1 гол сэдэв

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн боллоо. ОУОХ-ны 136-р чуулганы төлөөлөгчдийн олонхийн саналаар тэрээр сонгогджээ.

Гишүүдийн талаар

Б.Баттүшиг болон түүнтэй хамт сонгогдсон дөрвөн шинэ гишүүнийг оролцуулан ОУОХ нь нийт 103 гишүүнтэй болж байгаа нь энэ. Лондоны Олимпийг Зохион Байгуулах Хорооны дарга, Олимпийн аварга, Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое, Хорватын ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар ОУОХ-д суудалтай болов. Олон Улсын Олимпийн Хорооны засаглалын шинэчлэлийн гол чиглэл болох эмэгтэйчүүд болон залуучуудыг дэмжих бодлогын илрэл нь эдгээр дэвшүүлэлт болжээ. Б.Баттүшигийн хувьд залуу үеийн төлөөлөл болон ОУОХ-ны гишүүнд нэр дэвшиж, 2025 он хүртэл сонгогдсон юм.

ОУОХ-ий талаар

ОУОХ-г зөвхөн Олимпийн наадмыг зохион байгуулдаг гэдгээр нь харах нь өрөөсгөл зүйл. 1894 онд анх байгуулагдсан тус байгууллага өдгөө 206 үндэсний Олимпийн Хороодыг эгнээндээ нэгтгэсэн олимпийн боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хамгийн гол хөдөлгүүр, спортын хөгжлийг дэлхий даяар хамгийн тууштай дэмжигч байгууллагад тооцогддог. Үүнээс гадна ихэнх олон улсын спорт холбоодын хамгийн гол санхүүжүүлэгчийн хувьд, тэдгээр спортын арга хэмжээ, үйл ажиллагаа, хөгжлийн чухал нэгэн оролцогч тал нь ОУОХ болоод байгаа юм.

Ач холбогдлын талаар

Үүнээс өмнө "Олимпийн өвөө" хэмээн хүндлэгдсэн Ш.Магван 2007 оныг хүртэл ОУОХ-нд данстай байсан юм. Олимпийн хөдөлгөөний хамгийн том байгууллагын шийдвэр гаргах түвшинд төлөөлөгчтэй болсон нь Монголын спортын салбар, нийт оролцогчдод эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Олон Улсын Олимпийн Хороо бол үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө, ач холбогдлоороо дэлхийн хамгийн том төрийн бус байгууллагуудын нэг билээ.

2 чухал тоо

4,500,000,000 - Google Энэтхэгийн харилцаа холбооны тэргүүлэх компани Jio Reliance-д 4,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр тэд 400 сая хэрэглэгчтэй тус компанийн 7,7 хувийг эзэмших болж байгаа юм. Jio сүүлийн 4 сард Facebook, Intel тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 20 тэрбум долларыг босгоод байгаа юм.

68,000,000,000 - Хагас дамжуулагчийн салбарын лидер Analog Devices гол өрсөлдөгчдийн нэг Maxim-ийг 21 тэрбум доллараар худалдан авлаа. Ингэснээр 2 компани 68 тэрбум долларын нэгдлийг үүсгэж байгаа бөгөөд 5G, автомат удирдлагатай машины технологид зориулсан чиглэлээр давуу талтай болжээ.

3 онцлох зүйл

Твиттер халдлага: Өнгөрсөн Лхагва гарагт Твиттерийн дотоод сүлжээнд хакерууд нэвтэрч, зарим олон дагагчтай алдартнуудын аккоунтыг ашигласан хэрэг гарлаа. Тэд Б.Обама, Б.Гэйтс, И.Маск, Ж.Бэйзос зэрэг алдартнууд болон Apple, Uber зэрэг байгууллагын албан ёсны хуудсаар хуурамч жиргээ бичиж, биткойн дансаар дамжуулж хүмүүсээс мөнгө "луйвардсан" бөгөөд нийт 125 мянган долларыг залилсныг тогтоожээ. Энэ хэргийг FBI тэргүүтэй хууль сахиулагчид анхааралтай ажиглаж, мөрдөх ажиллагаа явуулж байгаа бөгөөд гадны халдлага байсан эсэх, хэрэглэгчдийн хэр их мэдээллийг өөрсдийн болгосныг мэдэхийг хүсэж буй юм. Хакерууд Твиттерийн ажилчдын дотоод сүлжээ, хэрэгслүүдийг ашиглан хэрэглэгчдийн хуудас руу нэвтэрснийг эх сурвалжууд баталж байна. Твиттер нийт 130 олны танил хэрэглэгчдийн өртсөн уг халдлагын үеэр "цэнхэр тэмдэгтэй" буюу баталгаажсан хэрэглэгчдийн жиргэх, бичих эрхийг нь түр хязгаарлах арга хэмжээ авсан юм. Мөн олон нийтээс уучлал хүсэж, ийм халдлагад өртсөндөө "ичиж" байгаагаа илэрхийлэн, шаардлагатай бүх арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Дэлгэрүүлэх: The New York Times | The Verge | Vice


