1 гол сэдэв

800 сая гаруй хэрэглэгчтэй залуучуудын хит сошиал апп TikTok шинэ эзэнтэй болох нь. Гэхдээ том зургаар харвал энэ үйл явдал хоёр том гүрний эрх ашгийн төлөөх дайны золиос, сонгуулийн ПР-ийн хэрэгсэл болон өрнөж байна.

Яагаад TikTok гэж?

АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээрт хатуу байр сууриа хамгаалсаар байгаа Трампын дараагийн бай нь технологийн компаниуд болж хувирав. Тэрээр TikTok нь байршил, сонирхол, зан төлөв зэрэг хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулан Хятадын эрх баригчдад шууд хүргэдэг хэмээн буруутгаж буй. Диснейн топ менежерүүдийн нэгийг CEO-оороо томилсон толгой компани ByteDance нь үүнийг үгүйсгэж, шинэ ажлын байр, хөрөнгө оруулалт амласан ч талаар болов. Өнгөрсөн сард Энэтхэгийн засгийн газар TikTok тэргүүтэй Хятадын нийт 60 апп-ийг улс орондоо хэрэглэхийг хориглох шийдвэр гаргаад байсан билээ.

Яагаад Microsoft гэж?

Трампын шаардлага их тодорхой. Америк дахь бизнесээ зар, эсвэл үйл ажиллагаагаа зогсоо. ByteDance-д сонголт үлдээгүй энэ үед Microsoft гарч ирэв. Хятадтай хамгийн таатай харилцаатай технологийн гигант гэж хэлж болох Microsoft сошиал апп-ийн зах зээлд бараг байр суурь эзэлдэггүй нь давуу тал болж хувирав. Австрали, Канад, Шинэ Зеланд зэрэг англи хэлтэй орнууд дахь бизнесийг нь 50 тэрбум орчим доллараар худалдан авах хэлэлцээр хийж байгаагаа баталсан Microsoft-д Цагаан Ордон 9-р сарын 15 хүртэл л хугацаа олгожээ. Microsoft-ийн хувьд өсвөр үеийнхний хэрэглээний дата асар үнэ цэн дагуулж, түүнийгээ Xbox, AR/Hololens-д зориулсан контент, үйлчилгээ хөгжүүлэхэд ашиглах боломжтой. Магадгүй энэ худалдан авалт тэднийг Facebook, Youtube-тэй ч өрсөлдөгч болгож хувиргах биз.

Яагаад одоо гэж?

Ирэх 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгууль энэ хурц шийдвэрүүдийн суурь шалтгаан. Гол судалгаануудын дүнг харвал ялагдах нь "бараг тодорхой" гэгдэж буй Трампд эдгээр үйл явдлууд хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нууцлалын асуудлыг Хятадтай холбож, үндэстний аюулгүй байдлаа хамгаалж буй гэсэн "эх орончийн" төрхийг үүсгэж буй. Huawei-д үзүүлж буй шахалт бусад улс орнуудад ч хүчтэй нөлөөлж байгаатай адил хувь заяа ч TikTok, WeChat-ийг хүлээж байж мэднэ. Тэрээр Америк бизнесүүдийг эдгээр компаниудтай гэрээ байгуулах, гүйлгээ хийх зэргээр түншлэхийг хориглосон зарлиг буулгаж, ердөө 45 хоногийн хугацаа өгсөн нь үүний илрэл. Fortnite, League of Legends зэрэг супер-хит видео тоглоомуудыг бүтээгч Tencent-ийн эзэмшдэг WeChat-ийг хэдий хэмжээнд хязгаарлах, шахах нь тодорхойгүй байна. TikTok энэ шийдвэрийн эсрэг давж заалдах тухай мэдээлэл мөн гарчээ.

Дэлгэрэнгүйг: The Verge | Forbes | Vox

2 чухал тоо

21,000,000,000,000 - Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр 7-Eleven 21 тэрбум доллараар гол өрсөлдөгчдийн нэг Speedway сүлжээг худалдан авлаа. Энэ нь цар тахал дэгдснээс хойшхи хамгийн том худалдан авалтад тооцогдож байна. 7-Eleven зөвхөн Америкт 9000 салбартай бөгөөд голцуу шатахуун түгээх станц дагуу байрладаг Speedway-ийн 4000 салбарыг өөрийн болгож байгаа нь энэ юм.

