1 гол сэдэв
Юу болов?
Apple дэлхийн хамгийн их үзэгчтэй энтертэйнмент шоуны нэг "Super Bowl Halftime Show"-г ивээн тэтгэх боллоо. Тэд ирэх таван жилийн турш 250 сая долларыг NFL-д төлөх гэнэ. Өнгөрсөн жил л гэхэд уг шоуг 120 сая үзэгч шууд хүлээн авч үзсэн нь зөвхөн 161 сая үзэгчтэй Eurovision-ийн ард бичигдэх үзүүлэлт юм.
Яагаад онцгой гэж?
Энэ бол томоохон эвент, ивээн тэтгэлгээс татгалздаг Apple-ийн хувьд маркетингийн стратегийн шинэ хэлбэрт шилжиж байгаагийн илрэл байлаа. Тэд 2013 онд Apple Watch-ийг идэвхжүүлэх үүднээс Met Gala-г спонсорлож байсан удаатай. "Half Time Show"-ийг 2013 оноос хойш Pepsi ивээн тэтгэж, өөрийн нэрийн дор хөгжүүлсээр ирсэн билээ.
Шинэ мэдээ юу байна?
Үүнтэй зэрэгцээд ирэх оны 2-р сард Аризонад болох шувтаргын тоглолтын завсарлагаар алдарт Rihanna уран бүтээлээ хүргэх болсон байна. Түүнчлэн Apple NFL-ийн ням гарагийн тоглолтуудыг шууд дамжуулах эрхийн төлөө өрсөлдөж буй. Уг багцын үнэ 2.5 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн хамгийн их үзэлттэй 100 шууд дамжуулалтын 95 нь спортын тэмцээн, түүний 75 нь америк хөлбөмбөгийн тоглолтууд байсан гэнэ.
IT'S ON. @rihanna will take the stage for the first ever Apple Music Super Bowl Halftime Show on 2.12.23. #SBLVII… https://t.co/MkqMxeBvhI
Sun Sep 25 19:15:04 +0000 2022
2 чухал тоо
3 - Францын засгийн газар номын хүргэлтийн хамгийн доод төлбөрийг 3 евро байхаар журамлалаа. Энэ нь 35 евро хүртэлх захиалгад хүчинтэй байх гэнэ. Уг шийдвэр нь Amazon зэрэг аварга платформуудын үнэгүй хүргэлтийн маркетингийг зохицуулж, жижиг хэмжээний номын дэлгүүрүүдэд өрсөлдөх чадвар бий болгох зорилготой юм.
5.200.000 - Credit Suisse-ийн тайланд дурдсанаар өнгөрсөн онд дэлхий даяар 5.2 сая хүн долларын саятан болжээ. Үүний бараг тал нь буюу 2.5 сая нь АНУ-ын иргэншилтэй байсан гэнэ. Сонирхуулахад, өдгөө 62.5 сая хүн саятан гэсэн статустай байгаа бөгөөд тэдний нийт хөрөнгө 463 их наядтай тэнцүү байгаа юм.
In France, Amazon will need to raise its book delivery fees to at least €3. It's a policy meant to protect brick-… https://t.co/BMSNlpQsSq
Fri Sep 23 11:17:39 +0000 2022
3 онцлох өгүүлбэр
I. Олон улсын үйл явдлын тойм
- Итали улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай боллоо. 45 настай Ж.Мелонигийн тэргүүлсэн хэт барууны үзэлт "Италийн ахан дүүс" эвсэл сонгуульд нийт сонгогчдын 45%-ийн саналыг цуглуулжээ. Тус улс сүүлийн 8 жилд 6 ерөнхий сайд солиод байна.
- 22 настай Махса Амини хэмээх оюутан бүсгүй толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар баривчлагдан, улмаар амиа алдсан нь Ираны ард түмнийг жагсахад хүргэлээ. Улс даяар 40 гаруй хотод мянга мянган иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэллээ. Одоогоор 30 гаруй хүн амиа алдсаны дотор парламентийн 5 гишүүн байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
- ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин улс орон даяар цэргийн хэсэгчилсэн татлага явуулах болсноо зарлалаа. Тэрээр цэргийн албанд бүртгэлтэй буюу бэлтгэгдсэн 300 мянган иргэнийг дайнд татан оролцуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь зарим бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэж, иргэдийг олноороо хил даван зугтахад хүргэж байгааг барууны хэвлэлүүд онцолж байна.