Эмиратын "Итгэл" - Арабын Нэгдсэн Эмират улс анхны сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө. "Hope" буюу "Итгэл" нэртэй уг хөлөг 2021 оны 2-р сард Ангараг гарагт хүрэх бөгөөд тус гарагийн агаар мандлыг нарийвчлан судалж, уур амьсгалын онцлогийн мэдээлэл цуглуулж, анализ хийх зорилготой юм. 2021 онд тохиох улсаа тунхагласны 50 жилийн ойд зориулан, залуу эмиратчуудад урам зориг өгөх зорилгоор 6 жилийн өмнө эхлүүлсэн энэ төсөл нийт Арабын хойгийн хувьд шинжлэх ухааны салбарын хөгжил дэвшлийг нь илтгэсэн онцгой үйл явдал болж буй. Тус хөлгийг бүтээхийн тулд тэд Беркли, Аризона, Колорадогийн их сургуультай хамтарсан бөгөөд 200 сая долларыг зарцуулжээ. Нийт 350 хүнтэй багийн 150 нь эмират инженерүүд байсан бөгөөд судалгааны багийн 80 хувь нь эмэгтэйчүүд, дундаж нас нь 27,1 байсныг онцолсон байна.

Дэлгэрүүлэх: Space | Nature | Bloomberg


Коронавирус мэдээ: Цар тахлын халдвар авсан иргэдийн тоо дэлхий даяар 14,6 саяд хүрээд байна. Одоогоор уг өвчний улмаас 608 мянган хүн амиа алдаад байгаа юм. АНУ-д халдагсдын тоо 4 сая руу дөхөж байхтай зэрэгцэн Бразил 2 саяыг, Энэтхэгт 1 саяыг давлаа. Вакцинтай холбоотой гарсан хамгийн сонирхолтой мэдээ нь Оросын хакеруудын тухай байв. Тэд Америк, Англи, Канадын холбогдох байгууллагуудын сүлжээнд нэвтэрч, вакцин хөгжүүлэлттэй холбоотой мэдээллийг хулгайлах оролдлого хийснийг эх сурвалжууд баталжээ. Монгол улсад нийт халдвартай иргэдийн тоо 287-д хүрээд байгаа юм.

4 мэдүүштэй баримт

6G технологи: Дэлхий нийт 5G технологийг ч бүрэн нэвтрүүлж амжаагүй байгаа энэ үед Samsung 6G хөгжүүлэх алсын хараагаа гаргаж, шаталсан төлөвлөгөөндөө орсноо зарлалаа. Тэд ирэх 10 жилийн харилцаа холбооны салбарын төсөөлөл зураглалынхаа үеэр үүнийгээ ил болгож, бэлтгэлээ аль хэдийн хангаж байгаагаа мэдэгдсэн байна.

Шинэ боломж: Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд хүний үрийн шингэнийг лабораторийн орчинд анх удаа ургуулснаа зарлалаа. Энэ нь цаашид трансжендер болон ижил хүйстэн гэр бүлүүдэд хүүхэдтэй болох цоо шинэ боломжийг олгож байгаа хэрэг билээ.

Түргэн цэнэглэгч: Хятадын Oppo компани 4000mAh-ийн утасны батарейг 20 минутанд бүрэн цэнэглэх шинэ технологийг бүтээснээ зарлалаа. Хараахан худалдаанд гараагүй буй энэ технологи ердөө 5 минутанд 41 хувийн цэнэг авах чадалтай бөгөөд салбарыг тэр чигт нь өөрчлөх потенциалтай хэмээн Oppo үзэж байна. Үүнээс гадна тэд дэлхийн хамгийн хурдан утасгүй цэнэглэгчийн технологи эзэмших болсноо ч мэдэгджээ.