428: Nintendo-ийн үйл ажиллагааны орлого өнгөрөгч улиралд 428 хувиар өсч, 3,39 тэрбум долларт хүрсэн нь хөл хорионы үеэрх хэрэглэгчдийн худалдан авалт, энтертэйнмент сонирхлыг илэрхийлсэн үзүүлэлт болов. 5,6 сая Switch төхөөрөмж зарагдсан нь 166 хувь өссөн үзүүлэлт бөгөөд зөвхөн Animal Crossing: New Horizons тоглоом нь 10 сая ширхэг борлуулагджээ.

3 онцлох зүйл

Ливаны дэлбэрэлт: Ливаны нийслэл Бэйрут хотын боомтод асар том хэмжээний дэлбэрэлт болж дор хаяж 135 хүн амиа алдан, 5000 гаруй хүн гэмтэл авсан харамсалтай хэрэг тохиолоо. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас 300 мянган хүн орон гэргүй болж, улс орон даяар 2 долоо хоногийн онц байдал зарлажээ. 4,5 баллын газар хөдлөлттэй тэнцэх доргилтыг үүсгэсэн уг дэлбэрэлтээс үүссэн тоосон үүл Сирид ажиглагдсан байна. Цахилгаан, усны хомсдолтой хүнд нөхцөлд амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагаа явагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүнлэгийн тусламж тус хотыг зорьсоор буй. Дэлбэрэлтийн шалтгаан нь 6 жилийн турш боомтын нэгэн агуулахад эзэнгүй хаягдсан аммонийн нитрат хэмээх шатамхай бодис байжээ. Уг бодисыг тэсрэх бөмбөг болон азотын бордооны найрлагад ашигладаг аж. Мозамбикийг зорьж явсан Оросын карго онгоцонд гэмтэл гарч, улмаар Ливаны боомтод буулгасан бөгөөд эзэд нь санхүүгийн бэрхшээлийн улмаас хаяж үлдээсэн 2700 тонн уг бодисыг яагаад анхаарал болгоомжгүй үлдээсэн нь олон нийтийн өмнө асуултын тэмдэг үлдээв. Боомтын ажилчид шүүхийн байгууллагууд руу дор хаяж 6 удаа уг бодисыг шилжүүлэн устгалд хамруулах хүсэлт явуулсан ч огт хариу ирээгүй нь тодорхой болжээ. Коронавирусын хямралтай зэрэгцэн үүссэн энэхүү харамсалтай үйл явдал нь Ливаны улс төрд үүссэн хүнд суртал, авилгал хээл хахууль зэрэг засаглалын асуудлыг ил болголоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Дэлгэрэнгүйг: Vox | BBC | Al Jazeera


Түүхэн газардалт: Алдарт энтрепренер И.Маскийн удирддаг "SpaceX"-ийн үйлдвэрлэсэн "Crew Dragon"-ийг хөлөглөсөн сансрын нисгэгчид эх дэлхийдээ амжилттай газардлаа. Хөлөг Мексикийн буланд, Флоридагийн эргээс холгүй далайд буусан нь 1975 оноос хойш анх удаа усанд хийгдсэн газардалт болсон байна. Капсул 5500 метрийн өндөрт байх үеэс газардах горим идэвхжиж, улмаар 2000 орчим метрийн өндөрт үндсэн 4 шүхэр задарчээ. 2011 оноос хойш анх удаа Америк өөрсдийн оронд үйлдвэрлэсэн хөлгөөр Олон Улсын Сансрын Станцыг зорьсон түүхэн нислэг ийнхүү сансрын салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ эринг авчирч байна. NASA өмнө нь ОХУ-ын Союз хөлгөөр сансрын нисгэгч тус бүрээ 80 сая доллараар сансарт хөөргөдөг байсан зардал нь 30 хувиар буурч байгаа нь энэ. Дахин ашиглагддаг Crew Dragon хөлөг 2021 оны хавар дараагийн нислэгээ хийхээр төлөвлөжээ. Ташрамд сонирхуулахад, SpaceX энэ долоо хоногт Ангараг гараг луу хүн тээвэрлэх алсын хараатай Starship хөлгийн жишиг загварыг хөөргөж туршлаа. "SN5" нэртэй уг аварга хөлөг 150 метр өндөрт, 40 секунд орчим хөөрсөн нь инженерүүдэд хөөрөх болон газардах үеийн тооцооллыг төгөлдөржүүлэхэд туслах учиртай. Өнгөрсөн жил SpaceX ижил төстэй гурван ч туршилтыг хийгээд амжсан билээ.

