Шинэ долоо хоногийн мэнд. "Шинэ" хэмээх үгийг онцолсон энэ дугаар 1414 үгээс бүрдэнэ. Хамгийн дуртай дуугаа тавиад шинэхэн нээгдсэн Posted.mn-ээс дурын нийтлэлтэй зэрэгцүүлэн унших 6 минут л танд хангалттай.

1 гол сэдэв

Цар тахал бидний амьдралын нэг хэсэг болж, анхаарал хандуулахгүй байхын аргагүй чухал сэдэв нэгэнт болжээ.

Тоон үзүүлэлт тасралтгүй нэмэгдсээр

4-р сарын 19-ний байдлаар дэлхий даяар 2.4 сая хүн халдвар авч, 164 мянган хүн амиа алдаад байна. - АНУ-д 40 мянган хүн амиа алдаад байна
- БНХАУ аргачлалаа шинэчилж, нас барагчдын тоо нэмэгдэв
- Сингапурт нэг өдөр 942 хүн өвчилж, рекорд тогтоов
- Япон орон даяар онц байдал зарлав
- Монголд 32 тохиолдол бүртгэгдээд байна
- Туркийн тохиолдол Ираныг гүйцлээ
- ОХУ-д 8 өдөр дараалан рекорд тохиолдол бүртгэгдлээ

Эмчилгээний төлөөх дайн эрчимтэй үргэлжилсээр

Цар тахлын айдас аюул вакцин гартал үгүй болохгүйг эрдэмтэд сануулсаар буй. ДЭМБ вакцин гаргах 70 өөр баг ажиллаж байгааг онцолсноос нийт 3 баг нь бусдаасаа түрүүлж яваа гэнэ. Мөн эмчилгээний туршилтууд ч олон газар зэрэг эхэлжээ.

- Хятадын Cansino вакцинаа хүн дээр туршиж, 2-р шатанд яваа цорын ганц баг.
- Moderna, Inovia мөн хүн дээр туршилт хийж буй.
- Эмийн салбарын гигантууд GSK, Sanofi нэгдэж вакцин гаргаж авна.
- Gilead-ийн Эболад зориулсан эм 'Remdesivir"-ийг уусан өвчтнүүдийн 68 хувьд нь эерэг үр дүн ажиглагдсан гэнэ.
- AstraZeneca-ийн цусны хорт хавдрын эсрэг "Calquence" мөн эмчилгээнд туршигдаж байна.
- Эдгэрсэн хүмүүс ахин халдвар авсаар байгаа нь дархлаа үүсэж байгаа гэдгийг үгүйсгэж байна.
- Трамп ДЭМБ-д АНУ-аас олгодог 400 сая долларын санхүүжилтийг гацаав.


Улс орнууд хөл хориогоо суллаж эхэлж байна

ОУВС-аас 1929 оны Их Хямралаас хойших хамгийн том хямрал дэлхийн эдийн засгийг дайрч байгааг онцолсон байна. 170 орны нэг хүнд ногдох ДНБ буурах төлөвтэй бөгөөд хамгийн сайнаар бодоход дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувиар удаашрах аж. Харин 2-р хагаст тахлын 2 дахь давлагаа дайрвал энэ тоо -8% болж өсөх магадлалтай ажээ. Тиймдээ ч улс орнууд эдийн засгаа эрчимжүүлж, хэвийн байдалд оруулах дэс дараатай арга хэмжээнүүдийг танилцуулсаар байна.

- АНУ эдийн засгаа нээх 3 алхамт төлөвлөгөөгөө танилцууллаа
- Герман 5-р сарын 4-оос сургуулийн хичээлийг эхлүүлнэ
- Испанид хүүхдүүдийг гэрээс гарахыг 6 долоо хоногийн дараа зөвшөөрлөө
- Монгол саун, фитнесс, амралтын газруудыг нээлээ
- Итали ном, хүүхдийн хувцас, бичиг хэргийн дэлгүүрүүдийг нээлээ
- Чех хориогоо суллаж, гадаа маскгүй дасгал хийхийг зөвшөөрөв
- Норвеги цэцэрлэгүүдээ даваа гарагаас нээнэ


2 чухал тоо

66.2 - Коронавирусыг цар тахал хэмээн зарласнаас хойш анх удаа сонгуулиа явуулсан улс болсон БНСУ-д сонгогчдын ирц, сүүлийн 28 жил дэх хамгийн өндөр үзүүлэлт болох 66.2%-д хүрсэн байна. Уг сонгуульд эрх баригч Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, 1960 оноос хойших хамгийн том ялалтаа байгуулжээ.