II. Microsoft ажлын байрны талаарх шинэ судалгаагаа танилцууллаа
- Microsoft жил бүр гаргадаг Work Trend Index-ээ танилцууллаа. Энэ удаагийн судалгааны хамгийн анхаарал татсан дүгнэлт нь ажилчин болон ажил олгогчдын хоорондын бүтээмжийн талаарх зөрүүтэй ойлголт байв. Судалгаанд 11 орны 20 мянган оролцогч хамрагджээ.
- Нийт ажил олгогчдын ердөө 12% нь зайнаас ажиллах нь бүтээмж өндөртэй гэж үзсэн байхад ажилчдын 87% нь зайнаас бүтээмжтэй ажилладаг гэж өөрсдийгөө тодорхойлсон байлаа. Энэ нь оффис дахь итгэлцлийг бууруулах гол хүчин зүйл болж байгааг тэд онцолжээ.
- Мөн цар тахал гарахаас өмнөхтэй харьцуулахад баг доторх тогтмол уулзалтын тоо 153%-аар нэмэгдсэн байна. Үүнээс гадна онлайн хуралд оролцогсдын 42% нь хурлын үеэр имэйл явуулах, тайлан бичих зэрэг өөр ажлаа давхар хийдэг хэмээн мэдүүлжээ.
III. Netflix-ийн шинэ контент танилцуулах өдөрлөг явагдлаа
- Өнгөрсөн жил хамгийн анх зохиогдсон Tudum эвентийн гол анхаарал Netflix-ийн хамгийн алдартай франчайзууд руу чиглэж байлаа. Нэгэн үе хамгийн их үзсэн цувралд тооцогдож байсан Bridgerton-ийн өмнөх түүхийг өгүүлэх "Queen Charlotte" зарлагдав. Мөн Addams Family-ийн зэргэлдээ түүх "Wednesday Addams vs Thing", The Witcher-ийн өмнөтгөл түүх "Blood Origin" зэрэг шинэ цувралууд ирэх жил гарах болжээ.
- Үүнээс гадна Холливүүдийн том одуудын нэрс ч энд олон дуулдав. Г.Гадотын тагнуулчтай триллер "Heart of Stone", Ж.Лопезийн захиалгат алуурчны түүх "The Mother", Ж.Фоксын гол дүрд нь тоглосон "Day Shift" зэрэг бүтээлүүд хүлээлт өндөртэй байна. Мөн алдарт найруулагч Г.Дел Торогийн "Pinoccio"-ийн шинэ киноны трэйлэр ч үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж орхив.
- Энэ удаагийн арга хэмжээний үеэр тэд сүүлийн үед дэлхийн фенүүдийг татах болсон солонгос цувралуудын талаар мэдээлэл өгөхөө мартсангүй. "Squid Game"-ийн дуулиан дунд "Money Heist: Korea"-ийн үргэлжлэл болон "Hellbound"-ийн шинэ бүлгийн трэйлэрийг тэд ил болгожээ.
4 мэдүүштэй зүйл
Мөхлийн шалтгаан: Үлэг гүрвэлийн төрөл зүйл 66 сая жилийн өмнө солир дэлхийг мөргөхөөс ч өмнө мөхөх шатандаа орсон байсан гэнэ. Хятадын эрдэмтэд үлэг гүрвэлийн 1000 гаруй өндгөнд хийсэн шинжилгээний үр дүнд үндэслэн уг дүгнэлтийг хийжээ. Тэд ялангуяа сүүлийн 1 сая жилийн хугацаанд үлэг гүрвэлийн олон төрөлт зүйлд хомсдол үүсэж, зарим зүйлс нь хэдийнээ мөхсөн байсан гэдгийг онцолжээ.
Ухаантай машин: Volvo энэ оны сүүлээр гарах EX90 загвар нь "жолоочийг ойлгох систем"-ээр тоноглогдсон байна гэдгээ зарлалаа. Энэ нь тусгай мэдрэгчүүдийг ашиглан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байх, эсвэл хүрдээ бүрэн удирдах боломжгүй байх үед зогсох, асахгүй байх зэрэг хариу үйлдлийг хийх чадалтай болсон гэсэн үг гэнэ.
