Төрсөн өдрийн мэнд, Hubble! Хүн төрөлхтний сансар огторгуйд илгээсэн хамгийн хүчирхэг телескоп 30 нас хүрлээ. Уг телескопийн төрсөн өдрөөрөө илгээсэн 163 мянган гэрлийн жилийн цаана орших галактикийн сэтгэл хөдөлгөм зургаар өнөөдрийн тоймоо чимэв.

Өнөөдрийн тойм 1400 үгээс бүрдэнэ. Амттай кофе юм уу цайгаа оочлонгоо дуртай хөгжмийн аялгуундаа тоймоо уншиж дуусгахад танд ердөө 5 минут л хэрэгтэй.

1 гол сэдэв

Энэ долоо хоногийн гол сэдэв мэдээж,"уламжлал ёсоор" цар тахал. Вакцин гартал анхаарлаа сулруулж огт болохгүй гэдгийг эрдэмтэд сануулсаар байгааг мартаж болохгүй.

Гол тоонууд юу байна?

- Дэлхий даяар халдвар авагсдын тоо 3 саяд хүрэв.

- Нас барагсдын тоо 205 мянгад хүрэв.

- Монгол улсад 38 тохиолдол бүртгэгдсэн.

- Тажикистан, Туркменистан, БНАСАУ зэрэг 15 оронд л илрээгүй.

- АНУ тахлын голомт хэвээр. Өчигдөр 26 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар 1 саяд ойртов

- ОХУ-д өнгөрсөн 24 цагт 6 мянган тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-г эс тооцвол хамгийн өндөр өсөлтөд тооцогдоно.

Юу мэдэх хэрэгтэй вэ?

Эдгэрсэн бол дархлаа тогтохгүй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дархлааны тухай баттай баримт үгүй гэдгийг онцолсон байна. Чили тэргүүтэй зарим улс орнууд эдгэрсэн хүмүүстээ "эрүүл, эрсдэлгүй" гэсэн утгатай үнэмлэх, пасспорт олгох тухай яриа гарсан юм.

Дулаарна гэдэг эрсдэлгүй гэсэн үг биш. Нарны гэрэлд вирус амархан "үхэж" буй талаар судалгаа гарсны дараагаар зун цаг айсуй энэ үед жаахан тэсчихвэл болох нь гэсэн хандлагыг эрдэмтэд эрс үгүйсгэж буй. Дулаан, хүйтэн хамаагүй ханиад хүрнэ, халуун орнуудад ч эрсдэл нэмэгдсээр байгааг мартаж болохгүй.

Тэжээмэл амьтад аюулгүй биш. Нью Йорк мужид хоёр ч гэрийн тэжээмэл муурнаас коронавирусын халдвар илэрсэн байна. Энэ нь Америкт тэжээмэл амьтанд вирус илэрсэн анхны тохиолдол болов. Үүнээс гадна малай бар нь халдвар авсныг зарлаад байсан Нью Йоркийн Амьтны хүрээлэнд гурван бар, гурван арслан нэмж халдвар авсан нь ил болжээ. Эрдэмтэд одоогоор амьтад тахал тарахад ямар үүрэгтэй байгааг тогтоогоогүй л байгаа.

Биднийг юу хүлээж байна вэ?

Deloitte, Salesforce-ийн хамтарсан судалгаагаар COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг 4 хувилбараар ангилж үзэж болох гэнэ.

1. Шуургыг давагчид: Цар тахлыг тодорхой хугацааны дараагаар бүрэн дарна. Ингэснээр илүү үр дүнтэй эрүүл мэндийн систем, улс төрийн тогтолцоо үүсэж бүрдэнэ.

2. Сайн компани: Улс төрийн нөлөөгөөр засгийн газрууд бүтэлгүйтнэ. Улмаар үндэстэн дамнасан том компаниуд удирдлагыг авч, тахлыг дарна. Оролцогч талуудын үүрэг, нөлөөнд өөрчлөлт орно.

3. Дорнын мандалт: АНУ тэргүүтэй барууны орнууд Хятад, Азийн орнуудтай харьцуулахад хангалтгүй ажиллана. Геополитикийн өрсөлдөөнд Бээжин давамгайлах болно.

