1 гол сэдэв

Юу болов?

Америкчууд 52 жилийн дараа саран дээр газардлаа. Гэхдээ энэ нь бусад хөтөлбөрүүдтэй харьцуулахад хувийн компанийн төсөл гэдгээрээ онцлогтой. 2013 онд байгуулагдаж байсан Intuitive Machines нэртэй стартапын Odysseus хэмээх сансрын судалгааны хөлөг энэ салбарт шинэ эрин үе ирж буйг зарлан тунхаглалаа.

Хэрхэн өрнөв?

NASA хувийн компаниудтай хамтран төсөл хэрэгжүүлж, илүү хямд бөгөөд үр ашигтайгаар сансрын технологийн хөгжлийг эрчимжүүлэх стратеги баримтлах болсны нэг үр дүн нь ийн илэрч байна. Intuitive Machines 2018 онд хамгийн анх NASA-аас 18 сая долларын тэтгэлэг хүртэж, газардагч аппаратынхаа төслийг эхлүүлж байсан. Үүнээс хойш хөгжүүлэлт тасралтгүй өрнөсөөр, нийт 110 сая орчим долларын төслийн хүрээнд нийт 6 судалгааны аппаратыг тээвэрлэн саран дээр газардаж байгаа юм. Хэрвээ NASA өөрөө бие даан энэ төслийг хэрэгжүүлсэн бол зардал нь тэрбум орчим доллар хүрэх байсныг шинжээчид тооцоолжээ.

Одоо яах вэ?

Odysseus хөлөг саран дээр буух үедээ холбоо тасарч эх дэлхийг багахан хугацаанд сандаргасан. Гэхдээ эргэж дата илгээж эхэлснээр тэд саран дээр газардсан анхны хувийн компани болсон нь батлагдсан юм. Үүнээс өмнө Израил, Япон, Америкийн компаниудын оролдлого бүтэлгүйтэж байв. Уг хөлгийн үндсэн зорилго нь саран дээрх усны ул мөрийг шинжлэн судлах байх юм. Ташрамд дурдахад, Intuitive Machines-ийн хувьцааны үнэлгээ энэ мэдээний дараа 35%-аар өссөн гэнэ.

2 чухал тоо

35.300.000.000 - Capital One банк, санхүүгийн зах зээлийн гол тоглогчдын нэг Discover Financial Service-ийг 35.3 тэрбум доллараар худалдаж авч байгаагаа зарлалаа. Шинэ нэгдэл нь Америкийн зах зээлд кредит зээлийн хэмжээгээрээ №1 болж, JP Morgan, Citigroup-ийг гүйцэхүйц үзүүлэлттэй болж байгаа юм. Мөн энэ хэлцэл нь 2008 оны хямралаас хойшхи салбарын хамгийн том наймаа болжээ.

265 - AI-ийн давалгаанд NVidia хамгийн ихээр хожиж, сүүлийн тайлагийн дараа 2 их наядын үнэлгээтэй болов. Тэдний өнгөрсөн улирлын борлуулалтын орлого 22.1 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 265%-ийн өсөлт гэсэн үг. Энэ нь корпорацийн зах зээлийн түүхэнд бичигдэхүйц өндөр өсөлт байсныг экспертүүд онцолж байна.

3 онцлох өгүүлбэр

I. Apple гар утасны зах зээлийг өнгөллөө.

- 2023 оны хамгийн их борлуулалттай гар утасны жагсаалтыг Apple давамгайлав. Топ 10 утасны жагсаалтын эхний 7 нь iPhone байсан байна. Эдгээрээс хамгийн их буюу зах зээлийн 3.9%-ийг iPhone 14 эзэлж, топ борлуулалттай утсаар нэрлэгджээ.

- Apple өнгөрсөн онд анх удаа борлуулалтын үзүүлэлтээрээ Samsung-ийг гүйцсэн. Хамгийн сүүлд гаргасан iPhone 15 нь 2023 оны 4-р улирлын хамгийн бестселлер байсан бөгөөд 5-7-р байрт загваруудаараа жагсчээ.

- Samsung-ийн хувьд 8, 9, 10-р байрт бичигдсэн. Гэхдээ эдгээр нь дунд түвшний хэрэглэгчдэд зориулсан Galaxy A14 5G, Galaxy A04e, Galaxy A14 утаснууд байсан нь анхаарал татав. 2021 оноос хойш Counterpoint-ийн энэхүү жагсаалтад Apple, Samsung-аас өөр брэнд багтаагүй байгаа юм.


