1 гол сэдэв

Наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхэн өдрүүд Холливүүдийн хувьд төдийлөн ач холбогдолгүй үе байдаг байв. Зуны блокбастерууд аль хэдийн нээлтээ хийж, шагналд горилогчид намрыг онилдог завсрын үе. Гэхдээ цар тахлын улмаас энэ бүхэн өөрчлөгдөж, энэ долоо хоногийг магадгүй "хамгийн чухал" үе болгон хувиргав.

Яагаад?
Коронавирустэй холбоотой хөл хорио зарим бүс нутагт багасаж, хүлээлт өндөртэй байсан кинонууд нээлтээ хийлээ. Эдгээр кинонуудын амжилт, үзүүлэлт нь энтертайнмент ертөнцийн цаашдын өнгийг тодорхойлохуйц байж ч мэднэ.

"Tenet": Уламжлалт нээлт

Кристофер Ноланы шинэ бүтээл "Tenet" 2020 оны хамгийн өндөр хүлээлттэй кинонд тооцогдож байв. Тиймдээ ч "Universal" хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст уламжлалт байдлаар, театрын дэлгэцнээ нээв. "Tenet" Америкийн зах зээлээс 20.2 сая, дэлхий даяар 146 сая долларын орлого олсон байна. Шинжээчид тус киног зах зээлийг сэргээх эхний бүтээл хэмээн онцолж байгаа билээ.

"Mulan": Хайбрид сонголт

Disney харин "найдвартай" сонголтыг илүүд үзэж, энэ зуны эхний хит кино "Mulan"-ийг театр болон дижитал хосолсон хэлбэрээр нээлээ. Ялангуяа Хятадын зах зээлээс ихээхэн шүүмжлэл хүртэж буй тус киног үзэгчид Disney+-аас 30 доллар нэмж төлөн үзэх боломжтой болсон нь шинэлэг үзэгдэл юм. 200 сая орчим долларын төсөвтэй уг кино одоогоор кино театруудаас ердөө зургаан сая ам.долларын орлого олоод байгаа гэнэ.

"I'm Thinking of Ending Things": Бүрэн дижитал
"Eternal Sunshine of The Spotless Mind", "Being John Malkovic" зэрэг хит бүтээлүүдийн эзэн Ч.Кауфманы шинэ киногоор "Netflix" энэ намрын цуврал бэлгээ задалж байна. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дижитал нээлт хамгийн ухаалаг сонголт болно гэж тэд үзжээ. Өмнө нь "The Irishman", "Marriage Story" зэрэг хит киногоор туршсан энэ модель нь хэрэглэгчдэд гэрээсээ стриминг үйлчилгээгээр дамжуулж премиум бүтээл хүртэх боломжийг олгож байгаагаараа онцлог. Тэд энэ намар топ шагналуудад өрсөлдөх амбицтай "The Trial of Chicago", "Mank", "Dick Johnson is Dead" зэрэг киног цацах билээ.

2 чухал тоо

364,500,000 - АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Байден өнгөрсөн наймдугаар сард 364.5 сая ам.долларын хандив цуглуулж, түүхэн рекорд тогтоожээ. Наймдугаар сард К.Харрисыг дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, намын чуулганаар албан ёсоор өрсөлдөх эрхээ авсан түүнд дөрвөн сая хүн хандив өгсөн бөгөөд 205 сая доллар нь онлайнаар цугларчээ. 2008 онд Б.Обама 193 сая доллар цуглуулсан нь өмнөх дээд амжилтад тооцогдож байв.

0: Дэлхийн чансааг тэргүүлэгч Н.Жокович "санаатайгаар шүүгч рүү халдсан" гэсэн үндэслэлээр US Open-оос хасагдлаа. Цар тахлын үеэр зохиогдож буй эхний их дуулгад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хэмээгдэж байсан Жокович тэмцээний IV шатанд К.Бустатай тоглож байсан нь энэ. Байр солих үедээ хойш цохисон бөмбөг нь шүүгчийн хоолойг оносон нь ийм шийдвэр гарахад нөлөөлсөн юм. Энэ улиралд 26 дараалан ялж, нэг ч хожигдоогүй байсан түүний бүх оноо болон шагнал үүгээр цуцлагдаж байна.

3 онцлох зүйл

Испани: Лео Месси "Барселона" клубтээ ахин нэг улирал тоглох болсноо зарлалаа. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчнийг багаа орхих тухай мэдээлэл гарсан нь хөлбөмбөгийн ертөнцийг хөдөлгөөнд оруулаад байсан юм. Хэдий клубийн удирдлагыг "гамшиг" хэмээн тодорхойлсон ч тэрээр төрөлх клубтэйгээ гэрээний асуудлаас болж муудалцах сонирхолгүй нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн гэнэ.

Япон: Шинэ ерөнхий сайдын эрэлд гараад буй Японы эрэг орчим дараалсан хуй салхи дэгдэж, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна. Үүний нэг Майсак нэртэй хуй салхины улмаас 6000 үхэр ачсан карго хөлөг живсэн байна. Шинэ Зеландаас Хятадыг зорьж байсан тус хөлөг 43 зорчигчтой байсан бөгөөд аврах ажиллагаа явагдаж байгаа юм. Мөн III ангиллын Хайшен нэртэй хуй салхины улмаас өмнөд хэсгийн 200 мянган өрхийг нүүлгэн шилжүүлээд байна.