Дэлгэрэнгүйг: Space | Wired | NASA


Цар тахал: Коронавирусын халдвараар өвчилсөн нийт хүмүүсийн тоо 19,5 саяд хүрлээ. Хэдий тэдгээрийн 12,5 сая нь эдгэрсэн хэмээн бүртгэгдээ буй ч 724 мянган хүн амиа алдаад байгааг мартаж болохгүй. Африк тивд нийт халдвар авагсдын тоо 1 саяд хүрсэн нь экспертүүдийн санааг зовоож байна. Уг тооны тал нь ӨАБНУ-д бүртгэгдсэн боловч бусад ядуу буурай орнуудын эрүүл мэндийн тогтолцоо, оношлуурын хүчин чадлаас хамааран түүнээс хавь илүү өвчтөн эмчилгээ авч чадахгүй байх магадлал өндөртэй гэнэ. Мөн Энэтхэгт бүртгэгдсэн халдварын тоо 2 саяд хүрсэн ч нас баралтын хувь 2-той тэнцүү байгаа нь бусад улс орнуудтай харьцуулахад багад тооцогдож буй. Вакцин хөгжүүлж буй хэд хэдэн топ компаниудад урьдчилсан захиалга өгөөд буй АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын "хүүхдүүд бараг коронавирусын дархлаатай" хэмээн бичсэн мэдэгдэл нь ихээхэн шуугиан дагуулав. Үүнийг нь олныг төөрөгдүүлсэн мэдээлэл хэмээн Facebook, Twitter аль аль нь платформоосоо устгажээ.

4 мэдүүштэй баримт

Хулгайн шийтгэл: Жолоочгүй машины технологийн анхдагчдын нэг Р.Левандовски анх ажиллаж байсан Google-ээс 14 мянган хуудас материал хулгайлсан хэргээр 18 сарын хорих ял авлаа. Тэрээр жолоочгүй ачааны машины Otto-г байгуулж, улмаар Uber-т зарах үедээ энэ хэргээ үйлдсэн нь батлагдсан байна.

Саран толь: NASA-ийн судлаачид сарыг аварга толь болгон ашиглаж, амьдрал оршин байх боломжтой гарагийг илрүүлэх оролдлогыг хийж байна. Тэд Hubble телескопыг ашиглан саранд ойсон гэрлийг цуглуулж, амьдрахад таатай нөхцөл бүхий химийн найрлагыг ялган шинжлэх технологийг туршиж буй нь энэ. Судлаачид 2019 оны 1-р сард болсон сар хиртэлтийн үеэр сарны гадаргууд ойсон гэрлээс озоныг амжилттай олж тогтоосон нь уг судалгааны эхлэл болжээ.

Мөсөн гараг: Канадын эрдэмтэд Ангараг гараг дээрх судлууд нь хэдэн тэрбум жилийн өмнө мөсөөр бүрхэгдсэн байсан гэсэн таамгыг дэвшүүллээ. Өдийг хүртэл тэдгээр судлаар ус урсаж байсан гэсэн онол одон орончдын дунд хүчтэй түгсэн байдаг. Тэд дэлхий дээрх мөсөн судлуудын бүтцийг 10 гаруй мянган ажиглалтын зургуудтай харьцуулан уг дүгнэлтээ гаргажээ.

Үүлэн цунами: Японы эрдэмтэд Сугар гарагийг 4,9 өдөр тутам тэр чигт нь бүрхдэг үүлэн цунамиг анх удаа илрүүлсэн байна. 1983 оноос хойш давтагдаж байгаа гэх энэхүү үзэгдэл нь гарагийн хоёр туйл хооронд 7500 км-ийн урттай, 50 км-ийн өндөрт үргэлжилдэг гэнэ. Манай нарны аймагт огт тэмдэглэгдэж байгаагүй энэ үзэгдлийн шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байна.