127,900,000 - Lady Gaga-ийн санаачилгаар явагдсан урлаг, соёлын оддын нэгдсэн стриминг тоглолт One World: Together At Home нийт 127.9 сая долларыг цуглуулсан байна. Э.Жон, Б.Айлиш, Т.Свифт зэрэг 70 гаруй оддын тоглолтыг Youtube, Instagram, Facebook зэрэг топ платформууд бүгд шууд дамжуулжээ. Уг тоглолтыг 1985 онд явагдаж 1.9 тэрбум хүн зурагтаар шууд үзсэн Live Aid тоглолтоос хойших хамгийн том цар хүрээтэй арга хэмжээ боллоо хэмээн экспертүүд үнэлж байна.

3 онцлох зүйл

Шинэ утас: Apple 399 долларын үнэтэй борлуулагдах шинэ загварын iPhone-ийг танилцууллаа. Үзүүлэлтийг үнэтэй нь харьцуулбал 2020 оны iPhone SE маш "өндөр" үнэ цэнийг авчрах тухай шинжээчид ам уралдан онцолсоор байгаа. Товчхондоо, iPhone SE бол iPhone 8-ийн эх биен дээр iPhone 11-ийн процессорыг авчирч, iPhone XR-ийн камерын чадлыг нэмсэн утас. 4.7 инчийн дэлгэц, хамгийн сүүлийн үеийн A13 чипээр тоноглогдсон уг утас 12мп-ийн камертай бөгөөд Retina HD дэлгэц, хурууны хээ мэдрэгчтэй. 4 жилийн өмнө тэд эхний үеийн iPhone SE-г мөн ижил үнэтэйгээр зах зээлд танилцуулж байсантай харьцуулахад бүтээгдэхүүний чанар, үзүүлэлт ихэд сайжирсан гэж хэлэхэд буруудахгүй. iPhone SE 4-р сарын 24-оос эхлэн борлуулагдах бөгөөд өмнөх загваруудтайгаа харьцуулахад хямд үнэтэй учир хэрэглэгчдийн цар хүрээг нэмж, компанийн өсөлтийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Сонирхуулахад, улаан өнгийн загварын борлуулалтын орлого коронавирусын эсрэг үйлсэд хандивлагдана гэнэ.


Шинэ хүч: 11-р сард явагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх нь бараг тодорхой болоод буй Ж.Байден шинэ дэмжигчдээр хүч нэмлээ. Түүний гол өрсөлдөгчид тооцогдож байсан Б.Сандерс сунгаанаас нэрээ татсанаас хойш ердөө 5 хоногийн дараа Байденыг дэмжихээ илэрхийлэв. Миллениалууд дунд өндөр нэр хүндтэй 4 жилийн өмнө тэрээр Х.Клинтоныг 7-р сарын дунд хүртэл дэмжихээ зарлаагүй л байсан юм. Түүнчлэн өмнөх ерөнхийлөгч Б.Обама ч урьдчилсан таамагласан ёсоор Байденыг дэмжихийг уриалсан бичлэг гаргасан. "Байденыг дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон нь миний хамгийн зөв шийдвэр байсан" хэмээн онцолжээ. Мөн сунгаанд хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн өөр нэг сенатор Э.Варрен ч Байдентай нэгдэж байгаагаа зарласан нь Ардчилсан нам Трампын эсрэг хүчээ нэгтгэж байгаагийн илэрхийлэл болов. Байден Э.Варреныг дэд ерөнхийлөгчөөр сонгож хамтдаа өрсөлдөх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байгаа билээ.


