1 гол мэдээ

Юу болов?

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон 25 дахь удаагийн өвлийн олимп Италийн Милан, Кортина хотуудад явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпын наадамд 92 улсын 2871 тамирчин 116 багц медалийн төлөө өрсөлдөв. Тамирчид нийт 6 тосгонд хуваагдан байрлаж өрсөлдсөн нь онцлох үйл явдал байв. Нээлтийн ажиллагаа л гэхэд 4 өөр байршлаас зэрэг явагджээ. Харин хаалтын ажиллагаа Веронагийн түүхэн цэнгэлдэхэд явагдав.

Хаанах тэргүүлэв?

Олимпын наадмыг багийн дүнгээр Норвегийн баг илт тасархай тэргүүлэв. Тэд нийт 18 алт, 40 медаль хүртсэн нь түүхэн амжилт. Гүйлтийн цанын од И.Клэбо нийт 6 алтан медаль хүртэж, карьерын алтан медалиа 11 болгон нэмэгдүүлснээр бүх цаг үеийн хамгийн амжилттай өвлийн олимпын тамирчин болж чадлаа. Одоо түүний урд зөвхөн алдарт М.Фелпс л бичигдэж буй. Талбайн эзэн Италичуудын хувьд 10 алт хүртэж, багийн дүнгээр топ 3-т орно гэдэг маш том амжилт. Тэшүүр, уулын цанын төрөлд 3 алт хүртсэн тэд 2028 онд залуучуудын өвлийн олимпын наадмыг хүлээн авна.

Өөр онцлох юу байв?

Өвлийн олимпын наадам ОУОХ-ын шинэхэн ерөнхийлөгч К.Ковентригийн анхны наадам байлаа. Украйны чаргачны улс төрийн тэмцэл, Оросыг тугтай нь оролцуулах эсэх маргаан түүнийг чамгүй сорилтод оруулсан ч тамирчин төвтэй бодлого нь энэ наадмыг илүү онцгой болгож чадлаа.

Монголчууд яав?

Манай улсын хувьд нийт 3 тамирчин Миланд өрсөлдсөн. Уулын цанаар анх удаа олимпод оролцсон А.Ариунбат 96 тамирчнаас 35-д орсон нь онцлох амжилт байв. Мөн 3 дахь олимпдоо оролцож буй Б.Ачбадрах скиатлоны төрөлд монголчуудаас анх удаа өрсөлдөв. Э.Ариунтунгалаг ч хоёр зайд амжилттай уралдаж чадлаа. “Гоёл кашмир” ХХК-ийн урласан Монголын багийн ёслолын хувцас дэлхийн топ сэтгүүл, экспертүүдээс эерэг үнэлгээ авч, загвар дизайнаараа толгой цохив. 2030 оны өвлийн олимпыг Франц улс зохионо.

2 чухал тоо

2000 - Испаниас зааны яс олджээ. 2000 жилийн настай уг олдвор Пунийн хоёрдугаар дайны үеийн хамгийн алдартай домгийг бодитой гэдгийг батлах үйл явдал болжээ. Домогт алдарт Ханибал Ромтой байлдах үедээ 37 заантай Алпийн нурууг давсан гэж гардаг. Түүхчид уг үйл явдлыг бодитой болсон гэдэгт эргэлздэггүй байсан ч биет баталгааг хараахан олоогүй байсан юм.

6 - АНУ-ын дээд шүүхээс яг нэг жилийн өмнө зарласан дэлхийн бүх улсуудад тариф тогтоох шийдвэрийг хүчингүйд тооцжээ. Дээд шүүхээс ерөнхийлөгч Д.Трамп нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж 9 шүүгчийн гурав нь үзсэн байна. Харин ерөнхийлөгчийн зүгээс татварын бодлого нь хэдийнээ үр дүнгээ өгч эхэлсэн учраас үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд бусад хууль зүйн механизмыг ашиглана хэмээн мэдэгджээ.

3 онцлох өгүүлбэр

I. India AI Summit явагдаж, дэлхийн томчууд цугларлаа

- Өнгөрсөн долоо хоногийн технологийн ертөнцийн хамгийн гол арга хэмжээ Шинэ Дели хотноо явагдлаа. Уг арга хэмжээнд OpenAI-ийн С.Алтман, Antrophic-ийн Д.Амодей, Google-ийн Д.Хассабис зэрэг хиймэл оюуны салбарын гол тоглогчид оролцсон. Үүнээс гадна Alphabet, Microsoft, Nvidia, Amazon, Meta-ийн удирдлагууд ирсэн нь цар хүрээ ямар өндөр түвшинд байсныг илтгэнэ.