II. Reddit-ийн IPO эхэллээ.

- 267,5 сая идэвхтэй хэрэглэгчтэй Reddit удтал хүлээлгэсэн IPO-оо эхлүүллээ. Интернетийн технологид идэвхтэй хэрэглэгчдийн дунд алдартай уг платформ 10 тэрбумын үнэлгээтэйгээр 1.3 тэрбум долларыг босгох юм. Энэ нь 2019 оны Pinterest-ээс хойшхи анхны сошиал медиа компани нээлттэй болж байгаа тохиолдол юм.

- Reddit-ийн 2023 оны орлого 804 сая доллар байсан нь өмнөх жилийнхээс 20%-аар нэмэгдсэн үзүүлэлт. Гэсэн ч тус компани 90.8 сая долларын алдагдалтай ажиллажээ. Нийт орлогын 98% нь зар сурталчилгаанаас бүрддэг ч 1 тэрбум гаруй нийтлэл, 100 мянга гаруй идэвхтэй форум бүлэгтэй тус платформын дата AI хөгжүүлэлтэд ихэд үнэлэгдэж буй. Хамгийн сүүлд тэд Google-тэй дата хуваалцах гэрээг байгуулаад байна.

- Хамгийн сонирхолтой нь тус компанийн 5 орчим хувийг OpenAI-ийн үүсгэн байгуулагч С.Алтман эзэмшдэг гэнэ. Мөн тэд биткойн, этер зэрэг криптод ихээхэн хөрөнгө оруулалт хийснээ ил болгожээ. Мөн тодорхой хувийг үндсэн хэрэглэгчдэдээ зориулан нөөцөлж байгаагаа проспектусдоо дурджээ.


III. Google Gemini AI-ийн хөгжүүлэлтээ зогсоов.

- Интернет орчинд Google-ийн хөгжүүлж буй AI модель болох Gemini-ийн арьс өнгөний ялгаралтай илэрц гаргаж буйг шүүмжилсэн хөдөлгөөн өрнөв. Тус AI-ийн зураг үүсгэх нэмэлт нь хүний царайг бүтээхдээ зөвхөн өнгөт арьстай байдлаар гаргаж байгаа нь анхаарал татжээ.

- Нэгэн хэрэглэгч Америкийг үүсгэн байгуулсан хэмээгдэх эрхэмүүдийн зургийг бүтээх даалгавар өгөхөд тэдгээрийг цагаан арьстай бус, өнгөт арьстай байдлаар гаргасан нь тодорхой жишээ. Google-ийн хувьд хиймэл оюуныг сургаж буй дата өгөгдлөө шалгах, учир шалтгааныг тодруулах зорилгоор хөгжүүлэлтээ түр зогсоож байгаагаа мэдэгджээ.

- Google өнгөрсөн жил Bard нэртэйгээр гаргасан AI моделио Gemini болгон солиод удаагүй байгаа. Gemini-г тэд Gmail, Google Search, Youtube зэрэг үндсэн үйлчилгээнүүддээ үе шаттайгаар нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

4 мэдүүштэй зүйл

Хятадын хак: Хятадын засгийн газрын гэрээтэйгээр олон улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд руу цахим халдлага хийдэг хэд хэдэн компанийн мэдээлэл задарсан байна. ISoon нэртэй компанийн хакерууд л гэхэд Их Британи, Тайван зэрэг 20 гаруй улсад үйл ажиллагаа явуулж, iOS-ийн GPS, Microsoft Outlook, Hotmail-ээр нэвтрэн мэдээлэл цуглуулдаг байжээ. Үүн дунд Монголын хэд хэдэн байгууллагын нэр дурдагдсан нь анхаарал татаж байна.

Файл уншигч: Adobe түгээмэл ашиглагддаг Acrobat болон Readers програмтай нийцэж ажиллах AI туслахыг танилцууллаа. Уг туслах нь аливаа PDF файлыг тоймлон багцалж, дотор нь хайлт хийх чадвартай байх гэнэ.

Тасарсан сүлжээ. Америкийн хамгийн том үүрэн холбооны операторуудын нэг AT&T-ийн сүлжээ доголдож, мянга мянган хэрэглэгчид 10 орчим цагийн туршид гар утас, интернетэд орох боломжгүй болов. Одоогоор ослын шалтгаан тодорхогүй байгаа ч цахим халдлага байсан байх магадлал өндөр гэнэ. AT&T-ийн хувьд сүлжээ тасарсан хэрэглэгч бүрд 5 долларын воучер олгох болжээ.