Дуугаар илрүүлэгч: Америкийн эрдэмтэд хүний дуу хоолойгоор өвчний шинж тэмдгийг илрүүлж, оношлох төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тэд засгийн газраас 14 сая долларын санхүүжилт аваад байгаа бөгөөд төрөл бүрийн эх сурвалжаас сая сая дуу хоолойны бичлэгийг цуглуулж, хиймэл оюун сургах зорилготой. Эрдэмтэд алцхаймерын өвчнөөс эхлээд хавдар хүртэлх өвчнийг эрт илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Супер музей: "Star Wars"-ийг бүтээгч Жорж Лукас өөрийн бүтээж буй шинэ музейн нээлтийн товыг 2025 он хэмээн зарлалаа. "Museum of Narrative Arts" нэртэй уг музей нь хадны сүг зургаас эхлээд орчин үеийн урлагийн бүхий л элементийн түүхийг агуулах зорилготой юм. Лос Анжелест нээгдэх уг төслийн өртөг нь 400 сая доллар гэнэ.
5 сонин хачин
1. О.Вайлд, Х.Стайлз нарын гол дүрийг нь бүтээсэн "Don't Worry Darling" дэлхий даяар 36 сая долларын орлого цуглуулж, бокс оффисыг тэргүүллээ. 1950-аад онд үйл явдал нь өрнөдөг уг киноны нийт төсөв нь 35 сая орчим доллар байсан бөгөөд таамгыг давсан амжилт үзүүлсэн нь энэ. Мөн 13 жилийн өмнө нээлтээ хийж байсан "Avatar" нийт 50 гаруй оронд дахин нээгдэж, 30.3 сая долларын орлого олсноор жагсаалтын 3-р байрт бичигджээ. Тус киноны шинэ анги арванхоёрдугаар сард нээлтээ хийх билээ.
2. TikTok тохиромжгүй контент, сэтгэгдэлд илгээдэг "дислайк" буюу таалагдаагүй товчийг нэвтрүүллээ. Гэхдээ тухайн пост дээрх нийт дислайкийн тоо нь ил харагдахгүй байх гэнэ.
3. Google-ийн хамтран үүсгэн байгуулагч Л.Пэйжийн хөрөнгө оруулсан KittyHawk дампуурлаа зарлалаа. 2010 онд байгуулагдсан уг компани нисдэг машин бүтээх зорилготой байсан юм. 2017 онд анхны загвараа туршсан тэд цахилгаан хөдөлгүүртэй нисдэг машин бүтээхээр ажиллаж байсан билээ.
4. Spotify аудио номын үйлчилгээгээ эхлүүллээ. Эхний ээлжинд Америкийн зах зээлд төвлөрөх тэдний санд 300 мянган ном нэгдсэн бөгөөд сонирхсон бүтээлээ нэг, нэгээр нь худалдаж авах сонголттой байх гэнэ. Ташрамд дурдахад, аудио номын зах зээлийн бараг тал хувийг Amazon-ийн эзэмшдэг Audible бүрдүүлдэг аж.
.@Spotify is already home to your favorite music and podcasts. And starting today in the U.S., you can also find yo… https://t.co/UfUKuYIqDJ
Tue Sep 20 13:00:22 +0000 2022
5. 1999 онд ахлах ангийн найз охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан бүх насаараа хоригдох ял авсан А.Сайед шоронгоос суллагдлаа. 23 жилийг шоронд өнгөрүүлсэн түүний түүхийг өгүүлсэн "Serial" нэртэй подкаст 2014 онд гарч, өдийг хүртэл 300 сая таталт цуглуулснаараа бүх цаг үеийн хамгийн алдартай аудио бүтээлийн нэгт тооцогдох болсон юм. Сайедын өмгөөлөгчид өмнөх мөрдлөгөөр хөндөгдөөгүй шинэ нотлох баримтуудыг гаргасныг шүүх хүлээн авч, прокурорыг давж заалдах эсэх хугацааг олгожээ.
This is big news. For the first time, Baltimore prosecutors are saying they don't have confidence in Adnan Syed's c… https://t.co/ovewJkKLjl
Wed Sep 14 17:54:54 +0000 2022
10 унших мэдээ
Зочлох: Дэлхийн хамгийн нууц музей /BBC/
Зохицох: Google-ийн CEO зардал танах стратегиа тайлбарлав /CNBC/
Эмээх: Шашины байгууллага таныг хэрхэн хянадаг вэ? /Wired/
Ойлгох: Астеройд устгах ажиллагаа хэрхэн явагдах вэ? /Space/
Мэдэх: Шатарт технологи ашиглан хууран мэхлэх амархан /NPR/
Төсөөлөх: Федерер бол ганц тохиох онцгой нэгэн байв /The Athletic/
Аялах: Дэлхийн хамгийн урт туннел /CNN/
Дурсах: Хатан хааны оршуулгын ёслол гэрэл зургийн дуранд /The Guardian/