Шинэ өрсөлдөгч: Netflix, Apple, Disney-ийн өрсөлдөж буй стриминг дайнд шинэ өрсөлдөгчид хүч түрэн орж ирлээ. Цар тахлын аюул хэрэглэгчдийг гэртээ суухыг шаардаж, улмаар видео контентод зарцуулах хугацаа эрс нэмэгдэж байгаа энэ үед шинэ платформууд нээгдэж буй нь цагаа олсон гэж дүгнэж болохуйц юм. Өнгөрсөн долоо хоногт Dreamworks-ийг үндэслэгч Ж.Каценберг болон HP-ийн экс CEO М.Виттман нарын шинэ үйлчилгээ Quibi нээлтээ хийв. Зөвхөн гар утсанд зориулсан, хамгийн ихдээ 10 минутын оригинал видеог санал болгох тус платформ эхний долоо хоногтоо 1.7 сая хэрэглэгчтэй болжээ. Гэхдээ тэд энэ жилдээ багтаан ТВ, таблет зэрэг бусад төхөөрөмжүүдэд нийцэх апп гаргана хэмээн стратегидаа тодотгол хийжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө NBCUniversal-ийн шинэ стриминг Peacock туршилтын нээлтээ хийлээ. Зөвхөн Comcast-ийн хэрэглэгчдэд нээлттэй болсон тус платформ нь The Office, Law & Order, SVU, Jurassic Park, E.T зэрэг 15 мянган цагийн сантайгаар эхэлж байна. Сарын 5 долларын үнэтэй тус үйлчилгээ ирэх 7-р сард Олимпийн наадмын өмнө нээлтээ хийх зорилготой байсан билээ. Ташрамд дурдахад, Netflix 52 долоо хоногийн дээд үзүүлэлтдээ хүрч, Disney 50 сая хэрэглэгчийн босгыг давснаа зарлаад байгаа юм.

Санал болгох: Peacock-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс /Digital Trends/

4 мэдүүштэй баримт

Сансрын тээвэр: NASA 2031 он гэхэд Ангараг гарагийн шороог эх дэлхийд авчрах амбицтай хөтөлбөрийг зарлалаа. Төлөвлөгөөний дагуу 7-р сард хөөрөх Perseverance хөлөг Ангарагийн хөрсийг судалж, дээжийг нь цуглуулах бөгөөд 2026 онд хөөрөх дараагийн хөлөг лүү зөөвөрлөнө. Улмаар уг хөлөг 2028 онд дэлхийгээс өөр гараг дээрээс нислэг үйлдсэн анхны хөлгийн хувиар агаар мандалд нэвтрэх бөгөөд тэндээсээ дэлхий рүү буцах зорилготой гурав дахь хөлөгт дээжийг тээвэрлэх ажээ.

Дулаарлын нөлөө: 2019 онд Гренландын мөсөн арлаас 600 тэрбум тонн ус хайлсан нь 1948 онд бүртгэл эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой дэлхийн дулаарлын улмаас явагдсан уг үзэгдэл далайн түвшинг 1.5 мм-ээр нэмэгдэхэд хүргэжээ.

Дараагийн дэлхий: Одон орончид 300 гэрлийн жилийн зайд дэлхийтэй тун төстэй нөхцөлд орших гараг илрүүлсэн байна. Хэмжээгээрээ болон нарны тусгалаараа дэлхийтэй ижил уг гараг уулархаг бүтэцтэй учир шингэн байх магадлалыг нэмэгдүүлж байгааг онцолсон байна. "Kepler-1649c-ийн нээлт 2 дахь дэлхий биднийг хүлээж байгаа гэсэн итгэлийг өглөө" хэмээн судалгааны багийнхан тэмдэглэжээ.

Хаягдалгүй баглаа: Samsung байгальд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарим сав баглаа боодлоо дахин ашиглах зориулалттай гаргаж эхэллээ. Тэд LifeStyle TV цувралын хайрцагт нэмэлт хэрэгсэл, мөн зааврыг хавсаргаж хэрэглэгчид савыг нь хаялгүйгээр номын тавиур, муурны гэр болгон дахин ашиглах боломжоор хангажээ.