Нарны зураг: Европын Сансрын Агентлаг нарыг хамгийн ойроос авсан гэрэл зургийг ил болголоо. 2-р сард NASA-тай хамтран хөөргөсөн Solar Orbiter хөлөг наранд 77 сая км зайд ойртон энэхүү зургийг авсан байна. Зурганд "жижиг улсын хэмжээний" дүрэлзсэн гал анх удаа ажиглагдсан нь судлаачдад нарны орчин, нөхцлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд онцгой нөлөө үзүүлнэ хэмээн онцолжээ.

5 сонин хачин

1. Өнгөрсөн лхагва гарагт тохиосон "Дэлхийн эможи өдөр"-ийн хүрээнд энэ оны сүүлээр хэрэглээнд гарах шинэ эможи жагсаалт ил боллоо. iOS, Android хэрэглэгчид зөвхөн шинэ төрлийн нүүр, гарын хөдөлгөөнөөс гадна нинжа, "bubble tea", зоос, "матрёшка"-ийн дүрслэлүүдийг ашиглах боломжтой болжээ.

2. Дэлхийн хамгийн том архи үйлдвэрлэгчдийн нэг Diageo анхны цаасан савлагаагаа танилцууллаа. 200 жилийн түүхтэй Johnnie Walker брэнд 2021 онд цаасан савлагаатай гарна гэнэ. Тэд Unilever, Pepsi-тэй нэгдэн байгальд ээлтэй савлагааны технологи хөгжүүлэх Pulpex компанийг байгуулснаа мөн зарлажээ.

3. Цар тахлын нөлөөгөөр үнэ цэн, хэрэглэгчдийн тоо нь эрс нэмэгдэх болсон Zoom анхны төхөөрөмжөө танилцууллаа. Тэд Сан Хосед төвтэй DTEN-тэй хамтран Zoom видео дуудлага хийх үндсэн зориулалт бүхий 27 инчийн ухаалаг дэлгэцийг гаргав. 599 долларын үнэтэй уг дэлгэц нь өндөр чанартай 3 камер, дуу багасгач бүхий 8 микрофонтой ажээ.

4. Netflix хоёр гүйцэтгэх захиралтай болсноо зарлалаа. Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Хастинг контент хариуцсан захирал Т.Сарандосыг тушаал дэвшүүлж, хамтран CEO-оор нэрлэсэн нь энэ. 1999 оноос хойш Netflix-д ажиллаж буй Т.Сарандос контент төлөвлөлт, хөгжүүлэлт хариуцаж, салбарынхаа хамгийн нөлөөтэй эрхэмүүдийн нэг болоод буй. Зөвхөн энэ сард 59 шинэ контент гаргаж буй Netflix 2-р улиралд 10 сая төлбөртэй хэрэглэгч нэмснээ зарлажээ.

5. Google 1,5 тэрбум хэрэглэгчтэй Gmail-ийг өөрсдийн шинээр хөгжүүлж буй ажлын байр, бүтээмжийн хэрэгслүүдтэй нягт уях шинэчлэлийг төлөвлөж байна. Тэд Gmail-д видео дуудлагын "Meet", сэдэвчилсэн яриа өрнүүлэх буюу Slack-ийн сувгуудтай төстэй "Rooms" болон "Chat" гэсэн цэсүүдийг шингээж байгаа ажээ. Шинэчлэл G-Suite-ийн хэрэглэгчдэд энэ оны сүүлээс нэвтэрнэ гэнэ.

10 унших мэдээ

Сонирхох: Зайнаас ажиллах соёл Цахиурын Хөндийг үгүй хийх үү? /Marker/

Үзэх: Маскаар улс төр хийх урлаг /Guardian/

Сонсох: Apple News Daily-тэй танилц /Apple/

Алмайрах: Ультра хар загасны эрэлд /NYT/

Унших: Ж.Льюисийн өвийг ойлгох нь /Vox/

Таних: Брюс Лигийн ертөнцөөр аялах нь /CNN/

Гайхах: К.Вест үнэхээр ерөнхийлөгчид өрсөлдөнө гэж үү? /Variety/

Мэдэх: TikTok-оос айх хэрэгтэй юу? /Forbes/

Бэлдэх: Хакдуулснаа хэрхэн мэдэх вэ? /Wired/

Харьцуулах: Леброн Жэймсийн 19-20 оны улирлыг цэгнэх нь /BR/