- Уг арга хэмжээнд Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди өөрийн биеэр оролцож, ирэх арван жилд баримтлах AI стратегиа танилцуулав. Тэд технологийн хүний нөөцийн хамгийн том нийлүүлэгчээс хиймэл оюуны хөгжлийн гол төв болох амбицтай байна. Тиймдээ ч ирэх 10 жилд дата төв, хүний нөөц, технологи хөгжүүлэлтэд зориулан 700 тэрбум долларын хөрөнгө оруулалт татсанаа зарлалаа.

- Энэтхэгийн технологийн хамгийн том компани Reliance дэд бүтцийн хөгжүүлэлтэд зориулан 110 тэрбум долларыг зарцуулна гэдгээ мэдэгдсэн нь хамгийн том амлалт байв. Тэдний гол өрсөлдөгч Adani-ийн хувьд ирэх 10 жилд 100 тэрбум долларыг AI салбарт зарцуулах ажээ. Харин гадны компаниудыг Microsoft 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар тэргүүлэв. Чип хөгжүүлэлтийн гигантууд болох Nvidia, AMD ч дотоодын үйлдвэрлэлд төвлөрч тэрбум долларын санхүүжилт хийхээр болжээ.


II. Сошиал медиа донтолтын асуудлаарх шүүх хурал эхэллээ

- 20 настай бүсгүй бага наснаасаа сошиал медиад донтож, улмаар сэтгэцийн эрүүл мэнд нь доройтсон хэмээн шүүхийн маргаан үүсгэсэн нь олны анхаарлын төвд орлоо. Энэ хүрээнд Лос Анжелесийн иргэний шүүхийн танхимд Meta-ийн М.Цукерберг, Google-ийн С.Пинчай тэргүүтэй технологийн салбарын лидерүүд мэдүүлэг өгөх хуваарьтай байгаа.

- Гомдол гаргагчийн анхны заргад TikTok, Snap дурдагдсан ч тэд шүүх хурал эхлэхээс өмнө тохиролцсон учраас мэдүүлэг өгөхгүй гэнэ. Шүүгчийн үзэж байгаагаар Meta, Google компаниуд бага насны хүүхдийн насыг баталгаажуулах тал дээр дорвитой арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж байгаа.

- Зөвхөн Instagram-ийг л гэхэд 13-аас доош насны 4 сая хүүхэд ашиглаж байгаа баримт олджээ. Мөн үүнээс гадна тэд хэрэглэгчдийн дэлгэцний хамаарлыг нэмэгдүүлэх зорилгоор алгоритмыг хөгжүүлдэг хэмээн буруутгаж байгаа юм.


III. Францад хамгийн их жуулчид зочилжээ

- 2025 оны дэлхийн хамгийн их жуулчин хүлээн авсан орны жагсаалтыг Франц тэргүүлжээ. Тус улс өнгөрсөн онд 102 сая жуулчин хүлээн авсан нь дээд амжилт болсон байна. 2024 онд зуны олимпыг хүлээн авахдаа тэд 100 сая жуулчинтай анхны орон болж байсан удаатай.

- Франц улс зөвхөн аялал жуулчлалын салбараас 77 тэрбум еврогийн орлого олсон байна. Энэ нь 2024 онтой харьцуулахад 9%-аар, 2019 онтой харьцуулахад 37%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Тус улсыг зорин ирж буй жуулчдын 76% нь Европоос ирсэн байжээ. Тэд 2030 он гэхэд салбарын орлогыг 100 тэрбум еврод хүргэх зорилготой байгаа гэнэ.

- Гэхдээ энэ тоонд 2-р байрт орсон Испани улс хэдийнээ хүрчихсэн. Тэд мөн л рекорд үзүүлэлт болох 96 сая жуулчныг хүлээн авсан ч салбарын орлого нь 105 тэрбум евро байсан гэнэ. Энэ нь Испанид аялагчид илүү урт хугацааг зарцуулдаг, тэр хэрээрээ их мөнгө үрдэгтэй холбоотой аж.

4 мэдүүштэй зүйл

Алтан хандив: Японы Осака хотын захиргаа 21 кг буюу 3.5 сая долларын үнэлгээтэй алтыг гулдмайгаар хүлээн авснаа баталсан байна. Нэрээ нууцлахыг хүссэн иргэн уг хандивыг хотын ус сувгийн системийг сайжруулахад зарцуулахыг хүсжээ. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 3 сая оршин суугчтай тус хотод хуучирч муудсан ус сувгийн системтэй холбоотой 90 гаруй гэмтэл гарчээ.

Гэмт хэрэгтэн: БНСУ-ын дээд шүүхээс цэргийн онц байдал тогтоож, төрийн эрх мэдлийг авахыг оролдсон гэсэн хэргээр экс ерөнхийлөгч Юн Сок Ёлд бүх насаар хорих ял оноолоо. Прокуророос түүнийг цаазаар авах ял оноохыг шаардсан. Олон нийтийг талцуулж, нийгмийн хуваагдлыг улам гүнзгийрүүлсэн уг хэрэг хожмын олон улс төрчдөд сургамж болох нь гарцаагүй.