4. Ганц чоно: Тахал төсөөлснөөс удаан үргэлжилнэ. Улс орнууд хөл хориогоо сунгаж, тусгаарлагдсан байдалтай ажиллах бөгөөд иргэдийг хянах, тандах сэдэл нэмэгдэнэ.

2 чухал тоо

15,600,000 - Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лигүүдийн нэг NFL-ийн драфт бүрэн виртуал хэлбэртэй зохиогдлоо. Анх удаа цахимаар явагдсан драфтын үйл ажиллагааг 15.6 сая хүн телевизээр шууд үзсэн нь түүхэн дээд амжилт болжээ. NFL технологийн түнш Microsoft-ийн Teams-ийг ашиглан драфтаа зохион байгуулжээ. Тэд энэ үеэрээ спонсорууд, клуб болон үзэгчдээс коронавирусын эсрэг 100 сая долларын хандивыг босгосон байна.

5,700,000,000 - Facebook Энэтхэгийн хамгийн том харилцаа холбооны компани Jio-ийн 10 хувийг 5.7 тэрбум доллараар худалдан авлаа. Тэд 388 сая хэрэглэгчтэй Jio-ийн сүлжээг ашиглан WhatsApp-ийг "супер апп" болгон хөгжүүлэх зорилготой байгаа хэмээн шинжээчид таамаглаж байна.

3 онцлох зүйл

Сүүлчийн бүжиг: Домогт Майкл Жорданы карьерын төгсгөл үеийн түүхийг өгүүлэх "Сүүлчийн Бүжиг" баримтат цуврал нээлтээ хийж, спортын ертөнцийг тэр чигт нь доргиолоо. Жорданы Буллзд өнгөрүүлсэн хамгийн сүүлийн улиралд төвлөрсөн 10 ангитай энэ цувралын эхний 2 ангийг дунджаар 6,1 сая хүн үзсэн нь ESPN-ий хувьд рекорд амжилт болсон байна. NBA-ийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчинд тооцогддог, сагсан бөмбөгийг дэлхийн хэмжээний топ спорт болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн гэгддэг Жорданы түүх цар тахалтай холбоотойгоор урагшилж цацагдсан нь энэ. Асар их хүлээлт дагуулсаар нээлтээ хийсэн уг баримтат кинонд одоогоор АНУ-ын экс ерөнхийлөгчид болох Барак Обама, Билл Клинтон, NBA-ийн экс комиссар Д.Стерн зэрэг олны танил эрхэмүүд гараад буй. Өдгөө Шарлотт Хорнетс багийг эзэмшдэг М.Жордан цувралаас олох 3-4 сая долларын орлогоо сайн дурын үйлсэд зарцуулна гэдгээ мөн мэдэгдсэн байна. Forbes-ийн мэдээлснээр М.Жордан 2.1 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.

Санал болгох: "Last Dance"-аас онцлох бүх зүйлс


Сураггүй удирдагч: БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал муудсан, бүр амиа алдсан байж магадгүй тухай мэдээлэл зарим эх сурвалжуудаар цацагдлаа. Энэ цуурхал тарсан шалтгаан нь тэрээр Хойд Солонгосыг үндэслэгч, өөрийн өвөө Ким Ир Сений мэндэлсэн өдрийн баярын арга хэмжээнд оролцоогүйтэй холбоотой. 4-р сарын 15 бол Хойд Солонгосчуудын хувьд хамгийн чухал баярын өдөрт тооцогдох агаад Ким Жөн Ун 2011 онд төрийн эрхийг авснаас хойш нэг ч удаа алгасаж байгаагүй үйл явдал юм. 4-р сарын 11-ээс хойш орон нутгийн телевиз, хэвлэлээр ч түүний дүрс бичлэг бүхий нэг ч мэдээ гарахгүй байгаа нь олон улсын анхаарлыг татаж байна. Зарим эх сурвалж түүнийг зүрхний хагалгаанд орсон, биеийн байдал тааруу байж болзошгүй талаар мэдээлж байгаа ч баттай мэдээ ирээгүй л буй. Түүний хөлөглөдөг галт тэрэг хувийн зуслангийнх нь ойролцоо байршсан хиймэл дагуулын зураг интернетээр тарж, бүр оршуулгыг нь хийж буй хуурамч мэдээ ихээхэн дуулиан тарив. Цөмийн зэвсэгтэй, цэргийн дэглэмтэй улсын удирдагчийн эрүүл мэнд бол бүс нутгийн төдийгүй олон улсын хэмжээний чухал нөлөө дагуулах асуудал учир олон нийт Пхеньяныг анхааралтай ажигласаар байна.

