүлэх зөвшөөрлыг хамгийн түрүүнд авсан байна. Үүнээс өмнө Сингапур, Израйл, АНУ-д хиймэл махтай хоолыг хүний хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрөөд байгаа билээ.
4. OpenAI илүү хямд, бага хэмжээтэй GPT-4o Mini загварыг танилцууллаа. Өмнөх загвараас 60%-аар хямд уг модель нь стартап, хөгжүүлэгчдэд AI-д суурилсан апп, платформ бүтээхэд тохиромжтой байдлаар танилцуулагдаж байна. OpenAI-ийн өрсөлдөгчид болох Claude, Gemini бүгд ижил зорилгоор мини хувилбаруудыг гаргаад байгаа билээ.
5. Тоос сорогч зэрэг гэр ахуй төхөөрөмжүүдээрээ алдаршсан Dyson премиум ангиллын шинэ чихэвчээ танилцууллаа. OnTrac нэртэй уг чихэвч нь 55 цаг цэнэгээ барьдаг, дуу тусгаарлах өндөр технологиор тоноглогдсоноос гадна хэрэглэгчдэд өөрийн хүслээр зөөвөлч, суурь өнгөө сонгож болдгоороо онцлогтой. Уг чихэвчийн борлуулагдах үнэ 500 доллараас эхлэх гэнэ.
10 унших мэдээ
Унших: 21-р зууны 100 шилдэг зохиол /NYTimes/
Мэдэх: Project 2025 гэж юу вэ? /Morning Brew/
Үзэх: М.Зукерберг Трампын талаар юу ярив? /Bloomberg/
Төсөөлөх: Warner Bros.Discovery-г хуваах төлөвлөгөө /FT/
Аялах: Залуусын зүрх сэтгэлд дурсамж мэдрэмж сийлэгч Playtime /Ikon/
Танилцах: Трампын дэд ерөнхийлөгчийн талаар мэдэх ёстой зүйл /Wired/
Яллах: Нигери улс Meta-г 220 саяар торголоо /Reuters/
Тооцох: И.Маск Трампад сард 45 сая доллар хандивлана /WSJ/
Хүлээх: Руссогийн ах дүүс Avengers-ийг дахин найруулах уу? /THR/
Анхаарах: Бангладеш улс даяар аварга бослого өрнөж байна /AP/