5 сонин хачин

1. TikTok-ийн ирээдүй "тодорхойгүй" хэвээр байгаатай зэрэгцэн Instagram-аас "Reels" нэртэй ижил төстэй, шууд өрсөлдөгч болох учиртай нэмэлтээ танилцууллаа. Хэрэглэгчид одоо төрөл бүрийн тэмплэйт, эффект, стикер ашиглан 15 секундын богино хэмжээний видео хийж, найзуудтайгаа хуваалцах боломжтой болжээ.

2. Google 349 долларын үнэтэй борлуулагдах Pixel 4A тэргүүтэй нийт гурван утас танилцууллаа. 5,8 инчийн дэлгэц, 6GB рам, 128 GB-ийн багтаамжтай Pixel 4A-ийн хамгийн гол давуу тал нь хямд үнээр Андройдын бүх үйлдлийг төвөггүй хийх чадалтай утсыг санал болгож байгаад оршино. Харин 5G технологи дэмжих Pixel 5 болон Pixel 4A 5G гэсэн загварууд нь энэ намраас худалдаанд гарна гэнэ.

3. Samsung энэ намрын гол эвентээ зохиож, хүлээлт өндөртэй байсан Galaxy Note 20, Galaxy Note 20 Ultra утсуудаа танилцууллаа. 6,7 болон 6,9 инчийн дэлгэцтэй эдгээр загваруудын үнэ 1000 доллараас эхлэх бөгөөд 2-уул 5G технологи дэмжинэ гэдгээрээ онцлогтой аж. Үүнээс гадна тэд бүрэн дэлгэгдсэн үедээ 7,6 инчийн хэмжээтэй болох нумардаг Galaxy Z Fold 2 утсаа танилцуулсан нь гэнэтийн бэлэг байв. Unpacked-ийн үеэр тэд илүү нимгэн ч үнэтэй болсон Watch 3, бүрэн дуу тусгаарлагчтай утасгүй чихэвч Galaxy Buds, 12,4 инчийн дэлгэцтэй, 5G дэмжих Galaxy Tab S7-г тус тус ил болгожээ.

4. Дисней энэ жилийн гол кинонуудын нэгт тооцогдож байсан "Mulan"-ийг 9-р сарын 4-өөс эхлэн дижитал хувилбараар цацах болсноо зарлалаа. Цар тахлын улмаас тус киноны нээлт удаа дараа хойшилсоор, кино театрыг бүр мөсөн алгасах болсон нь энэ. Муланы түүхийг үзэхийг хүсвэл Disney+-ийн хэрэглэгчид 30 доллар төлөх аж. Хэдий Диснейн орлого өнгөрсөн улиралд 42 хувь буурч, 11,8 тэрбум доллар болсон ч стриминг платформын хэрэглэгчид нь 100 саяд хүрсэн гэнэ.

5. Тэйлор Свифт Биллбордын гол жагсаалтууд болох "Artist 100", "Hot 100", "Billboard 200" чартыг карьертаа 8 дахь удаагаа, 2015 оноос хойш анх удаа бүгдийг нь нэгэн зэрэг тэргүүллээ. Түүний "гэнэтийн" байдлаар зарласан "Folklore" цомог болон "Cardigan" сингл нь чартад 1-р байрт бичигдсэн нь энэ. Ийм амжилтыг түүнээс гадна ердөө 7 артист л үзүүлсэн байдаг ажээ.

10 унших мэдээ

Алмайрах: Тахал Америкийг дийлсэн нь /The Atlantic/

Үзэх: Хятад хэрхэн интернетийг өөрчилж байна вэ? /NYTimes/

Гайхах: Миллениал од олдов /Astronomy/

Харьцуулах: 2010-аад оны хамгийн, хамгийн кинонууд /Vulture/

Сонсох: Blink 182-ийн карантины сүлд дуу /Billboard/

Ойлгох: Бид Африкчууд /NPR/

Сонирхох: Холливүүд эргэн ирэх цагаар /CNN/

Эргэцүүлэх: Мянгын төлөө нэгийг золиослох нь /BBC/

Ухах: Шинжлэх ухаан Excel-д бууж өгөв /Vice/

Мэдэх: Ford шинэ CEO-той боллоо /TC/