5 сонин хачин

1. NASA 2011 оноос хойш анх удаа эх нутгаасаа, өөрийн хөлгөөр сансрын нисгэгч тойрог замд илгээх нислэгийн товоо 5-р сарын 27 хэмээн зарлалаа. Энэ бол Э.Маскийн SpaceX-тэй хамтран хэрэгжүүлж буй 3.1 тэрбум долларын төслийн үр дүн. Өмнө нь ОХУ-ын Союз хөлгийг ашиглан нисгэгчдээ хөөргөдөг байсан тэд Demo-2 нислэгээр хоёр сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Станц руу илгээнэ. Энэ нь 2002 онд байгуулагдсан SpaceX-ийн хувьд ч анх удаа нисгэгчтэй хөөргөлт хийх үйл явдал болох билээ.

2. Facebook цар тахлын аюултай холбогдуулан "анхаарал тавьж" буйг илэрхийлэх шинэ эможиг Facebook болон Messenger-т нэмснээ зарлалаа. Эдгээр нь гэртээ буй сая сая хэрэглэгчдэд илүү дотно харилцааг үүсгэж, сайн сайхан байдлыг нэмэгдүүлнэ хэмээн тэд найдаж байгаа ажээ.

3. Google хэд хэдэн банктай хамтран шинэ дебит төлбөрийн карт гаргах гэж байна. Тэд Google Pay-тэй нийцэн ажиллаж Google Maps, Gmail зэрэг бусад үйлчилгээнүүдтэй уялдан дата хуваалцаж, хэрэглээгээ хянах боломжтой байлгахаар хөгжүүлэлт хийж байгаа гэнэ. Сонирхуулахад, Apple, Amazon ч мөн адил санхүүгийн үйлчилгээний зах зээлд нэвтрээд байгаа билээ.

4. Ирэх сард нээлтээ хийх HBO Max нэрт найруулагч Ж.Ж.Абрамстай хамтран Justice League Dark комикоос сэдэвлэсэн цуврал бүтээх болсноо зарлалаа. К.Рийвзийн бүтээснээр танил болсон Жон Константин зэрэг хэд хэдэн супер хүчтэй баатруудын түүхийг өгүүлэх уг комик нь DC Universe-ийн нэг хэсэг юм. Цуврал хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.

5. Verizon видео дуудлагын үйлчилгээ үзүүлэгч Blue Jeans-ийг 500 орчим сая доллараар худалдан авч байгаагаа зарлалаа. Зөвхөн төлбөртэй хэрэглэгчдэд зориулсан уг үйлчилгээ нь Zoom, Teams зэрэг цар тахлын үед эрс өсөлтийг үзүүлж буй компаниудын гол өрсөлдөгчдийн нэг юм. 2009 онд байгуулагдсан тус компани 15 мянган хэрэглэгчтэй гэнэ.

10 уншууртай мэдээ

Унших: Авьяаслаг залуу кодерын сэтгэл өвдөм доройтол /Wired/

Хүлээх: Facebook бүх эвентүүдээ 2021 он хүртэл хойшлууллаа /The Verge/

Гайхах: 2-р дайны "тэнэг" дизайн Макинтошийн үндэс болсон нь /Wired/

Мэдэх: Stripe 36 тэрбумын үнэлгээтэй боллоо /BI/

Урамших: 99 настай ахмад цэргийн 17 сая фунт босгосон түүх /BBC/

Ухах: Ж.Бэйзосын хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидал /Amazon/

Сонирхох: Коронавирус хэрхэн бидний медиа хэрэглээг өөрчлөв? /Bloomberg/

Харамсах: San Diego Comic Con 50 жилд анх удаа цуцлагдлаа /CNBC/

Ойлгох: Зэсийг бактерийн эсрэг ашиглах нь /Smithsonian/

Судлах: М.Мийкерийн коронавирусын тайлан /Axios/