Балкан: 1990-ээд оны иргэний дайны улмаас одоог хүртэл хүйтэн харилцаатай буй Косово болон Серби улсын хооронд эдийн засгийн энхийн харилцаа тогтоох гэрээ байгуулагдлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын "чиглэл дор" явагдсан хэлэлцээрийн хүрээнд хоёр тал агаарын замаа нээж, их сургуулийн дипломоо харилцан хүлээн зөвшөөрч, хоёр улсыг холбосон шинэ зам, гүүр барих ажлыг эхлүүлнэ гэнэ.

4 мэдүүштэй баримт

Хятад пуужин: Хятад улс өнгөрсөн баасан гарагт дахин ашиглах зориулалттай сансрын хөлөг хөөргөсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна. 2017 оноос эхлэн тус улс дахин ашиглагддаг, босоо чиглэлд газардах технологи хөгжүүлж байгаа тухай мэдээ гараад байсан билээ.

Хиймэл арьс:
Австралийн эрдэмтэд орчин болон өвчин мэдэрдэг хиймэл арьс бүтээсэн байна. Хүний үснээс 1000 дахин нимгэн, дулаанд мэдрэг эл арьсыг роботод хэрэглэх боломжтой ажээ.

Дрон хүргэлт: "Amazon" АНУ-ын нутаг дэвсгэрт агаарын тээврийн үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрлөө авлаа. Тэд дроны сүлжээ ашиглан хүргэлтийг 30 минутын дотор хийдэг үйлчилгээ нэвтрүүлэхийг хүсэж буй. Нийт 500 гаруй стандартыг хангасны эцэст тэд UPS болон "Google"-ийн эзэмшдэг "Wing"-ийн дараах, дрон нисгэх зөвшөөрөл авсан гурав дахь компани болжээ.


Ваканда хот: Алдарт рэппер Akon төрөлх Сенегалын нийслэл Дакараас холгүй байрлах "ухаалаг хот"-ын бүтээн байгуулалт нь ирэх жил эхлэх болсныг зарлаж, шав тавьсан байна. "Black Panther"-ийн Вакандагаас сэдэл авсан уг хот нь сэргээгдэх эрчим хүч ашиглах бөгөөд шилэн цамхаг, аварга молл, жуулчдад зориулсан ресортоос бүрдэнэ. Мөн уг хотод Akon-ий гаргасан "Akoin" криптовалютаар арилжаа хийгддэг байх гэнэ.

5 сонин хачин

1. 77 дахь удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийлээ. Уг наадам цар тахлын улмаас хойшилсон Каннын наадмаас хойших кино ертөнцийн хамгийн эхний том арга хэмжээд тооцогдож буй. Есдүгээр сарын 12 хүртэл явагдах наадамд нийт 66 бүтээл өрсөлдөж байгаа юм.

2. 2019 онд анх зарлагдсан "Marvel's Avengers" видео тоглоом нээлтээ хийлээ. Уг тоглоомыг "Marvel"-ийнхэн "Tomb Raiders"-ийн тоглоомоор танигдсан Японы "Square Enix"-тэй хамтарч хөгжүүлж байгаа юм. 60 ам.долларын үнэтэй борлуулагдах уг тоглоом ихээхэн орлого оруулна хэмээн шинжээчид үзэж байна.

3. 2028 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах Лос Анжелес хот албан ёсны логогоо зарлалаа. Анхны хөдөлгөөнт лого хэмээх тодотголтой уг эмблэмийн "А" үсэг нь солигддог зохиомжтой хийгдсэн бөгөөд 20 гаруй артист, тамирчид, нийгмийн зүтгэлтнүүд өөрсдийн түүх дээр үндэслэн бүтээсэн гэдгээрээ онцлогтой аж. Б.Айлиш, Р.Уизерспүүн, М.Рапино зэрэг одод лого бүтээхэд гар бие оролцжээ.

4. Хатан хааны гэр бүлээс хараат бус амьдрах шийдвэр гаргасан хунтайж Харри болон түүний эхнэр М.Маркл нар Netflix-тэй контент бүтээх гэрээ байгууллаа. Хэдийгээр гэрээний дүн тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд 100 сая ам.доллар орчим хэмээн мэдээлж байна. Үүний хүрээнд хосууд төрөл бүрийн сэдвийн хүрээнд баримтат кино, цуврал кино бүтээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

5. ZTE шинээр танилцуулсан Axon 20 5G загварын утсаа анхны "нууц камертай" утас хэмээн онцлов. Үүний учир нь 32 мегапикселийн селфи камер нь дэлгэцийн дор байрлаж байгаад оршино. 6.92 инчийн дэлгэцтэй, ердөө 7.98 мм-ийн зузаан уг утас Хятадын зах зээлд 320 ам.долларын үнэтэйгээр зарагдаж эхэлжээ.

10 унших мэдээ

Гайхах: Хуурамч профессорын жигтэй үхэл /Buzzfeed/
Үзэх: Apple-ийн шинэ сурталчилгаа /Youtube/
Мэдэх: iPhone 12-ийн тухай бидний мэдэх бүх зүйлс /The Verge/
Тооцох: Zoom Starbucks-аас үнэ цэнтэй болох цагаар /NBC/
Сонирхох: Патинсон ковид туссаны нөлөө /Variety/
Судлах: Сиберийн нууцлаг нүх юуг хэлнэ вэ? /CNN/
Харьцуулах: Пентагон Майкрософтыг сонгосон хэвээр /CNBC/
Ойлгох: Хонгконгийн сонгууль хойшиллоо /BBC/
Сонирхох: М.Жордан бооцоот тоглоомд хөрөнгө оруулжээ /ESPN/
Айх: Ковидын стрессийн аюул /Vox/