Хавтаст хэрэг: 2019 онд шоронд хоригдож байхдаа амиа хорлож нас барсан Жеффри Эпштэйнтэй холбоотой 6 сая гаруй бичиг баримт, имэйл ил болоод буй. АНУ-ын засаг захиргаанаас ил болгосон уг бичиг баримт олон хүний нэр хүнд, карьерт нөлөөлсөөр байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Их Британийн хаан Чарльзийн төрсөн дүү Эндрью боллоо. Түүнийг төрийн алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, эмзэг мэдээлэл олон нийтэд цацсан хэмээн буруутган баривчлав. Тэрээр сүүлийн 360 жилийн түүхэнд баривчлагдсан анхны хааны удмын хүн болжээ. Чарльз хааны хувьд хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Гэнэтийн хориг: Нью Йорк жолоочгүй машиныг хориглолоо. Энэ бол Tesla, Waymo зэрэг шинэ үеийн технологи хөгжүүлэгчдийн хувьд маш том ялагдал боллоо. Мужийн захиргаанаас үйлдвэрчний эвлэл болон такси компаниудын шаардлагыг хүлээн авч байгаа нь энэ юм. Тэд жолоочгүй машин нь хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэмээн мэтгэсэн билээ.

5 сонин хачин

1. Дэлхийн хамгийн том медиа группыг үүсгэх потенциалтай Warner Bros.Discovery-г худалдаж авах наймаа эцэслэгдэх болоогүй байна. Хэдийгээр тэд Netflix-тэй зөвшилцөлд хүрч, 82.7 тэрбум доллараар кино студи, контентын бизнесээ зарах болсон. Гэвч дэлхийн хамгийн баян эрхэмүүдийн нэг, Oracle-ийн босс Л.Эллисоны хүү Дэвид Эллисон болон Paramount үнэ цохиж наймаан дундуур орохыг эрмэлзэж буй. Тэд хамгийн сүүлд санал болгох үнээ 102 тэрбум доллар болгон нэмэгдүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт талууд Netflix-ийн зөвшөөрөлтэйгөөр дахин хэлцэл хийж эхэлснээ зарлалаа. Тэд бүх нөхцлүүдийг шинээр тохиролцож, хөрөнгө оруулагчдын өгөөжийг хамгийн их байлгахыг зорих гэнэ.

2. Ebay хуучин хувцасны платформ худалдаж авчээ. Gen Z үеийнхэн дунд ихэд алдаршиж буй Depop 1.2 тэрбум долларын үнэ хүрсэн байна. 2021 онд ковидын үеэр хуучин хувцас зардаг уг платформыг Etsy 400 сая доллараар худалдан авч байсан билээ. Depop-ийн борлуулалт өнгөрсөн жил анх удаа 1 тэрбумыг давсан бөгөөд зах зээлд хоёрдогч хувцасны эрэлт улам бүр нэмэгдсээр байгаа нь уг наймааны үнэ цэнийг нэмэгдүүлэв.

3. Домогт U2 хамтлаг 9 жилийн дараа шинэ цомог гаргалаа. “Days of Ash” нэртэй шинэ цомогт 6 дуу багтсан бөгөөд Ираны мөргөлдөөн, Украйны дайн, Израйлын түрэмгийллийн асуудлыг хөнджээ.

4. Amazon анх удаа Walmart-ийг гүйцлээ. 65 жилийн түүхт Америкийн худалдааны хамгийн том брэнд Walmart-ийн 2025 оны борлуулалтын орлого 713 тэрбум доллар байлаа. Энэ бол тэдний 20 жилийн өмнөх орлоготой харьцуулахад 2 дахин өссөн дүн. Мөн 15 улирал дараалан борлуулалтын орлого өссөн нь ихэнх салбарт ховор дүн. Гэвч энэ нь тэд онлайн худалдааны гигант Amazon-ийн түйвээлтээс хамгаалж чадсангүй. Amazon-ийн хувьд 2025 онд 716.9 тэрбум долларын орлого олж, түүхэндээ анх удаа Америкийн №1 болж чадлаа. Amazon-ийн хувьд ирэх жилүүдэд AI-д хөрөнгө оруулж, онлайн худалдааны байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.

5. Дэлхийн хамгийн их үзэгчтэй гэгдэх Луврын музейтэй холбоотой сөрөг үйл явдлууд үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд цагдаагийн байгууллагаас тус музейн тасалбарыг хууль бусаар борлуулж, давхцуулан ашигладаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Тэд музейн ажилчид болон жуулчны байгууллагуудтай хуйвалдаж арав гаруй жилийн хугацаанд 12 сая долларын луйврыг хийсэн гэнэ. Бүлэглэлийн оффисоос 1 сая долларын бэлэн мөнгө хураасан бөгөөд ихэнх мөнгөө үл хөдлөх хөрөнгө рүү оруулж, эргэлдүүлж байсныг тогтоожээ.