Хаагдсан сайт: 1996 оноос эхтэй дижитал медиагийн түүчээлэгч Vice их цомхотгол хийж, вебсайтын хөгжүүлэлтээ зогсоож байгаагаа зарлалаа. Тэд бизнесийн орчны өөрчлөлттэй холбоотойгоор сошиал контент рүү анхаарлаа хандуулж, Vice.com-ийг зарах талаар хэлцэлд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

5 сонин хачин

1. Paramount-ийн намтарчилсан кино "Bob Marley: One Love" 2 дахь долоо хоногтоо бокс оффисыг тэргүүллээ. Нийт 70 сая долларын өртгөөр боссон уг кино дэлхий даяар 120 сая долларыг цуглуулаад байна. Харин 2-р байрт Sony, Crunchyroll-ийн ээлжит бүтээл "Demon Slayer: Kimetsu no Yaiba — To the Hashira Training" бичигджээ.

2. Кевин Дюрант, Клэй Томпсон зэрэг NBA-ийн оддоос санхүүжилттэй Arc Boat Company анхны премиум загварын цахилгаан завиа танилцууллаа. The Arc Sport нэртэй уг завь нь нэг дор 15 хүнийг тээвэрлэх чадалтай бөгөөд нэг цэнэглэлтээр 6 цаг хүртэлх хугацааг туулж, 64 км/цаг хүртэл хурдлах үзүүлэлттэй гэнэ. Уг завины борлуулагдах үнэ 258 мянган доллар байх ажээ.

3. Instagram найзуудын хүрээллийн байршлыг харуулдаг шинэ нэмэлтийг туршиж байна. Meta-ийн туршилтын кодыг ил болгодгоороо алдартай хакер А.Палуццигийн "илрүүлснээр" хэрэглэгчийн байршлын дата 2 талдаа бүрэн нууцлалтай байх бөгөөд хэрэглэгчийн сонголтоор идэвхжих гэнэ. Snapchat-ийн Snap Map-тай уг нэмэлт энэ оны эхний хагасд хэрэглэгчдийн гарт хүрэх бололтой.

4. Apple спорт сонирхогчдод зориулсан Apple Sports апп-ыг танилцууллаа. Тус апп нь NBA, NHL, NCAA зэрэг Хойд Америкийн мэргэжлийн лигүүдээс гадна Европын хөлбөмбөгийн лигийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, оноо, статистик зэргийг агуулсан байна. Apple MLS-ийн стриминг эрхийг эзэмшихээс гадна 2022 оноос хойш MLB буюу бэйсболын лигийг шууд дамжуулж байгаа билээ.

5. Huawei шинэ загварын нугардаг утсаа танилцууллаа. Huawei Pocket 2 нь бүрэн дэлгэгдсэн үедээ 6.94 инчийн дэлгэцтэй, гаднаа дөрвөн камертайгаар бүтээгдсэн бөгөөд AI нэмэлтээр улам хүчирхэгжсэн үндсэн камер нь UV буюу хэт ягаан туяаг таньж, арьсны өнгөнд дэлгэрэнгүй анализ хийх чадвартай гэнэ. Kirin 9000S процессороор тоноглогдсон, загварлаг дизайн, эдэлгээ даах чадвар болон батарейн хүчин чадлаараа ялгарах уг гар утасны үнэ 1000 доллараас эхлэх ажээ.

10 унших мэдээ

Анхаарах: Украин 31 мянган хүнээ алджээ /BBC/

Анзаарах: Америкийн хууль сахиулагчид Temu-г шалгана /The Information/

Бэлдэх: Технологийн ажлын ярилцлагад бэлтгэх парадокс /Wired/

Үзэх: Game of Thrones-ийг бүтээгчид дахин гайхамшгийг амилуулж чадах уу? /WSJ/

Танилцах: Disney-ийн одоос сансрын стартапын CEO болсон нь /Morning Brew/

Мэдэх: Mercedes амлалтаасаа буцав /Mercedes/

Ойлгох: Иран яагаад Америкчуудыг үзэн яддаг вэ? /CNN/

Сураглах: PS5 Pro удахгүй гарна /CNBC/

Тооцох: Walmart Vizio-г худалдаж авлаа /The Verge/

Унших: AI энэ долоо хоногт /Techcrunch/