Санал болгох: Хойд Солонгосын дараагийн удирдагч эмэгтэй хүн байж магад


Сөрөг үнэ: АНУ-ын түүхий газрын тосны үнэ цар тахлын нөлөөгөөр эрэлт эрс буурсантай холбогдуулан эрс унаж, түүхэндээ анх удаа хасах түвшинд буюу нэг баррель нь -37 доллартай тэнцсэн тохиолдол гарлаа. Гэхдээ энэ нь шууд утгаараа газрын тос "үнэгүйдлээ" гэсэн үг биш. 5-р сарын фьючерс үнэ буюу урьдчилан захиалсан хэлцлийн үнэ сөрөг рүү орж, богино хугацаанд газрын тос агуулах савны багтаамж дүүрч, хадгалах зай хомсдож байгаатай холбоотойгоор худалдан авагчдад мөнгө төлөхөд бэлэн байна гэсэн санаа. Эсрэгээрээ 6-р сарын фьючерс үнэ нэг баррель нь 20 доллартай тэнцүү байгаа юм. Коронавирусын улмаас олон улсад хөл хорио тогтоож, эдийн засгийн олон хязгаарлалтын улмаас ихэнх хүнд үйлдвэрлэл зогсонги байдалд орсон нь газрын тосны эрэлтийг эрс бууруулсан. Үйлдвэрлэгчдийн хувьд олборлолтоо зогсоох нь маш их зардалтай үйл явц дагуулах учир нийлүүлэлтээ үргэлжлүүлсээр байгаа нь ийм нөхцөлд хүргэжээ. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх бусад маркийн газрын тосны үнэ ч эрс буурсаар байгаа учир Саудын Араб, ОХУ тэргүүтэй гол үйлдвэрлэгчид ирэх сарын гарцаа танах хэлэлцээрт хүрч, зах зээл дэх үнийг тогтворжуулах арга хэмжээг шатлалтайгаар хийсээр байгаа билээ.

Санал болгох: Яагаад үнэ буурах нь Хятадад ашиггүй вэ?

4 мэдүүштэй баримт

Цахим юань: Хятад улс Шенжен тэргүүтэй нийт дөрвөн хотод цахим мөнгөн тэмдэгт ашиглах туршилтаа эхлүүлснээ зарлалаа. AliPay, WeChat-ийн тэсрэлтийн нөлөөгөөр цаасан мөнгөний хэрэглээ эрс буурсан Хятад шинэ цахим валютаа 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпоос өмнө хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байгаа юм.

Хагас зуун: Эх дэлхийн өдөр 50 нас хүрлээ. 1970 оноос UNESCO-ийн санаачилгаар эхлүүлсэн энэ өдрийг дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг хөндөж, анхаарлыг нэмэгдүүлэх чиглэлээр тэмдэглэсээр ирсэн билээ.

Тэнгэрийн даалгавар: Хятад улс 2020 онд багтан Улаан нүдэн гарагийг зорих сансрын хөтөлбөрийн албан ёсны нэрийг зарлалаа. Тэд Хятадын цуут яруу найрагчдын нэг Цю Юанийн найраглалаас санаа аван "Тяньвень 1" буюу "Тэнгэрээс тавих асуултууд" гэсэн утгатай нэрийг сонгосон байна. Одоогоор зөвхөн АНУ, ОХУ л Ангараг гараг дээр газардаад байгаа билээ.

Шинэ интернет: Google-ийн хэрэгжүүлж буй агаарын бөмбөлгөөр дамжуулан алслагдсан бүс нутагт интернет түгээх Loon төсөл Кенид хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон гэнэ. Тэд Кенийн харилцаа холбооны тэргүүлэх оператор Telcom Kenya-тай хамтарч үйлчилгээгээ олон нийтэд хүргэх ажээ.

Google дэлхийг интернетээр хангахыг зорьж байна

5 сонин хачин

1. Facebook видео дуудлага хийхэд зориулсан Messenger Rooms үйлчилгээгээ танилцууллаа. Нэг дор 50 хүн нэвтрэх боломжтой, AR стикер ашиглаж, арын дүрсээ тохируулах сонголттой Rooms-ийг гаргаснаар тэд цар тахлын үед хүчээ авч буй Zoom, HouseParty зэрэг апп-уудтай шууд өрсөлдөгч болж байгаа юм. Facebook болон Whatsapp-ийг ашиглаж өдөрт 700 сая хүн видео дуудлага хийж байгаа талаар тэд танилцуулгынхаа үеэр мөн ил болгожээ.

2. WarnerMedia шинэ стриминг үйлчилгээ HBO Max-ийг 5-р сарын 27-нд нээх болсноо зарлалаа. Warner Bros-ийн хит бүтээлүүдээс гадна HBO-ийн цувралууд, түүн дотор Friends, Game Of Thrones, DC Universe-ийн контентийг агуулсан уг стриминг сард 15 долларын төлбөртэй нь бусад өрсөлдөгчдөөсөө үнэтэйд тооцогдох юм.

3. Гар утасны зах зээлийн эхэн үеийн лидерүүдийн нэг Motorola анхны премиум төрлийн загвараа танилцууллаа. Edge, Edge+ утсууд нь 999 доллараас эхлэн борлуулагдах бөгөөд Snapdragon 865 процессор, 108 мп-ийн камер, 2 өдөр цэнэгээ барих батарейгаар тоноглогджээ. Сонирхуулахад, Motorola брэндийг Lenovo 2014 онд Google-ээс худалдаж авч байсан билээ.

4. Нидерландын хөлбөмбөгийн холбоо 2019-20 оны дээд лигийн тэмцээнийг цуцалж байгаагаа зарлалаа. Энэ нь Европын топ лигүүдээс хамгийн анхны улирлаа бүрэн цуцалсан тохиолдол болж байгаа юм. Аякс, АЗ Алкмаар клубүүд ижил оноотой лигийг тэргүүлж байсан ч аваргын цомыг аль ч багт олгохгүй байхаар шийдсэн байна. Мөн ямар ч баг доод лиг рүү унахгүй, дээшээ өгсөхгүй гэнэ. Нидерланд улс 9-р сарын 1 хүртэл олныг хамарсан арга хэмжээ явуулахыг хориглосон нь уг шийдвэрийг гарахад нөлөөлжээ.

5. Дэлхий даяар спортын уралдаан тэмцээн цуцлагдаж, хойшлогдож байгаа энэ үед онлайн спорт бооцооны платформ DraftKing нээлттэй компани боллоо. Тэд IPO-оороо дамжуулж 400 сая доллар шинээр босгосон бөгөөд 3.3 тэрбум доллараар үнэлэгдсэн нь энэ. DraftKing дээр яг одоо хамгийн эрэлттэй төрөл нь цахим спорт болоод байгаа гэнэ.

10 унших мэдээ

Тооцох: Хэдэн цагийн нойр үнэхээр хэрэгтэй вэ? /PopSci/

Сонирхох: Bird-ийн засаглалын хямрал /The Verge/

Хүлээх: Ливерпүүлийн 30 жилийн мөрөөдөл /CNN/

Ойлгох: Яагаад таны нохой, муур хачин авирлаад эхлэв? /Vox/

Ухаарах: Бид бүгдийг "хонь" гэдгийг батлах зургууд /Wired/

Үзэх: LG-ийн шинэ утасны дижитал урилга /Youtube/

Төсөөлөх: Яагаад бид "энгийн" хэмнэлдээ орж чадахгүй гэж? /BBC/

Харьцуулах: Эх дэлхийн өдөрт: Юу өөрчлөгдсөн бэ /NYTimes/

Ухах: HBO, Х.Жэкманы шинэ хослолын тухай /Variety/

Унших: Орчин цагийн анхны тахал /Gates Notes/